Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2021/00029

 

Х.Сугирт холбогдох

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2021/00085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХК

Хариуцагч: Х.С

******* ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлал гуйхыг даалгах иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Таван толгой ХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн,******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга*******гийн******* нь хувийн болон албаны байр сууриа ашиглан үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл олон нийтэд тараан, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, гутаан доромжиллоо.

Тухайлбал: тэрээр олон нийтэд албаны байр сууриа ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр******* аймгийн******* сумын 3-р багт хийгдсэн******* баг хурлын үеэр цугларсан иргэд, олон нийтэд:******* гишүүн 379 тонн нүүрс алдагдсан байна гээд 2010, 2011 онуудад эрүүгийн цагдаа дээр явж байгаад 2013 онд******* прокурор хаачихсан ийм зүйл байна. Дараагаар нь энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голдуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа. Тэгэхээр зэрэг бид хэн нэгэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. 2013 онд******* нарын хүмүүс хулгайг үнэн бодитоор нь шийдээд явсан бол 220 000 тонн нүүрс дахиад 340 000 тонн нүүрс алдагдаж хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарахгүй байсан юм аа.

Тэгэхээр зэрэг бид бол Таван толгой дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийн нь ерөөсөө нэмээгүй. Бид нарыг 2016 онд ажил авахад яг хажуу талын Эрдэнэс Таван толгой аман дээрээсээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан. Тэгээд бид байнга зах зээлийн үнэтэй уялдуулж нэмэх шаардлага хүргүүлсээр байгаад одоо бол Эрдэнэс Таван толгой 2-лаа адилхан 70-71 доллараар аман дээрээс нүүрс зарж байгаа.

Харамсалтай нь жижиг Таван толгой нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа гэх мэтээр Монгол улсын хуулийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж буй, Таван толгой ХК-ийг хууль зөрчин, хулгай хийсэн, Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн, тэр нь тогтоогдсон мэтээр ямар ч бодит үндэслэлгүй, улс төрийн зорилготой, гүтгэлгийн чанартай мэдээ тараасан байна. /энэ мэдээ, мэдээллээ******* аймгийн төвийн бусад багууд болон зарим сумдад хийгдсэн******* багийн хурлуудад мөн ярьсан байж болзошгүй/.

Үүнээс гадна Монгол улсын иргэн******* нь өөрийн************** нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан удаа дараа үндэслэлгүй гутаан доромжилсон худал мэдээ, тараасан бөгөөд хамгийн сүүлд буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 7:07 цагт Манай*******чууд 2016 ондыг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон. Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний орлогыг янз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасаж компанид, аймагт орох орлого бодитоор нэмэгдсэн...., 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...Мөн******* сумын ИТХ-ын даргагийн энэ оных нь ажлыг 98.6 хувьтай маш сайн хэрэгжүүлсэн байна гэж хуралдаанаараа дүгнэж тогтоол гаргаж улмаар АН-ын бүлгээс Мэндээ даргыг огцруулах санал хуралд гэнэт оруулж ирээд МАН-аас хоёр эмэгтэй төлөөлөгч үгсэн хуйвалдаж Мэндээг огцруулсан зэрэг******* аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус Таван толгой ХК-ийн орлого ашгийг олон арга залиар бууруулж цөөхөн хүн завшаад байгааг таслан зогсоох талаар шударга үнэний төлөө дуугарч байгаа бид бүхний эсрэг увайгүй, хууль бус үйлдэл хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны нэг үйлдэл илрэл юм... гэж нийтэлсэн байна.************** аймгийн Монгол ардын намын гишүүн, удирдах эрх бүхий албан тушаалтан бөгөөд түүний фэйсбүүк хуудаснаас нь үзэхэд МАН-аас******* аймагт нэр дэвшин сонгогдсон, УИХ-н гишүүныг идэвхтэй дэмжигч болох нь нотлогддог.

УИХ-ын гишүүнын гомдлоор Таван толгой ХК-д холбогдуулан 180200174, 180200318, ...дугаартай хэрэг бүртгэлийн хэргүүд шалгагдаж буй боловч өнөөдрийн байдлаар уг хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг бүртгэлийн шатанд ажиллагаа хийгдэж байгаа буюу хэнийг ч яллагдагчаар татаагүй, ямар ч гэмт хэргийг тогтоогоогүй, бүх оролцогчид гэрч-ийн эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хэдийгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар хуулийн эрх бүхий байгууллагад мэдүүлэх эрх нь хэнд ч нээлттэй боловч УИХ-ын гишүүнын гомдлоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх тогтоогдоогүй баримт мэдээллүүдийг түүнийг дэмжигч, нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд, нэг намын гишүүн,******* аймгийн ИТХ-ын дарга, иргэн******* нь тараан, компанийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Манай компани тухайн цаг үед зах зээлийн өндөр мэдрэмжтэй ажиллан, маш их эрсдэлийг үүрч анхны хөрөнгө оруулалт-ыг хийснээр уул уурхайн салбарын дотоодын анхны хөрөнгө оруулалт бүхий өнөөдрийн Таван толгой ХК гэх их айл хөл дээрээ боссон түүхтэй.

Бид үеийн үед хамгийн бага зардлаар хамгийн их ашигтай ажиллах зарчим баримтлан, дотоодын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн салбарыг хөл дээр нь босгох зорилготойгоор бүхий л хүчин чадлаа дайчлан хуулийн хүрээнд ажиллаж ирсэн бөгөөд компанийн үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Монгол улсын Ашигт малтмалын хуулийн дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон******* аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гэх зэрэг эрх бүхий байгууллагууд тус бүрийн чиг үүргийн хүрээнд тогтмол хяналт тавин ажилладаг.

Гэтэл******* нь 53 жилийн түүхтэй, ашгийн төлөө хувьцаат компанийн ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, УИХ-ын гишүүн гэдэг хүн******* аймагт сонгогдсоноор Таван толгой ХК-ийн ашиг орлого гэнэт нэмэгдсэн гэж ярьсан нь үе үеийн уурхайчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэн, компанийн гадаад, дотоодын худалдан авагч, харилцагчдын итгэлцлийг эвдэж, улмаар борлуулалт ашгийг огцом бууруулах нөхцөл үүсгээд байна. Тэрээр дээрх худал мэдээг тарааснаа хүлээн зөвшөөрч, дээрх гэмт хэргүүд нь тогтоогдсон, баримтаар нотлогдсон мэтээр тайлбарладаг хэдий ч үүнийг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол огт байхгүй юм. Энэ нь бүх шатны шүүхийн лавлагаагаар нотлогдоно.

Х.Сугир манай компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрийг гутаан доромжилж буй энэхүү үйлдлээ бодит байдалд нийцэж буйг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.6-д заасан хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1-д: шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй үндсэн зохицуулалт, зарчмыг ноцтойгоор зөрчиж байна. Улс төрийн хариуцлагатай албан тушаал эрхэлж буй*******ын дээрх хариуцлагагүй үйлдлүүд нь түүнийг албан тушаалтны хувьд ёс зүйгүйг нотолж байгаа төдийгүй хэн ч, хэнийг ч зохион байгуулалттайгаар, хууль бусаар гүтгэн, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь гутаан доромжилж болно гэсэн буруу жишгийг нийгэм, олон нийтэд тогтоож байгаа нь харамсалтай.

Иймд*******ын хууль бус үйлдлүүдээр зөрчигдсөн Таван толгой ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс танилцууллаа. Нэхэмжлэлдээ тодорхой зүйлийг дурдсан байгаа. ..Компанийн ажилчид болон компанийн нэр хүндэд халдаж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр орчин үед хөгжиж байгаа сошиал фэйсбүүк орчинд тухайн компанийн нэр хүндэд халдсан ямар нэгэн байдлаар баримт нотолгоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлүүдийг сүлжээнд хүмүүст буруу ойлголт төрүүлэх хэмжээнд тараасан гэж үзэж байна.

Тухайн үед сөрөг мэдээллийг тараахдаа******* аймгийн Иргэдийн хурлын дарга байсан. Тэгэхээр******* аймгийн харъяалал бүхий буюу******* аймагт оршин сууж байгаа болон тэр хүний цахим хуудсаар тараасан лайвыг асар олон хүн үзсэн, харсан.

Түүнээс ******* ХК-ийн талаар маш буруу зөрүү ойлголтыг авсан. Ярьсан цаг хугацааны хувьд ч гэсэн сонин цаг үед, улс төрийн өнцгөөс харах юм бол сонгуультай холбоотой байдлаар ярьсан нь ерөнхийдөө компнийн нэр хүндэд асар ихээр нөлөөлсөн гэжээ.

Хариуцагч******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 9-р сард 3-р баг дээр иргэд хөдөлмөрчдийн уулзалт хийхдээ Хурлын даргын хувьд мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг Цагдаагийн газраас шалгагдаж байсан болон Улсын Мэргэжлийн хяналт, сангийн Яамнаас шалгаад ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг үндэслэсэн. 279000тн, 340000тн нүүрсний асуудал бол 2011-2012 онд Цагдаагийн газарт шалгагдаж байсан тухай ЦЕГ-ын дарга байсан Баатаржав гуайн бичиг нотлох баримтад хавсаргагдсан байгаа. ... нэг хэсэг нь Сангийн Яам, Мэргэжлийн хяналтын шалгалтуудаар илэрсэн холбогдох байгууллагын дүгнэлтэд бичигдсэн зүйл. Миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдоно.

Тухайн үед компанийн 49%-ийн 20 шахам хувийг эзэмшдэг, ...ашиг сонирхлын зөрчилтэй гэх хүн хууль зөрчиж ТУЗ-ийн дарга болсноор аман дээрээс борлуулдаг нүүрсний үнийг 4 жил гаруй хугацаанд нэмээгүй. Нэмэх боломж байсан. ...2018 оны сүүлээр Эрдэнэс тавантолгой болон ******* ХК нь адилахн 70-71 доллараар зардаг болсон...

Нүүрсийг сорчилж олгосон асуудлын талаар бол, УИХ дээр ч хөндөгдөж байсан асуудал. Уулын ажлын төлөвлөгөөгүй, ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад өгч баталгаажуулдаггүй зөрчил байсан.

Ер нь 4 жилийн хугацаанд ажнайн Бат-Эрдэнэ хэмээх асар их ашиг сонирхлын зөрчилтэй, орон нутгийн өмчид орох орлогыг олон арга залиар нүүрсний үнийг багаар тогтоохыг багасгах... орон нутагт орох орлогыг нэмэгдүүлэх гэж энэ мэдээллийг хийж, мөн хэвлэлийн бага хурал хийж явсан.

Өнөөдөр ******* ХК-ий нэр хүндэд би халдаагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан ******* ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч*******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШЗ2020/00973 дугаар шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1.   энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340,000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд, үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220,000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голдуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа...,

2.   ******* дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллароор зарж болох ёстой нүүрс 25 хан доллароор бүтэн 4 жил зарагдсан. Үнийг нь ерөөсөө нэмээгүй...,

3.   Харамсалтай нь жижиг Таван толгой нь хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа...,

4.   Манай*******чууд 2016 ондыг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон. Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн орлогыг янз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасч компанид аймагт орох орлого бодитоор нэмэгдсэн... зэргээр удаа дараа үндэслэлгүй гутаан доромжилсон худал мэдээ тараасан гэж тодорхойлдог.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Хариуцагчийн зүгээс дээрх 4 үндэслэлд нэг бүрчлэн нотлох баримтаар няцаалт хийсэн болно. Тодруулбал

1 дэх үндэслэлээс үзэхэд ******* ХК гэсэн нэгээхэн ч үг үсэг байхгүй байхад шүүх таамаглалд тулгуурлан Таван толгой ХК-ийг гэж өөрийн санаачлагаар нэмж бичжээ.

( шийдвэрийн 9 дэх тал дээрээс 3 дахь догол мөр). Түүнчлэн эдгээр тоон мэдээлэл нь Сангийн яамны 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 13-2/1786 дугаартай албан бичгийн хавсралт Танилцуулгын 3.3, 3.4-т бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрөө зохиож хэлээгүй, харин Сангийн сайдын 2018 оны 109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хийсэн шалгалтын нэгдсэн танилцуулгыг******* баг хурлын үеэр ярьсан болох нь нотлох баримтаар нотлогдож байна.

2 дахь үндэслэл 25 хан доллароор бүтэн 4 жил зарагдсан гэх мэдээллийн тухайд. Хариуцагч нь Таван толгой ХК нүүрсээ 4 жилийн хугацаанд 25 ам доллароор зарсан гэж мэдээлэхдээ хэдээс хэдэн он гэж нарийвчлан хугацаа заагаагүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний 09/1651 дугаартай албан бичгийн хавсралт Шалгалтын танилцуулгаас иш татсан болно. Танилцуулгын Орон нутгийн өмчит Таван толгой ХК гэх хэсэгт: Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолоор Таван толгой ХК-ийн уурхай дээрээс борлуулж байгаа гадаадын борлуулалтын нүүрсний үнийг 1 тонн тутмыг 25 ам доллароор /НӨАТ-гүй/ тогтоосныг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллажээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор ******* ХК-ийн нүүрсний уурхайгаас олборлон борлуулж буй гадаадын борлуулалтын нүүрсний үнийг 1 тонн тутмыг 37.4 ам.доллар /НӨАТ-тай/ болгон нэмэгдүүлэн тогтоосон ба уг тогоосон үнийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ гэсэн байна.

Төрийн хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагын хийсэн шалгалтаар Таван толгой ХК нь 2008 оны 05 сараас 2012 оны 01 сар хүртэл 4 жилийн хугацаанд 1 тонн нүүрсийг 25 ам доллароор худалдаж байсан нь тогтоогдсон ба хариуцагч энэ мэдээллийг иргэдэд дамжуулсан нь бодит байдалд нийцэж байна.

3 дахь үндэслэлийн тухайд мөн Сангийн яамны 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 13-2/1786 дугаартай албан бичгийн хавсралт танилцуулгын 3.1-т ******* ХК нь нүүрс олборлолтын тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгч баталгаажуулдаггүй, ТЭЗҮ-ийн дагуу уулын ажил явуулдаггүй зөрчил гаргаж байна гэж дүгнэсэн байдаг. ******* ХК-ийн ТУЗ-ын гишүүд өөрсдийн хөрөнгө оруулсан Таван толгой транс ХХК-д нүүрсээ хямдруулан худалдсан зэрэг зөрчлүүдийг мөн шалгалтаар тогтоосон байдаг.

4 дэх үндэслэлийн хувьд дээрх танилцуулгын 3.6, 3.7, Дүгнэлт хэсгийн 1,6,7,9 дэх хэсгүүдэд тодорхой дурдсан атал шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй шалтгаанаа шийдвэрт тусгаагүй байна.

Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тухай хариуцагчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ дугаар бүхий хэргүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэх мэт гэмт хэргийн талаарх үйл баримт байгаа боловч ******* ХК-д хамааралтай эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ УИХ-ын гишүүнын гомдлоор ******* ХК-д холбогдуулан 180200174, 180200318 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгагдаж буй гэсэн, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 04 сарын 22-ны 11 и-3/2952 дугаартаы албан бичигт 180200318 дугаартай хэрэгт тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 05 сарын 05-ны 06/4325 дугаартай албан бичигт 180200174 дугаартай хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж тодорхой бичсээр атал анхан шатны шүүх ******* ХК-д хамааралтай эсэх, хэнд холбогдох ямар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг нь тодорхойгүй байна гэсэн илт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.

Дээрх бүхий л нотлох баримтаар хариуцагч нь өөрийн тараасан мэдээ, мэдээллийн үнэн зөв болохыг нотолсон атал зөвхөн нэхэмжлэгчийн нотлох баримтгүй мэдүүлэгт үндэслэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг илтэд үл ойшоон, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргахаар зохицуулсан авч анхан шатны шүүх эдгээр хуулийн заалтыг уландаа гишгэн, хөдөлшгүй нотлох баримтыг илтэд орхидуулж, нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат нь давж заалдах шатны шүүхэд гээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн зүгээс*******ын доорх үг, олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хаягаас нийтэлсэн бичвэрүүд компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1.   Энхболд гишүүн 379 тн нүүрс алдагдсан байна гээд 2010, 2011 онуудад эрүүгийн цагдаа дээр явж байгаад 2013 онд******* прокурор хаачихсан ийм зүйл байна. Дараагаар нь энэ хулгай үргэлжилж 340000 тн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон.

2.   Ахиад 220000 тн нүүрс өнгөрсөн жил шөнө голдуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа.

3.   2013 онд******* нарын хүмүүс хулгайг үнэн бодитоор нь шийдээд явсан бол 220 мянга, 340 мянга тн нүүрс алдагдаж хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарахгүй байсан.

4.   70 доллараар зарж болох нүүрс бүтэн 4 жилийн турш 25 доллараар зарагдсан.

5.   Харамсалтай нь жижиг Таван толгой хөрсөө хуулж чадахаа байсан.

6.   Орон нутгийн өмчит Таван толгой ХК-н орлого ашгийг олон арга залиар бууруулж цөөн хүн завшдаг гэх.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрийн гаргаж өгсөн ******* ХК нь хууль зөрчсөн байж болзошгүй талаарх агуулга бүхий зарим байгууллагын дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэх тодорхойлолтуудыг нотолгоо болгон ашиглаж өөрийн татгалзлаа дэмждэг.

Гэтэл*******ын гаргасан мэдээлэл нь ******* ХК-ийн эрх бүхий этгээд, удирдлагын баг Эрүүгийн хүнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх агуулгатай.

Хэрвээ*******ын гаргасан мэдээлэл үнэн гэж үзвэл ******* ХК-н эрх бүхий этгээдүүд хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн гэж иргэний хэргийн шүүхээс урьдчилан тогтоосон үйлдэл болно. Энэ нь ардчилсан үндсэн хуульт ёсонд харшлана.

Х.Сугирын олон нийтэд тараасан мэдээллийн мөрөөр ******* ХК-н үйл ажиллагаанд олон удаагийн хяналт шалгалтыг төрийн байгууллагууд явуулсан. Өнөөдрийн байдлаар яллагдагчаар татсан, гэм буруутайд тооцсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ийм үйл баримтыг тогтоосон нэг ч шийдвэр байхгүй.

Х.Сугир нь шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа Би ******* ХК-н хувьцаа эзэмшигч удирдлагын багийн цөөн хэдэн хүний хууль бус үйлдлйин талаар мэдээлэл түгээсэн. Энэ нь компанийн нэр хүндэд халдсан үйлдэл биш гэх агуулгатай тайлбаруудыг гаргаж байсан.

Х.Сугир нь мэдээллийг түгээхдээ ******* ХК-н нэр хүндэд халдах санаа зорилго агуулаагүй байж болох ч гэлээ түүний мэдээллийн агуулга нь нийгэмд хүрэхдээ ******* ХК-н ажил хэргийн нэр хүндэд шууд халдаж байсан.

******* ХК нь зах зээл дээр уг компани бусад ижил төрлийн компанитай орлогын төлөө өрсөлдөөнд орж байдаг. Хуулийн этгээдийн нэр хүнд ямар байхаас шалтгаалан зах зээл дээр гэрээ, хэлэлцээрийн чанар, хэлэлцээрийн ширээний ард илэрхийлэх байр суурь, бизнесийн саналуудын түвшин өөрчлөгдөж байдаг.*******ын хэлсэн, бичсэн зүйлсийг үнэн гэж үзсэн ямар ч бизнес эрхлэгч ******* ХК-тай хамтран ажиллах боломжгүй юм.

Ийм учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдлийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн, бодитоор хохирол үүссэн байхыг шаарддаггүй.

Удирдлага гүйцэтгэлийн багийн үйл ажиллагаанд алдаа дутагдал байна гэж үзэн түүний талаар үзэл бодлоо илэрхийлэх нь иргэний эрх. Гэвч*******ын хувьд уг эрхийг буруугаар ойлгож компанийн үйл ажиллагаа бүхэлдээ доголдсон тэрбумын үнэ бүхий хөрөнгөө хулгайд алдсан, удирдлагууд нь компаниасаа үлэмж хэмжээний хөрөнгийг хулгайлдаг гэж олон нийтэд буруу мэдээлэл хүргэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иргэний хэргийн маргааны төрлөөс хамааран шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулсан. Иргэдийн төлөөлөгч*******ын олон нийтэд тараасан мэдээлэл нь компанийн нэр хүндэд халдсан байна гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж******* аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 85 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлавал:

1.   Тухайн хэргийг шийдвэрлэсэн******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 203/2020МА/00035 дугаар магадлалд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нэг үндэслэлээ хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж заасан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 232-244 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх нь хэргийг дахин шийдвэрлэхээр хүлээн авснаас хойш гаргасан шийдвэрүүддээ хариуцагчийг******* гэж нэрлэсэн боловч, анх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хариуцагчийг******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэж хариуцагчийг тодорхойлон*******ыг албан тушаалын хувьд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулж, улмаар түүний олгосон итгэмжлэлийн дагуу тухайн шатны Хурлыг төлөөлөх эрхийг өөр этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхээс гаргаж байсан шийдвэрүүдийн талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 143/ШЗ2020/00727 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн захирамжаар үүсгэн иргэний хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Тодруулбал магадлалд ... хариуцагчаар татагдсан этгээд нь тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хариуцагчийг солих ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлт эсхүл түүний зөвшөөрснөөр хийж болно.

Шинээр солигдсон хариуцагч нь дахин нэмэлт ажиллагааг явуулахгүйгээр цугларсан нотлох баримтад үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах хүсэлт гаргах боломжтой ч энэ ажиллагаа хийгдсэн гэх нотлох баримт ...хэрэгт байхгүй байна.

Хариуцагч иргэн, төрийн байгууллага, албан тушаалтан хэн болох нь тодорхой байх нь хэргийн оролцогчоос тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлэх, нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн тодорхойлох нэг нөхцөл болно.

Иймд хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна... гэж заасан дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг магадлалд заасан зөрчлийг зөвтгөөгүй гэж үзнэ.

2. Мөн магадлалд ...хариуцагч талаас эрүүгийн 180200174, 180200318 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргүүд ямар гомдлоор үүссэн, ямар асуудлыг шалган шийдвэрлэж байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд байгаа талаарх лавлагааг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шүүхийн журмаар гаргуулах агуулга бүхий ... өөрийн гэм бурууг нотлохын тулд ...гаргасан хүсэлтийг ...хэрэгсэхгүй болгосон нь ...талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ гэж заасан байна. /1 дүгээр хавтас, хэргийн 28, 48, 36, 92, 242 дугаар хуудас/

Хариуцагч*******ын өмгөөлөгч Н.Буянжаргалын эрүүгийн 180200174, 180200318, 190200638 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг дахин хүлээн авч шүүгч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 143/ШЗ2021/00239 дугаартай захирамж гарган Цагдаагийн Ерөнхий газраас дээрх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны талаар лавлагаа гаргаж ирүүлэх даалгаврыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулжээ. /хэргийн 02 дугаар хавтас,14, 29 дүгээр хуудас/

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулж, 180200318, 190200638 дугаартай хэргүүдийг хаах саналтай 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн, 180200174 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичгийг хүлээн авч даалгаврыг биелүүлсэн байна. /хэргийн 2 дугаар хавтас, 63, 67, 65 дугаар хуудас/ Талууд энэ албан бичгийг үндэслэн мэтгэлцсэн ба шүүх ... ******* ХК-д хамааралтай эсэх, хэнд холбогдох ямар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д мөрдөн шалгах ажиллагаа гэх нэр томъёог хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг хэлнэ гэсэн утгаар ойлгоно гэжээ.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын хүсэлт нь хариуцагч*******ын хариуцагчийн төлөөлөгчөөр оролцохдоо гаргаж байсан өмнөх хүсэлттэй холбоотой эсэхийг, түүнчлэн лавлагаа гэдэгт ямар мэдээлэл хамаарахыг тодруулаагүй байна.

Ингэснээр шүүхийг хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж нотлох баримт бүрдүүлсэн буюу хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх, түүнчлэн*******ын хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээтэй нөхцлийг бий болгосон байна.

3.      Нэхэмжлэлийн агуулгаас*******ыг хувийн болон албаны байр сууриа ашиглан үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл олон нийтэд тараан манай компанийн ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж гутаан доромжилсон гэх үндэслэлээ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр******* аймгийн******* сумын 3-р багт хийгдсэн******* баг хурлын үеэр хийсэн мэдээлэл, мөн өөрийнх нь************** нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 03 дугаар сарын 18 болон 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичсэн мэдээлэл гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уучлал гуйхыг үүрэг болгох шаардлагыг шийдвэрлээгүй, өөрийнх нь************** нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 03 дугаар сарын 18 болон 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичсэн мэдээлэл нь бодит байдалд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

4.      Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтад бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг бусдад мэдээлсэн нь иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхийг, уг мэдээ, мэдээлэл тараасан этгээд нь тараасан мэдээ, мэдээлэлээ үнэн зөв буюу бодит байдалд нийцсэн болохыг нотолж чадахгүй тохиолдолд няцаах үүрэг хүлээх нөхцөл агуулагдаж байна.

Иймд мэдээлэл бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэдгээ хариуцагч нотолж чадаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх шаардлагатай.

Гэтэл шүүх 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр******* аймгийн******* сумын 3-р багт зохион байгуулсан******* баг хурлын үеэр иргэд олон нийтэд мэдээлсэн мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй, үйл баримтыг тодорхой заахгүйгээр ярьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан байна гэж дүгнэхдээ ямар нотлох баримтаар мэдээлэл нь үнэн зөв болох нь тогтоогдохгүй байгааг заагаагүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу бичээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргаагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан.

Энэ зүйлд заасан Нэхэмжлэлтэй холбоотой хэрэг гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүсч улмаар нэхэмжлэлийн үндэслэл болсон маргаан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж ойлгохоор байна. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2021/00085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100111000941 дугаартай харилцах дансанд төлсөн 70200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД               Х.ГЭРЭЛМАА

                                                Ш.ТӨМӨРБААТАР