Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 262

 

С.Г-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар

 дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                           Б.Мөнхтуяа

                                                 Д.Мөнхтуяа

                                                 Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:                 Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:    Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0291 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.Г, түүний өмгөөлөгч П.А, гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан,

Гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож," гуравдагч этгээд Т.М-н бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0291 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаар захирамжийн Т.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Т.М-ийн гаргасан "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн С.Г-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, гуравдагч этгээд Б.Б-н эрх залгамжлагч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0291 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх шийдвэртээ "...Үүнээс үзвэл нэхэмжлэгч газар эзэмших эрх сунгуулах болон газрын хэмжээг нэмэгдүүлэх биш эзэмшиж байсан гэх газраа өмчилж авах хүсэлт гаргасан, түүндээ хүсэлт болгож буй газрын хэмжээг өөр өөрөөр илэрхийлсэн байхад хариуцагч Б.Б-д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, өмчлүүлэх боломжтой эсэх, хэрэв эрхтэй бол уг эрх нь хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтоогоогүй...” гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр "...иргэн Б.Б-д Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх зусланд 600 м.кв газрыг эзэмших эрх хууль ёсны дагуу олгогдоогүй байхад түүнд илт хууль бус захиргааны актыг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0237974 дугаартай "гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ" олгож улмаар иргэн С.Г-ын хууль ёсны эзэмшил газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь үндэслэлгүй...” гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай тогтоолд дурдагдсан асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар С.Г нь уг маргаан бүхий газрыг огт эзэмшиж ашиглаж байгаагүй нь хангалттай тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг эзэмшиж байсан газраа өмчилж авах хүсэлт гаргасан гэх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

5. Мөн анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргахдаа хэт нэг талыг барьж "...иймд нэхэмжлэгч С.Г-ын газар эзэмших эрх нь хууль ёсны газар эзэмшигч Д.Б-ээс шилжүүлж авсан эрх байх бөгөөд Д.Б-д уг газар эзэмших эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар хуульд заасан журмын дагуу үүссэн нь тогтоогдсон, иргэн Б.Б-ын газар эзэмших эрх нь Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар болон 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар хууль ёсоор үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв" гэж дүгнэлт гаргасан байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаартай тогтоолоор"...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхэд Д.Б, Н.С, Б.Т, Б.У, Б.Б нарын 5 иргэнд тус бүрд нь 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ. Улмаар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжаар С.Ц-д, С.Ц нь 2016 оны А/263 дугаар захирамжаар Т.М-д тус тус шилжүүлсэн байна..." гэж дүгнэсэнтэй зөрчилтэй байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Г нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу өргөдөл хүсэлт гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ байгуулаагүй, иргэн С.Г-д хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон тухай баримтууд газрын албаны архивт байхгүй. Нэхэмжлэгч анхнаасаа уг маргаан бүхий газарт биш Б.Т гэх хүний газарт хүсэлт гаргасан байдаг нь хэрэгт авагдсан С.Г-ын газрын албанд гаргасан өргөдлөөр тогтоогддог.

Нэхэмжлэгч С.Г нь хэн гэж хүний, ямар нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нь тодорхойгүй байхад иргэн Б.Б-ын хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг С.Г-д олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн, анхан болон хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаануудыг хийлгүйгээр зөрүүтэй дүгнэлт хийсэн.

6. Мөн анхан шатны шүүх надад шүүх хурлын товыг мэдэгдсэн гэдэг боловч давж заалдах гомдол гаргахад миний итгэмжлэлийг дууссан гэдэг шалтгаанаар давж заалдах гомдлыг хүлээн аваагүйд гомдолтой байна. Миний хувьд ээж хорт хавдрын улмаас эмчлүүлж, ар гэрийн асуудал хүнд байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. 2018 оны 8 дугаар сард итгэмжлэл дууссаныг мэдээгүй байсан. Миний итгэмжлэлийг гомдол гаргахад хүлээн авчхаад, шүүх хуралдаан дээр намайг үг хэлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар иргэн Д.Б, Б.Т, Б.Б /гуравдагч этгээд/ нарын 5 иргэнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх нэртэй газарт тус бүр 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Энэхүү захирамжаар газар эзэмших эрхтэй болсон нэр бүхий иргэдийн хэн аль нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага хангасан баримтыг бүрдүүлж өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаагаас гадна тухайн актын талаар хэргийн оролцогчдын хэн нь ч маргаагүй тул уг захирамжийн дагуу холбогдох иргэдэд газар эзэмших эрх “хууль ёсны дагуу” үүссэн эсэх талаар дүгнэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Б-ын хувьд газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй, харин бусад иргэдийн хувьд үүссэн мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан “анхан шатны шүүх шийдвэрээ хэт нэг талыг барьж, 2003 оны захирамжаар Д.Б-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн, харин Б.Б-д хууль ёсоор үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн...нь үндэслэлгүй” гэсэн утгатай гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэхээргүй байна.

9. Гэхдээ энэхүү хэргийн тухайд дээр дурдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон иргэн Д.Б нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахаасаа өмнө нэхэмжлэгч С.Г-д эрх шилжүүлэх хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасныг нь үндэслэн дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх эхэлж баталгаажсан байна.

10. Гэтэл гуравдагч Б.Б нь 2003 оны 131 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрх нь дуусгавар болсон хойно “өөрийн эзэмшлийн газрыг гэр бүлийн хэрэгцээнд “өмчилж” авах хүсэлт, холбогдох баримт өгснийг нь хариуцагчаас хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нь шалгаж нягтлалгүйгээр маргаан бүхий акт болох 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгч С.Г-ын газартай давхцуулсан нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн, иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр илт хууль бус болох тухай шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Хэдийгээр гуравдагч этгээд Б.Б нь 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв газар эзэмших эрхтэй болсон гэдэг нь тогтоогдож байх ч, уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй маргаан бүхий газар гэдэг нь тогтоогдохгүй, гагцхүү 2009 онд эрхээ баталгаажуулахаар хүсэлт өгөхдөө анх удаа газрын кадастрын зургаа хавсаргасан, гэвч энэ нь аль хэдийнээ газар эзэмших эрх нь баталгаажсан нэхэмжлэгчийн газартай давхцалтай байх тул Б.Б нь 2003 оны 131 болон 2009 оны 10 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байна.

12. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг бодитойгоор эзэмшиж байсан гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар тогтоолд заасны дагуу анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг боломжит хэмжээнд цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэсэн байх тул Тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

13. Хэдийгээр Д.Б-ээс С.Г-д газар эзэмших эрх шилжүүлсэн баримтууд дүүргийн газрын албаны архивт байгаагүй ч /гэхдээ дүүргийн газрын албаны архиваас “Ирсэн бичиг бүртгэх дэвтэр”-ийн 2151 дугаарт Д Б-ээс С. Г, хуудасны тоо 11 гэсэн тэмдэглэгээ хийгдсэн баримт хэрэгт авагдсан байна/, Нийслэлийн архивын газраас холбогдох баримтууд нь/ “хуулбар үнэн” тэмдэгтэй газрын гэрчилгээ, эрх шилжүүлэх гэрээ, эдэлбэр газрын схем зураг, төлбөр төлсөн баримтын хуулбар/ хэрэгт авагдсан бөгөөд шүүх эдгээрийг үндэслэн дүгнэлт хийсэн тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.            

14. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй болно.

15. Анхан шатны шүүх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь, давж заалдах шатны шүүх “маргаан бүхий акт хүчингүй болсон тул илт хууль бус болохыг тогтоох боломжгүй” гэсэн үндэслэлээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоож” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсныг дурдах нь зүйтэй.

16. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан “...акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсэн нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон боловч нэхэмжлэгчээс хамгаалагдах ашиг сонирхол байгаа гэж үзэн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд анхан шатны шүүхээс гаргаж болох “шийдвэрийн нэг төрөл” болохоос бус шүүхэд анхнаасаа гаргах бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэдгийг цаашид анхаарах хэрэгтэй.  

17. Гэвч дээрх зөрчлүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүхэлд нь сэргээсэн шүүхийн шийдвэрүүдийн шийдлийг өөрчлөх буюу энэ тохиолдолд хэргийн шийдэлд нөлөөлөхүйц ноцтой зөрчил болохгүй гэж үзлээ. Учир нь, нэг талаар анхнаасаа илт хууль зөрчин гарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь мөн дүүргийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжаар өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа гэж үзэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий актууд нь бүгд хууль бус, нөгөө талаар хэрэв 2009 оны 10, 2014 оны А/138 дугаар захирамжууд хүчингүй болж, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон гэж үзвэл, эрх зүйн үйлчлэлтэй байгаа 2016 оны А/263 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж буй тул /нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулсан/ хууль бус, иймээс шүүх уг захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бүхэлдээ сэргэж байгаа тул хяналтын шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0291 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ