Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01633

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01633

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02342 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй, МЦП ХХК-д холбогдох

5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр МЦП ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ө-тай Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж, 6/1 хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгын 3, 4, 5 дугаар давхруудыг зочид буудлын зориулалтаар 6 сарын хугацаанд 1 сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тухайн обьектын 3,4,5 давхаруудыг шалгаж үзээд, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн төлбөр болох 7 000 000 төгрөг, мөн барьцаа төлбөр болох 8 000 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгийг компанийн дансанд, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлэн кассаар тушаасан. Нийт 21 өрөө хүлээн авахаар бүх засвараа тооцоод 7 өрөөг ашиглах боломжтой гэж үзсэн. Түрээслэгч нь МЦП ХХК-ийн удирдлага И.Ө-тай түрээсийн гэрээ хийсэн боловч нэгэнт түрээсийн гэрээ байгуулсан учраас боломжгүй гэсэн хариу өгдөг. Иймд түрээслэгч нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түлхүүрийг буцааж өгсөн. Үүний дагаа МЦП ХХК-ийн захирал И.Ө-тай холбогдож түрээсийн төлбөр, барьцаа төлбөрийг шаардахад 1 дэх өдөр түрээсийн гэрээ авч ирээд түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрөө авчих гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр 8 000 000 төгрөгийг МЦП ХХК-ийн захирал Өлзиймаа Б.М-т олгосон байдаг. Барьцаа төлбөр 5 500 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийн байдлаар өгөөгүй байна. Анх 10 хоногийн хугацаанд засвар хийхээр тохиролцсон. Гэтэл 21 өрөөнөөс 7 өрөөг л ашиглаж болох юм байна гэхэд тэгвэл гэрээний дагуу алданги, ашиглалтын зардал төл гэж хэлэхээр утгагүй болоод байна. Иймд барьцаа төлбөрт шилжүүлсэн 5 500 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна. Интернет ашиглалтын төлбөр 11 916 төгрөг, утас ашиглалтын төлбөр 3 033 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдын зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй байж, мөнгө төлөх нь өрөөсгөл ойлголт гэжээ.

 Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Б.М- 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3, 4, 5 давхарт байрлах зочид буудлыг түрээслэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ түрээслэх обьекттойгоо бүрэн танилцсан бөгөөд өөрийнхөө утас дээр зураг бичлэгүүдийг хийж авсан. Манай байгууллагын нягтлан, менежер 2 хамтарч гэрээг үйлдсэн байдаг. Манайх рүү 13 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд барьцаа төлбөрөөс 1 500 000 төгрөг дутуу байсан. Үндсэн гэрээний 5.1-т заасны дагуу түрээсийн гэрээ үйлдсэнээс хойш 3 хоногоос алдангийг тооцож эхэлсэн байгаа. Гэрээний 5.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги тооцно гэж оруулсан байгаа. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай зочид буудлын түлхүүрүүдийг хагас сайн өдөр харуул үлдээгээд явсан байсан. Энэ нь гэрээний хариуцлагыг хүлээгээгүй, албан ёсоор манай эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгөөгүй. Үүний дараа талууд харилцан тохиоролцож, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрийг 8 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Тухайн үед ашиглалтын зардлуудыг улсаас хөнгөлж өгөөгүй байсан учраас манай байгууллага ашиглалтын зардлуудыг өөрөөсөө гаргаж төлсөн. Гэрээнд зааснаар гэрээ байгуулснаас хойш ашиглалтын зардлыг түрээслэгч тал хариуцах үүрэгтэй гэж оруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 4 573 000 төгрөгийн суутгаад, үлдсэн үнийн дүнг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Манай талаас 10 сарын 19-ний өдөр гэрээг цуцалж, хүлээн авсан. Тиймээс ашиглалтын зардлуудыг хасуулж тооцуулмаар байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч МЦП ХХК-иас түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн авсан барьцааны мөнгөний үлдэгдэл 5 485 051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралд бидний зүгээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргахад шүүх хурал дзэр өмгөөлүүлэх болон мэтгэлцэх эрхийг зөрчиж өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээс гардан авсаны дараа 14 хоногтоо багтан энэхүү нэхэмжлэлийн хэрэгтэй холбогдох баримтуудыг өмгөөлөгч шүүхэд гарган өгсөн байсан. Гэтэл манай талын өмгөөлөгчийн шүүх хүрал давхацсан шалтгаанаар шүүх хуралд оролцож чадаагүй бөгөөд шүүхээс хэлэлцэлгүй нэхэмжлэгч талд шийдсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгон буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч МЦП ХХК-д холбогдуулж, түрээсийн гэрээний барьцаанд бариулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 5 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Түрээслүүлэгч МЦП ХХК Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, Замчдын гудамж 6/1 хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийн 3, 4, 5 дугаар давхарт байрлах 21 өрөөг зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч Б.М-т 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хагас жилийн хугацаатай, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд засвар хийж энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй, түрээсийн төлбөр эхний сар 7 000 000 төгрөг, дараагийн сараас эхлэн 8 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 32-34 /

 

Дээрх гэрээний дагуу зочид буудлын зориулалтаар ашиглах 21 өрөө бүхий хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 сарын түрээсийн төлбөр 7 000 000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр барьцааны 8 000 000 төгрөгөөс 6 500 000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлэн хүлээлгэн өгсөн гэрээнд талууд гарын үсэг зурсан, үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 5, 18-19, 43 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ бичгээр хийгдсэн, харин түрээсийн гэрээний зүйл нь оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг болох 3, 4, 5 давхрын 21 өрөөг зочид буудлын зориулалтай ашиглахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцэл биш байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээнээс татгалзсантай холбоотой ашиглалтын зардал, алдангийг суутгах эсэх талаар маргасан байна.

 

Зохигчдын тайлбар болон бичгээр хийсэн гэрээнд зааснаар засвар хийх 10 хоногт түрээсийн төлбөр тооцохгүй байхаар тохиролцсон байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч тал 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч талд түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, зочид буудлын түлхүүрийг тухайн 6 давхар барилгын харуулд хүлээлгэн өгч, хариуцагч тал түрээсийн төлбөрт авсан 7 000 000 төгрөгийг болон Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан төлсөн дэнчин 1 000 000 төгрөгийн хамт 8 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шилжүүлснээр гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч талаас 13 хоногийн түрээс, ашиглалтын зардал тооцож шаардах эрхтэй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна ашиглалтын зардлын тооцоолол гэх баримт бодит байдалд нийцсэн болохыг нотлоогүй байна.

Түүнчлэн гэрээний 5.1-д түрээслэгч түрээсийн болон бусад төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1.0 хувийн торгууль, алданги хүлээнэ гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байхаас гадна гэрээ цуцлагдаж, үндсэн гэрээ дуусгавар болсноор нэмэлт үүрэг нэгэн адил цуцлагдах тул алданги тооцох тухай хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.3-т түрээслэгч нь эд хөрөнгийн барьцаа болох 8 000 000 төгрөгийг тухайн дансанд байршуулна гэж заасан байх боловч энэ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлд хамаарахгүй юм. Харин Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн зохицуулалтад илүү нийцэх бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн утас, интернет ашигласан төлбөрт 14 949 төгрөгийг хасч тооцон дэнчингийн үлдэх хэсэг 5 485 051 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Гэвч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1гэрээний үүрэг хожим дуусгавар болох үндэслэл нэгэн адил хамаарах тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар өмгөөлөгч Г.Жанживын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 23-ныг хүртэл хойшлуулсан байна. /хх-ийн 53/

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах өмгөөлөгч Г.Жанчивт утсаар мэдэгдэхэд тэрээр ...хурлын товыг мэдлээ... гэж хариулсан нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, өмгөөлөгч шүүх хуралдаанд дахин хүсэлт ирүүлээгүй байна. /хх-ийн 57, 60/

 

Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаах... гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчийн төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ