Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01584

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/01760 дугаар шийдвэртэй, “Х ХХК-ийн нэхэмжлэлтэй “ДХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,709,174,415 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, У.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мл, Г.Баттөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Насанбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Адам, Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-иас 2 удаагийн зээл авсан.

1. “Д” ХХК нь “Х” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗЭНГ/СС170127016-6 тоот зээлийн эрх нээх гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗЭНГ/СС170127016-6-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗЭНГ/СС170127016-6-2 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ЗЭНГ/СС170127016-6-3 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗЭНГ/СС170127016-6-4 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/СС170213002-6 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/СС170213002-6-1 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/СС170213002-6-2 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/СС170213002-6-3 тоот эх үүсвэргүй аккердитив,

баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, мөн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗБ/СС170127016-6-31 тоот зээлийн барьцааны гэрээ, ЗБ/СС170127016-6-8 тоот, ЗБ/СС170127016-6-5 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 7,600,000,000 төгрөгийн эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх болон зээлийн эрх нээлгэсэн.

Хариуцагч “Д” ХХК нь А/СС170213002-6 тоот эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, ЗЭНГ/СС170127016-6 тоот зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

 “Да” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

“Да” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун урд байрлах 2.160 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

 “Д” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 512 м/кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх,

 “Д” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1.500 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

 “Д” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-44 тоот хаягт байрлах 1.008 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 “Д” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3.418 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

 “Д” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 “Д” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Мөн Ж.Мл нь “Д” ХХК-ийг ЗЭНГ/СС170127016-6 тоот Зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол түүний өмнөөс үл маргах журмаар гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож “Х” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ/СС1701270616-6 тоот Баталгааны гэрээг байгуулсан.

Зээлдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,249,542,770 төгрөг, үндсэн хүү 1,459,412,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 222,948,606 төгрөг, нийт 8,931,903,511 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

2. Хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/СС170816022-7 тоот зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/СС170816022-7-1 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/СС170816022-7-2 тоот зээлийн нэмэлт гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗБ/СС170816022-7-11 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗБ/СС170816022-7-27/1 тоот, ЗБ/СС170816022-7-39 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ЗБ/СС190604012-7-10 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан Банко Пополарс, Испанол банкны эх үүсвэртэй 849,660 ам.долларыг гадаад банкны суурь хүү, давхар татвар, “Х” ХХК-ийн маржин 4.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.

Хариуцагч “Д” ХХК нь дээрх ЗГ/СС170816022-7 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зээл нь “Х” ХХК-ийн эх үүсвэрээр төлөгдөх бөгөөд тухайн төлөгдсөн дүн бүр нь жилийн 14.4 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай “Х” ХХК-ийн эх үүсвэртэй зээл болж шилжих бөгөөд “Д” ХХК нь банкны өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх юм.

“Д” ХХК нь ЗГ/СС170816022-7 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Да” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх,

“Д” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 49 тоот хаягт байрлах 1,896 м.кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

“Дельта холдинг” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж,

“Д” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйн борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгийг барьцаалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Мөн Ж.Мл нь “Х” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр БГ/СС170816022-7 тоот баталгааны гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцсон.

ЗГ/СС170816022-7 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 668,582,143 төгрөг, зээлийн үндсэн хүү 88,091,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,512,514 төгрөг, нийт 777,185,903 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 85,000 төгрөг болсон болно.

Зээлийн хүүгийн тооцоолуурыг харвал 7.6 тэрбумын зээлийн гэрээ дээр зээлдэгч нийт 24,514,869,834 төгрөгийн гүйлгээг эрхийн хүрээнд хийж, эргүүлээд 17,265,327,063 төгрөгийг төлсөн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан ЗЭНГ/СС170127016-6 тоот зээлийн эрх нээх гэрээ болон ЗГ/СС170816022-7 тоот зээлийн гэрээний дагуу “Д” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9,709,174,415.47 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч “Д” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 658,582,143 төгрөг төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хийгдсэн зээлийн төлөлт болох 11,396,240.01 төгрөгийг эхний зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 222,948,606 төгрөгөөс хассан, үлдэгдлийг нь 2 дахь зээлийн үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хассан, одоо тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлөгдсөн, үндсэн зээл нь 130,000,000 төгрөг үлдсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-аас зээл авсан дээр маргахгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаж байгаа. Өөрөөр хэлбэл бид эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан 2020 оны 06 дугаар сараас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхгүй, нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Зээлийг зээлээр хаасан нь өөрөө Монгол банкны журам болон банк өөрийнхөө дотоод журмыг зөрчсөн гэжээ.

 

Гуравдагч этгээд “Дельта холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас зээлийн эрх нээлгэх, эс үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,050,592,271.43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 658,582,144,04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу “Да” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 1.700 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-“Да” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы баруун урд байрлах 2.160 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

-“Д” ХХК-ийн эзэмшлийн, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 512 м/кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

-“Д” ХХК-ийн эзэмшлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1.500 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-“Д” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-44 тоот хаягт байрлах 1.008 м/кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-“Д” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3.418 м/кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

-“Д” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 49 тоот хаягт байрлах 1.896 м/кв талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-“Д” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө,

-“Дельта холдинг” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 48,774,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,410,911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,953,714,538.5 төгрөгийг хүлээн зөвшөөрч 1,096,877,734 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Нотариатч өөрийн гэрчилсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Х” ХХК-д гаргасан нэхэмжлэл болон 213 тоот мөнгөний тасалбарыг өөрөө гэрчилснийг нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Уг баримт нь хуульд заасан шаардлагыг хангаж чадахгүй байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хүсэлтийг хангахаас татгалзаж захирамж гаргасан.

Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага нэхэмжлэгч гаргасан боловч нэхэмжлэлийн агуулгаас харахад аль хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь тодорхойгүй байхад шүүх бүх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл нотариатч нь нэхэмжлэгч талаас “хуулбар үнэн” тамгаар баталгаажуулаагүй баримтуудыг гэрчилсэн баримтуудыг хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх мөн л хариуцагчид хуулиар олгогдсон эрхийн эдлүүлэлгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар зээлийн үйл ажиллагааны журмыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд уг журмыг гаргаж өгсөн боловч түүний хавсралтуудын гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч талаас нотлох баримт дутуу, шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй байх тул нотлох баримтыг захирамжид дурдсанаар бүрэн гүйцэт гаргуулж, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах талаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.3.8, 34.3.10-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 “Делта фүүдс” ХХК-ийн “зээлийн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувиас нь хуулбарлах гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн” гэж нотлох баримтаас хасуулах, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар дахин гаргуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс дээрх хүсэлтийг дахин хангахгүй орхисон.

Хариуцагч хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны зөрчиж, шүүгчид хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг өмгөөлөгчийн эрхийг хязгаарласантай адил байдлаар хангалгүйгээр орхин шийдвэрлэж хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэлгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Дельт фүүдс” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 9,709,174,415.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 7,953,714,538.5 төгрөгийг хэмжээнд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/08387 дугаар захирамжаар “Х” ХХК-аас зээлийн үйл ажиллагааны журмыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй буюу тус журмын хавсралтуудыг баримтаар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэв.

 

Харин талуудын хооронд үүссэн маргаан нь 2017 оны зээлийн гэрээний харилцаатай холбоотой байх ба уг зээлийг олгохдоо журам зөрчсөн гэж маргаж, холбогдох журмыг гаргуулахаар хариуцагч тал хүсэлт гаргасан байхад “Х” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн буюу зээл олгосноос 3 жилийн дараа А-20/050 дугаар тушаалаар баталсан Хны том болон жижиг, дунд байгууллагын зээлийн үйл ажиллагааны заавар гэх баримтыг ирүүлсэн байх ба уг баримтыг хариуцагчийн гаргасан хүсэлтэд хамаарах эсэхийг шүүх тодруулаагүй нь алдаатай болжээ.

 

Түүнчлэн “Х” ХХК дахь “Д” ХХК-ийн 494017433 тоот зээлийн дансны хуулга баримтаар авагдсан байх бөгөөд уг дансны хуулгыг нотариатч “хуулбар үнэн” тэмдэг дарж гэрчилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар өгөх заалтад нийцэхгүй юм.

Учир нь дансны хуулга нь цахим баримт болох тул эх хувь бичгээр үйлдэгдсэн байх болон нотариатч гэрчлэх үйлдэл хийх боломжгүй юм. Хэрэв уг баримтын талаар талууд маргаагүй шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар үзлэг хийх боломжтойг шүүх анхаараагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/01760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,712,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА