Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 86

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн *******, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 1807001730054 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машинмеханизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамтаар ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.******* нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд ******* дүүргийн 4 дүгээр хороо ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас С.*******ын толгойн тус газар нь овтеркны төмөр ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд ******* дүүргийн 4 дүгээр хороо ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас С.*******ын толгойн тус газар нь овтеркны төмөр ишээр цохиж эрүүл мэндэд нь дух, дагзны хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.*******ын өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчимд Өлгийн 2 дугаар гудамжинд архи уусан согтуу явж байтал манай найз ы ах ******* явж байхаар нь “чи миний найз ыг гэрээсээ хөөсөн байна” гэж хэлээд маргалдаж байгаад *******ыг заамдаж авсан чинь хажууд нь явж байсан ах ирээд бид хоёрыг салгаад явуулсан юм. Би гэртээ ороод унтаж байгаад орой орж ирээд дэлгүүр орж нэг шил архи аваад манай гэрт бид 2 хувааж уугаад сууж байтал гараад ирээгүй учир гэртээ байгаа байх гэж бодоод тал шил архиа аваад гэрт нь очсон чинь ******* ганцаараа байшингийн дотор хаалгаа засаж байгаа бололтой зогсож байсан юм. Ингээд би авч явсан архийг “хувааж уух уу” гэхэд “уухгүй” гэхээр нь “пиво авч өгье” гэж хэлсэн чинь намайг ******* гэрээсээ хөөж босоод ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод нүүр рүү нь гараараа нэг удаа түлхэж гараад явтал ******* гартаа барьж байсан овтеркны ишний арын төмөртэй хэсгээр нь толгойн ар талд 2 удаа цохиж эргээд харах үед дух орчимд нэг удаа цохисон юм.

...Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.ы өгсөн: “...Би ах *******тай маргалдаад гэртээ очихгүй байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын сүүлээр *******ын гэрт орсон чинь манай найз ******* толгойгоо боосон байхаар нь юу болсон талаар асуух үед танай ах ******* цохиж гэмтээсэн гэж байсан. Чухам юугаар цохисон юунаас болж маргалдсан талаар яриагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/187 дугаар:

  1. “С.*******ын биед дух, дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 41 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 42 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан С.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй бөгөөд түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 241 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 21,5 см урттай, ажлын хэсэг нь 8,5 см урттай бор саарал өнгийн хуванцар бариултай овтерк  аяганы 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ад хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.******* 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.*******ад мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                         

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ