Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 517

 

А.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаар магадлалтай, А.Б, А.Б, С.Б нарт холбогдох 1709008100440 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, А.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2006 оны 8 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

2011 оны 1 дүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 31-нд эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулиар 2 жил 11 сарын хорих ялыг өршөөн хасаж, 1 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж суллагдсан, Боржигон овогт О.Н,

2.Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2014 оны 1 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээрр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 17-нд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан,

2017 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Шуудай овогт А.Б,

3.Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Шыбарайгыр овогт С.Б нар нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

прокуророос шүүгдэгч А.Б, А.Б нарыг бүлэглэн “...хохирогч Д.Дгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг галакси Жи 7 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан” гэх хэргээс "бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч А.Б, А.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Б нарыг тус бүр 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б 27 хоног, шүүгдэгч А.Б 35 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Б 16 хоног цагдан хоригдсоныг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос 50.000 төгрөг, шүүгдэгч А.Баас 140.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Дд олгож, хохирогч Д.Дн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Бийн хохиролд нөхөн төлсөн 90.000 төгрөгийг хохирогч Д.Дд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, А.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хурлаас өмнө Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Ганзориг дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан давхар шалгагдаж байсан ба Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурал дээр ижил зүйл ангитай хоёр хэргээ нэгтгэн шийдүүлье гэж хэлсэн боловч нотлох баримт хангалтгүй гэж үзэн хоёр хэргийг нэгтгээгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хавтаст хэргийн /1905002830059/ дугаарыг хавсарган явуулсан боловч хэргийг нэгтгэж өгөлгүй миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн 1709008100440 тоот хэрэг болон Баянгол дүүргийн 1905002830059 тоот хэргийг нэгтгэн, нэг тогтоолоор шийдүүлэх хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо: “… 2017 онд эрүүгийн төлөөлөгч Базар гэх хүн намайг дуудаад “чи Кибер зочид буудлаас хүний гар утас авсан байна” гэхээр нь үнэн зөвөөр хэргээ хүлээсэн. Ямар ч дээрэм хийгээгүй. Мөрдөгч ямар ч нотлох баримтгүй зохиомол хавтаст хэрэг нээж намайг яллана гэсэндээ хүрч, таамаг төдий худал нотлох баримт цуглуулж, түүн дээрээ гарын үсэг зуруулах гэж 4 хоног эрүүдэн шүүж тамлан зовоосон. Эцэст нь ямар ч аргагүйд хүрч зур гэсэн болгонд нь гарын үсэг зурсан. Аргагүй байдалд орж амиа хорлохыг оролдож байсан шарх сорви нь одоо ч байдаг. Өмгөөлөгч байхгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд юу ч ярьж чадаагүй. Шүүх хурал эхлэх гэж байхад танихгүй Туул гэж өмгөөлөгч ирсэн. Тэр хүн хэлэхдээ “хэргийн материалтай чинь танилцаж бүрэн амжсангүй, эргэлзээтэй зүйл олон байна, шүүх хуралдааныг хойшлуулах саналтай оролцоно, та гурав нэг их олон юм битгий ярь” гэсэн. Харамсалтай нь шүүгч өмгөөлөгчийн саналыг хүлээж аваагүй. Кибер буудлын эзэн Мөнгөнцэцэг нь миний эртний танил найз юм. Кибер буудалд хохирогч Дг дээрэмдсэн хүмүүс нь Ганбат овогтой М, түүний найз бүсгүй Н нар бөгөөд өөр хоёр залуугийн хамт энэ хэргийг хийсэн нь хөдлөшгүй үнэн юм. Камер үзэхээр эдгээр хүмүүс байдаг. Мөнгөнцэцэг болон хамгаалагч, цэвэрлэгч нараас гэрчийн мэдүүлэг аваад үнэн зөвийг шийдээд өгөөч гэхээр мөрдөгч тоохгүй байдаг. Энэ хэргийг хийсэн хүмүүс нь 2017 оноос хойш Нийслэлийн ахлах мөрдөгч Чимэддагва, мөн Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Анхцэцэг нар дээр өнөөг хүртэл гадуур шалгагдаж байна. Анхан шатны шүүх хуралд орохын өмнө өмгөөлөгч Туулд энэ бүхийг ярьсан боловч өмгөөлөгч хэрэг хойшилсны дараа эдгээр хүмүүсийн талаар прокурорт танилцуулна, одоо чимээгүй байж бай гэсэн ч дахин ирээгүй. Энэ хэргийн жинхэнэ эздийг шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Туул хэлсэн саналдаа: “Хохирогч нь хэрэг гарснаас хойш 6 хоногийн дараа анхны мэдүүлэг өгөхдөө довтолсон, заналхийлсэн гэх үйлдлийн талаар огт мэдүүлээгүй байдаг. Хохирогчийн мэдүүлэг, гэрч С, хэрэгт холбогдсон 3 хүний мэдүүлгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэрч С “би хэрэг гарах үед Саруул зочид буудалд ажиллаж байсан” гэдэг. Энэ хэрэгт хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй, таньж олуулах ажиллагаа хийгдээгүй, С.Бээс гэрчийн мэдүүлэг авахдаа 10 цагаас хэтэрч мэдүүлэг авсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад заналхийлсэн, довтолсон үйлдэл байхгүй байна. Шүүгдэгч А.Б дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин хулгайн хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч А.Бын Сүхбаатар дүүргийн /1709008100440/ дугаартай хэрэг, Баянгол дүүргийн /1905002830059/ дугаартай хэргийг нэгтгэж, нэг тогтоолоор хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б, А.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа ижил зүйлчлэлтэй хэргийг нэгтгэж шийдүүлэх тухай гомдол гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэж шийдэх боломжтой тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б, А.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, А.Б, С.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б, А.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Кибер” зочид буудлын 3 давхарын өрөөнд хохирогч Д.Дд хүч хэрэглэн довтолж "Самсунг Галакси Жи-7” загварын 280.000 төгрөгийн үнэтэй гар утсыг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэргээс "бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан” гэх үйлдлийг хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч А.Б, А.Б нарт тус бүр 3 жил хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Б нь өөр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх боломжтой тул энэ талаар шүүгдэгч А.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Мөн шүүгдэгч А.Б нь “хохирогч Д.М, түүний найз бүсгүй Н нар өөр хоёр залуугийн хамт дээрэмдсэн тул хэргийн жинхэнэ эздийг шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан байх боловч анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин прокуророос шүүгдэгч Г.Бийг дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх “… С.Б нь хохирогч Д.Дгоос эд зүйл нэхсэн, айлгаж сүрдүүлсэн, хүч хэрэглэн зодож цохьсон, зориудаар А.Б, А.Б нарыг дуудаж шунахай сэдэлтээр эд хөрөнгийн ямар нэгэн ашиг хонжоо агуулж энэ хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаас харагдахгүй байна. С.Б нь хохирогч Д.Дгийн 17.000 төгрөгийг авч гарсан, гараад “...мөнгөгүй юм байна, байгаа нь 17.000 төгрөг байна...” хэмээн А.Б, А.Б нарт хэлсэн үйлдлийг “Д.Дтой мөнгөн дээрээ тохироогүй /биеэ үнэлэх/, зочид буудалд үлдээсэн куртикээ авах зорилготой гэж үзэхээр байна...” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй буюу хавтаст хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг нэг бүрчлэн няцаан үгүйсгэж чадаагүй байна гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь А.Б, А.Б нарын хохирогч Д.Дгоос дээрэмдэж авсан гар утсыг мэдсээр байж А.Бийн хамт худалдан борлуулж, олсон мөнгөө хувааж хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2, 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Дээрх шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаар магадлалын шүүгдэгч А.Б, А.Б нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, А.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН