Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01619

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01899 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох даатгалын нөхөн олговор, алдангид 83,826,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох даатгалын хураамжид 22,421,000 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, Ш.Батчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт 55,884,242 төгрөг, алдангид 27,942,121 төгрөг, нийт 83,826,363 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

“А” ХХК нь “С” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

“А” ХХК-ийн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэс боловсруулах үйлдвэрт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 25 минутад цахилгааны хэлбэлзэл үүссэний улмаас тоног төхөөрөмжид гэмтэл учирсан. Гэрээний үндсэн эрсдэлийн 4-т бүх төрлийн цахилгааны эрчим хүчний эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал, тасалдал, газардуулга гэж заасны дагуу тус гэмтэл нь даатгалын тохиолдолд хамаарч байсан.

Иймд гэрээний 5.1.1-д ...даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд энэ тухай 72 цагийн дотор даатгагчид мэдээлэх гэсний дагуу даатгалын тохиолдлыг гэрээт хугацаанд мэдэгдсэн ба “С” ХХК-ийн ажилтан н.Цгал 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 20 минутад ослын газрын тэмдэглэл үйлдсэн.

Гэрээний 5.1.4-т хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоногийн дотор эвдрэл, хохирлын талаар эцсийн тайлан, баримт, материалыг бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу өөрийн зардлаар бүрдүүлж ирүүлэх гэсний дагуу “А” ХХК-ийн зүгээс хуанлийн 159 дэх хоног буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн “С” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Гэрээний 6.9-д даатгагч бүрэн шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэн барагдуулна гэж заасан боловч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Компанийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр шийдвэрлүүлэх гомдлыг гаргасан бөгөөд хорооны зүгээс нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэж, даатгагчид гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийг барагдуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Иймд гэрээний дагуу даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт 55,884,242 төгрөг, гэрээний 13 дугаар зүйлийн 13.8-д зааснаар алданги 27,942,121 төгрөг, нийт 83,826,363 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

“А” ХХК нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу даатгагчаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус бүр 7,473,666 төгрөг буюу нийт 22,420,999 төгрөгийг төлсөн.

Даатгалын гэрээгээр “С” ХХК нь манай компанийн 18 тэрбум төгрөгийн дүнтэй үйлдвэрийн нарийн тоног төхөөрөмжийн эрсдэлийг шилжүүлэн авахдаа гэрээний 9.8-д заасны дагуу хүлээсэн гэрээг давхар даатгалд 100 хувь даатгуулах үүрэг хүлээсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны шалгалт тус компанийн үйл ажиллагаанд орсон, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04/294 тоот албан бичгээр давхар даатгалд хамрагдаагүй учир 2019 оны 1-р улирлын байдлаар төлбөрийн чадвар 91.59 хувь байгаа талаар манай компанид мэдэгдсэн.

Иймд гэрээний 10.3-т ...даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах, учруулсан хохирлыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн “А” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/337 тоот албан бичгээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой гэрээний 4 дэх төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан даатгалын тохиолдлын нөхөн төлбөрөөс суутгуулан шийдвэрлэх саналаа хүргүүлсэн.

“С” ХХК тус саналыг зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний 4.5-д заасны дагуу даатгалын хураамжийг хуваарийн дагуу даатгагчаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ гэж заасны дагуу 4 дэх шатны төлбөрийн нэхэмжлэл ирүүлээгүй болно. Эдгээр үндэслэлээр “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цахилгааны гэмтлээс болж инвертор гэмтсэн гэх боловч энэ гэмтэл болон хохирлын хооронд шалтгаант холбоотой эсэхийг тогтоосон баримтгүй байна.

Түүнчлэн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээний дүгнэлтэд ойлгомжгүй  бөгөөд үнэлгээчний нислэгийн тийзний нэг талын үнийг шууд хоёроор үржүүлэн хохиролд тооцож байгаа зэрэг нь үнэлгээчний дүгнэлт үндэслэлгүй болохыг илтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

“А” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулагдсан ба гэрээний хураамжийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус бүр 7,473,666 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэтэл “А” ХХК нь даатгалын хураамжийг гэрээнд заасан хуваарьт өдрүүдэд төлөөгүй бөгөөд одоог хүртэл даатгалын хураамж төлөгдөөгүй. Иймд “А” ХХК-аас даатгалын гэрээний хураамжийн үлдэгдэл 22,421,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч “С” ХХК-иас 41,559,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас 7,473,666 төгрөгийг гаргуулж, хариуцагч “С” ХХК-д олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,266,836 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,947,334 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,081.81 төгрөгийг, хариуцагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “С” ХХК-ийн зүгээс даатгалын тохиолдолд үүсээгүй гэж биш харин даатгалын тохиолдол үүссэн эсэх нь эргэлзээтэй, түүнийг шинжээч томилж тогтоолгох шаардлагатай гэж үзэж маргасан.

Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол үүссэн эсэхийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байж тодорхойлох боломжтой. Гэтэл “А” ХХК нь даатгалын тохиолдол үүссэн эсэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй төдийгүй хүсэлтдээ хавсаргаагүй, өөрсдөө даатгалын тохиолдол үүссэн гэж тодорхойлсон байдаг.

Эндээс харахад цахилгааны хэлбэлзэл үүсч тог тасарснаас үүдэн гэмтэл гарсан гэх модульд дан ганц диод шатсан уу эсвэл бүхлээрээ солих хэмжээнд гэмтэл учирсан уу гэдгийг шууд тодорхойлох боломжгүй юм. Учир нь “А” ХХК-н засварын ажилчид уг инверторын оролтын модулийн диод шатсан гэж тодорхойлон диодыг сольж засварласан бөгөөд уг засварын ажиллагаа буруу явагдсанаас үүдэж тухайн модульд нэмж гэмтэл гарсан байх магадлалтай.

Мөн “А” ХХК-ийн урьсан АВВ группийн мэргэжилтэн нь тухайн модульд диод болон эсэргүүцэл шатсан гэж гэмтлийг оношилсон талаар тайландаа тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжид учирсан гэмтэл нь оролтын модулийн диод, эсэргүүцэл байхад “А” ХХК нь тухайн модулийг бүхэлд нь сольсон байна. Иймд тухайн модулийн диод, эсэргүүцлийг солиход ажиллах боломжтой эсэхэд шинжээчээр дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан.

Даатгалын тохиолдол буюу тоног төхөөрөмжид учирсан гэмтлийн шалтгаан нөхцөлийг тодруулснаар даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжтой. Нөгөө талаас даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлэх эсвэл хэдэн хувиар нөхөн төлбөрийг олгохыг тооцоолоход дээрх тоног төхөөрөмжийн гэмтлийн шалтгаан нөхцөл шууд нөлөөлнө. Иймд хариуцагч байгууллагын зүгээс удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүний улмаас даатгалын тохиолдол үүссэн эсэх асуудал эргэлзээтэй хэвээрээ үлдсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж шийдвэр гаргасан байна. Тухайлбал, “А” ХХК-ийн инженер болон засварын төлөвлөгч, менежер, ерөнхий инженерийн хамтран үйлдсэн гэмтэл саатлын бүртгэл нь хэрэгт хуулбар хувиар авагдсан.

Мөн Эрдэнэт, Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компани “А” ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/13 дугаар албан бичгээр “ТБЦДС” ТӨКХ-н Хангайн бүсийн салбарын 220/110/35/6 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА чадалтай АТ-2 авто трансформаторт богино залгаа болж гэмтэл гарснаас хүчдэлийн хэлбэлзэл үүсч АТ-2 трансформаторын хийн болон дифференциал хамгаалалтаар 2018 оны 12 сарын 09-ний өдрийн 20 цаг 25 минутад тасарсан. Дээрх гэмтэл гарах үед хэрэглэгчдийг тэжээж байгаа шугам тоноглолд аваарын тасралт гараагүй болно” гэж хүргүүлсэн байдаг. Уг албан бичиг нь дангаараа “ТБЦДС” ТӨКХ-н Хангайн бүсийн салбарын 220/110/35/6 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА Р чадалтай АТ-2 авто трансформаторт хүчдэлийн хэлбэлзэл үүсч тасарсан, хэрэглэгчдийг тэжээж байгаа шугам тоноглолд аваарын тасралт гараагүй гэдгийг тодорхойлсноос биш “А” ХХК-ийг аль шугамаас цахилгаан авдаг талаар тодорхойлоогүй болно. Хэрэгт “А” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар аль шугамаас цахилгаан авдаг нь тодорхойгүй, холбогдох баримт байхгүй.

Гэтэл нэхэмжлэгч талаас тус албан бичгийг үндэслэн даатгалын тохиолдол үүссэн гэж тодорхойлж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь “А” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар, Эрдэнэт, Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн аль шугамаас цахилгаан авдаг, уг цахилгаан авдаг шугамд гэмтэл гарсан эсэхийг тодруулах, улмаар уг гэмтлээс үүдэж нэхэмжлэгч байгууллагын тоног төхөөрөмжид гэмтэл учирсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс “даатгалын тохиолдол үүссэн эсэх, “А” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар аль шугамаас цахилгаан авдаг эсэх, уг шугамд гэмтэл гарсан эсэх” асуудлыг тодруулах ажиллагаа хийлгүй, нэхэмжлэгч талаас гаргасан эргэлзээтэй баримт болон нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан төдийгүй хариуцагч талыг өмнө нь “даатгалын тохиолдол бий болоогүй хэмээн татгалзаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 55,884,242 төгрөг, алдангид 27,942,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч даатгалын хураамжид 22,421,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

“А” ХХК болон “С” ХХК-иуд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 25 минутад АТ-2 авто трансформаторт гэмтэл гарснаар хүчдэлийн хэлбэлзэл үүсч, улмаар даатгалын зүйл болох инверторын модуль гэмтэж даатгалын тохиолдол бий болсныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хуульд заасан журмын дагуу үнэлж зөв тогтоосон.

 

Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь инверторын модулийг бүхэлд нь солих эсхүл зарим хэсгийг буюу оролтын диод, эсэргүүцлийг солих эсэх болжээ.

 

Нэхэмжлэгч нь модулийг бүхэлд нь солихоор болсон гэх тайлбараа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн “тайлан” гэх гарчигтай баримтын 3-т “шатсан модулийг оношилж гэмтлийг тодорхойлсон. Тухайн модульд диод болон эсэргүүцэл шатсан байсан. Мэргэжилтэн зөвлөхдөө тухайн оролтын модулийг бүхэлд нь солихыг зөвлөсөн. Учир нь өндөр хүчдэлийн хэлбэлзлийн улмаас тухайн модуль нь найдваргүй ажиллагаатай болдог учраас модулийг бүхэлд нь солих шаардлагатай гэж зөвлөсөн” гэжээ. /1хх 36 ар талд/ Уг баримт нь хуулбарласан баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн баримт эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна.

 

“С” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 04/145 тоот албан бичигт “даатгалын зүйл болох инвертерт учирсан хохирлыг засах, сэргээх ажлын үнэлгээг гаргуулж нөхөн төлбөрийн материалыг бүрэн ирүүлэх үед бид гэрээний дагуу хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байгаа болно” гэснийг хохирлын хэмжээний талаар маргаагүй гэж дүгнэхгүй юм. /1хх220/

 

Хариуцагч талаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд модульд дан ганц диод шатсан эсэх, эсхүл инверторын модулийг бүхэлд нь солих хэмжээнд гэмтэл учирсан эсэхийг тодруулах шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ2021/04293 тоот, мөн оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2021/05282 тоот захирамжуудаар үндэслэлгүйгээр хангаагүй орхисон гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, модулийг бүхэлд нь солих болсон үндэслэл тодорхойгүй байгаа тохиолдолд маргааны үйл баримтыг эцэслэн тогтоох боломжгүй байна.

Шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй орхигдуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх “гэмтэл саатлын бүртгэл” гэх баримт хэргийн 2 дугаар хавтас 36 дугаар талд эх хувиар авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА