Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Э.Б даргалж, шүүгч А.Ц, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т    

Иргэдийн төлөөлөгч Ц.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М

Гэрч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Э-д холбогдох эрүүгийн 1720000000075 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 1999 оны 04 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хорих ялаар, 2000 оны 01 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт П.Э,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б овогт П.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Д.М-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  маргалдаж хохирогч Д.М-н хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 19-ний өдөр Шалган нэвтрүүлэх ангиас гараад баз хүргэн З-нд сэлбэг авах гэж очоод сэлбэг тайлж аваад гартал талийгаач намайг аваад гарсан. Тэгээд хамтдаа Б-нд очсон. Очиход Б 3 настай хүүгийн хамт гэртээ байсан. Талийгаач өврөөсөө 0,75 граммын Соёрхол нэртэй архийг гаргаж ирээд өнөөдөр Чингисийн төрсөн өдөр гээд гурвуулаа хуваагаад уучихъя гэсэн. Тэгээд Б за би мах чанаад өгье гэж хэлсэн. Бид гурав махаа идэнгээ архи ууж дуусгачихаад байж байтал гаднаас А нэлээн халамцуу орж ирээд бөх үзэж байгаад унтаад өгсөн юм. Талийгаач бид гурав бөх үзэж байгаад талийгаач бид хоёр бөхөөс болоод маргалдсан юм. Гэтэл Б бөх үзэж байна бөх үзүүлэхгүй гэрт маргалдаад байх юм гэсэн. Тэгэхээр нь бид хоёр гарч учраа олъё гээд гарсан. Талийгаач намайг тампарт заамдаж аваад мөргөсөн. Тэр үед гартаа хутгатай байсан. Хутгыг нь авах гээд гарыг нь дийлэхгүй байсан. Тэгээд тампараас ухарч гараад Монгол гэрийн шал цутгасан цементэн дээр арагшаа хөл алдаж тээглэж унасан. Тэгээд байж байтал талийгаач намайг баруун гараараа цементны хагархайгаар толгойруу цохиж нэг хэсэг толгой манараад юу болсныг санахгүй 2-3 секунд газар суусан байх. Тэгтэл М намайг одоо ална, танайхыг яасан ч чадна шүү гэж хэлсэн. Тухайн үед намайг алаад миний эхнэр хүүхдүүдийг яах ч юм билээ гэсэн бодол орж ирсэн. Тэгээд сэргээд байж байтал бид хоёрын дунд хар иштэй хутга газарт байсан, тэрийг авснаа санаж байна, хоромхон зуур юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь талийгаач баруун гараараа газарт тулсан, зүүн гараараа хэвлийн тус газраа дарсан, хоёр өвдгөөрөө сөхрөөд суусан байсан. Тэгээд зүүн гарных нь салаагаар нь цус гарч байсан. Тэгээд би сандарч гэрлүү орж Б, А нарыг дуудаж би хүн хутгалчихлаа гээд хэлсэн. Тэр үед Б эхнэр рүү нь хэлсэн байх. Тэгээд ангийнхаа шуурхай жижүүр рүүгээ хэлж би энд хүн хутгалсан талаараа хэлж эмч нарыг хурдан дагуулаад ирээч гэж хэлсэн. Шуурхай жижүүр штабын даргад танилцуулъя гэж байсан. Удалгүй 5 минутын дараа түргэн тусламжийн машин ирсэн. Тухайн үед сандраад хоёр ч билүү, гурван дугаар руу залгаж хэлж байсан. Хэргийн газраасаа битгий яваарай гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө ангийн эмч бэлэн байдлынхаа машинтай ирээд за түргэн ирээд аваад явсан уу? гэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирж намайг авч явсан юм гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Албан ёсны оршуулгын зардал нэхэмжилсэн байгаа. Нийт 11 сая гаруй төгрөг болсноос 8 сая гаруй төгрөг авсан байгаа. Хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийн асуудлаар материалыг нь бүрдүүлж өгсөн. Ер нь бол хохирол маш их гарсан шүү дээ. Манай дүүгийн байдал яахав, архи уудаггүй байсан гэж хэлэхгүй. Тэгэхдээ хүнд алуулах хэмжээний архи дарс уудаггүй байсан. Одоо хоёр хүүхэдтэй, бага хүүхэд нь 15 настай, том нь 17 настай. Хоёр хүүхдийн нэг нь Сайншанд суманд сурч байгаа, нэг нь Замын-Үүд суманд сурч байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж нэг нь 140.000 төгрөг авдаг. Миний дүү насаараа мал малладаг байсан. Мал болон ноос ноолуураар гэр бүлээ тэжээдэг байсан. Миний дүүд цалингийн зээл байхгүй, өөрийнхөө чадлаараа гэр бүлээ тэжээдэг байсан. Хоёр хүүхдэд нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.Оршуулгын зардал төлөгдсөн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол гэж нөхөн олгуулах хүсэлт байна. Хамгийн бага дүүгээ хүний гарт алдчихлаа гомдолтой байна гэв.

Гэрч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Манайд талийгаач, П.Э, А бид дөрөв байсан. Тухайн үед Соёрхол нэртэй 0,75 граммын архийг хувааж уусан. Би энэ хэдийг ирэхээс нь өмнө мах чанаж байсан. Мах гаргаж өгөхдөө 2 ширхэг хар бариултай хутга өгсөн. Гэрт жижиг хар иштэй хутга байсан. Талийгаач, Э хоёрыг яг маргалдсан шалтгааныг мэдээгүй. Би бөх үзээд сууж байсан. Манайхаас гараад Э их удаагүй, 2-3 минут болсон байх буцаж ирээд би хүн хутгалчихлаа түргэн дуудаарай гэж хэлсэн гэв.

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал 18 цаг өнгөрч байхад санагдаж байна миний нөхөр Б гэсэн өөрийнхөө дугаараас миний дугаар луу залгаад Э М-г гэрийн гадна хутгалчихлаа эмнэлгийн утас мэдэхгүй байна түргэн дуудаад өг гэсэн тэгээд би эмнэлгийн дугаарыг хүмүүсээс асууж мэдээд эмнэлэгт дуудлага өгчихөөд гэрлүү шууд ажлаасаа гараад очтол эмнэлгийн машин гэрээс зөрөөд хөдөлж байсан гэрийн гадна нөхөр Б болон түүний найз Э нар зогсож байсан нөхөр Б-с юу болсон талаар асуухад Э, М хоёр муудалцаад байшингаас гарсан тэгээд байшингийн урд талд Э М-г хутгалчихлаа гэсэн Э-н хувцас хунар нь цус болчихсон толгойноос нь цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон мөн аль нэг талын хөмсөгний дээд хэсэгт хавдаад язарчихсан цус гарч байсан би түүнээс юу болсон талаар асуугаагүй. Тэгэхэд Э-н эхнэр А хөрш айлын эмэгтэйтэй цуг түүний машинтай манай гэрийн гадна хүрч ирсэн удалгүй цагдаагийн алба хаагч хүрч ирээд Э-г саатуулахаар авч явсан тэгээд А бид хоёр эмнэлэг рүү явсан харин Б бага хүү 3 настай О-г хараад гэртээ үлдсэн. Эмнэлэг дээр очиход М хагалгаанд орчихсон байсан А эмнэлгийн хүлээн авах дээр сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 сарын 20-ны өдөр хөрш айлын Ж гэж дууддаг залуутай гэрийнхээ гадаа 15 цагийн үед 0.5 литрийн тал шил Ерөөл архи, 0.75 литрийн тал шил Экс архийг хувааж уусан тэгээд би найз Б руу өөрийнхөө дугаараас Б-н утас руу залгаад юу хийж байгаа талаар асуухад би гэртээ хүүтэйгээ  байна, мах чанаж байна ирж мах идээ ч гэсэн. Тэгээд Б-нд 16 цагийн үед очиход найз М болон миний хүргэн дүү Э нар ирчихсэн мах идээд нэг шил архи ууж байсан би тэднийг ямар архи ууж байсныг нь санахгүй байна. /тэднийд очих үед нилээн согтсон байсан/ Би тэдний ууж байсан архинаас хувааж уугаад мах идээд сууж байснаа согтоод ширээг нь дэрлээд унтчихсан байсан, намайг унтсанаас хойш юу болсныг санахгүй байна. Тэгэхэд хүн хутгалчихлаа гэж хэн нэгэн хэлэхэд нь би сэрсэн тэгэхэд Э нүүр нь цус болчихсон орж ирчихсон зогсож байсан Б том өрөөний хэсэг зурагт үзээд сууж байсан Б бид хоёр гараад хартал М байшингийн үүдэнд байх цементэн гэрийн буйран дээр хэвтэж байсан тэгээд Б утсаар яриад түргэн дуудаад байх шиг байсан түргэн удалгүй хүрч ирээд шууд эмнэлэг рүү яаралтай тээвэрлэх шаардлагатай гэсэн би цуг эмнэлгийн машинд сууж эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-35 хуудас/

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 04-07 хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 8-11 хуудас/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/

Эд мөрийн баримт эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 23 дугаартай дүгнэлтэнд:

1. П.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно.

2. П.Э нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно.

3. П.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан  болно.

5. П.Э нь хэрэг хариуцах чадвартай болно гэжээ. /хх-ийн 44 хуудас/

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд :

1. Талийгаач Д.М-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх: цээжний зүүн суганы дунд шугамаар 9,10-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндийн доод хэсгээр өрцийг цоолж хэвлий рүү нэвтэрсэн шарх, дэлүүний зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархайн артерийн тасрал, зүүн бугалганы дотор талын зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Талийгаачийн биед үүссэн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалганы дотор талын зүсэгдсэн шарх гэмтэл нь талийгаачийг босоо байдалд болон суугаа үед үүссэн байх боломжтой.

4. Талийгаачийн биед үүссэн гэмтлээс харахад гэмт хэрэг үйлдсэн зэвсэг нь ташуу буюу ойролцоогоор 45 гардусын өнцгөөс багагүй өнцгөөр хэвлийн хөндий рүү нэвтэрч дэлүүг гэмтээсэн байна.

5.Талийгаач Д.М-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх: цээжний зүүн суганы дунд шугамаар 9,10-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндийн доод хэсгээр өрцийг цоолж хэвлий рүү нэвтэрсэн шарх, дэлүүний зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархайн артерийн тасралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж /2500мл/ улмаар дотор эрхтэнүүний эрс цус багадалтын улмаас зүрх судасны хурц дутагдалаар нас баржээ.

6. Д.М нь архаг панкреатит, элэг өөхжилт /дунд зэрэг/ гэсэн архаг хууч өвчнүүдтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.

7. Талийгаачийн цусны бүлэг нь ABO системээр В ЛІII бүлгийн харьяалалтай байна.

8. Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан байна гэжээ. /хх-ийн 64-67 хуудас/

Хохирогчийн өвчний түүх / 47-63/

Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 хуудас/

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11014 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 хуудас/

Хүний биенээс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 74 хуудас/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Б багийн Засаг даргын  тодорхойлолт /хх-ийн 92 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 94 хуудас/

Хилийн дугаар ангийн 01/367 дугаартай албан тоот, П.Э-н зан байдлын тодорхойлолт /хх-ийн 96-97 хуудас/

Шүүгдэгч П.Э-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримт /хх-ийн 101-103, 179-181 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 106 хуудас/

 Хохирогчийг оршуулахтай холбогдсон хохирлын талаарх нотлох баримт /хх-ийн 135-159 хуудас/

 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 192-194 хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 195 хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 196, 199, 201/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 200 хуудас/

Хохирлын мөнгө 2500000 төгрөг шилжүүлсэн Х банкны мөнгөн шилжүүлэг /2-р хх-ийн 48/

Хохирлын мөнгө бэлнээр хүлээлцсэн баримт / 2-р хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт П.Э нь  2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.М-тэй бөхийн талаар маргалдаж, улмаар  хэвлийн тус газар нь хэд хэдэн удаа хутгалж, цээжний зүүн суганы дунд шугамаар 9,10-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндийн доод хэсгээр өрцийг цоолж хэвлий рүү нэвтэрсэн шарх, дэлүүний зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархайн артерийн тасрал бүхий  гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироожээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Э-н бусдыг  алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Э-н  “талийгаач намайг тампарт заамдаж аваад мөргөсөн. Тэр үед гартаа хутгатай байсан. Хутгыг нь авах гээд гарыг нь дийлэхгүй байсан. Тэгээд тампараас ухарч гараад Монгол гэрийн шал цутгасан цементэн дээр арагшаа хөл алдаж тээглэж унасан. Тэгээд байж байтал талийгаач намайг баруун гараараа цементны хагархайгаар толгой руу цохиж нэг хэсэг толгой манараад юу болсныг санахгүй 2-3 секунд газар суусан байх. Тэгтэл М намайг одоо ална, танайхыг яасан ч чадна шүү гэж хэлсэн. Тухайн үед намайг алаад миний эхнэр хүүхдүүдийг яах ч юм билээ гэсэн бодол орж ирсэн. Тэгээд сэргээд байж байтал бид хоёрын дунд хар иштэй хутга газарт байсан, тэрийг авснаа санаж байна, хоромхон зуур юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь талийгаач баруун гараараа газарт тулсан, зүүн гараараа хэвлийн тус газраа дарсан, хоёр өвдгөөрөө сөхрөөд суусан байсан. Тэгээд зүүн гарных нь салаагаар нь цус гарч байсан. Тэгээд би сандарч гэрлүү орж Б, А нарыг дуудаж би хүн хутгалчихлаа гээд хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч У.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “манайд талийгаач, П.Э, А бид дөрөв байсан. Тухайн үед Соёрхол нэртэй 0,75 граммын архийг хувааж уусан. Би энэ хэдийг ирэхээс нь өмнө мах чанаж байсан. Мах гаргаж өгөхдөө 2 ширхэг хар бариултай хутга өгсөн. Гэрт жижиг хар иштэй хутга байсан. Талийгаач, Э хоёрыг яг маргалдсан шалтгааныг мэдээгүй. Би бөх үзээд сууж байсан. Манайхаас гараад Э их удаагүй, 2-3 минут болсон байх буцаж ирээд би хүн хутгалчихлаа түргэн дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал 18 цаг өнгөрч байхад санагдаж байна миний нөхөр Б өөрийнхөө дугаараас миний дугаар луу залгаад Э М-г гэрийн гадна хутгалчихлаа эмнэлгийн утас мэдэхгүй байна түргэн дуудаад өг гэсэн тэгээд би эмнэлгийн дугаарыг хүмүүсээс асууж мэдээд эмнэлэгт дуудлага өгчихөөд гэрлүү шууд ажлаасаа гараад очтол эмнэлгийн машин гэрээс зөрөөд хөдөлж байсан гэрийн гадна нөхөр Б болон түүний найз Э нар зогсож байсан нөхөр Б-с юу болсон талаар асуухад Э, М хоёр муудалцаад байшингаас гарсан тэгээд байшингийн урд талд Э М-г хутгалчихлаа гэсэн Э-н хувцас хунар нь цус болчихсон толгойноос нь цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон мөн аль нэг талын хөмсөгний дээд хэсэгт хавдаад язарчихсан цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… Б-нд 16 цагийн үед очиход найз М болон миний хүргэн дүү Э нар ирчихсэн мах идээд нэг шил архи ууж байсан би тэднийг ямар архи ууж байсныг нь санахгүй байна. /тэднийд очих үед нилээн согтсон байсан/ Би тэдний ууж байсан архинаас хувааж уугаад мах идээд сууж байснаа согтоод ширээг нь дэрлээд унтчихсан байсан, намайг унтсанаас хойш юу болсныг санахгүй байна. Тэгэхэд хүн хутгалчихлаа гэж хэн нэгэн хэлэхэд нь би сэрсэн тэгэхэд Э нүүр нь цус болчихсон орж ирчихсон зогсож байсан Б том өрөөний хэсэгт зурагт үзээд сууж байсан Б бид хоёр гараад хартал М байшингийн үүдэнд байх цементэн гэрийн буйран дээр хэвтэж байсан тэгээд Б утсаар яриад түргэн дуудаад байх шиг байсан түргэн удалгүй хүрч ирээд шууд эмнэлэг рүү яаралтай тээвэрлэх шаардлагатай гэсэн би цуг эмнэлгийн машинд сууж эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуудас/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 04-07 хуудас/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 8-11 хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/, эд мөрийн баримт эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 196, 199, 201/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Э нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э “Мөнх намайг одоо ална, танайхыг яасан ч чадна шүү гэж хэлсэн. Тухайн үед намайг алаад миний эхнэр хүүхдүүдийг яах ч юм билээ гэсэн бодол орж ирсэн. Тэгээд сэргээд байж байтал бид хоёрын дунд хар иштэй хутга газарт байсан, тэрийг авснаа санаж байна, хоромхон зуур юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь талийгаач баруун гараараа газарт тулсан, зүүн гараараа хэвлийн тус газраа дарсан, хоёр өвдгөөрөө сөхрөөд суусан байсан” гэж, түүний өмгөөлөгч Д.Д “Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон үгүйг тогтоох талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, хохирогчийн танайхыг ална гэсэн үгээр тухайн үед шүүгдэгч П.Э нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэж мэтгэлцэв.

Энэ нь гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаа болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “талийгаач, Э хоёрыг яг маргалдсан шалтгааныг мэдээгүй. Би бөх үзээд сууж байсан. Манайхаас гараад Э их удаагүй, 2-3 минут болсон байх буцаж ирээд би хүн хутгалчихлаа түргэн дуудаарай” гэж хэлсэн гэх мэдүүлэг, Шүүх сэтгэц гэм судлалын 23 тоот дүгнэлтэнд:  П.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. П.Э нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. П.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан  болно.  П.Э нь хэрэг хариуцах чадвартай болно гэжээ. /хх-ийн 44 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгч П.Э нь хохирогч М-тэй гэрээс гараад маргалдаж, зууралдаж, толгойдоо чулуугаар цохиулж, хохирогчийн гарт хутга байсныг хараад авах гээд булаалцалдаад байсан зэрэг үйлдлээ мэдэж удтал үргэлжлүүлж, удаа дараа хутгалсан нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, зориуд хор уршигт хүргэсэн явдал нь санаатай гэмт хэргийн шинжийг харуулж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Шүүгдэгч П.Э болон түүний гэр бүлийн хүмүүст нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтанд оруулснаас хоромхон зуур сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон бодит нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотогдохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь хохирогчийн оршуулгын зардалд 8820950 төгрөг төлсөн, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч П.Э-г оршуулгын зардалд 8820950 төгрөг төлсөн болохыг дурдаж, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч П.Э-н  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 130х24 мм, бариул хэсэг нь 118х25 мм-ийн урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн сентфон өмд, хар өнгийн нийлэг материалтай өмд, улаан хүрэн өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудболка, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн 1 хос оймс, хар хөх өнгийн малгайтай цамц, саарал өнгийн ханцуйтай цамц, хар хөх өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлж, шүүгдэгчийн баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хамтран архи ууж согтуурсаны улмаас хоорондоо маргалдаж, улмаас хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2,1.4-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Э-г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Э-н цагдан хоригдсон нийт 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч П.Э нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 8.820.950 / найман сая найман зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 130х24 мм, бариул хэсэг нь 118х25 мм-ийн урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн сентфон өмд, хар өнгийн нийлэг материалтай өмд, улаан хүрэн өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудболка, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн 1 хос оймс, хар хөх өнгийн малгайтай цамц, саарал өнгийн ханцуйтай цамц, хар хөх өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б

ШҮҮГЧИД                            А.Ц

                                            Д.Ц