Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/45

 

2018            06              25                                                 2018/ДШМ/45

                      П.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахим сүлжээгээр холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,  

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.М, Х.Б,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүгдэгч: П.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч П.Э-д  холбогдох, эрүүгийн 1720000000075 дугаартай, 2 хавтас 234 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, Х.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн ... суманд 1979 оны 08 дугаар сарын 22-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт холбогдох үедээ Хилийн цэргийн .... дугаар ангид харуулын дарга ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 1999-04-19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хорих ялаар, 2000 оны 01 сарын 14-ний өдрийн 08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, Боржигон овогт П-ийн Э /РД: ЗЮ79082211/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч П.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы 3-23 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Д.Мтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж хохирогч Д.Мийн хэвлийн тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Эод оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Эын цагдан хоригдсон нийт 158 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

 Шүүгдэгч П.Э нь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 8.820.950 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 130х24 мм, бариул хэсэг нь 118х25 мм-ийн урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн сентфон өмд, хар өнгийн нийлэг материалтай өмд, улаан хүрэн өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудболка, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн 1 хос оймс, хар хөх өнгийн малгайтай цамц, саарал өнгийн ханцуйтай цамц, хар хөх өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлж,

энэ хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг болсон шалтгаан нөхцлийг хохирогчийн зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үүнийг зөвхөн хэрэгтний мэдүүлгээр тодорхойлж, үхсэний хохь амьдын зол гэхчийн дүгнэлт хийлээ. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг гадаа ямар байдалтай, яаж зодолдсон болохыг хэн ч үзээгүй. Эын хувьд гурван удаа ял шийтгүүлж хоёр удаад нь танхайн хэргээр шийтгүүлж байсан нь уг хүний хувийн байдлыг тодорхойлох гол үндэслэл болж байна. Мөн талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан онцлог шинж тэмдэгт: толгойн орой хэсгийн шарх, баруун шанааны зулгаралт, баруун хацар, эрүүний баруун талд үүссэн зулгаралт, шалбаралтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт огт дурдагдаж дүгнэгдээгүй. Мөн Э манай талийгаачийг олон удаагийн шарх гэмтэл үүсгэсэн буюу харгис хэрцгий байдлаар уг хэрэг үйлдэгдсэнийг үгүйсгэх аргагүй байдалд шүүх дүгнэлт хийж чадаагүй байна. Гэвч энэ нөхцөл байдлыг шүүх үнэн зөв дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Хохирогч бидний зүгээс хохирол төлбөрт нийт 10 сая төгрөг нэхэмжилж энэ бүгдийг бүрэн гүйцэд авахаар Эын ар гэрийнхэнтэй харилцан тохиролцсон боловч хуралдааны өмнө тэднийхээс уг тооцоог 8 сая гаруй төгрөгөөр тооцож үлдсэн хэсгийг нь хурлын ар дээр болно биз хэмээн басамжлан тохуурхсан байдлаар хандаж, хэлсэн ярьсандаа хүрээгүйд гомдолтой байна. Хүнд хэрэгт хохирогч бидний санал гомдлыг хуулийн хүрээнд авч хэлэлцэлгүйгээр зөвхөн хэрэгтэн Эын талд хууль үйлчилж түүнд хуульд заасан хорих ялын хамгийн бага хэмжээг оногдуулж тэр тусмаа ял эдлэх дэглэмийг хүртэл хэт хөнгөрүүлж шийдсэнд гомдолтой байна. Бид нарын хооронд тохиролцсон асуудал байдаг. 10 сая төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө өгнө, 2 хүүхдэд сар болгон юм уу, жил бүр материаллаг зүйлээр тусална гэж тохиролцсон мөртлөө бид нарыг хууран мэхэлсэнд гомдолтой байна. Иймд энэ хэргийг дахин хянаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгож авмаар байна. Бид нарыг дэндүү хуурсан, сэтгэл санаагаар тоглосон. Энэ хүнийг чанга дэглэмтэй газар ялыг эдлүүлж, оногдуулсан ялыг нэмүүлмээр байна. Маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /хх-68/-ийн онцлог шинж тэмдэг гэдэг дээр хохирогчийн толгойн оройн хэсэг, баруун шанаа, эрүүний баруун талд байгаа зулгаралтыг шинжээчийн дүгнэлтэд огт шинжлэн судлаагүй байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн хувьд шүүгдэгчтэй адил тодорхой хэмжээний гэмтэл авсан байхад үүнийг огт харьцуулж дүн шинжилгээ хийлгүй орхигдуулсан, харин зөвхөн хэвлий тус газар хутгалагдсан байдлыг л дүгнэлтэд тусгасан нь учир дутагдалтай. Хохирогч гарч ирээд Эыг цемэнт тоосгоор цохиж манаргасан. Э урд нь 2 удаа танхайн хэргээр шийдвэрлүүлж байсан, үүнийг үнэлж дүгнээсэй.  Шүүгдэгчийн ар гэр, хохирогчийн ар гэрийнхэн хоорондоо ярилцаад насанд хүрээгүй 2 хүүхдэдээ насанд хүртэл нь тэтгэвэр, тэтгэмжийг олгуулахаар тохиролцсон юм билээ. Тэр амлалтдаа хүрэлгүй зөвхөн хар амиа бодож эцэст нь хохирогчийн хууль бус үйл ажиллагааны нөхцөл байдлыг илтэд буруугаар хөндөж буруугаар үнэлэлт дүгнэлт өгүүлэхэд хүргэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Маш их харамсаж байгаа. Төлбөр тооцооны хувьд манай ар гэрийнхэнтэй нь юу гэж тохиролцсон талаар би мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр оршуулгын зардал бүрэн төлсөн гэдэг баримтыг харж байсан. Хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр хэлэхэд би өөрийн зүгээс төлнө гэсэн бодол байгаа, ар гэрийнхнээ давхар төлбөр тооцоо, дарамтанд оруулмааргүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж ойлгож байгаа. Хохирогчийн зүгээс Эыг урьд нь олон удаа ял шийтгүүлж байсан учраас энэ хэргийг санаатайгаар, онц харгис аргаар үйлдсэн гээд байгаатай санал нийлэхгүй байна.  Тухайн үед Э тархиндаа гэмтэл авсан. Биеийн байдал нь тийм сайнгүй байсан.. Яллагдагчаар байцаалт өгөхөдөө М газраас чулуу аваад миний толгой руу цохисон. Би 2-3 минут толгой манараад газар суусан. М намайг ална би танайхныг яаж ч чадна шүү гэж хэлэхээр нь тухайн үед намайг алаад манай гэр бүлийнхнийг яаж ч магадгүй гэсэн бодол орж ирсэн. Тэгээд би газарт байсан хутгыг авсанаа санаж байна. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг харахад М зүүн гараараа газар тулаад, таамбарын үүдэнд сөхрөөд сууж байсан. Тэгэхээр нь би сандраад гэр рүү гүйж орж хүн хутгалчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг байдаг. Энэ хэлж ярьсан зүйлийг нь дүгнээд тухайн үедээ цочролд орсон байж магадгүй гэж бодож өмгөөлөгчийн хувьд яг хэрэг болох үед сэтгэл санааны хувьд ямар байдалд орсон бэ гэдгийг дахин дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлт тавьж байсан боловч прокурорын шатанд хүлээж аваагүй. Төлбөрт 10 сая төгрөг нэхэмжилдэг. Бид нотлох баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан буюу 2018.04.27-ны өдөр болсон шүүх хуралдааны өмнөхөн төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд М оролцож, оршуулгын зардлыг авсан учраас хэлэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Ар гэрийнхэнтэй нь хохирол төлбөрийн асуудал ярьсан талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. 2 хүүхдийн тэтгэмжийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаж байсан бөгөөд ямар нэгэн баримт бүрдээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй учраас 2 хүүхдийн тэтгэмжийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдаж өгсөн байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнтэй холбогдуулан зарим зүйлийг хэлье. Хавтаст хэргийн 29 дугаар хуудсанд Эын гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг гэж байна. Энэ мэдүүлэгт хутга авч гарсан талаар яригддаг. Дараа нь Э 2017.12.15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хохирогчийг хутга аваад гарсан талаар ярихад нь би Эоос асууж байсан. Яагаад мэдүүлэг зөрүүтэй байна вэ гэж асуухад тухайн үедээ би сайн санахгүй байсан. Тодорхой хугацаа өнгөрсөний дараа бодоод байхад ийм асуудал болсон. Өнөөдөр би мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байна гэж тайлбарлаж байсан. Шүүгдэгчийн өгч байгаа мэдүүлэгт ямар дүгнэлт өгөх нь шүүх бүрэлдэхүүний асуудал гэж ойлгож байна. Хутгыг хашаа давуулаад шидчихсэн байсан гэдгийг Э өөрөө хэлдэг. Анхнаасаа хутгыг хашаа давуулаад шидчихсэн гэж хэлж байсан, зөвхөн Мийн гарт байсан хутгыг булааж аваад, хутгалсан гэдгээ энэ хүн хүлээсэн. Тэгээд хашаа давуулаад шидсэн гэдэг зүйлийг ярьж байгаа. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцийн асуудлыг бид мэднэ. 10 жилийн хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ялын дэглэмийн хувьд нээлттэй дэглэмд эдлүүлсэн нь хууль зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Мтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж талийгаачийн хэвлийн тус газар хутгалж алсан нь хавтаст хэрэгт авагдсан хууль журмын дагуу авсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгч Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Хэрэг гарах болсон шалтгаан, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч Эод оногдуулсан хорих ял нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, Д.М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1/ Шүүгдэгч П.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 17-18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 3-23 тоотод оршин суух, иргэн У.Баярбатын гэрийн гадаа хохирогч Д.Мтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар мах идэж байсан хутгаар түүнийг хутгалж биед нь цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн суганы дунд шугамаар 9,10-р хавирганы түвшинд цээжний зүүн хөндийн доод хэсгээр өрцийг цоолж хэвлий рүү нэвтэрсэн шарх, дэлүүний зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархайн артерийн тасрал, зүүн бугалганы дотор талын зүсэгдсэн шарх гэмтэл учруулснаас, хэвлийн хөндийд цус алдаж, дотор эрхтнүүдийн эрс цус багадалтын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь нас нь хохирсон талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2/ Хэдийгээр шүүгдэгчийн биед “...хуйханд язарсан шарх, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт /1-р хх-42/ хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх боловч энэ гэмтлийг хохирогч түүнд учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул                шүүгдэгчийн ”...энэ гэмтлийг талийгаач цементний хагархайгаар цохиж учруулсан” гэх мэдүүлгийг “үнэн зөв” гэж үзэхгүй бөгөөд нотлох баримтаар тооцох үндэслэлгүй юм.

            3/ Харин хохирогчийн “..толгойн оройн хэсэгт 1.5х0.4 см шархтай, баруун шанаанд 3х0.2 см зулгаралттай, баруун хацарт 1х0.5, 1.5х1 см, эрүүний баруун талд 1.5х1 см улаан хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай” гэж биед үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан гэмтлийг, шинжээч дүгнэлтдээ тусгаагүй байх боловч энэ нь түүний амь нас хохироход хүргэсэн гэмтэл биш болох нь шинжээчийн дүгнэлт/1-р хх 64-68/-ээр тогтоогдсоны гадна хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон буюу хэргийн талаар нотолбол зохих асуудал бүрэн тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.  

4/ Анхан шатны шүүхээс “гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг хохирогчийн хууль бус, зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй энэ нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй ба харин хохирогч Д.М болон шүүгдэгч П.Э нар гэрч У.Баярбатынд архи уух явцдаа нутгийн бөх, хурдан морьноос сэдэвлэж хоорондоо маргалдсан болох нь гэрч У.Баярбат болон шүүгдэгч П.Эын мэдүүлгээр тогтоогдсон ба энэхүү сэдэл шалтгаанаар шүүгдэгч П.Э нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

5/ Шийтгэх тогтоолд “хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” гэж нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцлийг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

6/ Хохирогч тогтсон цалин хөлсгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /2-р хх-43/, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдон авч байгаа /2-р хх-44/-г нотолсон баримтууд хэрэгт авагдсан байхад  энэ асуудлыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

7/ Харин давж заалдах гомдолд дурдсан “харгис хэрцгий байдлаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн...” гэдэг нь мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх ба хохирогчид олон тооны шарх учруулсан хэрэг болгоныг харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй бөгөөд “онц харгис хэрцгийгээр” гэдэгт  “хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдад тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” зэрэг үйлдлийг хамааруулж ойлгох учир шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”  гэж үзэхгүй.

            8/ Оршуулгын зардлын талаар оролцогчид маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Харин шүүгдэгч П.Эыг 1997, 1999, 2000 онуудад ял шийтгүүлж байсантай холбоотой шийтгэх тогтоолууд хэрэгт бүрэн авагдаагүй байх боловч бусад нотлох баримт буюу ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-94/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 108/, хорих ангийн тодорхойлолт /1-р хх-110/ зэрэг баримтуудад  түүний урьд ял шийтгүүлж байсан талаарх хувийн байдал тодорхой тэмдэглэгдсэн, тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “нээлттэй гэснийг хаалттай” гэж, 5 дахь заалтад”...гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгчээс сар бүр 100 000 төгрөгийг /тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөгөөс хүү М.Саранхүүгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 140 000 төгрөг /2-р хх-44/-ийг хасаж/ хүү М.Саранхүү, М.Даваахүү нарт суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгохоор, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч П.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор буюу 10 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчимд нийцсэн буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...нээлттэй...” гэснийг “хаалттай” гэж,

5 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг,

“...Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Д.Мийн хүү М.Саранхүү, М.Даваахүү нарт 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 100000 төгрөгийг шүүгдэгч П.Эоос гаргуулж олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Х.Б, хохирогчийн төлөөлөгч Д.М нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, гомдлоос “ял хөнгөдсөн” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч П.Э нь 58 хоног цагдан хоригдсныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА