Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01652

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ит, М.Ээл нарын хууль ёсны төлөөлөгч

Э.Цэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02412 дугаар шийдвэртэй, М.Ит, М.Ээл нарын хууль ёсны төлөөлөгч Э.Цэгийн нэхэмжлэлтэй Б.Аяад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ит, М.Ээл нарын хууль ёсны төлөөлөгч Э.Цэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ит, М.Ээл нарын хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.4.1, 8.1.5-т заасны дагуу өөрийн төрсөн охин М.Ээл, хүү М.Ит нарыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Р.Ман, Э.Цэ бид хоёр 11 жилийн  гэрлэлтээ цуцлуулсан.

Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 181 тоот орон сууц нь Р.Ман, Б.Та, М.Ит, М.Ээл нарын 4 хүний өмч юм. Би Б.Аяатай орон сууц түрээслэх гэрээг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, хүүхдүүдийн хичээлийн төлбөрт өгч байсан.

Гэтэл Б.Аяа нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Р.Мантай уг орон сууцыг түрээслэх гэрээ байгуулж миний хүүхдүүдийн эрх ашгийг хохироож байна.

Хүүхдүүд 2019 онд ковид-19 цар тахлын шалтгаанаар Хятад улсаас Монголд ирсэн. Миний хүүхдүүд уг орон сууцыг хууль ёсны өмчлөгч учраас гэртээ орох эрхтэй, энэ эрхээр хангаж өгөхийг хүсч байна. Хүүхдүүд орон сууцад орно гэхээр оруулдаггүй, цоожийг эвдээд орох гэхээр цагдаагийн байгууллага дууддаг, орон сууцаас гарсан гэж худал хэлдэг. Миний хүүхдүүдийг гэртээ орох эрхийг хязгаарлаж, боож байгаа хүмүүсээс байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 181 тоот орон сууцанд миний бие 2019 оны 8 дугаар сарын 30 ны өдөр Э.Цэтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу амьдарч эхэлсэн. Тухайн үед Э.Цэ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь байхгүй зөвхөн ОССК-тай байгуулсан барьцааны гэрээ үзүүлээд манай нөхөр гадаадад ажлаар явсан эзгүй байгаа гэж хэлэн, нэг жилийн төлбөрт 4,800,000 төгрөг надаас авч, орон сууцыг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон.

2019 оны 9 сарын дундуур Р.Ман гэдэг хүн ирж ямар учиртай хүмүүс надад мэдэгдэхгүйгээр энд амьдарч байна гэж асуусан ба болсон явдлын талаар хэлэхэд “10 жилийн өмнө салсан эхнэр Э.Цэ надад хэлэхгүйгээр байрыг та нарт түрээслүүлсэн байна, би гадаад яваагүй, дараагийн удаа надад заавал мэдэгдээрэй” гэж хэлээд явсан. 2020 оны намар байраа үргэлжлүүлэн түрээслэхээр Р.Мантай уулзахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзсэн. Орон сууцны өмчлөгч болох Б.Түвшинзаяа Австрали улсад сурдаг, М.Ээл, М.Ит нар нь насанд хүрээгүй гэж хэлсэн. Тэгээд түрээсийн гэрээг Р.Мантай байгуулж уг орон сууцанд амьдарч байна.

Манай аав, ээж, ах дүүс Ховд аймагт амьдардаг, би өөрөө Монос анагаах ухааны дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, одоо жирэмсэн бөгөөд Улаанбаатар хотод өөр таних хүнгүй, уг орон сууцны хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр амьдарч байгаа тул байрыг чөлөөлөх боломжгүй.

Түүнчлэн Э.Цэ нь тухайн орон сууцны өмчлөгч биш тул орон сууцыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.Аяад холбогдуулан гаргасан, улсын эрхийн бүртгэлийн Ү-2205044414 дугаартай, Баянгол дүүрэг 4 хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 101 байр, 181 тоот хаягт байршилтай, 43м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Ээл, М.Ит нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Аяа нь надтай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байх үедээ 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бид “хэл амтай байрнаас гарсан, түлхүүрээ доор орхисон” гэж худал хэлж миний хүүхдүүдийн орон байранд хууль бусаар амьдарч эхэлсэн.

Шүүхэд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба шүүх  Б.Аяагийн гаргасан хуурамч нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Нөгөөтэйгүүр миний гаргаж өгсөн баримтуудыг шүүх нотлох чадваргүй болгож хавтаслах, дүрс нь мэдэгдэхгүй болгож, намайг хэрэгтэй танилцуулалгүй, цаг хугацааны хувьд бүтэн жил хохироож хуурч чадсан, олон хууль бус үйлдлүүд гаргасан.

Мөн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 15 цагт гар утсанд үзлэг хийж, нотлох баримт үзүүлэх ажиллагаа шүүх хурлын өмнө хийсэн. Шүүх хурлын танхимд үзлэг хийж байхад шүүгчийн туслах шүүгчид үзүүлнэ гэж хэлж миний гар утсыг авч явсан. Шүүгчийн туслах утсыг авчрахдаа нотлох баримтууд болох олон зурвасуудыг устгасан байсан.

Б.Аяа бид хоёрын байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад Р.Мантай 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр надад хэлэлгүй түрээсийн гэрээ байгуулсан, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “бид гарсан, түлхүүрээ орхисон” гэж худал хэлсэн, Б.Түвшинзаяагаас итгэмжлэл авсан эсэх асуудлыг шүүх тодруулаагүй.

Анхан шатны шүүх Б.Аяагийн эдгээр үйлдлүүдэд дүгнэлт хийлгүй, шүүхийн шийдвэрүүд дэх Р.Маны салахдаа шүүх дээр өгсөн амлалт тайлбар, орон байрны талаар хэлцэгдсэн хэлцлийг үнэлэлгүй, Б.Аяа, Р.Ман гэдэг 2 хүн хувилдаж гарын үсэг зурсан хэлцэл гэх утгагүй, үндэслэлгүй, хуульд заасан аргаар бус үйлдсэн бичгийг үндэслэж шийдвэрээ гаргасан.

Б.Аяа нь Б.Түвшинзаяагаас надад итгэмжлэл олгосон болохыг удаа дараа үзэж, орон сууц 4 хүний өмч гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрч байсан.

Уг орон сууц нь хүүхдүүдийн өмч гэдгийг Р.Ман мэддэг, энэ талаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд өгч байсан болох нь баримтуудаар тогтоогдоно. Төрийн албан ёсны бичиг, шийдвэрүүд, лавлагааг зэрэг ач холбогдолтой баримтуудыг шүүх шийдвэртээ үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүх хууль нийцүүлэн,хүүхдийн эрхийг хамгаалж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Ээл, М.Ит нарын хууль ёсны төлөөлөгч Э.Цэ Б.Аяад холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Б.Аяа, Э.Цэ нар 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Аяа нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Годен парк хотхоны 101 дүгээр байрны 181 тоот орон сууцыг хөлсөлж, 11 сарын төлбөрт 4,400,000 төгрөг, барьцаа 400,000 төгрөг нийт 4,800,000 төгрөгийг Э.Цэд төлсөн, цаашид 3 жилийн хугацаанд үргэлжлүүлэн хөлслөх тохиолдолд төлбөрийг 1 жилээр төлж байхаар тохиролцсон байна. /хх11/

 

Б.Аяа, Р.Ман нар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.Аяа нь дээрх 181 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай, сарын 400,000 төгрөгөөр хөлс төлөхөөр тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ. /хх149-151/

 

Анхан шатны шүүх Б.Аяа Э.Цэ нарын хооронд байгуулагдсан гэрээнд дүгнэлт өгөлгүй, Б.Аяа Р.Ман нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Б.Аяа Э.Цэ нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ үргэлжилж байсан эсэх, Б.Аяа, Р.Ман нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, Р.Ман гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэх, энэ нөхцөл байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэхийг тодруулах байжээ.

 

Түүнчлэн дээрх 181 тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Ман, М.Ээл, Б.Түвшинзаяа, М.И гэх 4 хүнийг бүртгэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000782956 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Энэ тохиолдолд Р.Ман нь Б.Аяатай орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа бусад өмчлөгч нараас зөвшөөрлийг авсан эсэх, бусад өмчлөгч нарын эрх, ашиг хөндөгдөх эсэх асуудлыг шүүх тодруулж, Р.Маныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах асуудлыг талуудаас тодруулсны үндсэн дээр Б.Аяагийн орон сууц эзэмшлийг Иргэний хуулийн 90, 93, 94 дүгээр зүйлд зааснаар “хууль бус”, “шударга”, “шударга бус” гэдэгт шүүх дүгнэлт өгөх учиртай.

 

Түүнээс гадна маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.Түвшинзаяа насанд хүрсэн байх бөгөөд түүнийг төлөөлөн орон сууц хөлслөх гэрээ байгуулах итгэмжлэл олгосон эсэх, түүнчлэн Б.Түвшинзаяаг төлөөлөн Э.Цэ нэхэмжлэл гаргасан эсэх асуудлыг анхан шатны шүүх тодруулаагүй, энэ талаарх үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

 Иймд хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүйтэй холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА