Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 01

 

Ч.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,

прокурор Б.Мөнхдөл,

шүүгдэгч Ч.Бат-Өлзий,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргилыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Бат-Өлзийд холбогдох 201508000202 дугаартай 1 хавтас 249 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Дорноговь аймаг, Сүмбэр суманд 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Ус гудамж, 3-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ88070410 дугаарын регистртэй, Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийд Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2016 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 Ч.Бат-Өлзий нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн үед тус аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатараас Чойр чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 65-46 УНО улсын дугаартай Ренаулт экспресс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж иргэн Г.Энхтөрийн жолоодож явсан 33-09 УНО улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг хөдөлгөөнд оролцож байхад нь мөргөсний улмаас зорчигч Д.Баатархуягын бие махбодид хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнд 3900000 төгрөг, Д.Баярсайханд 8355000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Бат-Өлзийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохирогч Д.Баатархуягт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүйг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, мөн иргэний нэхэмжлэгч Я.Жамъянсүрэнгийн хөргөгчтэй лангуун дотор байсан баримлын хохирол болох 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг П.Наранцэцэг гэх хүний 5945057898 дугаарын дансанд шилжүүлсэн болохыг, харин бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн В, С, Е ангилалын № 516759 дугаарын жолоочийн /үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 72а-203 тоотод оршин суух, ЕО65021971 дугаар регистртэй, Боржигон овгийн Даваагийн Баярсайханаас 4.280.400 /дөрвөн сая хоёр зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 50-30 тоотод оршин суух, ЧТ77041213 дугаарын регистртэй, Мэргэд овгийн Ядамжавын Жамъянсүрэнд, Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийгөөс 6.855.000 /зургаан сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 72а-203 тоотод оршин суух, ЕО65021971 дугаар регистртэй, Боржигон овгийн Даваагийн Баярсайханд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимэдхасын Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, эдлүүлэхээр, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн баривчлах ял эдлэх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бат-Өлзийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Бат-Өлзий давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баярсайхан анхнаасаа бүрэн бус тээврийн хэрэгслийг мэдсээр байж ажилд гаргаж байсан. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч Баярсайханд 6 855 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний ялыг хөнгөлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид өгсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг цагаатгах тогтоолын хэвлэмэл хуудсан дээр гаргаж гардуулсан. Анхан шатны шүүх хуралд иргэний нэхэмжлэгч Д.Баярсайхан, хохирогч Д.Баатархуяг нарыг биечлэн оролцуулах зайлшгүй шаардлага байхад биечлэн оролцуулаагүй энэ нь хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжийг алдагдуулсан. Шүүх хуралдааны өмнө ирүүлсэн гэх /Д.Баярсайханы/ бичгийн хүсэлтдээ шүүх хуралдаанаас гаргах бүх хохирлыг хариуцана гэжээ. Үүнд чухам ямар ямар хохирол хариуцах эсэх, эсвэл энэ утгаараа Ч.Бат-Өлзийд хохирол үгүй гэж ойлгогдож байна. Иймд эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад хохирлыг нэг мөр болгон, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд тулгуурлан хэргийг анхан шатны шүүхэд буцааж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өнгө үү гэв.

Прокурор Б.Мөнхдөл улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай Шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна” гэж заасан байхад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай Шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ч.Бат-Өлзийд ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3, 290.4 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн гэм буруутай үйлдэлд зөрүүтэй дүгнэлт хийж шүүгдэгчид цагаатгах тогтоол, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэгт шийтгэх тогтоол, аймгийн Прокурорын газарт Шүүхийн тогтоолын хувийг тус тус хүргүүлсэн байх тул уг тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийг шаардлагыг хангаагүй байна. Иймд Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Бат-Өлзийд холбогдох хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргахдаа тогтоолыг шийтгэх, цагаатгах, шүүхийн гэсэн гурван янзын тогтоол гаргаж, улмаар тогтоолыг баталгаажуулан хэргийн оролцогч нарт тарааж хүргүүлсэн нь тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгч Д.Баярсайхан нь шүүгдэгч Ч.Бат-Өлзийд холбогдуулан нэхэмжлэл гаргасан эсэх нь түүнийг асуусан тайлбар /хх-29-30/, иргэний нэхэмжлэгч болон хохирогчоор тогтоосон тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-36-37/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-100/ зэргээс харахад тодорхойгүй байхад түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж тодруулаагүй байж шүүгдэгчээс төлбөр гаргуулж шийдвэрлэсэн, хохирол төлбөрийг гаргуулахдаа иргэний хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй зэрэг зөрчил гаргасан  байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол, Прокурорын эсэргүүцлийг ханган анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс нэгэнт эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг буцааж байгаа учраас хэргийн шийдлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Хэргийг шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Ч.Бат-Өлзийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЛХАГВАМАА

                                                        ШҮҮГЧ А.САЙНТӨГС

                                                        ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ