Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0386/З |
Дугаар | 763 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 763
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Э.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 2500011466 тоот актын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын а-г хүчингүй болгуулах” гэжээ. Нэхэмжлэл /хх 1-11/, Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга /хх 165/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын татварын хяналт шалгалтаар ногдуулсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250011466 дугаар актын 1 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнийг тайлбарлахын тулд юуны өмнө “М*******” ХХК-ийн үйл ажиллагааг товчхон тайбарлах нь зүйтэй байна. “М*******” ХХК хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, 8 хувийн орон сууцны зээлийг арилжааны банкууд, Монгол банктай хамтран хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг арилжааны банкуудын харилцах данс, хадгаламж дээр байршуулах тухай бүрт татвар төлөх эсвэл бий болсон орлогыг үндсэн үйл ажиллагаандаа бүртгэж татвар төлөхөөс гол маргаан үүсдэг.
“М*******” ХХК-ийг 2006 онд 11 томоохон аж ахуйн нэгж болон Монгол банк хамтарч үүсгэн байгуулсан ба “М*******” ХХК нь санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудаас орон сууцны зээлийн багцыг худалдан авч, багц дээрээ үндэслэн үнэт цаас гаргаж, үнэт цаас борлуулсан орлогоосоо дахин арилжааны банкуудаас орон сууцны багц худалдан авч найман хувийн ипотекийн зээлээр иргэдийг тасралтгүй хангах зорилго бүхий байгууллага юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор үүсгэн байгуулагдаж, барилгын салбарыг бүрэн тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд юм. Барилгын салбарын бүтээн байгуулалт, санхүүжилт, орон сууцны үл хөдлөх зах зээлийг дэмжих, урт хугацааны хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, эцсийн дүнд бага дунд орлоготой иргэдийг бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох замаар орон сууцжуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний дүнд Монгол улсад 10 жилийн хугацаанд нийт 85000 гаруй өрхийг найман хувийн хүүтэй орон сууцаар хангасан. “М*******” ХХК нь арилжааны банкуудаас орон сууцны зээлийн багц /барьцааны эрх, зээлийн шаардах эрх/ худалдан авч, үүнд үндэслэн үнэт цаас гаргаж, үнэт цаасны 90%-ийг Монгол банк, 10%-ийг арилжааны банкуудад худалдаж үнэт цаасны төлбөрийг “М*******” ХХК-д буцаан төлдөг. Энэ төлбөрөөр дахин арилжааны банкуудаас багц худалдаж авдаг. Энэ бүх ажиллагаа буюу төлбөр тооцоо, үнэт цаасны хөрөнгө оруулалт нь бүгд арилжааны банкуудад байршдаг. Өөрөөр хэлбэл үнэт цаасны төлбөр төлөх, зээлийн багц худалдах, зээлийн багцыг төлөх зэргээр бүх төлбөр тооцоо бэлэн бусаар явдаг. Үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор үнэт цаас худалдан авах, зарах, банкнаас зээлийн багц худалдан авах, зарах зэрэг тасралтгүй цикль дунд бэлэн бус төлбөр тооцоо явагддаг. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авах хугацаанд үнэт цаасны хөрөнгө оруулагчдын мөнгийг сул байлгахгүйн тулд арилжааны банкинд байршуулахаар арилжааны банкны дотоод хүү шимтгэлийн ерөнхий нөхцлөөр харилцах дансны үлдэгдэлд нь хүү боддог. Ингээд хүүгийн орлого бий болдог. Түүнээс биш “М*******” ХХК нь үүнийг тусдаа өөрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, компанийн дүрэм, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэмэлт орлого олох зорилгоор арилжааны банкуудад мөнгө хадгалуулаагүй. Гагцхүү өөрийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх явцад бий болсон орлогыг аж ахуйн нэгжийн үндсэн орлого руу бүртгэдэг. Үүнийг хааж, нуусан зүйл байхгүй. Энэхүү бий болсон үндсэн орлогоосоо татвараа төлөх зарчмаар ажилладаг.
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хадгаламж зээл, төлбөр тооцооны үйл ажиллагаа Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр хийгддэг санхүүгийн үйл ажиллагаа байдаг. “М*******” ХХК нь өөрөө төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй. Зөвхөн өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд арилжааны банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийдэг. Явцын дунд энэхүү орлого үүссэн. Бидний үзэж байгаа хамгийн эхний тайлбар бол харилцах данс болон хадгаламж дээр үүссэн байгаа хүү бол манай үндсэн үйл ажиллагааны явцад бэлэн бусаар төлбөр тооцоо хийгдэх явцад бий болсон орлого ба энэ нь үндсэн үйл ажиллагаанд хамааралтай учраас аж ахуйн нэгжийн орлого дээр бүртгэсэн. Хүү бол банкны тухай хуульд зааснаар мөнгөн хөрөнгийн үнэ гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд эх үүсвэрийг өөр дээрээ байршуулсны төлөө “М*******” ХХК-д төлсөн үнэ байдаг. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын мөнгийг үнэгүйдэхээс сэргийлэх зорилгоор арилжааны банкуудад байршуулж, хүү бодож, хүүг нь нэмэлтээр орлого болгосон. Бид хүүгийн орлогоос бусдад нь татвар төлөхгүй, өөрөөр хэлбэл зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас татвар төлөхгүй гэж үзэж байгаа.
Мөн хэрэв татварын улсын байцаагч нарын үзэж байгаагаар энэ орлого нь хүүгийн орлогын татвар гэж татвар татварыг давхардуулж төлөх асуудал тулгарна. 2013 оны хувьд үнэт цаасны хүү, үнэт цаасны төлбөр төлөөд тухайн жилдээ алдагдалтай гарсан байдаг. Гэхдээ аж ахуйн нэгжийн хувьд алдагдалтай гарах эсэхээс үл хамааран орлогын хэсэг дээр татварыг төлж тэндээс хасагдах зардлуудаа хасдаг. Ингээд бүртгэж байна гэдэг нь татварын орлого төлж байна гэсэн үг. Алдагдалтай эсвэл ашигтай гарах эсэх нь хамаагүй. Гэтэл энд орлого бүртгээд түүнийгээ нуухгүйгээр татварт хамруулсан байхад дахин тусад нь гаргаж 10 хувийн татвар ногдуулсан. Нэг татвар дээр хоёр төрлийн татвар төлөх нөхцөл байдал үүсээд байна.
Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг эзэмших, удирдах” гэж заасан. Үүний эзэмших, удирдах гэдэг нь Монгол банк, арилжааны банкуудаас “М*******” ХХК-ийн үнэт цаасыг худалдан авч, үнэт цаасны төлсөн төлбөрийг “М*******” ХХК өөрийн нэр дээр арилжааны банкуудын харилцах дансанд байршуулах, тэндээсээ дараагийн зээлийн багцыг төлөх, мөнгөөр худалдаж авах зэргээр хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийг эзэмшиж, удирдаж байгаа үндсэн үйл ажиллагаа юм. Хуульд заасан үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх явцад энэ орлого бий болсон. Дахин хэлэхэд “М*******” ХХК нь банк биш учраас төлбөр тооцоо хийх эрхгүй, арилжааны банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийгдэнэ. Тэр төлбөр тооцоог хийх явцад арилжааны банкууд дотоод шимтгэлийн нөхцөлөөр харилцах дансанд олгосон хүү нь орлого болж байгаа. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ орлогыг олсон. Тиймээс үндсэн үйл ажиллагааны орлогод хамаарна. Барилгын компани барилга ашиглалтад оруулж, худалдан борлуулахаар орлого олвол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг. Гэтэл үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлдөггүй. Үүний адил “М*******” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагааны явцад бий болсон орлого учраас үндсэн үйл ажиллагаанд хамаарах орлого гэж үзэж байна.
Одоо хийх тайлбар эхний хоёр тайлбартайгаа зөрчилдөх гээд байдаг. Учир нь 2015 оны 8 дугаар сарын 07-нд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль гарсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бол нуусан, хаасан зүйл байвал түүнийгээ ил болгож тайлагнуулах, далд эдийн засгийг гаргаж ирэхтэй холбоотой хууль байсан. Ил болговол түүнд ямар нэгэн алданги торгууль, захиргааны акт тавихгүй гэсэн зохицуулалттай гарсан. Татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт энэ хуулиас өмнө гарсан. “М*******” ХХК нь акт тавьсан асуудлыг нуусан зүйл байдаггүй. Тайландаа энэ орлого бол үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого гэж дурдсан байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуульд хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны 24 цагаас өмнө захиргааны зөрчил гаргасан, шийтгэл хүлээсэн бол энэ хуульд хамрагдах үндэслэлтэй гэж заасан байдаг. Эхний хоёр тайлбарын хувьд бид актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа эхний үндэслэлүүд үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ хуулийг хэрэглэж, маргаан бүхий актыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Гэхдээ өршөөлийн тухай хуульд хамрагдах талаар ярихаар гэм буруугаа зөвшөөрөх асуудал гарч ирнэ. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гол зорилго бол маргаан бүхий актыг хүчингүй болгох явдал бөгөөд нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй, хэрвээ шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ гэхэд өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Иймд татварын байцаагч нарын маргаан бүхий актын нэг дэх зөрчилд тавьсан актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбарт
Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр “М******* *******” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны 14/784 дугаартай алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нийт 984,409,599.2 төгрөгийн зөрчил илрүүлэн 98,440,959.9 төгрөгийн нөхөн татвар, 29,532,288 төгрөгийн торгууль нийт 127,973,247.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосноос Суутгагч нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг шилжүүлэхдээ албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 126,687,882.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 16,469,424.70 төгрөгийн төлбөрийг нь зөвшөөрч, 111,503,823.20 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрсөн. Үүнд:
Тус ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2013 онд
2,633,858,931.00 төгрөгийн орлоготой /2,607,948.071.00 төгрөгийн үндсэн үйл
ажиллагааны орлого, 25,910,860.00 төгрөгийн бусад болон 55,522,188.00 төгрөгийн
чөлөөлөгдөх орлого/, 3,631,369.11.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах
зардалтай, зөрүүгийн тайлангаар зохицуулж 1,053,032,371.00 төгрөгийн алдагдалтай
тайланг татварын албанд ирүүлсэн.
“Монголын импотекийн корпораци *******” ХХК нь зах зээлд хөрөнгөөр
баталгаажсан үнэт цаас, бонд гаргах үйл ажиллагааны үндсэн зорилготой. Тус ХХК нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтыг багц бүрдүүлэх зорилгоор бус
арилжааны банкуудтай тодорхой хэмжээний хувиар хүү тооцох гэрээ байгуулж дансанд байршуулснаар хүүгийн орлого олсон байна. Иймд дээрх хүүгийн орлогыг тухайн компанийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод хамаарахгүй тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогод хамаарна гэж үзсэн тул 2013 онд банкин дахь харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэлд олгосон хүүгийн 857,721,717.20 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгахдаа нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод оруулан тайлагнаж, тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулаагүй зөрчил нь Монгол Улсын Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.2. ...хөрөнгийн орлого; ...”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно, ...9.1.4. хүүгийн орлого», мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно: ...16.3.4. хүүгийн орлого; ...”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна: ...17.2.6. хүүгийн орлогод 10 хувиар;...”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж заасан заалтыг зөрчсөн тул банкин дахь харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэлд олгосон хүү болох 857,721,717.20 төгрөгийн орлогод тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 85,772,171.72 төгрөгийн нөхөн татвар, 25,731,651.52 төгрөгийн торгууль ногдуулсан.
Жич: Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл.
Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох 16.2 Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
Тус ХХК-ийн 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 1,053,032,371.00 төгрөгийн алдагдлыг 1,910,754,088.20 төгрөг болгон баталгаажуулсан. Алдагдлын ихэнх хувийг Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно;....12.1.34. тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр” гэсэн зардал эзэлж байгаа болно. Орлогын хувьд тухайн компанитай холбоотой тусгайлсан заалт байхгүй болно. Хүүгийн орлоготой холбоотой ямар нэгэн зардал гараагүй гэж үзэж байна.
Хүүгийн орлого гэдэгт Монгол улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн,
мөнгөн хөрөнгөө өөрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад зээлдүүлж авсан хүү, банк, хадгаламж зээлийн хоршоодоос олгож байгаа хадгаламжийн зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/-ын хүү, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, нөхөн төлбөрийн орлого, вексельд заасан төлбөрийн сарын эсхүл жилийн хүү/ багтдаг тул татварын улсын байцаагчийн “М******* *******” ХХК-нд 111,503,823.2 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх алдагдал баталгаажуулах гэдэг томилолтоор орж ирсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.34-д “орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчдэд шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөрийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцно” гэж нэмэлт хуулиар зохицуулж өгсөн. Ашиг олох зорилгогүй байсан гэж ярьж байна. “М*******” ХХК-ийн үндсэн зорилго нь зах зээлд хөрөнгө босгож, бонд гаргаж, арилжааны банкуудаас багцыг нь худалдаж авах, иргэдээс төлж буй тодорхой хэмжээний хүүгээр санхүүжих явдал юм. Энэ орлого нь үйл ажиллагааны орлолго бус хөрөнгийн орлого юм. Хөрөнгийн орлого нь тусгай хэм хэмжээгээр зохицуулагддаг. Мөн хөрөнгийн орлогоо удирдах эрхтэй гэж тайлбарлаж байна. Удирдах эрх нь тухайн компанид байгаа бөгөөд нэгэнт санхүүжилтээр олсон орлогыг удирдаад явах нь тухайн компанийн асуудал. Харин энэ орлогыг хүүгийн орлого буюу тусгай хэмжээтэй орлого байсан гэдэг дээр татварын байгууллага акт тавьсан.
Давхар татвар төлөх асуудал яригдана гэж байна. Гэвч давхар татвар ногдуулах явдал биш. Манай үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого гэж тайлагнаад алдагдалтай гэж нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлого гэж тусгасан байсан. Энэ бол нийтлэг хувь хэмжээт орлого биш. Хөрөнгийн орлого учраас тусгай хувь хэмжээт орлого юм. Татварын одоо мөрдөгдөж буй хуулиар 10 хувийг авах нь зөв. Татварын байцаагчийн актаар тэр хэмжээнийх нь орлогын эх үүсвэрийн алдагдлыг нь баталгаажуулж өгсөн.
Мөн барилгын компанийн хувьд харьцуулж ярьж байна. Барилгын компанийн үндсэн үйл ажиллагаа нь барилга барьж зарах учраас үүнийг хөрөнгө борлуулсны орлого гэж авч үзэхгүй. Тухайн маргаан бүхий акт тавихад Эдийн засгийнил тод байдлын тухай хууль тогтоомж хэрэгжиж эхлээгүй байсан. Иймд энэ хууль тогтоомжийг хэрэглэх боломжгүй юм. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасан. “М*******” ХХК нь компани юм. Тэгэхээр энэ хүүгийн орлогыг хөрөнгийн орлого гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ орлогод татвар төлөх ёстой учраас акт тавьсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаа юм. Гэтэл банкуудад мөнгө хадгалуулж, хүүгийн орлого олсон байдаг. Энэ орлогод татварын улсын байцаагч акт тавьсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар хүүгийн орлого нь хөрөнгийн орлогод хамаарна. Хөрөнгийн орлого дотроо хүүгийн орлого орно. Хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр хамаарна. Гэтэл “М*******” ХХК нь харилцах дансны үлдэгдлийн хүүгээс орлого олсон. Энэ орлогоо үндсэн орлогод бүртгэж зардлаа хасаад нийт дүнгээс татвараа бодсон байсан. Энэ нь зөв биш.
Ашиг олох зорилгогүй байсан гэж тайлбарласан. Арилжааны банк мөнгө зээлж, хүү боддог, нөгөө талдаа мөнгө хадгалаад хүү өгдөг. Харилцах дансны үлдэгдэл дээр хүү боддог. Нэхэмжлэгч тал үүнийг банктай зүйрлэж болохгүй. Учир нь мөнгө хадгалуулаад хүү авах компани биш. Үндсэн зорилгоо хэрэгжүүлж бий болсон орлогыг үндсэн орлогодоо бүртгэдэг гэсэн. Анхнаасаа үндсэн орлогод бүртгэж явдаг нь буруу. Хүүгийн орлогыг тусад нь бүртгэж явах ёстой. Үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого биш гэдгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж өгсөн. Үндсэн үйл ажиллагаанд хамаарах юм гэдэг нь тусгай зөвшөөрөл болоод компанийн дүрэм дээр нь байдаггүй. Хүүгийн орлого нь “М*******” ХХК-ийн үндсэн орлого мөн гэдгийг харах гэхээр тусгай зөвшөөрөл дээр нь байдаггүй, зөвхөн санхүүгийн үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг.
Мөн тухайн салбар дээр зохицуулсан эрх нь байгаа учраас түүнийг эзэмшиж, удирдаж байгаа хэлбэр гэж тайлбарлаж байна. Энэ нь бас буруу юм. Татварыг тухайлсан хууль буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хүүгийн орлогыг татварт тооцно гэдгийг зохицуулж өгсөн. “М*******” ХХК нь хүүгийн орлого олсон тохиолдолд чөлөөлөгдөх буюу хасагдах зардал дээр тусгагдаж өгөөгүй байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд тухайн хугацаанд л тайлангаа өгсөн тохиолдолд хамрагдана. Тухайн хугацаанд хамрагдаж тайлангаа өгөөгүй бол энэ хуульд хамрагдахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын 250011466 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын 250011466 тоот актын тогтоох Нэг дэх хэсгийн б-д заасан 3,800,636,46 төгрөгийн торгуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн хуульд хамруулж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэмэгдүүлжээ /хх 150, 154-155/.
Улмаар дээр дурдсан нэмэгдүүлсэн шаардлагыг татварын байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж /хх 165/ уг татгалзлыг шүүхээс баталжээ /183-184/.
Иймд шүүх “М*******” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын 250011466 тоот актын Тогтоох хэсгийн Нэгийн “а” заалтыг хүчингүй болгуулах, эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу торгуулийн төлбөрийг багасгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Татварын хяналт шалгалт хийх томилолт /хх 73/, “М*******” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны 14/784 албан хүсэлт /хх 74/-ийн дагуу нэхэмжлэгч компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж маргаан бүхий акт /хх 17-23/-ыг гаргажээ.
Маргаан бүхий акт /цаашид акт/-аар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар 18.1.1, 18.1.14-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх татвар төлөгчийн үүрэг болон хууль тогтоомжид заасан татварын төлөгчийн бусад үүргийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д үндэслэн 98,440,959.9 төгрөгийн нөхөн татвар, 29,532,288 төгрөгийн торгууль, нийт 127,973,247.9 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Нэхэмжлэгч компаниас актыг үндэслэлгүй гэж үзэн дээд шатны байгууллагууд болох Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл, Гааль, татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлд тус тус ханджээ.
Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тогтоол /хх 40-45/, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01 дүгээр тогтоол /хх 30-35/ тус тус актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс “тус компани санхүүгийн үйл ажиллагаа болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үйл ажиллагааг эрхэлдэг, үндсэн үйл ажиллагаагаа эрхлэхэд хөрөнгө оруулагчдын зарим хөрөнгүүдийг арилжааны банкнуудын хадгаламж, харилцах дансанд байршуулдаг. Уг хөрөнгийг банканд хадгалуулахтай холбогдон бий болсон хүүгийн орлого нь үндсэн үйл ажиллагаанд хамаарч байгаа учир тусгайлсан татвар биш, нийтлэг хувь хэмжээгээр татвар төлөх үндэслэлтэй. Орлогоо нуугаагүй, багасгасан, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байхгүй” гэж маргажээ.
Хариуцагчаас “М*******” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтыг багц бүрдүүлэх зорилгоор бус арилжааны банкуудтай тодорхой хэмжээний хувиар хүү тооцох гэрээ байгуулж дансанд байршуулснаар хүүгийн орлого олсон байна. Уг хүүгийн орлого тус компанийн үндсэн үйл ажиллагааны орлого гэж үзэх үндэслэлгүй тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгахдаа уг хүүгийн орлогыг нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод хамааруулан тайлагнаж тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулаагүй буюу тайлангаа үнэн зөв тодорхойлж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан” гэж маргажээ.
Хариуцагчаас актын маргаж байгаа холбогдох хэсгийг:
“-Монгол Улсын Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.2. ...хөрөнгийн орлого; ...”,
- мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно, ...9.1.4. хүүгийн орлого»,
-мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно: ...16.3.4. хүүгийн орлого; ...”,
-мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна: ...17.2.6. хүүгийн орлогод 10 хувиар;...”,
-мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогын төрлийг үйл ажиллагааны орлого; хөрөнгийн орлого; хөрөнгө борлуулсны орлого гэсэн төрөлтэй байхаар заажээ.
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг үйл ажиллагааны орлогод хамааруулан албан татвар ногдохоор тусгажээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг болон нэхэмжлэгч компанийн дүрмийн 4 дэх хэсэгт “Орон сууцны санхүүжилтийн компани нь дор дурдсан үйл ажиллагааг явуулна: .хувь нийлүүлэгч банк болон бусад санхүүгийн байгууллагаас хөрөнгө шилжүүлэн авах, хуримтлуулах; хөрөнгийн багц бүрдүүлэх; барьцаат үнэт цаас гаргах;” гэж тус тус заажээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нэг удаагийн гаргалтыг баталгаажуулж байгаа хөрөнгийн нийлбэр нь хөрөнгийн багцыг бүрдүүлэхээр заажээ.
Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан, хөрөнгө оруулагчид барьцаалуулсан хөрөнгийг түүний эрх ашигт нийцүүлэн эзэмшиж, удирдах үүрэг бүхий этгээд байна.”, 20.2.1-д “хөрөнгө итгэмжлэн удирдагч нь хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг эзэмших, удирдах үүргийг хүлээх”-ээр заажээ.
Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багц үндсэн болон нэмэлт хөрөнгөөс бүрдэнэ гээд 30 дугаар зүйлийн 30.1-д “дараахь зүйл хөрөнгийн багц дахь нэмэлт хөрөнгө байж болно:30.1.1.бэлэн мөнгө; 30.1.3.энэ хуулийн 27.7.1-д заасан журмын дагуу олгосон зээл.” гэжээ. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Орон сууцны санхүүжилтийн компани дараахь эрхтэй: 27.7.1.үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд баталгаат үнэт цаасны тусгайлсан хөрөнгийн багцын бүртгэлд бүртгэгдсэн барьцаа хөрөнгөөс төлбөрөө гаргуулан авах нөхцөлтэйгээр өөрийн хувь нийлүүлэгч банкинд зээл олгох, уг зээлтэй холбоотойгоор энэ хуульд заасан хөрөнгө оруулагчийн бүхий л эрхийг эдлэхээр заажээ.
Нэхэмжлэгч компани нь үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгийг арилжааны банкнуудын хадгаламжийн болон харилцах дансанд байршуулж тухайн банкнуудын дотоодын хүүгийн ерөнхий нөхцлийн дагуу хүү бодогдон нэхэмжлэгч компанид хүүгийн орлого болон ордог гэдэг нь талуудын тайлбар, арилжааны банкнуудад байршиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны мэдээлэл, банкнуудын тодорхойлолт зэрэг баримтуудаас тогтоогдож байна /хх 103-135/.
Энэхүү хүүгийн орлого нь дээр дурдсан компанийн дүрэм болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасны дагуу үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгийг хуримтлуулан улмаар барьцаат үнэт цаасны хөрөнгийн нэмэлт хөрөнгийн багц бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа гэж үзэхээр байна. Хөрөнгө оруулагчийн бэлэн мөнгийг банкинд байршуулж улмаар шинээр ипотекийн зээл олгох эх үүсвэрийг банкинд бий болгох, үүнтэй холбоотойгоор банк зээл олгосноор зээлийн багц бүрдэж, бүрдсэн багцаа худалдан авч өөрийн үндсэн хөрөнгийн багцийг бүрдүүлдэг гэж ойлгохоор байна.
Тодруулбал, нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаа нь банкнаас анхлан олгосон орон сууцны зээлийн санхүүжилтийг хөрөнгө оруулалтын хоёрдогч зах зээлтэй холбохын тулд мөнгөн хөрөнгийн хадгаламж, төлбөр тооцооны гэрээний харилцаанд суурилан банкны харилцах болон хадгаламжийн дансанд хөрөнгө оруулагчийн бэлэн мөнгийг байршуулан анхдагч зээлийн багц бүрдүүлэхтэй холбоотой байна.
Үүний учир хариуцагч нь нэхэмжлэгч компанид аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулахдаа тус компанийн хөрөнгө оруулагчдын бэлэн мөнгийг арилжааны банкуудын харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу үндсэн үйл ажиллагаа гэж үзэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдуулах нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган актын Тогтоох хэсгийн Нэгийн “а” заалтыг хүчингүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц*******, Д.Н******* нарын 2500011466 тоот актын Тогтоох хэсгийн Нэгийн “а” заалтыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ