Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 269

 

“Х т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын

улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын Тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                             Б.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0251 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан “Х т х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0251 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х т х” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.И, Г.М нарт холбогдуулан гаргасан “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0251 дүгээр магадлалыг нэхэмжлэгч “Х т х” ХХК, Ч.Н би хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4. Манай компани нь 2013 оны 05, 09, 11 дүгээр саруудад “С т т” ХХК-иас барилгын материал худалдаж авсан. Тухайн үед “С м т” ХХК нь манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгсөн.Тус падаан нь хий бичилттэй хуурамч байсныг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Татварын газраас акт тавьснаар анх мэдсэн. /Татварын байцаагчийн акт 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №170001063 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актаар манай компанид 56.727.272 төгрөгийн төлбөр ногдуулсан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй/.

5. Энэ хэрэг 2013 оны 05 дугаар сард анх болсон гэдгийг шүүх анхааралдаа авч үзнэ үү. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж хуульд заасан. 2018 оны 05 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бодож байна.

6. Мөн манай компани тайлангаа хугацаандаа гаргаж, татвараа төлдөг бөгөөд татварын байцаагчийн актыг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Компани санхүүгийн анхан шатны тайландаа уг НӨАТ-ын падааныг тусгасан байгаа.

7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатгаж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үйлдэнэ”, 4.1.13-д “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийсэн бараа, ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ” гэж заажээ. Үүний дагуу манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “С м транс” ХХК-иас авсан.

8. Энэ нь манай компанийн санхүүгийн тайланд тусгагдсан. Гэтэл санхүүгийн бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж хуулийг буруу тайлбарласан. Санхүүгийн анхан шатны баримт гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан, үүнд тайлан орсон. Уг албан ёсны баримтаар бид татварын газарт татвар төлж тайлангаа өгдөг. Гэтэл үүнийг үгүйсгээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуультай нийцүүлэхдээ буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

9. Манай компани хуурамч, хий бичилттэй падаан байсныг мэдэх боломжгүй.

Энэ асуудлыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар тогтоолд".... яллагдагч Я.Н нар нь “Х т х” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр хий бичилт хийж, хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.... гэж дүгнэн өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хохирлыг иргэний журмаар нэхэмжлэн , гаргуулахаар дурдсан байхад “Х т х" ХХК нь анхнаасаа энэ НӨАТ-ын падаантай холбоотой татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хэрэгт хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрсөн гэсэн зүйл байхгүй байхад зөвшөөрсөн мэтээр буруу тайлбарлаж дүгнэсэн. Энэ хэрэгт яллагдагч Я.Н нь хий бичилт хийж, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлнө гэсэн байхад үүнд давхар “Хөх тэнгэр хөвсгөл” ХХК-иас татварын төлбөр гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд 1 зөрчилд давхар хариуцлага ногдуулж байна.

10. Давж заалдах шатны шуүхийн магадлалд “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар манай компани татварын тайлангаа үнэн зөв гаргасаар ирсэн. Худал гаргасан гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.2, 7.1, 7.6-д заасныг дурдаж хэргийг холбохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Манай компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд, нягтлан бодох бүртгэлдээ Монгол хэлээр хөтөлдөг зэрэг хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтыг баримталж шийдсэн нь хуулийн үндэслэлгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0251 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан.

11. Энэ асуудалд “С м т” ХХК анхнаасаа яригдаж, холбогдож байхад энэ компанийг оролцуулахгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

13. Нэхэмжлэгч “Х т х” ХХК-ийн захирал Ч.Н-г “С м т” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 3 падаанаар 311,999,996 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж төсөвт төлөх татварыг бууруулан тайлагнаж татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцсон боловч тэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Ч.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 2703 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа /нэхэмжлэгчийн зүгээс уг тогтоолыг эсэргүүцэж зохих шатны байгууллагад гомдол гаргаагүй/, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон байх тул “С м т” ХХК-ийн падааныг хий бичилттэй байсныг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, акт тавьснаар анх мэдсэн, иймд төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 9-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

14. Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 170001063 дугаар дүгнэлтээр “Х т х” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтаар илэрсэн “их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан” зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн, энэхүү хяналт шалгалтын үеэр маргаан бүхий актын үндэслэл болсон “С м т” ХХК-иас авсан гэх худалдан авалттай холбоотой зөрчил илэрсэн, улмаар уг хэрэгт холбогдуулан шалгаж байсан нэхэмжлэгч компанийн захирал Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг дээр дурдсан прокурорын тогтоолоор /Үндэслэх хэсгийн 13-т/ хэрэгсэхгүй болгосон, иймээс хариуцагчаас дахин хяналт шалгалтыг хийж маргаан бүхий акт болох 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаар актаар нөхөн төлбөр тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байгаа тул, иймд хөөн хэлэлцэх хугацааг гарсан цаг хугацаанаас төлбөр тогтоосон акт гарах хүртэл хугацаагаар тоолох учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх /Тодорхойлох хэсгийн 5/  нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ” гэсэн бөгөөд мөн зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд “С м т” ХХК-иас 311,999,996 төгрөгийн худалдан авалт хийсэн гэдгийг нотлох төлбөрийн баримт байхгүй, ямар баримтыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдсэн нь тодорхойгүй, уг худалдан авалт хийгдсэн гэдгийг нотлох нэхэмжлэл, төлбөрийн баримт зэрэг санхүүгийн баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй тул маргаан бүхий акт хууль ёсны байна, иймээс тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

16. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-г хэрэглэсэн, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-ыг 14.3 гэж андууран бичсэн алдаатай байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-д заасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвтгөх нь зүйтэй байна.

17. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0251 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1-ийн “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3” гэснийг “14.5” гэж өөрчилж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6...” гэснийг хасаж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ