Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0251

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар221/МА2019/0251

Улаанбаатар хот

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч Г.М-н гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.М, Ц.И нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан Х ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Г.М давж заалдах гомдолдоо: “...“С” ХХК нь нэр бүхий аж ахуй нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтаар “С” ХХК нэр бүхий аж ахуй нэгжүүдэд хий бичилттэй падаан бичиж өгсөн нь тогтоогдож, уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. “С” ХХК нь өөрийн үйлдсэн эрүүгийн хэргийг хүлээх бөгөөд харин “Х” ХХК-ийн татвар ногдох орлогыг хасч тооцсон, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага хүлээхгүй болно.

Татварын улсын байцаагчийн акт нь “С” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр хий бичилт хийсэн зөрчлийн талаар бус харин “Х” ХХК-ийн хий бичилттэй падаанаар албан татвар ногдох орлогыг нууж тайланд тусгасан, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд оногдуулсан акт юм. Тиймээс “С” ХХК-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь “Х” ХХК-ийн татвараас зайлсхийсэн зөрчилд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн төлбөрийг барагдуулна гэсэн үг биш, “С” ХХК-д холбогдох эрүүгийн гэмт хэргээ хүлээж, түүнд оногдох хариуцлагаа хүлээх тухай болно. “Х” ХХК тайланд татвар ногдох орлогоо хасч тооцсон зөрчил нь “С” ХХК-д холбогдох эрүүгийн хэргээс тусдаа зөрчил бөгөөд “Х” ХХК улсад учруулсан хохирол буюу татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд хий бичилт бичиж өгсөн “С” ХХК-иас иргэний хэргийн шүүхэд хандаж өөрт учруулсан хохирлыг нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна.

“Х” ХХК нь хий бичилттэй падаанаар тайланд татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил мөн.

Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “С” ХХК нэр бүхий аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилттэй падаан тараасан тухай шалгаж, “С” ХХК-ийн зүгээс хэргээ хүлээж эрүүгийн гэмт хэрэгт хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн. Тухайн үед “Х” ХХК-д 311 999 996 төгрөгийн НӨАТ-ын падаан хуурамч буюу хий бичилттэй падаан бичиж өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ нь цагдаагийн байгууллагын шалгалтаар нотлогдсон юм.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь “С” ХХК нь “Х” ХХК-д хуурамч, хий бичилттэй падаан бичиж өгсөн гэмт хэрэгт холбогдсон тул, “Х” ХХК-ийн татвар ногдох орлогоо дутуу тайлагнасан зөрчилд захиргааны хариуцлага тооцох тухай албан бичиг юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв байна.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаар актаар “Х” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, тус компани нь 2012-2013 онд “С” ХХК-иас нийт 311,999,996 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглаж, татвар ногдох орлогыг бууруулсан 567,272,720 төгрөгийн зөрчилд 56,272,720,2 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар тогтоолоор Ч.Н /“Х” ХХК-ийн захирал/ нь “С” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж төсөвт төлөх татварыг бууруулан тайлагнаж, онц их хэмжээний татвар төлөөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд Ч.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д дэх хэсэгт заасныг үндэслэн “Х” ХХК-ийн захирал Ч.Нд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эндээс үзвэл, нэхэмжлэгч “Х” ХХК нь “С” ХХК-иас 311,999,996 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авч, үнийн дүнд ногдох хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг тус компанид төлөөгүй атлаа хуурамчаар үйлдсэн падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээрх прокурорын тогтоолоор тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс нэгэнт нотлогдсон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “С” ХХК-аас бараа материал худалдан авсан гэх боловч “С” ХХК нь дугаар бүхий 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг зориуд хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул худалдан авалт бодитоор хийгдсэн нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь “С” ХХК-иас бараа, материал худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулан үнийг төлсөн болох нь “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, худалдан авалтыг хийсэн мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтуудад тусгагдаж, тогдоогдоогүй байх тул уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.И, Г.М нарт холбогдуулан гаргасан “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 170009492 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Г.М-н гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

      ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

      ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН

      ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН