Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01695

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01695

 

 

Т.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-ын хариуцагч Х Т-ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах, Т.А- болон Ч.Алтанхуяг нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн, автомашины засварын зардалд 10,153,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х Т-ХХК-ийн захирал Ч.Алтанхуягтай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тохиролцож Форд Эвэрэст автомашиныг худалдахаар гэрээ байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашиныг тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байхад хүлээлгэн өгсөн. Хүлээн авч байгаа тал автомашиныг шалгаж авсан бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан. Харин автомашины гэрчилгээг захирал Ч.Алтанхуягийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт тавьсны Ч.Алтанхуяг болон Т.А- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг автомашины гэрчилгээг шилжүүлэхэд ашиглагдахаар хийсэн. Тухайн автомашины зах зээлийн үнэ өндөр боловч худалдан авагчтай 20,000,000 төгрөгөөр тохирч үнийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Худалдан авагчаас автомашины үнэ 20,000,000 төгрөгийг төлөхийг шаардахад ... манай компанийн санхүүжилт муу байгаа, бусдаас авлагатай боловч өгөхгүй байна. Мөнгө ороод ирмэгц шилжүүлнэ... гэсэн боловч төлөөгүй. Харин сүүлд автомашин чинь эвдрээд зардал их гарсан, доголдолтой тул авах боломжгүй гэсэн. Автомашиныг авахдаа тус компанийн техникийн ажилчид нь шалгаад эд ангийн доголдолгүй гэдгийг тогтоосны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу автомашины үнэ 20,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцоход 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 гаруй сарын хугацаанд 12,000,000 төгрөг болсон тул үнийн дүнгийн 50 хувь болох 10,000,000 төгрөгөөс хэтэрсэн тул алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулна.

Т.А- болон Ч.Алтанхуяг нар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг хийхдээ Ч.Алтанхуяг нь автомашины эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр гэрээг байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр компанитай байгуулсан гэрээ бол хууль ёсны гэрээ юм. Энэ гэрээг халхавчлах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Алтанхуягтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А- 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Форд эвэрэст маркийн 00-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй. Тус компанийн захирал Ч.Алтанхуягийн нэр дээр шилжүүлэх талаар Т.А- нь анх өөрөө хүсэлт тавьсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр барагдуулах хугацааг заасан. Харин алданги төлөхөөр тусгаагүй. Мөн гэрээний 3.6-д худалдан авагч тал автомашины өмчлөх эрхийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээнэ гэснээс өөрөөр заагаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг манай компанийг ашиглах явцдаа эвдэж гэмтээсэн гэх Т.А-ын тайлбар үндэслэлгүй. Автомашиныг хүлээн авсан өдөр эвдэрч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан тул засвар үйлчилгээ хийсэн. Иймд тухайн автомашин нь манай компанийн ажил үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангаагүй. 2020 оны 3 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд эвдэрч Улаанбаатар хот руу ачуулж авчирсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.А- нь автомашиныг хүлээлгэн өгөхдөө эдэлгээ, чанарын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөөгүй ба 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээж авснаас хойш 5 сарын хугацаанд эвдэрч байнга засвар үйлчилгээ хийсэн. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр эвдэрсэн тул Т.А-од доголдлын улмаас гэрээг цуцалж автомашинаа авахыг мэдэгдсэн. Ийнхүү худалдагч нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй доголдолтой автомашин худалдсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж автомашины засварын зардал 10,153,000 төгрөгийг гаргуулна. Засвар үйлчилгээнд 2,944,000 төгрөгийн зардал гаргасан. Өмнөговь аймагт очсон боловч асахгүй байсан тул Т.А-од хэлэхэд хотод авч ирээд засуулчих гэж хэлсэн. Автомашиныг хүлээн авснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 10,153,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн хүлээн авснаас хойш 5 сарын дараа доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан тул хуульд заасан шаардлага гаргах хугацаа дуусаагүй. Т.А- болон Х Т-ХХК-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой гаргасан зардлыг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Худалдсан тээврийн хэрэгсэл хуучин гэдгийг худалдан авагч мэдэж байсан. Нэмэлт засвар хийх талаар мэдэгдсэн. Үүнийг зөвшөөрч автомашины үнийг 20,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Худалдан авагч үзэж авсан учраас авсан өдрөөсөө эхлээд засварын зардал гаргасан байна. Ч.Алтанхуягтай хийсэн гэрээ бол компанитай байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн учраас хүчин төгөлдөр бус юм. Сөрөг нэхэмжлэлийн хувьд тээврийн хэрэгслийг хүлээн авах үед биет байдлын доголдолтой байсан бол худалдагч талд мэдэгдэх талаар гэрээний 4, 5 дугаар зүйлүүдэд заасан. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагчийн эрхийг заасан. Бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Тиймээс гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Харин энэ эвдрэл гэж байгаа нь автомашиныг ашиглах явцад гарсан гэмтэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 255 дугаар зүйлийн 255.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Т-ХХК-аас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Т.А-, Ч.Алтанхуяг нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэни хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.А- Х Т-ХХК нарын байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан, Т.А-оос 10,153,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х Т-ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 177,500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 277,950 төгрөгийг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Т.А- нь Х Т-ХХК-ийн захиралтай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан Форд Эверест маркийн 00-42 УБД улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х Т-ХХК-ийн захирал Ч.Алтанхуяг нь өөрийн нэр дээр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Т.А-, Ч.Алтанхуяг нарын байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Ч.Алтанхуяг нь автомашиныг Х Т-ХХК-д ашиглуулсан. Автомашиныг хүлээн аваад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр рулийн дүүжин тэнцүүлэгч дугуйг 330,000 төгрөгөөр сольсон. Нэхэмжлэгч дүүжин тэнцүүлэгчийг солих шаардлагатайг худалдан авагчид хэлсэн гэж тайлбарладаг. Иймд энэ сэлбэг тус автомашинд тавигдсан болох нь зарлагын баримт, нэхэмжлэгч болон А.Хэрлэнгийн тайлбараар нотлогддог. Автомашиныг Өмнөговь аймагт ажиллаж байсан Х Т-ХХК-ийн инженерийн ажлын хэрэглээнд ашиглуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр явахад замдаа банк нь цоорч эвдэрсэн. Нэхэмжлэгч өөрөө ашиглаж байхдаа банкыг нь гагнаж байснаа зөвшөөрдөг. Банкыг нийт 90,000 төгрөгөөр засуулсан нь зарлагын баримтуудаар нотлогддог. ПИ ПИ ЭМ ХХК-аас 1,832,600 төгрөгийн сэлбэг авч тавьсан бөгөөд энэ нь худалдан авагч Х Т-ХХК-ийн 00-42 УБД гэсэн зарлагын баримт, и-баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдоно. Мөн 669,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан баримт хэрэгт авагдсан. 2019 оны 3 дугаар сарын эхээр Өмнөговь аймагт ашиглаж байх үед хаалганы түгжээ эвдэрч онгойхгүй, мөн асахгүй болсон тул Ч.Алтанхуяг нь Т.А-од доголдлын улмаас гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгье гэж шаардлага гаргахад автомашиныг асаагаад өг буцааж авъя гэсэн. Гомдлын шаардлага гаргаж автомашины доголдлын улмаас гэрээг цуцлахаа мэдэгдсэн нь Т.А-ын 5 сарын дараа эвдэрсэн гэдгийг хэлсэн, буцааж ав гэсэн хариуг өгсөн гэх тайлбараар нотлогддог. Гэтэл шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хүлээн авах үедээ доголдолтой талаар мэдсэн тул шаардлага гаргах эрхээ хариуцагч алдсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Автомашиныг авсан өдрөөсөө засварласан боловч энэ нь гэрээ цуцлах үндэслэл болоогүй. Харин 2020 оны 3 дугаар сард буюу автомашиныг хүлээн авснаас хойш 4 сарын дараа асахаа больж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар Х Т-ХХК автомашинд жижиг засвар үйлчилгээг өөрийн зардлаар засварлаж байсан бөгөөд гэрээ цуцалсан тул дээрх зардлуудыг худалдагчаас нэхэмжилсэн болно.

Харин гэрээг цуцлах үндэслэл болсон гол доголдол болох порсунк, гришик эвдэрсний улмаас автомашин ашиглах боломжгүй болсон бөгөөд энэхүү доголдлыг засахад нийт 6,705,000 төгрөгийн засвар үйлчилгээг А.Хэрлэнгээр хийлгэсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.7 дахь хэсэгт заасныг үндэслэн гол доголдол болох автомашин асахгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул 6 сарын хугацааны дотор буюу 2019 оны 3 дугаар сард илэрсэн бөгөөд энэ үед гэрээг цуцалж автомашинаа буцаан авахыг мэдэгдсэн. Х Т-ХХК автомашиныг 2019 оны 3 дугаар сараас хойш ашиглаагүй бөгөөд 2020 оны 10 дугаар сард буцаан авлаа гэхэд 40,000 төгрөгөөр угаалгасан. Автомашинд нийт 10,153,000 төгрөгийн зардал гаргасан. Шүүх хуулийг буруу хэрэглэж Х Т-ХХК-аас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Х Т-ХХК-д холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан тул засварын зардал 10,153,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Т.А- нь 00-42 УБД улсын дугаартай, Форд Эверест маркийн автомашиныг худалдан авагч Х Т-ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх-8-9/

Мөн Т.А- болон Ч.Алтанхуяг нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр дээрх автомашиныг арилжихаар тохиролцжээ. /хх60/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Алтанхуягтай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Дээрх гэрээний нэг тал болох Ч.Алтанхуягийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. /хх-64/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Т.А- нь Ч.Алтанхуягтай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа өмнө нь Х Т-ХХК-тай байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлажээ. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бөгөөд уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулах шаардлагатай.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 308,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА