Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01872

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2022/01872 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогтой ****ын /РД:***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-ийн байр, *** тоотод байрлах, *** ХХК-д /РД:***/ холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан, засварын зардалд 10,153,000 /арван сая нэг зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019.11.04-ний өдөр өөрийн эзэмшлийн *** маркийн автомашиныг *** ХХК-ийн захирал Ч.***тай өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалтад авталгүйгээр гэрээ байгуулж, машиныг 2019.11.05-ны өдөр компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байхад хүлээлгэн өгсөн. Машины дотор, гаднах байдлыг хүлээн авч байгаа тал нүдээр үзэж шалгаж авсан бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан. Харин тухайн машины гэрчилгээг захирал Ч.***ийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт тавьсны дагуу иргэд хооронд худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Тухайн машины зах зээлийн үнэ өндөр боловч худалдан авагч талтай 20,0 сая төгрөгөөр тохирч, үнийг 2019.11.25-ны дотор төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан юм. Машины үнэ төлөхийг шаардахад санхүүжилт муу байгаа, энд тэндээс авлагатай боловч өгдөггүй, мөнгө ороод ирмэгц шилжүүлнэ гэсээр байгаад өдийг хүрсэн. Харин 2020.6 сард машин чинь эвдрээд олон сая төгрөгийн зардал гараад байна, доголдолтой машиныг авах боломжгүй, одоо манай хашаанд байгаа гэсэн. Машиныг хүлээн авахдаа компанийн техникийн мэргэжлийн ажилчид нь үзэж шалгаад ямар нэгэн эд ангийн доголдолгүй гэдгийг тогтоосны үндсэн дээр гэрээ хийж, машины гэрчилгээг шилжүүлж авахаар болсон. Гэтэл өдий хүртэл гэрчилгээг шилжүүлж аваагүй нь худалдагч талд хамааралгүй, өөрсдөө ашиглах явцдаа эвдэж гэмтэл гаргачхаад үнийг нь төлж чадахгүй болохоороо худалдагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний дагуу машины төлбөр 20,0 сая төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцоход 12,0 сая төгрөг болж хэтэрсэн тул үнийн дүнгийн 50% болох 10,0 сая төгрөг, нийт 30,0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манайх 2019.11.05-ны өдрийн Ч.***тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Худалдсан тээврийн хэрэгсэл шинэ биш, хуучин гэдгийг бид бүгд мэдэж байсан. Нэмэлт засвар хэрэгтэй зүйлсийг мэдэгдээгүй биш бүрэн мэдэгдэж, үүний үндсэн дээр машиныг 20,0 сая төгрөг байхаар тохиролцсон, өөрсдөө үзэж хараад авсан учраас авсан өдрөөсөө эхлээд зардал гараад явсан байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд тээврийн хэрэгслийг хүлээн авах үед биет байдлын доголдолтой байсан бол худалдагч талд мэдэгдэх талаар гэрээний 4, 5 дугаар зүйлд заасан. Иргэний хуулийн 254.1-д зааснаар бичгээр мэдэгдээгүй тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Хүлээн авсан машинаар компанийнхаа үйл ажиллагаанд ашиглан хэрэглэж, өөрсдийн ашиглалтын журмаа зөрчиж тухайн машиныг эвдрэлд оруулчхаад худалдагчаас өөрт учирсан хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Машины доголдлын талаар үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгчээс шаардах нь буруу. Гэрээг цуцлах үндэслэлгүй, доголдолтой автомашин өгөөгүйг хариуцагч болон гэрчүүд гэрчилж тайлбарладаг. Харин машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх үүрэг нь худалдан авагчид байдаг, шилжээгүйг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2019.11.05-ны өдөр Т.*** *** маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн гэсэн нь ямар албан тушаалтай, хэн хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээлгэн өгсөн баримтгүй. Тус компанийн захирал Ч.***ийн нэр дээр шилжүүлэх талаар Т.*** өөрөө хүсэлт тавьсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр барагдуулах хугацааг л заасан. Харин хугацаа хэтэрсэн үед 0,2 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгаагүй. Мөн гэрээний 3.6-д худалдан авагч автомашины өмчлөх эрхийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээнэ гэснээс өөрөөр заагаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл компанид ирсэн өдрөө эвдэрч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан. Бид ажил үүрэг гүйцэтгэх явцад байнга засвар үйлчилгээ хийж байсан. Иймд тухайн машин манай ажил үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангаагүй, 2020 оны 3 сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд эвдэрч, тус суманд байрлах ажлын талбай дээрээс ачуулж, хотод авчирч, түүнээс хойш унаж хэрэглээгүй, түрээсийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь манай компанид машиныг хүлээлгэн өгөхдөө машины эдэлгээ, чанарын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөөгүй, машиныг 2019.11.05-ны өдөр хүлээн авснаас хойш 5 сарын хугацаанд байнга эвдэрч, засвар үйлчилгээ хийсэн. 2020 оны 3 сарын сүүлээр эвдэрч зогссон тул Т.***од машины доголдлын улмаас гэрээг цуцалж машинаа авахыг мэдэгдсэн. Т.*** хөдөлгөчихвөл машинаа буцааж авъя гээд, засуулсан ч авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийнхүү худалдагч гэрээнд заагдсан шаардлагыг хангахгүй доголдолтой машин худалдсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж машиныг буцаан өгч, машиныг засварласан зардал 10,153,000 төгрөгийг Т.***оос гаргуулна. Машиныг хүлээн авснаас хойш 5 сарын дараа доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан учир хуульд заасан шаардлага гаргах хугацаа алдаагүй. Тиймээс Т.***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 2019.11.04-ний өдөр байгуулсан *** дугаар Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний 4-т худалдан авагч гэрээнд заасан шаардлага хангаагүй авто машины доголдлын талаар худалдагчид гомдлын шаардлага тавина гэж заасны дагуу шаардлага тавьсан. Худалдагч гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор доголдлыг арилгах, гэрээний шаардлагад нийцэх ижил төрлийн автомашинаар солих, эсхүл худалдсан тээврийн хэрэгслийг буцаан авч худалдагчид төлбөрийг эргүүлэн олгоно гэж заасан. Доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан атал тээврийн хэрэгслийг сольж өгөөгүй. Нэхэмжлэгч ярихдаа *** захиралтай ярилцаад машинаа буцааж, 10,0 сая төгрөг өгч авахаар тохиролцсон. Мөнгө төгрөгөө өгөөгүй. Би 7 хоног бүр ярьдаг байсан гэж байна. Энэ гэрээнээс тусдаа ийм санал тавьсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байдаг. Иймд 7 хоног бүр ярьдаг байсан, машинаа буцааж авъя, 10,0 сая төгрөг өг гэдэг энэ тайлбар нь няцаагдаж байна. Худалдагч худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн доголдолгүй автомашин, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг талаар энэ гэрээний 1-д заасан. Мөн гэрээний 7-д худалдагчийн буруугаас тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 8,2 хувиар худалдан авагчид торгууль төлнө, 8-д худалдан авагч төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцсон. Алданги тээврийн хэрэгсэл худалдсан хүн 20,0 сая төгрөгийн 50 хувиар, хуульд заасан гүйцэтгэх үүргийг 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр 10,0 сая төгрөгөөр шаардаж байна. 2020 онд тээврийн хэрэгслийн доголдлын талаар худалдан авагч гомдлын шаардлага гаргаж тээврийн хэрэгсэл буцааж, 10,0 сая төгрөг нэмж өгье гэсэн. Манай зүгээс тээврийн хэрэгслийг засан сайжруулахдаа гарсан зардал тул машиныг чинь өгөөд 10,0 сая төгрөг өгье гэсэн нь хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл Т.*** тухайн үеэс хойш 7 хоног бүр яриад байхад миний мөнгө, машиныг өгөөгүй гэж өнөөдөр 2022.05.18-ны өдөр зогсож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл 2022.12.21-ний өдөр байна, алданги тухайн хүний нөхцөл байдал болон Иргэний хуулийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байна, буруулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Худалдагч, худалдан авагч нарын хооронд байгуулагдсан гэрээ өөрөө 2019.11.04-ний өдөр байгуулагдсан, тээврийн хэрэгсэл худалдан авагчийн эзэмшилд албан ёсоор улсын бүртгэлд шилжээгүй байгаа хэдий ч ашиглалтад байсан хугацаа нь жил хүрээгүй, 10,0 сая гаруй төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан нь тухайн авто машин 20,0 сая төгрөгийн үнэтэй эсэх дээр эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Тээврийн хэрэгслийг буцааж өгч авах, мөнгө төгрөгөөр солилцох нь 2020 оны хугацаа яригдаж байна. Энэ цаг хугацаанд 2020.01.23-ны өдөр дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүчин зүйлийн нөлөөллөөс Монгол улс хэсэгчилсэн хатуу хөл хориог тогтоож байсан учир анзыг зөвшөөрөхгүй байна. Гэрээний 9 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйл үйлчилсний улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг ойлгож хойшлуулж болно гэсэн зохицуулалтыг шүүх анзын хэмжээ дээр хариуцагчид илт хохиролтойгоор 10,0 сая төгрөг нэхэмжилж байгааг анхаарч багасгаж өгнө үү. Талууд тээврийн хэрэгслээ асаад унаж үзээд боломжтой байвал 10,0 сая төгрөг дээр тохиролцож болно гэв.

Шүүхэд нэхэмжлэгчээс 2019.11.04-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг, хариуцагчаас 2019.11.05-2020.10.21-ний өдрийг хүртэлх хугацааны зарлагын жагсаалт, Шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн болон зарлагын баримтууд, 62 дугаар Түрээсийн гэрээ, Машин, механизм түрээслэх гэрээ, 2019.11.05-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хавсралтын хамт/, Ажлын байрны түрээсийн гэрээ, Эд хөрөнгийн жагсаалт, Техник импорт ХК-ийн тодорхойлолт, Зарлагын баримтууд, Засварын ажил гүйцэтгэсэн тодорхойлолт, Дансны хуулга, Шилжүүлэг болон зарлага, төлбөрийн баримтууд, *** маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн болон техникийн хяналтын мэдээлэл, торгуулийн мэдээлэл зэрэг баримтуудыг, шүүхийн журмаар гэрч Б.Баярсайхан, О.***, Г.***гийн мэдүүлгүүд, Тээврийн хэрэгслийн техник оношлогооны баримт, *** маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Даатгалын мэдээллийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Т.*** нь *** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл байсан гэж тус тус тайлбарлан маргав.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Т.***, *** ХХК нар нь 2019.11.04-ний өдөр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн *** маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, хариуцагч нь 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон, хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд талууд маргахгүй байна.

Гэрээний нөхцөл агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийн зохицуулалт үйлчлэх юм.

Т.*** тээврийн хэрэгслийг *** ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч нь 2019.11.25-ны өдөр тээврийн хэрэгслийн төлбөрт 20,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасны дагуу хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлжээ.

Тухайн тохиолдолд гэрээний 8 дахь заалтаар худалдан авагч төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд үнйн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Худалдан авагч *** ХХК нь төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй байх тул алдангийг тооцох үндэслэлтэй ба төлбөр төлөх өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 20,000,000 төгрөгийн 0,2 хувийн 40,000 төгрөгөөр 390 хоногийг тооцоход 15,600,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувь 10,000,000 төгрөгөөр шаардаж байгааг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзыг илт илт их байгаа тул багасгах хүсэлтийг гаргаж байгаа боловч хуульд заасан хэмжээ буюу 0,5 хувиас багаар тохиролцсон, анзыг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019.11.05-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлав.

Хариуцагч нь 2019.11.04-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр Иргэний хуулийн 256.1-д зааснаар гэрээг цуцлан, тээврийн хэрэгслийг буцаан, уг тээврийн хэрэгслийг засварлуулахад гарсан зардалд 10,153,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн доголдол хариуцагч ашиглах явцад учирсан эвдрэлийг засварласан зардлыг хариуцах үндэслэлгүй, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбар гаргаж маргалаа.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж, 251.2-т хэрэв гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр тодорхойлжээ.

 

Тухайн гэрээний 3-т нэхэмжлэгчийн худалдаж буй тээврийн хэрэгсэл нь чанар, иж бүрдлийн хувьд бүрэн, улсын үзлэг тооллогод хамрагдсаныг тодорхойлсон байх тул биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч тал тээврийн хэрэгслийг 2019.11.05-ны өдөр хүлээж аваад Өмнөговь аймаг руу явах замдаа бензиний банк цоороод 2020 оны 3 сард ачиж авчирсан, ашиглах боломжгүй байсан талаарх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Хэдийгээр хэрэгт хариуцагчаас ирүүлсэн Засварт шилжүүлсэн төлбөрийн жагсаалтад 2019.11.05-ны өдөр рулийн дүүжин тэнцвэржүүлэгч дугуйг 330,000 төгрөгөөр засуулсан, 2019.11.15-ны өдөр банкийг 40,000 төгрөгөөр гагнуулсан гэж байгаа боловч гэрээг цуцлах хэмжээний биет байдлын доголдолтой байсныг нотлохгүй байна.

Түүнчлэн гэрч Г.***гийн тээврийн хэрэгслийн форсунк эд ангид засвар үйлчилгээг 4-5 удаа хийсэн болон тээврийн хэрэгслээр уул, уурхайд явах, бохир түлш зэргээс шалтгаалан форсунк эвдэрдэг талаарх мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байна.

Иймд *** маркийн *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориулалтаар ашиглах боломжтой буюу биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Талууд гэрээний 4 дэх заалтаар худалдан авагч нь гэрээнд заагдсан шаардлага хангаагүй автомашины доголдлын талаар худалдан авагчид гомдлын шаардлага тавихаар тохиролцохдоо баталгаат хугацаа тогтоогоогүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар заажээ.

 

Хариуцагч нь тээврийн хэрэгслийг 2019.11.25-ны өдөр шилжүүлсэн авсан, энэ өдрөөс хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан нь баримтгүй байх тул нэхэмжлэгчийн 2020 оны 6 сард доголдол үүссэн талаар хариуцагч утсаар ярьсан гэж тайлбарласныг хүлээн авч, хариуцагч хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор хариуцагч нь гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 177,500 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 255 дугаар зүйлийн 255.1.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** ХХК-иас /РД:***/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулан, *** овогтой ***ын ***од /РД:***/ олгож, гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан, засварын зардалд 10,153,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 177,500 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.*** нь Ч.***т холбогдох Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ