Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01694

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01694

 

 

 

Г.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01815 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч УТХК- ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярбат, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УТХК- ХК-д 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс бичиг хэргийн мэргэжилтний албан тушаалд туршилтаар томилогдож, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эрх зүй, гэрээний мэргэжилтний албан тушаалд томилогдсон. УТХК- ХК-ийн удирдлагуудаас 2021 оны 4 дүгээр сард эрх зүй, гэрээний мэргэжилтний албан тушаал хасагдсан талаар мэдэгдсэн. Эрх зүй, гэрээний мэргэжилтний албан тушаал хасагдаагүй талаар сүүлд мэдсэн.

УТХК- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бүтэц, орон тоо баталсан тушаалаар эрх зүй, гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал өөр нэртэй болсон байсан. Иймд УТХК- ХК-ийн мэргэжилтний албан тушаалд томилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УТХК- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор бүтэц өөрчлөгдөж эрх зүй, гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал хасагдсан. Захиргаа хөгжлийн газрын мэргэжилтний албан тушаалд хуульчийн гэрчилгээтэй байх шаардлагыг тавьсан бөгөөд Г.Н- хуульчийн гэрчилгээгүй тул уг албан тушаалд тохирохгүй. Манай компанийн зүгээс орон тоо хасагдсантай холбогдуулаад төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газарт мэргэжилтнээр ажиллах санал тавьж 2021 оны 4 дүгээр сард мэдэгдэх хуудас өгсөн. Гэвч Г.Н- санал болгосон албан тушаалд ажиллахаас татгалзаж, ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Иймд Г.Н-ын хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан УТХК- ХК-д ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Г.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл нь бүтэц, орон тоо шинэчлэн баталсантай холбоогүй тул дээрх асуудлыг дүгнэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэсэн. Тухайн үед ... бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж манай байгууллагад хуулийн асуудалд хариуцсан ажилтны орон тоо байхгүй... гэж тайлбарлаж байсан бөгөөд миний бие эрх зүйч мэргэжлээр мэргэших сонирхолтой байсан. Бүтэц орон тоо хэрхэн батлагдсан талаар мэдэх боломжгүй байсан тул хуулийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй гэж тайлбарласанд итгэж хүсэлтээ өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч УТХК- ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... Г.Н-ын ажиллаж байсан ажлын байр бүтэц орон тооны өөрчлөлтөөр хасагдсан тул өөр ажлын байр санал болгосон боловч тэрээр зөвшөөрөхгүй ба ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч УТХК- ХК-д эрх зүй, гэрээний мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан болох нь тус компанийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон. УТХК- ХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 заасныг баримтлан ...өөрийн гаргасан хүсэлтийн дагуу... гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-3-8, 11-12/

 

УТХК- ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаар тогтоолоор тус компанийн 2021 оны бизнес төлөвлөгөө болон бүтэц баталсан. Ийнхүү баталсан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Г.Н-ын ажиллаж байсан эрх зүй, гэрээний мэргэжилтний албан тушаал хасагдсан тул тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. /хх40-44/

 

Г.Н-ын эрх зүй, гэрээний мэргэжилтний ажлын байр буюу албан тушаал хасагдсан тул хариуцагч байгууллага нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудсаар Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газарт 1,000,000 төгрөгийн цалинтай мэргэжилтний ажлын байрыг санал болгожээ. /хх45/

 

Гэвч нэхэмжлэгч нь ажилтны гаргасан дээрх ажлын байрны саналаас татгалзаж, эрх зүй, гэрээний мэргэжилтэн албан тушаалд 1,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Мэдэгдэлд 1,000,000 төгрөгийн цалинтай ажлын байр санал болгосныг зөвшөөрөхгүй, өөрийн мэдлэг чадвараа үнэгүйдүүлэхгүйн төлөө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний аль нэг тал хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох санаачилга гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. /хх-96/

 

Иймд хариуцагч УТХК- ХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар Төслийн хяналт, үнэлгээний газрын эрх зүй, гэрээний мэргэжилтэн Г.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний гаргасан өргөдлийг үндэслэн цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасантай нийцэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-51/

 

Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл нь бүтэц, орон тоог шинэчлэн батлагдсантай холбоогүй бөгөөд ажил олгогч зүй бус байдлаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч өөрөө сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасан талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Н-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь ажил олгогчийн зүгээс ажилтанг хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргахад зүй бусаар нөлөөлсөн, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан гэж мэтгэлцсэн тохиолдолд дээрх байдлаа нотлох үүрэгтэй. Энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА