Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2021/00007

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр Дугаар 218/МА2021/00007 Сайнцагаан сум

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2021/00093 тоот шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* тойргийн нотариатч *******д хариуцагдах өвлөх эрхийн гэрчилгээ үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга

Хариуцагч нотариатч *******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжпэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн хүү Пагма овогтой Түмэн-Өлзийгийн төрсөн эцэг бөгөөд хүүгээ төрсөн цагаас нас барах хүртэл хамт амьдарч малаа маллаж амьдарч ирсэн. Гэтэл миний хүү цаг бусаар бусдын гарт амиа алдаж би цагдаагийн газарт ар гэр хохирогчоор тогтоогдож хүүгийнхээ хойдхыг хийж замд нь үдсэн. Ийм байхад түүний эхнэр Ш.Баттуяа намайг хойд эцэг гэж худал мэдүүлэн Монголын Нотариатчидын Танхимын Дундговь аймгийн 313 тойргийн нотариатч *******тэй хамтарч Өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсанд гомдолтой байна. ... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №57 тоот өвлөх эрхиин гэрчилгээг үйлдсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү .... гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... Дундговь аймгийн нотариатч миний бие Нотариатын тухайн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өвлөгч Ш.Баттуяад 2019.06.07-ны өдөр 57 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хууль ёсны үйлдэл юм. ... Миний бие Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчөөгүй. Би өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид олгосон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1,1-д зааснаар талийгаачийн эхнэр, болон хүүхдүүдэд гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч өөрийгөө би талийгаачийн эцэг гэж нэхэмжлэлд бичсэн байх боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоход ******* нь талийгаачийн эцэг болохыг нотлох баримт байгаагүй. Талийгаач П.Түмэн-Өлзий нь 2017.04.25-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Хүсэлт гаргасан Ш.Баттуяа иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т талийгаачийн эхнэр болон хүүхдүүд 1-р ээлжийн өвлөгчид мөн гэж тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч ******* нь талийгаачийн эцэг юмаа гэхэд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр энэ гэрчилгээг бичихэд эцэг нь мөн гэсэн нотлох баримт байгаагүй учир Ш.Баттуяа дээр бичсэн. ... Намайг хөнгөн хуумгай хандсан гэсэн нэхэмжлэл үндэслэл байхгүй, шаардлага буруу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Эвлэрэх санал байхгүй. ******* нь өөрийн хүү болох Түмэн-Өлзийтэй хамтран амьдарч байсан. Золгүй явдлаас болж хүү Түмэн-Өлзий амь насаа алдсаны дараа нь Ш.Баттуяа С.Зүмбийг хойд эцэг гэж хэлж хүсэлт гаргаж өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Нотлох баримт хуурамч, энэ нь юугаар нотлогдож байна гэхээр улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тоот байгаа түүн дээр Пагма нь ямар ч хугацаанд гэрлэж байгаагүй гэсэн тодорхойлолт байгаа юм. ******* нь П.Түмэн-Өлзийн төрсөн эцэг мөн гэсэн эцэг тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гарсан. Тийм учраас өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар Дундговь аймгийн ******* тойргийн нотариатч *******гийн 2019 оны 06 дуаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай Ш.Баттуяа, Т.Тогтохбаяр, Т.Мөнхтогтох, Т.Бат-Орших нарт Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга миний бие Дундговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.12-ны өдрийн 139/ШШ2021/00093 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед С.Зүмбийг талийгаач П.Түмэн-Өлзийгийн төрсөн эцгээр тогтоогоогүй байсан тул уг гэрчилгээ хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг олгох тухай заасан байна.

Гэтэл өв хөрөнгийг биетээр нь өөр дээрээ байлгаж маллаж байсан, мөн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоод явж байсан, талийгаачийг нас нөхцөх хүртэл хамт амьдарч байсныг Ш.Баттуяа болон түүний өмгөөлөгч бүгд мэдэж байсан.

Ш.Баттуяа өв залгамжлах эрхийн гэрчилгээг бичүүлэхдээ болон шүүхэд өв нэхэмжилж нэхэмжлэл гаргахдаа хойд эцэг гэж дурдсан байдаг бөгөөд уг мэдүүлгийг шалгах нь нотариатын үүрэг гэж ойлгож байна.

Иймд иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өв залгамжлагчийг оруулалгүйгээр өв залгамжлалын гэрчилгээ бичиж нотариатын тухай хуулийн 31-р зүйлийг зөрчсөн нь үнэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 528 дугаар зүйлийн 528.1, 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар тухайн өв хөрөнгийг биетээр эзэмшиж байсан болон хамтран амьдарч байсан этгээд эзгүй байсан тохиолдолд тухайн хүн 3 сарын дотор өвлөх эрхийн санал өгөөгүй тохиолдолд өвийг хүлээж авсан гэж үздэг. Ш.Баттуяа өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн тухай хүсэлт гаргасан. Ш.Баттуяа хамт амьдарч өвийг эзэмшиж байсан бол 1 жилийн дараа хүсэлт гаргаж байгаа шалтгаан нь юу юм. Ш.Баттуяагийн нотариат дээр ташаа мэдээлэл өгч байгаа үйлдэл нь эд хөрөнгийг эзэмшиж байгаагүй, хамт амьдарч байгаагүй гэдгийг илэрхийлж байна. ******* өөрийн биеэр очиж нотариатын үйлдлийг хийх шаардлага байхгүй. Ш.Баттуяа хуулийн дагуу 1 жилийн дараа гаргах эрхтэй. Ингэж гаргаж байгаа нь ******* эрх ашгийг хохироож байна. Мөн Үндсэн хуульд заасан шударга ёс байхгүй байна. Хуурамч байдлаар Ш.Баттуяа өөрийнхөө эрх ашгийн үүднээс нотариатын гэрчилгээ гаргаж байгаа нь хууль бус байна. Энэ нь тэгш эрхийн зарчим, хууль дээдлэх зарчим, Нотариатын тухай хуулийн зарчмыг алдагдуулж байна. С.Зүмбийг заавал байлцуулж нотариатын гэрчилгээ хийлгэх ёстой байсан. Шударга эд хөрөнгийг эзэмшиж байсан хүн нь ******* болох нь тодорхой байгаа. Үнэн зөвийг тогтоох үүднээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

Хариуцагч нотариатч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өвлөх эрхийн гэрчилгээг тухайн нас барсан хүний амьдарч байсан газрын тойргийн нотариат гэрчилгээ олгоно гэж хуульд заасан. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т өвлөх эрхийн өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Би хуульд заасан холбогдох бүх заалтыг үндэслэн, иргэн Ш.Баттуяагийн хүсэлтийг, цуглуулж ирсэн баримтыг үндэслээд өв залгамжлалын гэрчилгээг бичсэн. Ш.Баттуяа талийгаачийн хууль ёсны эхнэр, төрсөн хүүхдүүд талийгаачийг нас барснаас хойш гарсан хүүхэд зэрэг 4 хууль ёсны өвлөгч байгаа нь тодорхой байна. Малын А дансанд 76 тэмээ, 160 бог мал гэсэн байгаа. Үүнээс бага малыг авна гэсэн хүсэлт гаргаагүй, 76 тэмээг авах хүсэлт гаргасан. Талийгаачтай хамт амьдарч байсан хүнийг өрхийн бүртгэлийн дугаарыг үндэслэж гаргасан. Дэлгэрхангай сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолтоор ам бүл 4 амьдарч байсан гэж бичсэн байгаа. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т зааснаар Өв залгамжлалын хөрөнгө хэн хүлээж авсанд үзнэ гэдгийг тодорхойлсон. Миний бичсэн гэрчилгээ хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй нь үндэслэлтэй байна. Т.Мөнхтулга С.Зүмбийг талийгаачтай хамт амьдарч байсан гэж хэлдэг. Гэвч хамт амьдарч байсан гэх баримт байдаггүй. Харин Ш.Баттуяа болон түүний хүүхдүүд хамт амьдарч байсан болохоо малын А дансны хуулга, багийн засаг даргын тодорхойлолтоороо нотолсон байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд өвлүүлэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд зэрэг нь 1 дүгээр өвлөгч гэж явна. 1981 оны 5 сарын 06-ны өдөр Пагмын Түмэн-Өлзий төрсөн байсан. Пагма гэж хэн юм гэж асуухад ээж нь байгаа, нас барсан гээд нас барсны гэрчилгээ авчирсан. Тэгээд иргэний бүртгэлийн лавлагаанд Пагма гэж хүн хүнтэй гэрлэж байсан тухай лавлагаа шаардаж авахад гэрлэлт байхгүй гэсэн. ******* малыг биедээ маллаж байсан, эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон, талийгаачтай хамт амьдарч байсан гэдэг. Нотариат заавал гэрчилгээн дээр эцгийг нь бичих ёстой, үүрэгтэй гээд байдаг. Надад өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотлох баримт байхгүй л бол өвлөгчөөр тогтоох үүрэг байхгүй. Өнөөдөр ч шүүхээс С.Зүмбийг өвлөгч гэсэн шийдвэр гараагүй. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.3-т заасан заалт нь талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор болдог үйл явц юм. Ш.Баттуяагийн хүсэлтэд С.Зүмбийг хойд эцэг мөн гэсэн үг, үсэг байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2021/00093 тоот шийдвэрийг нэхэмжлэгч Жүмбүү овогт Сосорын Зүмбэ /РД:ЗД47061115/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулгын давж заалдсан гомдлын дагуу хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ нас барсан хүү Түмэн-Өлзийн эхнэр Ш.Баттуяа нь Монголын Нотариатчидын танхимын Дундговь аймгийн ******* тойргийн нотариатч *******тэй хамтарч өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсан тул гомдолтой... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №57 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх гомдлыг нь хянан үзээд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрлэлт нь эрх зүйн тохиолдлыг нарийвчлан зохицуулсан салбар хуулийг хэрэглэж, үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн, оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Түмэн-Өлзийн эхнэр Ш.Баттуяа болон хүүхэд болох Т.Тогтохбаяр, Т.Мөнхтогтох, Т.Бат-Орших нар нь хууль ёсны өвлөгч бөгөөд өвлүүлэгчийн эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрх бүхий этгээдүүд байжээ.

Дээрх этгээдүүдийн өвлөх эрх нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өв нээгдсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь Дэлгэрхангай сумын улсын бүртгэлийн албанаас гаргаж байсан 08 тоот гэрчилгээний баримтаас харагдаж байна.

Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа нотариатад хандаж хүсэлт гаргаж байж шийдвэрлүүлэх тухай Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-д заан зохицуулжээ. Иргэн Ш.Баттуяа болон түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж, адил эрх бүхий өвлөгчдийн эрх ашгийг хохироож олгосон гэх хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх аливаа баримт тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Зүмбийг тухайн үед өвлөх хууль ёсны эрх бүхий этгээд гэх ямар нэг баримт тогтоогдоогүй байжээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

Нас барагч Түмэн-Өлзийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчид адил тэнцүү хэмжээгээр өвлөнө гэдгийг хуульд заасан. Нас барагч Түмэн-Өлзийн эхнэр Ш.Баттуяа, хүү Т.Тогтохбаяр, Т.Мөнхтогтох, Т.Бат-Орших нарын өвлөх эрхийг хууль зүйн үүднээс боломжгүй гэж үзэх ямар үндэслэл байгааг нэхэмжлэгчийн зүгээс нотлоогүй байна.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Энэ заалтаас үзэхэд иргэн Ш.Баттуяа нь өвлөгч болохыг нотлох баримтаа мөн өвлөгдөх хөрөнгийн талаарх баримтыг нотариатчид ирүүлэх шаардлагатай бөгөөд үүнийг үндэслэн нотариатын үйлдэл хийх ёстой. Нотариатын хууль зүйн үйлдэл эдгээрийг хангаж явагдсан байх бөгөөд энэхүү үйлдлийг үндэстэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох ямар нэг үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* зүгээс өвлөх эрхтэй гэж үзэх хууль ёсны аливаа баримт байгаагүй болох нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухайн цаг хугацаанд байгаагүй гэдгийг шүүх хэргийн оролцогч талаас ирүүлсэн баримтуудад үндэслэн тогтоосон гэж үзэх үндэстэй.

Мөн Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-д зааснаар бол өвлөх эрхийн талаар маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болохыг заасан байна. Өвлөх эрхтэй эсэхээ шийдвэрлүүлээгүй байхаас гадна хууль ёсны өвлөгч болох нь хуулийн дагуу тогтоогдсон гэж үзэх эрх бүхий этгээд түүний дотор насанд хүрээгүй хүүхдүүдэд олгосон эрхийг нь үндэслэлгүй гэж үзэх талаараа нотлох ямар нэгэн баримт гаргаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2021/00093 тоот шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахад төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 139/ШШ2021/00093 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР