Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2021/00014

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2021/00213 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******д холбогдуулан Сантехникийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2013 оны 10 дугаар сард *******д галч, сантехникчээр хоёр ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний ажпын байрыг өөрчилж сантехникчээр ажиллуулах тушаал гаргасан ба миний цалин 551.533 төгрөг байсан. Ажлаа гүйцэтгэж байтал Эрүүл мэндийн төвийн дарга ******* 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон ба миний хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга огт гаргаагүй, урд нь гаргаж байгаагүй мөн тушаалдаа бүтэц орон тоо байхгүй гэсэн боловч надад уг тушаал гаргах талаар огт урьдчилан мэдэгдэж байгаагүй. Миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос эхлэн тасалдуулж төлсөн ба надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувийг болон миний ажилд орсноос хойших тушаалуудыг байгууллага гаргаж өгөхгүй байгаа. Иймд намайг урд эрхэлж байсан сантехникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, зохих бичилтүүдийг хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь манай эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш, Дундговь аймгийн Хулд сумын эрүүл мэндийн төв нь Монгол улсын засгийн газрын тогтоол заасны дагуу сумын эрүүл мэндийн төвийн галчийн орон тоог хасч, сумын эрүүл мэндийн төвийн барилгыг хүйтний улиралд галлах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх талаар Эрүүл мэндийн сайд, сангийн сайд нарын хамтарсан хавсралтад тусгасан уг зарчмаар зохицуулагддаг. Дундговь аймгийн Хулд сумын эрүүл мэндийн төвийн даргын Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтуудаар тус төв нь нийт орон тоон 22 ажилтны орон тоо батлагдсан бөгөөд үүнд галчийн орон тоо байхгүй. Орон тоо батлагдаагүй тул галч нь үндсэн ажилтан биш бөгөөд галчийг улирлын чанартай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж нийтлэг үйлчилгээний зардлаас цалинжуулж байсан. ******* нь 2013 оноос 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийгхүртэл тус эрүүл мэндийн төвд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сард галч ажиллуулах шаардлагагүй болсон тул *******ыг сантехникч гэх батлагдаагүй орон тоонд өмнөх дарга ажиллуулахаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажилд томилсон нь буруу байсан. Сантехникчийн албан тушаал нь батлагдаагүй орон тоо бөгөөд цалингийн санд цалин байхгүй тул цалинжуулах ямар ч боломжгүй учир *******т энэ талаар тайлбарлаад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ыг Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн сантехникийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн *******өөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 528550 төгрөгийг гаргуулж *******т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дундговь аймгийн *******д даалгаж,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17195 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэж байна. Үүнд:

1.******* нь Хулд сумын эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш юм. 2013 оноос хойш хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Дундговь аймгийн ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233, 2014 оны 147 дугаар тогтоолуудад заасны дагуу сумын эрүүл мэндийн төвүүдийн галчийн орон тоог хасч, сумдын эрүүл мэндийн төвийн барилгыг хүйтний улиралд галлах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэхээр Эрүүл мэнд, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 498/345 тоот Сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай тушаалын хавсралт аргачлалаар зохицуулсан.

Мөн *******ийн даргын Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтуудаар Хулд сумын эрүүл мэндийн төв нь нийт 22 ажилтны орон тоо батлагдсан бөгөөд үүнд галчийн орон тоо байдаггүй. Галчийн орон тоо батлагдаагүй тул галч нь эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш бөгөөд галчийг улирлын чанартай хөлсөөр ажиллах гэрээгзэр ажиллуулж, Бусдаар гүйцэтгүүлэх бусад нийтлэг ажил үйлчилгээний зардал-аас цалинжуулж байсан. ******* нь 2013 оноос 2020 оны 12 сарын 01-нийг хүртэл тус эрүүл мэндийн төвд галчаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан.

Гэтэл Дундговь аймгийн Хулд Сумын Эрүүл мэндийн төв 2020 оны 11 дугээр сард нэгдсэн халаалтад холбогдож дулааны эрчим хүчээр хангагдах болж Сумын Эрүүл мэндийн төв галч хөлсөөр ажиллуулах шаардлагагүй болсон тул тус төвд хөлсөөр ажиллаж байсан 3 галчаа ажлаас чөлөөлж, нэг галч *******ыг сантехникч гэх /батлагдаагүй орон тоо, албан тушаал/-д өмнөх-дарга ажиллуулахаар 2020.12.01-ний өдөр тушаал гаргаж ажилд томилсон нь буруу байсан. *******д 2020, 2021 онд сантехникч гэх орон тоо батлагдаагүй цалингийн санд цалин төлөвлөгдөөгүй. Нэгэнт батлагдаагүй орон тоо, албан тушаалд ажиллуулах боломжгүй, цалингийн сан, төсөв байхгүй тул *******ыг 2020.12.01-нд сантехникчээр томилсон тушаалыг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилогдлоо гэхэд ажиллуулах ажлын байр, орон тоо, албан тушаал байхгүй, бодит нөхцөл байдал дээр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй.

Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Би ажлаа зөв зүйтэй гүйцэтгэж ажилласан. Надад урьдчилж хэлсэн зүйл байхгүй, гэнэт л дуудаад орон тоо байхгүй чамайг халсан гэж хэлсэн. Надад хөдөлмөрийн гэрээнээс өөр баримт байхгүй. Би ажилласан гэрээгээ авъя гэтэл байгууллага надад гэрээг гаргаж өгөөгүй. Би гомдлыг хүлээж авч чадахгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. *******ыг 2013 оноос *******д ажиллаж байсан талаар хариуцагч тал маргадаггүй. Сантехникчээр томилсон тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, төрийн албаны цалингийн системийг ТҮ-3.1 зэрэглэлээр 520.000 төгрөгөөр цалинжуулах, мөн *******ыг төрийн албан хаагчийн үүргийг чанд сахиж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон тушаал байдаг. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан бол энэ тушаал гарах байсан уу? Хөлсөөр ажиллах гэрээ бол Иргэний хуулиар зохицуулагддаг харилцаа байгаа. хариуцагч талын үйл баримт нотлогддоггүй. Үүнийг анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэртээ тодорхой дурдсан байдаг. Мөн хэрэгт авагдсан гэрч Батсайхан ажилтнуудыг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан талаар анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг бий. Эдгээр баримтаар ******* нь үндсэн ажилтнаар тус байгууллагад ажиллаж байсан гэдэг нь нотлогдож тогтоогдож байна. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт Эрүүл мэндийн төвийн сантехникчээр ямар цалинтай ажиллаж байсан баримт хавсаргагдаж ирснийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Б/05 дугаартай *******ийн даргын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаал ч Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь хөлсөөр ажиллах гэрээгүйгээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэдгийг нотолж байна гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дундговь аймгийн *******д холбогдуулан  Сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан /хх 1-2/-ыг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь манай эрүүл мэндийн төвийн үндсэн ажилтан биш, *******ыг сантехникч гэх батлагдаагүй орон тоонд өмнөх дарга ажиллуулахаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажилд томилсон нь буруу байсан. Сантехникчийн албан тушаал нь батлагдаагүй орон тоо бөгөөд цалингийн санд цалин байхгүй тул цалинжуулах ямар ч боломжгүй учир *******т энэ талаар тайлбарлаад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй /хх 18/ гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш тус байгууллагад ажиллаж байгаа тухай тайлбарласан бөгөөд энэ нь тус эрүүл мэндийн төвийн даргын 2020.12.01-ний өдрийн Б/23 дугаартай ажилд томилох тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, нэхэмжпэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагчийн төлөөлөгч тус байгууллагад сантехникчийн орон тоо байхгүй учир ажиллуулах боломжгүй гэж маргасан, үүнд анхан шатны шүүх ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцээгүй гэж дүгнэжээ.

Шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн зохицуулалтад нийцүүлэн дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан Хулд сумын эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 сарын 28-ны өдрийн Дугаар А/01 тушаалын 01 хавсралтад *******ийн байнгын ажлын байранд 15 орон тоотой, 21 ажиллагсадтай байхаар зохицуулсан байх бөгөөд жагсаалтын 10 дугаарт нярав, сантехник -1 байхаар заасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...******* байгууллагын үндсэн ажилтан биш, сантехникийн орон тоо байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүй,... гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч ...******* нь байгууллагын үндсэн ажилтан биш, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт хөлсөөр ажиллах гэрээ авагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг биш гэж энэхүү нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэлийн болон хэрэгт хамааралтай эсэхэд маргаантай, харин ажил олгогч тал ажилтантай байгуулсан гэрээний хувийг ажилтанд гардуулан өгч үүнийгээ баталгаажуулах нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үндсэн стандарт, дүрэм журамд нийцсэн байх ёстой. Энэ талын нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь хариуцагч талыг татгалзлаа нотлоогүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх Ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд олгох үүрэгтэй. Энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй.... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгч *******ын нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 528550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд цалингийн хэмжээнд талууд маргаагүй, нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 17195 төгрөгийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2021/00213 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 17195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ