Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2021/00015

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2021/00285 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй Н.Отгондэлгэрт холбогдох гэм хорын хохирол 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, *******, *******од оршин суудаг бөгөөд байрныхаа гадна талын зогсоол дээр 2021 оны 03 сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 8864 ДУА улсын дугаартай Тоёота ист маркийн автомашинаа байрлуулан тавьсан байсан. Гэтэл тэр өдөр хүчтэй салхи салхилж, шороо тавьсан бөгөөд хүчтэй юм унах чимээ гарч, над руу байрны хүн утасдаж, машин дээрээс чинь балконы хаалт уначихлаа гэсний дагуу би гарч хартал Сайнцагаан сумын 7-р баг, 55 дугаар байр, 16 тоотод оршин суух ******* гэх айлын балконы вакум хаалт миний машины урд талын копудан дээр үргэлжээрээ унаж миний машинд хохирол гэмтэл учруулсан. Тухайн үед би орон сууцны эзэн ******* болон эхнэртэй нь утсаар 4-5 удаа ярьж болсон асуудлыг хэлж, хохирлыг төлж өгөөч, машинаа янзлуулмаар байна гэхэд бид хөдөө байна, балконы хаалт хийсэн хүмүүстэй яриад хохирлоо авчих гэсэн утгатай юм яриад уурлаад утсаа тасалсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй үйлдэл байна гэсэн хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Би машинд учирсан хохирлоо хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд 1175000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ гарсан. Үнэлгээ хийлгэхэд үнэлгээний төлбөр 67000 төгрөг төлсөн. Иймээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, *******,16 тоот орон сууцны өмчлөгч *******ээс хохирол 1175000 төгрөг, үнэлгээний төлбөр 67000 төгрөг, нийт 1242000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багт байнгын оршин суудаг, малчин иргэн билээ. 2018 оны үед Дундговь аймгийн Төвд буюу Сайнцагаан сумын 7-р баг, Залуус хороололд *******, 16 тоотод байрлах орон сууцыг Бэрхсайхан гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед буюу худалдаж авахад тус орон сууцны балконы хаалт нь эвдэрсэн байсан. Тэгээд Бэрхсайхан нь 1000000 төгрөг өгчихвөл балконы вакум хаалтыг нь шинээр хүнээр хийлгүүлээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд мөнгийг нь өгөөд хийлгүүлсэн. Бэрхсайхан нь хэн гэдэг хүнээр тэр хаалтыг хийлгүүлснийг би мэдэхгүй. Эхнэр, бид хоёр байнгын хөдөө байдаг тул дээрх худалдаж авсан байрандаа нэг ч хоног байж үзээгүй, байрны найр ч хийгээгүй хоосон байр байгаа. Алсдаа үр хүүхдүүдэд хэрэгтэй гээд энэ байрыг худалдаж авсан. Бас эзэнгүй байдаг юм чинь гээд балконы вакум хаалт хүртэл хийлгүүлсэн юм. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай орон сууцны балконы вакум хаалт манай байранд амьдардаг гэх *******ийн Тоёота маркын 8864 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын копудан дээр унаж, түүнд 1242000 төгрөгийн хохирол учирчээ. Ийнхүү хохирол учирсанд туйлын харамсаж байна. Гэхдээ 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын хэмжээнд, түүн дотроо Дундговь аймагт байгалийн гамшиг болсон. Энэ үеэр малчин надад болон олон иргэдэд байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлууд учирсан гэж бодож байна. Би 3 жилийн өмнө хийлгүүлсэн балконы хаалтаа чанар муу эсэхээс хамаарч *******ийн машин дээр унасан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ өдий болтол салхи, шуурганд зүгээр байсан хаалт маань дээрх өдрийн шуургыг тэсвэрлээгүй унасан байна. Өөрөөр хэлбэл байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой *******ид хохирол учирсан байна. Би Жанчивдоржид учруулсан хохирлыг учруулъя гэж учруулаагүй. Түүнд тухайн хохирол нь байгалийн аюулт үзэгдлээс болж буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан гэж үзэж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 сарын 14-ний өдөр болсон шороон шуурганы үед хойд орцны 16 дугаар тоотын балконы хаалт тэр чигтэй миний машин дээр уначихсан байсан. Гэрийнх нь хаалгыг тогшиход гэрт нь хүн байгаагүй учир би айлын хүмүүс ямар хүн байдаг талаар мэдэх гээд Говь сервис СӨХ дээр очоод асуухад өнгөрсөн 2 сарын СӨХ-ийн мөнгөө өгсөн, хүн байна гэсэн. Өвлийн хугацаанд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багшид түрээслүүлээд сурагчдад сургалт өгч байсан. Тэгээд би Онцгой байдлыг газарт болон Цагдаагийн газарт мэдэгдэхэд Цагдаа ирж үзлэг хийхэд гэмт хэргийн шинжгүй байна гэж хэлээд яваад өгсөн. *******ийн утасны дугаарыг олж аваад өөр лүү нь 3,4 удаа залгахад эхнэр нь утсыг нь авсан. Манайх өнгөрсөн жил Бэрхээ гэдэг хүнээр вакум хаалтаа хийлгэсэн бид нарт хамаагүй, Бэрхээгээс очиж мөнгө төгрөгөө ав гэж хэлсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тул машинаа хурдан янзлуулах шаардлагатай байна. Ядаж надад 50 хувийг нь өгөх боломж байна уу гэхэд бид нарт хамаагүй Бэрхээ гэдэг хүнээс очиж мөнгөө салгаж ав гээд уурлаад утсаа тасалчихсан. Залгаж ярьсан нь 4,5 удаа боловч 7,8 удаа зүгээр сонсож байгаад тасалчихдаг байсан. 2021 оны 05 сарын 19-ний өдөр би нэхэмжлэлээ гаргасан боловч хариуцагч маань хариу тайлбар ирүүлэхгүй удсан. 2021 оны 07 сарын 08-ны өдөр ******* өөрөө над руу залгаад Жанчивдорж мөн үү гэхэд мөн байна гэхэд Дэлгэрхангайгаас ярьж байна гээд яахаараа чи манай балконы доор машинаа тавьдаг юм бэ? гээд хэл амаар дарамтлах гэж үзэхэд нь би, би шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа хуулийн дагуу шийдвэрлүүлье гэж хэлэхэд хол газар нүүж явна мал туранхай байна идэшний тэмээ өгье гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Би машинаа янзлуулахдаа хүнээс мөнгө зээлээд янзлуулсан, одоо болтол өгөөгүй би өөрөө өртэй явж байгаа. Миний машины засварт гарсан 1242000 төгрөг машины үнэлгээ гаргуулсан 67000 төгрөгийг хариуцагч *******эзс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2021 оны 07 сарын 08-ны өдөр над руу ярихдаа идэшний тэмээ өгнө гэж ярьж байсан. Шүүх хурал бололгүйгээр наана нь өгөх юм бол уу гэж бодсон. Шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй би харамсаж байгаа гэсэн тайлбар ирүүлсэн байна. Тухайн өдөр шуургатай байсан нь үнэн хэдий ч Отгондэлгэрийн байрны балконы хаалт муу хийгдсэн байсан учраас унасан гэж бодож байна. Хэрэв үнэхээр байгалийн гамшиг болсон бол бүх айлын балконы хаалт унах байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ийг төлөөлж өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа билээ. Хариуцагч 2021 оны 07 сарын 23-ны өдөр өөрийнхөө зүгээс хариу тайлбараа өгсөн. Тус тайлбартаа би Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байнгын оршин суудаг, ам бүл 5 малчин хүн байгаа юм. 3 жилийн өмнө Бэрхсайхан гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тухайн үед Бэрхсайхан гэдэг хүн 1 сая төгрөгийг нэмж өгвөл балконы хаалт хийж өгье гэж хэлэхэд зөвшөөрөөд балконы хаалтыг хийлгэсэн. Тухайн байранд нэг ч удаа хонож үзээгүй, байрныхаа найрыг ч хийж үзээгүй, тэр байранд хүүхдүүд нь ч амьдардаггүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. ******* нь өөрийнх нь байрны балконы хаалт нэхэмжлэгчийн машин дээр унасанд маш их харамсаж явдаг гэдгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хэлсэн байдаг. Тухайн өдөр ямар өдөр байсан нь энэ хэрэгт маш чухал байгаа юм. 2021 оны 03 сарын 14-ний өдөр байгалийн аюултай үзэгдэл бий болсон. Үүний улмаас балконы хаалт эвдрээд нэхэмжлэгчийн машин дээр унасан. Хариуцагчийн зүгээс миний балконы хаалт унасан унаагүй дээр маргадаггүй. Би хариуцагчаас балконы хаалт чинь одоо хаана байдаг талаар асуухад байхгүй гэсэн. Энэ талаар Онцгой комисст мэдэгдээгүй яагаад гэвэл энэ хүн өөрөө хөдөө байдаг. Тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нэхэмжлэгчид хохирол учирсан байх юм бол үүнийг тухайн орон сууцны эзэн хариуцахгүй байх хуулийн зохицуулалт байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчийн дээрх тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1-д зааснаар Бошиго овогт Нямын Отгондэлгэр /РД:ЗД75111614/-ээс 1242000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Говь түшээ гүн овогт Батсайханы Жанчивдорж олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь 34360 / гучин дөрвөн мянга гурван зуун жаран / төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******ээс 34360 / гучин дөрвөн мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...*******ийн цонхны хаалт нь иргэн *******ийн автомашин дээр унаж, түүний машинд 1242000 төгрөгийн хохирол учирсан байдаг.

******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой дурдсан байдаг тул төлөөлөгч би түүний хариу тайлбарын хүрээнд түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. *******ийн цонхны хаалт *******ийн автомашин дээр унасан эсэх дээр ******* нь огт маргадаггүй. Учир нь ******* өөрийн өмчлөлийн тус байрандаа байнгын амьдардаггүй. Энэ онд 2021 оны 7 дугаар сард шүүхээс нэхэмжлэлийн хувь авах гэж ирэхдээ байрандаа орж үзэхэд цонхны хаалт нь унасан байсныг мэдсэн байдаг.

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр миний автомашин дээр *******ийн орон сууцны цонхны хаалт унасан гэдэг тайлбараар л энэ хэрэг явдаг.

2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт байгаль, цаг уурын ямар үзэгдэл болсон талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан. Тухайн өдөр тус аймагт байгалийн онц аюултай нөхцөл байдал 9-13 цаг үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд дан ганц *******ийн бус өөр 2 айлын цонх нь унасан талаар хэрэгт баримт ирсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч нь уг орон сууцандаа амьдардаггүй, 3 жилийн өмнө балконы хаалтыг хийлгэсэн гэх хариуцагч талын тайлбараар хариуцагч нь уг орон сууцны эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүйн улмаас орон сууцны балконы хаалт унасан..." гэж үзсэн.

Тус хэргийн материалд уг орон сууцны өмчлөгч нь орон сууцны эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүй болохыг тогтоосон ямарваа нэгэн нотлох баримт байдаггүй.

Мөн тус байранд хүн амьдардаггүй байх нь, мөн 3 жилийн өмнө балконы хаалтыг хийлгэсэн байх нь шууд өмчлөгч нь орон сууцны эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүй үйлдэл болохгүй. Вакум цонхыг хийлгэснээс хойш ямар хугацаанд ашиглах боломжтой талаар хэрэгт баримт байхгүй. Мөн вакум цонх нь бодит нөхцөл байдалд 3-аас олон жил ашиглагдах боломжтой гэж хувь хүний хувьд үзэж байна. Тус өдөр 3 айлын вакум цонх хагарч, гэмтсэн байдаг. Үүнийг анхаарах шаардпагатай. Тухайн вакум цонхны хаалт унасан өдөр нь байгалийн ямар нэгэн эрсдэлтэй өөрчлөлтгүй өдөр байгаагүй. Өөрөөр хэлбэл байгалийн онц аюултай үзэгдэлтэй өдөр байсан. Энэ өдөр Дундговь аймагт маш их хэмжээний хохирол байгалийн гамшгаас үүдэж бий болсон. Үүний нэг хохирогч нь ******* өөрөө байгаа. Гэхдээ тэрээр хохирогч болсноо 2021 оны 7 дугаар cap хүртэл мэдэхгүй л явж байсан байдаг.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч хариуцах үндэслэлтэй... гэж үзсэн.

Гэвч шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг хангалттай дэнсэлж буюу үнэлж үзэлгүйгээр, өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж энэхүү заалтыг баримтад үндэслэлгүйгээр хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-т зааснаар тухайн барилгын өмчлөгч, эзэмшигч нь зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байсан тухай үйл баримт хэрэгт огт байхгүй.

Харин Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас *******ийн өмчлөлийн орон сууцны вакум хаалт унасан тухай нотлох баримт хэрэгт хангалттай тодорхой авагдсан байгаа. Энэ нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2-т заасны дагуу ******* нь *******ид учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээхгүй байх үндэслэл болж байна.

Улмаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2-т заасны дагуу 1242000 төгрөгийг шаардах эрхгүй, харин өөрт учирсан энэ хохирлоо холбогдох байгууллага буюу Онцгой байдлын газар, Онцгой комиссоос шаардаж авах нь зүйтэй байх тул ******* нь 1242000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна гэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 285 дугаар шийдвэр нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий байх шаардпагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан түүний өмчлөлийн орон сууцны балконы хаалт машин дээр унаснаас машинд учирсан гэм хорын хохирол 1242000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас балконы хаалт унасан учир хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч барилга байшин өмчлөгчийн гэм хорын хариуцлагын талаар маргаан гаргасан байх бөгөөд Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1-д заасныг баримтлан хариуцагчид гэм хорын хариуцлага ногдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалт биелэгдээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 55 дугаар байр, 16 тоот хаягийн орон сууц нь хариуцагч *******ийн өмчлөлийн орон сууц, 8864 ДУА улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч *******ийн өмч болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй харин хариуцагч уг орон сууцны эд зүйлийг зохих ёсоор арчилж хамгаалаагүйн улмаас орон сууцны балконы хаалт унасан, түүний улмаас нэхэмжлэгчийн автомашин эвдэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд өмчлөгч эд зүйлээ зохих ёсоор арчилж хамгаалаагүйн улмаас бусдын эд зүйлийг эвдсэн гэх үйл баримт нь хэргийн ямар нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Барилга, байшин өмчлөгчийн гэм хорын хариуцлагын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь маргааны талуудын нотлох үүргийн хуваарилалтыг зөв тодорхойлох нь иргэний эрх зүйн суурь, зүй ёсны зарчимд нийцэх бөгөөд байшин, барилга бүрэн эсхүл хэсэгчлэн нурсан тохиолдолд өмчлөгч, эзэшигчид хариуцлага хүлээлгэх шалтгаант холбоог тодорхойлох шаардлага үүснэ.

Хариуцагчийн балконы хаалт шуурганы улмаас салж унан нэхэмжлэгчийн машиныг эвдэлсэн болох нь хэрэгт цугларсан

  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан мэдэгдэлд ...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01:45 цаг хүртэл хугацаанд 14 цаг үргэлжлэн шуурч аймгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн, ... өндөр шуурганы улмаас аймгийн хэмжээнд 148 айлын гэр, 587 айлын хашаа нурж, комиссын дүгнэлтээр нийт 298.0 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 140000 гаруй мал хорогдож хохирол учирсаныг мэдэгдэж байна гэх,

  хэргийн 47 дугаар хуудсанд Сайнцагаан сумын засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Дугаар 20 тоот Үнэлгээ тогтоох тухай албан бичигт Сайнцагаан суманд 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 24-28 м/с хүртэл, зарим үед 34 м/с өрөвхийлөлт нь 40 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас тус сумын хэмжээнд 37 айлын гэр, 3 балоны хаалт... , 1 байгууллага 7 иргэний нийт 8 автомашин нийт 357,085,000 төгрөгийн үнэ бүхий эд материалын хохирол учирсаныг үнэлгээний комисс тус бүрд судлан үзэж урьдчилсан байдлаар үнэлэн үнэлгээг хавсралтаар гаргав гэх нотлох баримтуудаар,

Тухайн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу байгалийн гамшигт үзэгдэл болсон өдөр *******ийн байрны балконы хаалт унасан үйл баримт нь:

  хэргийн 7 хуудсанд авагдсан Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн хариу мэдэгдэх хуудсанд ... Залуус хорооллын 55-16 тоотын тагтны цонх 2021 оны 03 сарын 14-ны өдөр байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас унаж таны 88-64 ДУА дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж гэмтээсэн нь зөрчлийн шинжгүй үйлдэл тогтоогдож байна гэх,

  хэргийн 46 дугаар хуудсанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 02-ны өдрийн №2/408 тоот албан бичигт 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас Сайнцагаан сумын 7-р багийн 55-16, 30-10, 30-11 тоот зэрэг нийт 3 айлын вакум хаалт нурсан нь гамшгийн дараах тооллогоор тогтоогдож, хохирлын судалгаанд сумын хэмжээнд нийт 3 айлын вакум хаалт нурж, дахин ашиглах боломжгүй гэж бүртгэгдсэн. 7 дугаар баг 30-10 тоот иргэн Ц.Идэр-Оргил, 30-11 тоот иргэн Э.Чагнаадорж нар нь сумын үнэлгээний комисст хохирлын үнэлгээг хийлгэхээр материал бүрдүүлж ирүүлсний дагуу үнэлгээг гаргасан. 7 дугаар баг, 55-16 тоот иргэн ******* нь сумын үнэлгээний комисст хохирлын үнэлгээ хийлгэхээр хандаагүй болно... гэх баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас башингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асргасны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй,

Мөн хуулийн 101 дүгээр 101.7-д гэрээнд өөрөөр заагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна гэж заажээ

Нэхэмжлэгч *******ийн автомашин дээр хариуцагч *******ийн балконы хаалт унасан үйл явдал нь хариуцагч талын санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байх ба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-т нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн автомашинд учирсан хохирлоо төрөөс гаргуулан авах эрх зүйн орчин бүрдсэн, тухайн өдөр гамшигт өртөж эд зүйл нь эвдэрч гэмтсэн бусад иргэд дээрх хуулийн заалтын дагуу хохирлоо гаргуулахаар хандсан талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Байгалийн давагдашүй хүчин зүйлийн улмаас эд материалын хохирол хүлээсэн иргэн хохирлоо барагдуулах талаар өөр боломж нөхцөл боломжоо ашиглахад саад болох хүчин зүйл байхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд *******ийн балконы хаалт унасан үйл явдал нь хариуцагч талын санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж үзэх нотлох баримтгүй, Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д зааснаар хариуцагч эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг Давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34358 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2021/00285 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34358 /гучин дөрвөн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ