Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2021/00027

 

 

 

 

Ч.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 136/ШШ2021/00232 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: С овогт Ч-ийн М-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ц овогт Г-ын Л-д холбогдох,

 

            2018 оны 01 сараас 2021 оны 01 сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс 34,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

            хариуцагч: Ц овогт С-ийн Г-д холбогдох,

 

            Г.Н, С.Г нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 26-р байрны ** тоот 39.3 мкв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М зайнаас цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч зайнаас цахимаар, хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У зайнаас цахимаар, хариуцагч С.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г зайнаас цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.М миний бие Г.Л-тай 2018 оны 12 сард танилцаад 2019-10-07-ны өдөр нэг гэрт орсон. Улмаар жирэмсэн болж 2019-10-18-ны өдөр охин Л.Ж-г төрүүлж, эцэг эх болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Г.Л 2019 оны 11 дүгээр сараас эхлээд надад гар хүрэх болсон. 2020 оны 10 дугаар сараас өглөө гараад маргааш нь ирэх болсон. Ингэж явахдаа надаас өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсон байсан. Тийм учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, охин Л.Ж-д тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгө болох орон сууц, автомашинаас охин бид хоёрт ногдох хувь 34,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Г.Л өмнөх гэр бүлтэй хүүхэдтэй эмэгтэйтэй учраа олж нэг мөр салсны дараа бүртгүүлье гэдэг байсан. Бид энэ байрыг аваад өөрсдөө ороод амьдарч байна. Худалдах, худалдан авах гэрээ хийх болоод миний нэр дээр авна гэж байснаа гэнэт аав нь ирээд гэрээнд гарын үсэг зурчихаад явсан. Яагаад аавынхаа нэр дээр авчихсан бэ гэж асуухад өмнөх эхнэр мэдчихвэл миний бүх хөрөнгийг авчихна тийм учраас болохгүй байна. Өмнөх эхнэрийн асуудлаа цэгцэлчхээд энэ байраа зараад өөрсдөө өөр байранд орно. Байраа томруулна тиймээс хоёрхон жил тэвччих гэж гуйдаг байсан. Тэгээд хоёулаа байраа зараад мөнгө нэмж байгаад өөр байр авна гэдэг байсан боловч аав С.Г нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнхөө хураасан мөнгөөр авсан гэж мэдүүлсэн байгаа нь үндэслэлгүй юм. Намайг төөрөгдөлд оруулж энэ хүмүүс байрыг хууль бусаар өмчлөлдөө авсан. Тийм учраас Г.Н /Б.Б /, С.Г нарын хооронд байгуулагдсан 2019-10-09-ний өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзавын 29 дүгээр байрны ** тоот 39.3 мкв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтын амьдралтай байсныг хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Байрны тухайд хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгийн талаар эдгээр хүмүүс хоорондоо маргаж байна. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байгаа хоёр талын хүсэл зорилго нь анхнаасаа гэр бүл болох, хамт амьдрах зорилготой байсан гэж үзэж байна. Энэ хүсэл зорилгоо баталгаажуулаагүй буюу гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байсныг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой адилтган үзэх боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд гэр бүлийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх эхсэгт зааснаар гэр бүлийн харилцаатай, хамт амьдарч эхэлснээс хойш бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүний хөрөнгө хэн нэгний нэртэй байгаагаас үл шалтгаалан хамтран амьдрах, өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байна. Ч.М хууль эрх зүйн мэдлэггүй. Ордер дээр гарын үсэг зурна гэж юуг хэлж байгааг ойлгох боломжгүй байсан. Иймд Иргэний хуулийнх 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Иймд байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Л шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ч.М-тай хариуцагч Г.Л миний бие нь хамтран амьдарч байгаад 2019-10-18-ны өдөр охин Л.Ж төрсөн. Г.Л миний бие өөрийн охин Л.Ж-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.М бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд дундаасаа бий болгосон дундын өмч байхгүй тул нэхэмжилж буй 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Г.Л-ын өмгөөлөгч Б.У анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ. Гэхдээ энэ зүйлийг хэрэглэхгүй. Хамтын амьдралтай байсныг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Хамтын амьдралаа эхлүүлээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс С.Г-ын байранд очиж амьдарсан хүмүүс. Шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хамтран амьдарч 30,000,000 төгрөг ямар нэгэн байдлаар дундын эд хөрөнгийг тогтооно гэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Шүүхээс эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй л бол өмчлөгч С.Г нь эдгээр хүмүүсийг байрандаа байлгаж байсныхаа төлөө байраа алдаж, Г.Л дахин мөнгө төлөх гэж байна. Шаардлага тодорхой бус хамтран амьдрах хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 17, 16 дугаар зүйл заалт энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Зарим хэсгийг гэдэгт Г.Л-ын хүүхдийн тэтгэлгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Г анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.Мядагбал нь миний хүү Г.Л-тай хамтран амьдарч байсан бөгөөд С.Г миний өмчлөлийн Дорноговь аймаг дахь Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 29 дүгээр байр, 19 тоот 39.3 мкв байрны худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах мөн Г.Л, Ч.М, Л.Ж нарыг өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь би өөрөө уг байрыг өөрийн гэр бүлийн хүн С.О-ийн хамт хураан хуримтлуулсан мөнгөөрөө худалдан авсан ба бид хоёр мал аж ахуй, зөгий аж ахуй, газар тариаланд хүнсний ногоо тариалдаг мөн тэтгэвэр авдаг. Ажил хийдэг цалин орлоготой хүмүүс юм. С.Г миний бие нь уг үл хөдлөх хөрөнгийг шударгаар өмчлөгч төдийгүй хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээгээ байгуулж өөрийн өмчлөлд хуулийн дагуу авсан байдаг. Мөн танай шүүхээс Ч.М, Г.Л нарын хооронд үүссэн гэр бүлийн маргаантай хэрэгт С.Г намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч С.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр зүйлийг л хэлье. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Бат-Эрдэнэ болон С.Г нарын хооронд байгуулагдсан гэрээ. Энэ гэрээ нь Г.Л, Ч.М, Л.Ж нарт ямар ч хамааралгүй. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд үр дагавар нь байр Н-д очиж мөнгө нь О-т очно. Яаж байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох гэж байгаа юм. Г.Л байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч С.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: С овогт Ч-ийн М болон Ц овогт Г-ын Л нарыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, дундын эд хөрөнгөнөөс 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-д олгож, үлдэх 2018 оны 01 сараас 2019 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 29,000,000 төгрөг гаргуулах, Г.Н, С.Г нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны ** тоот 39.3 мкв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 20,000 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргаж нэхэмжлэгчид буцаан олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Охин Л.Ж-д тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн тухай Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар тусгагдаагүй байна. Тэгэхээр тэтгэлэг тогтоосон эсэх нь тодорхойгүй байх тул энэ талын хуулийн заалтыг тодорхой болгож өгнө үү. Мөн хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд охин Л.Ж төрсөн байдаг. Мөн энэ хугацаанд байр, автомашин худалдан авсан байдаг. Иргэний хуульд төсөөтэй харилцааг зохицуулна гэж заасан байгаа, анхнаасаа гэр бүл болоод хүний дайтай амьдарна гэж хамтран амьдарсан байдаг. Энэ хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар зохицуулагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ж-д оногдох хэсгийг шүүх гаргасангүй. Мөн хамтын амьдралтай байсныг буруу тогтоосон учир үүнийг тогтоож өгнө үү, prius 20 маркийн машины үнийг 3 хуваан үзэхийн бол нэг хүнд хэдэн 3,000,000 хэдэн зуун мянган төгрөг оногдуулахаар байна. Улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мядагбал жирэмсэн болоогүй бол төмөр замын ажил албан тушаал жинхлээд ажиллах байсан, хамтын амьдралтай байхдаа хэдэн төгрөг ч олгоогүй байна гэж үзсэн. М-д ээж нь 3,000,000 төгрөг өгсөн байдаг. 1,000,000 төгрөг М-д оногдуулахаар шийдвэрлэж байгаа нь оновчгүй байна. Оюундэлгэрийн дансны хуулга байгаа хамтын амьдралтай байх хугацаандаа 30,000,000-32,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогддог. Л-ын данснаас ээжийнх нь данс руу 41,000,000 төгрөг шилжсэн байдаг. Хүүхдийн тэтгэлгийн 103,000 төгрөг бага насны хүүхдийг хангалттай амьдруулах мөнгөнд хүрэлцэхгүй байна. М, Ж нарт оногдох хэсгийг тогтоож өгнө үү. Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг хэрэглээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ч.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Г.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол дээр дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Охин Ж-д тэтгэлэг тогтоолгох тухай шүүхийн шийдвэр тогтоох хэсэгт энэ тухай дурдаагүй байна. Тэтгэлэг тогтоосон эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаарх хуулийн зохицуулалтыг тодорхой болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай энэ зүйл заалтыг хэрэглэж болж байна. Энэ зүйл заалт нь тохиромжгүй зүйл заалт юм. Анхан шатны шүүх дээр гаргах мэтгэлцэх буюу диспозитив зарчмыг зөрчдөг. Гомдлын хүрээнд энэ хэргийг авч хэлэлцэнэ гэж бодож байна. Иймээс нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг охин Ж-д тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй гэдгийг анхан шатны шүүх дээр хэлж байсан. Тэтгэлэгтэй холбогдуулж гомдол гаргасан хэдий ч тайлбар хэлье гэж бодож байна. Л-ын ээж мал аж ахуй эрхэлдэг нь дансны хуулгаар нотлогддог. 103,000 төгрөгөөр энэ хүүхэд яаж амьдрах вэ гэж байна. Үүнийг тухайн амьжиргааны баталгаажих түвшний 01-11 нас хүртэлх амьжиргааг тухайн бүс нутгийн 50 хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь 100 хувь гэж хуульд тусгаж өгсөн байгаа учир  шүүх тогтоосон болохоос би тогтоогоогүй. Гомдлоо гаргахдаа товч бөгөөд тодорхой гаргасан бол бид нар хэргийг бүхэлд нь хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой гомдлын хүрээнд Давж заалдах шатны шүүхээр хянаж үздэг учраас энэ хүрээнд авч үздэг. Тиймээс анхан шатны шүүх дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч холбогдох нотлох баримтыг гаргах ёстой байсан. М-ын ажил хийдэг, онлайн шоп ажиллуулдаг гэдгийг анхан шатны шүүх дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох үүрэгтэй байсан. Үүнийг нотолсон зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Гэрч А-ийн мэдүүлэг дээр тодорхой байдаг.” гэв.

 

Хариуцагч С.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдах худалдан авах гэрээ нь Л, М-д хамааралгүй. Г Н-тай байгуулсан гэрээ юм. Тухайн гэрээг цуцлаад үр дүн нь хэнд очих вэ. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах юм бол энэ байр Н-т очно. Л, М, Ж нарын нэр дээр өмчлөгдөх хууль зүйн үндэслэл байхгүй. Л өөрөө үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг миний нэр дээр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. О-ийн данс руу мөнгө хийсэн үүнийг үзээгүй, хараагүй, гээд байгаа. О гэдэг хүн хариуцагчаар татагдаагүй. Хадгаламжийн дэвтрийн хуулбараа нотлох баримтаар гаргаж өгсөн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

           

Давж заалдах шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хүүхдийн тэтгэлгийг орхигдуулсан байх тул гомдлыг хүлээн авч ханган, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г.Л-т холбогдуулан 2018 оны 1 сараас 2021 оны 1 сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 2019-1018-ны өдөр төрсөн Л.Ж-д хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгө болох байр, автомашины үнэ 34 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 30 000 000 төгрөг гаргуулахаар багасгаж, мөн хариуцагч С.Г-д холбогдуулан Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг, 26 байрны ** тоот, 2 өрөө орон сууцны буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн/1хх-1, 155, 169, 195/ байна.

 

Нэхэмжлэгчээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.М миний бие Г.Л-тай 2018 оны 12 дугаар сард танилцаад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг гэрт орсон, 2019-10-18-ны өдөр охин Л.Ж-г төрүүлж эцэг эх болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Г.Л 2019 оны 11 дүгээр сараас эхлээд надад гар хүрэх болсон, түүнээс хойш байнга муудалцаж, хэрэлдэх болсон, мөн надаас өөр эмэгтэйтэй дотно харьцаатай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй. Бид Сайншанд сумын 3 дугаар баг, 26 байрны ** тоот, 2 өрөө орон сууцанд амьдарч байсан, энэ байрыг худалдах, худалдан авах гэрээ хийх болоод миний нэр дээр авна гэж байснаа гэнэт аав нь гэрээ хийх өдөр ирээд гэрээнд гарын үсэг зурчихаад явсан. Яагаад аавынхаа нэр дээр авчихсан бэ гэж асуухад өмнөх эхнэрийн асуудлаа цэгцэлчхээд өөр байранд орно, тиймээс хоёрхон жил тэвччих гэж гуйдаг байсан, аав С.Г нь өөрсдийнхөө хураасан мөнгөөр авсан гэж мэдүүлсэн байгаа нь үндэслэлгүй. Намайг төөрөгдөлд оруулж энэ хүмүүс байрыг хууль бусаар өмчлөлдөө авсан учир уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгоно. Мөн 2020 онд худалдаж авсан приус 20 машиныг худалдаж авахад манай ээжээс  4 000 000 төгрөгийг өгсөн учир автомашины үнээс охин бид 2-т ногдох хувь 8 000 000 төгрөг, байрнаас ногдох хувь 22 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагч Г.Л-аас “...бид хоёр 2018 оны 12 сард танилцаад 2019 оны 2 дугаар сараас эгчийнд нь очдог болсон, 2020-11-10-ны өдрөөс Сайншанд сумын 3 дугаар баг, 26 байрны ** тоот, 2 өрөө орон сууцанд нэхэмжлэгч Ч.М-тай хариуцагч Г.Л миний бие хамтран амьдарсан, 2019-10-18-ны өдөр охин Л.Ж төрсөн. Миний бие өөрийн охин Л.Ж-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй,  Ч.М бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд дундаасаа бий болгосон дундын өмч байхгүй, Ч.М хувийн онлайн худалдаа ажиллуулж байгаад сүүлд надад 2 000 000 төгрөг өгсөн, уг мөнгийг идэж уух зүйлдээ зарцуулсан тул нэхэмжилж буй 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

 

хариуцагч С.Г-оос “...Ч.М-ын миний өмчлөлийн байрны худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Г.Л, Ч.М, Л.Ж нарыг өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Би уг байрыг өөрийн гэр бүлийн хүн С.О-ийн хамт хураан хуримтлуулсан мөнгөөрөө худалдан авсан, миний бие уг үл хөдлөх хөрөнгийн шударгаар өмчлөгч төдийгүй хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээгээ байгуулж өөрийн өмчлөлд хуулийн дагуу авсан” гэж тус тус маргасан байна.

 

Анхан шатны шүүхээс Ч.М, Г.Л нарыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, дундын эд хөрөнгөнөөс 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-д олгож, үлдэх 2018 оны 01 сараас 2019 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, 29,000,000 төгрөг гаргуулах, Г.Н, С.Г нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны ** тоот 39.3 мкв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...охин Л.Ж-д тэтгэлэг тогтоолгох талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлтэй байх ба хэргийг бүхэлд нь хянавал:

 

1. Нэхэмжлэгч Ч.М, Г.Л нар 2018 оны 12 сард танилцаж, 2019 оны 10 сарын 07-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн, хамтын амьдралын хугацаа 2021 оны 1 сарыг дуустал үргэлжилсэн, хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон нь тэдний дундаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Ж төрсөн, одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа талаар зохигчид маргаагүйн гадна дээр дурдсан үйл баримтууд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх ба зохигчдын тайлбар болон бусад баримтыг бодит үнэнд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгчийн 2018 оны 1 сараас эхлэн хамтын амьдрал эхэлсэн гэх тайлбар үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацаанаас эхлэн 2019-10-06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019-10-07-ны өдрөөс 2021-01-31-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын амьдралын явцад төрсөн хүүхэд Л.Ж нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд эцэг Г.Л мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Анхан шатны шүүхээс хариуцагч Г.Л охины эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, татгалзахгүй гэсэн тайлбарыг үнэлж, түүнээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулах үндэслэлтэйг шийдвэрийн үндэслэх /2хх-5/ хэсэгт тодорхой заасан байх боловч тогтоох хэсэгт “...хүүхдийн тэтгэлэг тогтоож, хариуцагчаас гаргуулахаар” шийдвэрлэсэн талаар тусгаагүй орхигдуулжээ. 

Тиймээс энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагчаар охин Л.Жаргалмааг тэжээн тэтгүүлэхээр заах нь үндэслэлтэй. 

3. Нэхэмжлэгч Ч.М хариуцагч Г.Л-т холбогдуулан дундын эд хөрөнгөөс 34 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг хянан шийдвэрлэх явцад “...байрны үнээс 22 000 000 төгрөгийг, автомашины үнээс 8 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулах” гэж багасгажээ.

Анхан шатны шүүх энэхүү шаардлагаас зарим хэсгийг хангаж буюу эдгээр хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж дүгнэн,  нэхэмжлэгчээс автомашин авахад зориулж,  2 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдсон, Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан “Дундын өмч”-ийг бий болгоход оруулсан хөрөнгө гэж дүгнэж, түүнд ногдох хувь 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, үлдэх 29 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

4. Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 29 дүгээр байрны 19 тоот, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хариуцагч С.Г/1хх-55/ болох нь түүний шүүхэд өгсөн тайлбар болон Г.Н-ын нэр дээр бүртгэлтэй орон сууцыг С.Г худалдаж авсан болох нь 2019-10-09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/1хх-47/, 2019-10-11-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн, 000719148 дугаар гэрчилгээ/1хх-55/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримт нь “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх” тухай Иргэний хууль болон бусад хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуульд зааснаар “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэх, нэхэмжлэгч Ч.М-ыг хариуцагч Г.Лх, С.Г нар хууран мэхэлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар нотлогдож тогтоогдсонгүй. 

            Гэр бүлийн тухай хуульд зааснаар “Гэрлэлт” гэж насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгох ба гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.

            Өөрөөр хэлбэл гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө л гэр бүлийн гишүүдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээнээс хамаарахгүйгээр “гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө” буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог учир хуульд зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээ нь гэр бүлийн нийт гишүүдэд адил байна.  

            Харин нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г.Л нарын тухайд гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Иргэний хуульд заасан “Гэр бүлийн хөрөнгийн эрх” үүсэхгүй төдийгүй тэдний дундын өмчлөлийн эрх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх бөгөөд энэ утгаараа мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар өөрт ногдох хэсгээ шаардах эрх нь түүний оруулсан хөрөнгийн хувь хэмжээнээс хамаарна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.М-ын хариуцагч С.Г-д холбогдуулж гаргасан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны 19 тоот 39.3 мкв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүйн гадна нэхэмжлэгчийн хуулийн мэдлэггүй, ордер дээр гарын үсэг зурна гэж юуг хэлж байгааг ойлгох боломжгүй байсан зэрэг хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын дугаарыг 2 гэж өөрчлөн, 1 дэх заалтад “хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулахаар” шийдвэрийн 2,3,4 дэх заалтын дугаарыг 3,4,5 гэж дугаарлан 3 дахь заалтыг өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт буюу 2,3,4 гэж дугаарласан заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ч.М 2021-05-25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлснийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021-06-04-ний өдрийн 136/ШЗ2021/000859 дугаартай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.М-д олгохоор/1хх-158-159/ шийдвэрлэсэн байх ба нэмэгдүүлсэн шаардлагад тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн байх нь ИХШХШТХ-ийн 65, 163, 164 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, давж заалдах гомдлыг хүлээн авахгүй байх нөхцөл болохыг анхан шатны шүүхээс цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 136/ШШ2021/00232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтад “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1  дэх хэсэг, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Ж-г 11 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Лхагважаваар тэжээн тэтгүүлсүгэй.гэж нэмж,

 

3 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 34,416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж,

 

1 дүгээр заалтыг 2 гэж өөрчлөн, 2, 3, 4 дүгээр заалтыг 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.    

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                            Н.БОЛОРМАА