Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 255

 

"А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын

бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Г.Банзрагч

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/32 дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Сэрээнэндоржийн 13 хувийн хувьцааг Д.Цэцгээд шилжүүлсэн шилжилтийг, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг, компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж буй өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0281 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Т нар,

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/32 дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Сэрээнэндоржийн 13 хувийн хувьцааг Д.Цэцгээд шилжүүлсэн шилжилтийг, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг, компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж буй өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0281 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/32 дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Сэрээнэндоржийн 13 хувийн хувьцааг Д.Цэцэгээд шилжүүлсэн шилжилтийг, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэнийг, компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж буй өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт “... компанийн 50-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдохоор, ... байх тул “Монголдайвин” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Б.Батхуягийг “А” ХХК-ийн 50-аас дээш хувьцаа эзэмшигч гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Батхуяг нь “Монголдайван” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 18/1 дүгээр тогтоолтой маргаагүй байх бөгөөд “А” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг “Монголдайван” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Шинэбаяр 2018 оны 06 дугаар сарын 08- ны өдөр хүлээн авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэжээ.

4. Дээрхи шүүхийн тайлбараас үзвэл хувьцаа эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлын асуудлаар хурал хэлэлцэхэд түүнд мэдэгдэх шаардлагагүй учир нь түүний эзэмшиж буй хувьцаа нь 50 хувьд хүрэхгүй байна гэж ойлгогдохоор байна. Үүнээс үзвэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар надад хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг мэдэгдээгүй болох нь тогтоогдож байгаа гэтэл компани хувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс хувьцаа эзэмшигч миний хуулиар олгосон эрхийг компани зөрчсөн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна.

5. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0281 дугаартай магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Компанийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах 3 тохиолдлыг тодорхойлж заасан, энэ маргааны хувьд улсын бүртгэлийн байгууллага нь уг зүйлийн 19.1.2-т заасан “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэдгийг баримталж “А” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлт болох “... “А” ХХК-ийн хувьцааны 20 хувийг эзэмшигч Г.С нь хувьцааныхаа 13 хувийг Д.Цэцгээд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн тухай, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх компанийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдсэн тухай, компани нь Төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан тухай” зэрэг өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ба шүүхэд хариуцагчаас “... “М д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Б.Б хуралд оролцоогүй, түүнээс хувьцаа шилжүүлсэн тухай өөрчлөлтийг бүртгэхгүй байх талаар хүсэлт ирүүлсэн, Компанийн тухай хуулийн 5.3-т заасныг зөрчсөн” гэж маргажээ.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, энэ хэргийн гуравдагч этгээд Б.Б нь “М д” ХХК-ийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг, 4 үүсгэн байгуулагчтай тус компани нь “А” ХХК-ийн хувьцааны 80 хувийг эзэмшдэг ба “М д” ХХК болон “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт болон 16 цагт хуралдуулах тухай зарыг “Зууны мэдээ” сонин, “Өдрийн сонин”-ны 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 107, 108 дугааруудад тус тус нийтлүүлж түгээсэн, мөн Б.Б-т шуудангаар биечлэн хүргүүлсэн боловч өөрөө хүлээж аваагүй, Б.Батхуяг нь тус хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж, маргаагүй зэрэг нь тогтоогдсон байна.

9. Мөн, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралд тус компанийн хувьцааны 80 хувийг эзэмшдэг “Монгол дайвин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал С.Дэлгэрбаяр нь бусад 2 хувьцаа эзэмшигчийн хамт оролцсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчөөгүй, энэ тохиолдлын хувьд уг зүйл, заалтын “саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувь”-ийг эзэмшиж буй этгээд нь “Монгол дайвин” ХХК байх тул түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тухайн хуралд оролцсоноор ирцийн хувьд хуулийн шаардлага хангагдана.

10. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй” заасан, харин “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.С нь өөрийн эзэмшлийн хувьцааг “худалдах” санал гаргаагүй бөгөөд тус компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч нь “хувьцаа”-гаа гуравдагч этгээдэд “бэлэглэх” журмаар шилжүүлэхийг хязгаарлаагүй байхад хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн мэтээр дүгнэж, улмаар “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн нь буруу юм.

11. Үүний зэрэгцээ, “М д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэртэй холбогдох маргаан гараагүй, шүүхэд хэрэг үүсээгүй, “А” ХХК-ийн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байхад хувьцаа эзэмшигч Б.Батхуягийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан “... миний эзэмшдэг хувьцааг шилжүүлэх, шаардах эрхийг хангах, бусдад аль нэгний хувьцааг худалдах зэргийг албан ёсны хурлаар шийдвэрлэтэл ямар нэгэн өөрчлөлт хийхгүй байх”-ыг хүссэн хүсэлтэд үндэслэн улсын бүртгэгч нь “... хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаанаа шийдвэрлэж ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийх боломжтой” гэж мэдэгдэж, “бүртгэх”-ээс татгалзсан нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд хувьцаа эзэмшигч /аливаа этгээд/-ийн хүсэлтээр улсын бүртгэл хийхээс шууд татгалзаж байгаа нь хууль бус байна.

12. Дээрх байдлаар, “А” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний 18/32 дугаартай мэдэгдэл нь уг харилцааг зохицуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцээгүй, хууль бус уг актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, давж заалдах шатны шүүхийн хийсэн “... “Монгол дайвин”ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б-ийг “А” ХХК-ийн 50-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэхээргүй” гэх дүгнэлт агуулгын хувьд буруу хэдий ч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлд нөлөөлөхгүй учир гуравдагч этгээд Б.Б-ийн уг үндэслэлийг дурдаж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ