Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01742

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01742

 

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07ы өдрийн 102/ШШ2021/02185 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мын хариуцагч Г СӨХ холбогдуулан авто зогсоолын урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г СӨХ-тэй Баянгол дүүрэг, 1-р хороо Сөүлийн 14-р байрны доор байрлах 47 дугаартай, 15 м.кв талбайтай автозогсоолыг 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №01/59 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний 2.1-т заасны дагуу урьдчилгаа 4 500 000 төгрөгийг Г СӨХ-д бэлэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Харин гэрээний 3.3-т заасны дагуу Г СӨХ тухайн автозогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, гэрээний 2.3-т заасны дагуу гэрчилгээг гардан авсны дараа худалдан авагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй,үүргээ биелүүлээгүй. Г сууц өмчлөгчдийн холбооноос авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч орж гарцны хэсэг гэж гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзсаар ирсэн. Иймд Г СӨХ-өөс авто зогсоолын урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 1-р хороо, Сөүл 14 дүгээр байрны доор байрлах 15 м.кв автозогсоол гэх хэсэг нь автомашины зогсоол биш бөгөөд автомашин зогсох ямар ч боломжгүй, машины орох гарах гарцны хэсэг юм. Орц гарцны хэсгийг зогсоол мэтээр худалдан борлуулах эрх сууц өмчлөгчдийн холбоонд огт байхгүй бөгөөд уг орон сууцыг барьсан компани нь л хэдэн зогсоолтойг шийдэж төлөвлөж барьсан байдаг. Д.Мын урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 4 500 000 төгрөгийг Г сууц өмчлөгчдийн холбоо нь огт аваагүй бөгөөд, сууц өмчлөгчдийн холбооны дансанд огт ороогүй мөнгө тул буцаан гаргаж өгөх боломжгүй. Д.М нь 2012-2020 он хүртэл 8 жилийн турш манай сууц өмчлөгчдийн холбооны гарц хэсгийг хаан зогсож, зогсоол эзэмшигчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, хүндрэл учруулсаар ирсэн бөгөөд, бид удаа дараа орц гарцыг хааж тавьж болохгүй талаар мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьсаар ирсэн. Хэрэв Д.М Г СӨХ-г хариуцаж байсан гэх хүнд хувиараа бэлнээр мөнгө өгсөн бол тэр хүнээсээ нэхэмжлэх хэрэгтэй. Иймд манайх хариуцахгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г СӨХ-оос 4 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжинд 86 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г СӨХ-ны зүгээс хавтаст хэрэгт 2012 оноос хойшхи Төрийн банк ХХК-ийн Г СӨХ-ны орлого зарлагын гүйлгээ хийсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангахуйцаар гаргаж өгсөөр байтал шүүх үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой. Г СӨХ-ны бүх үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу орлого зарлагын баримт санхүүгийн тайланд тусгагдсан, уг тайланд тусгагдаагүй 4 500 000 төгрөгийг аваагүй, СӨХ-ны үйл ажиллагаанд хэрэглээгүй. Д.М нь өөрөө 47 дугаар зогсоол гэх зогсоол Г СӨХ-ны авто зогсоолд байхгүй, уг зогсоол гэх хэсэг нь байрны автомашины орц гарц ба тэнд машинаа зогсоох хориотой, бусдад хохирол аюул учруулах эрсдэлтэй гэдгийг ч мэдэж байсан. Г СӨХ-ны захирал байсан Д.Жигжидтэй хуйвалдан хүчин төгөлдөр хууль бус гэрээ байгуулан урьдчилгаа гэх төлбөр шилжүүлсэн. Д.Жигжид авсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх Г СӨХ-г авсан мэтээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, нийт сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироосон үйл явдал. Д.М нь олон жил зогсоолын орох гарах хэсгийг хааж автомашинаа байрлуулан, Г СӨХ-ны эрх ашгийг ноцтойгоор зөрчин хохироосоор ирсэн байхад шүүх уг байдлыг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барин, хууль ёсны бус шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01/59 тоот худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 16-17/

Хэрэгт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01/59 тоот худалдах-худалдан авах гэрээ бичгээр авагдсан. /хх 4-6/

 

Гэрээгээр Г Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Жигжид гарын үсэг зурсан, гэрээний 3.3-т зааснаар Г СӨХ 38-р зогсоолын зэргэлдээ 15 м.кв автозогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, гэрээний 2.3-т заасны дагуу гэрчилгээг гардан авсаны дараа худалдан авагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч дээрх агуулгатай гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгээгүй, харин хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Хэрэгт Д.Жигжид гэрээ байгуулагдаж байх үед Г сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал байсан тухай баримт авагдсанаас гадна түүнийг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал биш гэж хариуцагч маргаагүй байна. /хх 7/

Мөн дээрх 38-р зогсоолын зэргэлдээ 15 м.кв авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч гаргаж өгөөгүй үйл баримт тогтоогдсон.

Хэргийн 5 дугаар талд Г сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Жигжид 4 500 000 төгрөгийг Д.Маас бэлнээр хүлээн авсан тухай бэлэн мөнгөний орлогын баримт гэх бичгийн нотлох баримт эх хувиар авагдсан, хэргийн 7 дугаар талд Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд байгаа 15 м.кв талбайтай 1 автозогсоолыг худалдаж, байрны гадна тохижилт үйлчилгээнд зарцуулах нь зүйтэй гэсэн тогтоолыг Г сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн ..: маргааны зүйл болох 15 м.кв автозогсоол гэх талбайг 8 жилийн туршид хариуцагч ашигласан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Мөн Г сууц өмчлөгчдийн холбоо дээрх маргааны зүйл болох 15 м.кв талбайг 2020 оны 5 дугаар сард хариуцагчийн эзэмшлээс буцаан авсан тухайд талууд маргаангүй байна.

 

Түүнчлэн, уг 47 дугаартай зогсоол гэх нь автомашины зогсоол биш гараашийн орох гарах гарцны хэсэг гэж анхан шатны шүүхээс тогтоосныг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Талууд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01/59 тоот худалдах-худалдан авах гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэх, 4 500 000 төгрөгийг Г сууц өмчлөгчдийн холбоо авсан эсэх асуудлаар маргажээ.

Анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт ...машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулахаар заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө. Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дээрх хуульд нийцэхгүй, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь зөв байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, эрх үүрэг зэргээс харахад сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй байгууллага байна.

Г сууц өмчлөгчдийн холбоо нийтийн эзэмшлийн талбайг худалдах, энэ талаар гэрээ байгуулах эрхгүй тул түүний байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд талууд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй.

Хариуцагч нь ... тухайн үеийн гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн талбайг худалдаад, Сууц өмчлөгчдийн холбооны тамга тэмдгийг ашиглаж бэлэн мөнгө авсан байдаг. Ийм бичиг баримт надад өгсөн. Гэрээ хийж бэлнээр мөнгө төлсөн гэх боловч Сууц өмчлөгчдийн холбооны дансанд орсон гэх ямар ч баримт банкны хуулгаар гарч ирээгүй гэж тайлбарласан хэдий ч Д.Жигжидийг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргаагүй, дээр дурдсан ...15 м.кв талбайтай 1 автозогсоолыг худалдаж, байрны гадна тохижилт үйлчилгээнд зарцуулах нь зүйтэй гэсэн Г Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үгүйсгэх няцаах баримтыг гаргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох 4 500 000 төгрөгийг Г Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Жигжид бэлнээр хүлээн авсан гэх, уг 4 500 000 төгрөгийг байрны гадна тохижилт үйлчилгээнд зарцуулсан эсэх үйл баримтыг няцаах үүрэг хариуцагчид ногдох бөгөөд бэлнээр авсан мөнгөний зарцуулалтыг санхүүгийн тайлан эргэлзээгүйгээр нотлохгүй юм.

 

Мөн хариуцагч нь Д.М нь олон жил зогсоолын орох гарах хэстийг хааж автомашинаа байршуулсан, Г сууц өмчпөгчдийн холбооны эрх ашгийг бодитойгоор зөрчин хохироосон гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

Иймд Г сууц өмчпөгчдийн холбоог төлөөлж гүйцэтгэх захирал Д.Жигжидийн бэлнээр авсан 4 500 000 төгрөгийг тус сууц өмчпөгчдийн холбоог авсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар арилгах тул дээрх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмж баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Харин Г сууц өмчпөгчдийн холбоо нь дээрх 4 500 000 төгрөг сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд зарцуулагдаагүй гэж үзвэл холбогдох этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгон хэрэглэж чадаагүй алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07ы өдрийн 102/ШШ2021/02185 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД