Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01753

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01753

 

 

 

Ү К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01728 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү К- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д Э Э ГФ МХХК-д холбогдох гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоолгох, хохирол 53,846,743.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү К- ХХК нь 2018 онд Д Э Э ГФ МХХК-ийн агаарын тээврийн зуучлалын үйлчилгээг сонгон Бүгд Найрамдах Итали улс руу самнасан ноолуурыг нийт 4 удаа явуулсан. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1MYG445 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд Д Э Э ГФ МХХК-ийн ажилтан М.Нинжэнгийн буруутай үйл ажиллагааны улмаас бичиг баримтын төрлийг удаа дараа буруу явуулж Бүгд Найрамдах Итали улс дахь Ди Ви Эл/DVL компанитай мэдээллээ дутуу солилцсоноос Бүгд Найрамдах Итали улсын онгоцны буудлаас Ү К- ХХК-ийг бараа, бүтээгдэхүүнээ гагцхүү холбогдох төлбөрийг төлсний үндсэн дээр авах нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад барааг 7 хоног хадгалсны төлбөрт 609,16 еврог төлсөн.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1MYG503 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд тухайн бараа материалын агаарын тээврийн баримт, агаарын ачааны дагалдах бичгийг Д Э Э ГФ МХХК нь бэлтгэн тээвэрлэгчид шилжүүлэн өгдөг. Энэхүү тээврийн баримтуудад манай компани нь жин/хэмжээг зөрүүтэй байдлаар тэмдэглэснээс барааг 5 хоног илүү хадгалсны төлбөрт 567,20 евро, нийт 1 176.36 еврог Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад төлсөн. Бид дээрх барааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаалийн мэдүүлэгт нийт 207,640 ам.доллараар мэдүүлсэн бөгөөд тухайн үнийн дүнгээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдан авагчид төлбөрийн нэхэмжлэх явуулсан. Гэтэл бараа нь худалдан авагчид хугацаандаа очоогүйгээс Ү К- ХХК нь тухайн үеийн зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас 189,892 ам.доллараар худалдан авагч талд тухайн барааг зарахаас өөр аргагүйд хүрч худалдан авагч Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компани болон Ви Ай Си Юу Эн Ай Эй Эй Жи /VICUNIA AG/ компаниудад буурсан үнээр дахин нэхэмжлэх явуулж төлбөрийг хүлээж авсан. Энэхүү үнийн зөрүүнээс болж Ү К- ХХК-д 17,748 ам.долларын хохирол учирсан. Иймд Д Э Э ГФ МХХК нь Ү К- ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоож, Ү К- ХХК-ийн Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад нэмэлтээр төлсөн нийт 1,176.36 еврог төгрөг рүү хөрвүүлэхэд 3, 728,343.62 төгрөг, үнийн зөрүүнээс учирсан хохирол 17,748 ам.доллар буюу 50,118,399.7 төгрөг, нийт 53,846,743.3 төгрөгийг Д Э Э ГФ МХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ү К- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Манай Д Э Э ГФ МХХК нь Ү К- ХХК-тай тохиролцсоны дагуу тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд Ү К- ХХК-д учирсан хохирол нь манай компанид хамааралгүй, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Э Э ГФ МХХК-аас нийт 53,003,444.6 /тавин гурван сая гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү К- ХХК-д олгож, үлдэх 843,298.7 /найман зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү К- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 427,183.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д Э Э ГФ МХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 422,967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү К- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Шүүх Нэхэмжлэгч нь цэвэр жин нь 2,185 кг, нийт 207,640 ам.долларын үнэ бүхий үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компанид нийт 207,640 ам.доллараар худалдах байсан байх боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 1,742.41 кг ноолуурыг 169,884.98 ам.доллараар, 398,15 кг ноолуурыг 20,305.65 ам.доллараар худалдсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн UCA GB-201903018 нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн UC/ҮАК-20190215 дугаар нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баглаа боодлын жагсаалтын хуулга болон орчуулга, ХААН банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 05115/21/310 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон, 190,190.63 ам.доллараар худалдаж, нэхэмжлэгчид 49,278,101 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн.

2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1 МҮG 445 дугаартай ачааг Бүгд найрамдах Итали улсын итгэмжлэгдсэн агуулахад 7 хоног илүү хадгалсан төлбөр 609.16 евро болон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1МҮО503 дугаартай ачааны дагалдах бичигт ачааны жин болон хүлээн авагчийн нэрийг зөрүүтэй байдлаар тэмдэглэснээс болж ачааг 5 хоног илүү хадгалсны төлбөрт 567.20 евро нийт 1 173.36 евро буюу 3,728,343.62 төгрөгийн хохирол учирсныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үүний улмаас 17 449.37 ам.доллар буюу 49,278,101 төгрөгийн үнийн зөрүүний хохирол учирсан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ү К- ХХК болон Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX SRL/ компанийн хооронд байгуулагдсан экспортын борлуулалтын гэрээ цуцлагдсан үндэслэл шалтгаан, түүний хамаарлыг шүүх дүгнээгүй. Уг гэрээ цуцлагдсаны улмаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 398,15 кг ноолуурыг 20,305.65 ам.доллараар, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1,742.41 кг ноолуурыг 169,884.98 ам.доллараар тус тус үнийг бууруулан худалдсан үндэслэл нь барааг агуулахад 5 хоног хадгалсан зөрчилтэй шалтгаант холбоотойг шүүх дүгнээгүй.

Тээвэр зуучийн компанийн буруутай үйл ажиллагаанаас шууд нөлөөлсөн гэх шалтгаан үндэслэлийг нотлоогүй, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ү К- ХХК болон Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX SRL/ компанийн хооронд байгуулагдсан экспортын борлуулалтын гэрээтэй хамаарал бүхий шалтгаант холбоог дүгнэхгүйгээр тээвэр зуучийн компаниар хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тухайлбал, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ү К- ХХК болон Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX SRL/ компанийн хооронд байгуулагдсан экспортын борлуулалтын гэрээнд эхлэх болон дуусах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон. Д Э Э ГФ МХХК-аар тээвэрлүүлсэн бараа бүтээгдэхүүн гэрээний хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүргэгдсэн. Жин хэмжээ зөрүүтэй гэх агаарын ачааны дагалдах баримтыг Д Э Э ГФ МХХК-аар засуулж тухайн өдрөө буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаалийн мэдүүлгийг буцаан сольсон учир энэ үндэслэлээр хугацаа алдсан гэж үзэхгүй. Экспортын борлуулалтын гэрээнд худалдан авагч айрвилл гарсны дараа нэхэмжлэлийн дагуу төлбөрийг 100 хувь төлнө гэж гэрээгээр тохирсон. Ийнхүү тохирсон шалтгаан нь талууд Инкотермсийн тээвэрлэлтийн СРТ нөхцөлийг гэрээндээ тусгаснаас үүдэлтэй. Инкотермсийн СРТ нөхцөл бол зөвхөн худалдагч, худалдан авагч нарын хоорондын хариуцлагыг тодорхойлдог нөхцөл болно. СРТ нөхцөлтэй гэрээнд худалдагчийн хувьд эрсдэл нь бараа бүтээгдэхүүнийг үндсэн тээвэрлэгчийн тээврийн хэрэгсэлд ачуулснаар дуусгавар болдог. СРТ нөхцөл бол Улаанбаатар хотоос бараа ачигдаж гарах хүртэлх бүх эрсдэлийг худалдагч тал болох Ү К- ХХК хариуцаж, бараа бүтээгдэхүүн онгоцонд ачигдсанаас хойших бүх эрсдэлийг худалдан авагч тал хариуцна.

Экспортын борлуулалтын гэрээний дагуу айрвилл гарсны дагуу буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлбөрөө 100 хувь төлөх ёстой атал ямар үндэслэлээр худалдан авагч төлбөрөө төлөхгүй байгаа, яагаад худалдагч төлбөрөө нэхэж авахгүй байгаа нь тодорхойгүй болно. Энэ асуудлын талаар худалдагч болох Ү К- ХХК болон худалдан авагч компанитай хэрхэн ямар харилцаа үүсгэж, төлбөр төлөхгүй байгаатай холбоотой ямар и-мэйл болон албан бичгээр харилцсан баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Экспортын борлуулалтын гэрээний нэхэмжлэл, гомдол санал гэсэн хэсэгт Нэхэмжлэлийг худалдан авагч агуулахад бараа ирснээс хойш 30 хоногийн дотор худалдагчид нэхэмжлэл гаргах ёстой гэж зохицуулсан. Гэтэл худалдан авагч компанид хэзээ нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн дагуу төлбөр төлөхгүй байгаа, яг ямар үндэслэлээр гэрээ цуцалж байгаа, яагаад бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасны дагуу хүлээн авахгүй байгаатай холбогдох шалтгаан нөхцөл үндэслэлийг тусгасан баримт гомдол санал байхгүй болно.

Экспортын борлуулалтын гэрээний арбитрын шүүх гэсэн хэсэгт Энэхүү борлуулалтыг баталгаажуулахтай холбогдуулан гүйцэтгэхтэй холбоотой үүссэн бүх маргааныг найрсаг хэлэлцээрээр шийдвэрлэнэ. Хэлэлцээрээс хойш 30 хоногийн дотор хэлэлцээр хийж тохиролцоогүй тохиолдолд Олон улсын арбитрын тухай хуулийн дагуу Бээжин хотын шүүхийн харьяалалд шилжүүлнэ гэж заасан. Худалдан авагч болон худалдагч нар маргаантай асуудлыг хэрхэн эвээр шийдвэрлэхээр хэлэлцсэн баримт байхгүй. Ямар шалтгаанаар гэрээ цуцалсан нь тодорхойгүй.

Худалдагч Ү К- ХХК болон худалдан авагч компанитай гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй гэсэн үндэслэл болон шалтгаан, худалдагч нь энэ асуудлыг эвээр хэрхэн шийдвэрлэх гэж үзсэн болон маргаан үүсгээд хохирлын төлбөрийг авсан эсэх нь ч тодорхойгүй байна. Экспортын борлуулалтын гэрээтэй холбоотой дээрх бүх асуултад нэхэмжлэгчийн зүгээс хамааралгүй гэх шалтгаанаар эдгээр бүх асуултад хариулаагүй нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Ү К- ХХК болон худалдан авагч компанитай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр барааг борлуулахдаа хэн нь шинэ санал гаргаж хямдарсан үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болсон, мөн өмнөх харилцаагаа хэрхэн дүгнэж саналыг хүлээн авсан талаарх холбогдох бодит баримт байхгүй болно.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн худалдсан гэх ноолуурын зөрүү 44.44 кг байна гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ноолуурыг хадгалсантай холбоотой ноолуурын чийгшил алдагдаж ноолуурын жин багасдаг гэх тайлбар үндэслэлтэй болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэл эхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн баглаа боодлын жагсаалтын хуулга болон орчуулгаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас ноолууран бүтээгдэхүүний жин хэмжээ буурсан асуудлаар нэхэмжлэлдээ тусгаагүй. Учир нь худалдагч, худалдан авагч нар гэрээ цуцалсан, энэ талаарх хоорондоо харилцсан баримт хэрэгт байхгүй учраас 5 хоног илүү хадгалагдсан асуудлыг ашиглаж үнийн дүнгийн зөрүү буюу хохирол хэмээн үндэслэлгүйгээр 17,446.17 ам.долларыг нэхэмжилсэн. Хохирол 17,446.17 ам.долларыг нэхэмжилсэн атлаа хохирлын төлбөрийн задаргаа хийгээгүй болно.

Баталгаат агуулахад цэвэр жин 2,185 кг стандартын дагуу сав баглаа боодолтой хадгалагдсаны улмаас жин хэмжээ буурч болох талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт дүгнэлтийг нэхэмжлэгч өгөөгүй байхад шүүх үндэслэлтэй хэмээн гэж дүгнэсэн. Ү К- ХХК болон худалдан авагч компаниудын хооронд байгуулагдсан экспортын борлуулалтын гэрээнд бүтээгдэхүүний, чанар үзүүлэлт 2,185 кг-ыг 207,640 ам.доллар байна. 17 хувийн чийгийн нөхцөлд жингийн суурь нэхэмжлэхийг цэвэр жингийн үндсэнд гаргах ёстой гэж гэрээгээр тохирсон. Гэтэл барааг худалдан авагчид болон өөр компаниудад худалдан борлуулах үед цэвэр жин нь 2,140.56 кг буюу 44.44 кг жин хэмжээ дутуу гарсан.

Шүүх талуудын хооронд илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Гэтэл Д Э Э ГФ МХХК нь Ү К- ХХК-тай тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж уг гэрээний дагуу улс хоорондын ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлтийг хангах ажлыг хийсэн тул зуучлалын гэрээ байгуулагдсан. Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл инкотермс нь талууд сайн дураараа хэрэглэхээр тохиролцож, худалдааны гэрээний үндсэн нөхцөл болсон тохиолдолд хэрэглэгдэх эрх нь үүсдэг худалдааны нийлүүлэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм юм. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр зохицуулсан болно. Иймд талууд гэрээндээ тусгасан учир тэдний хоорондын маргаантай асуудлыг дүгнэхдээ олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх ёстой атал шүүхээс энэ асуудлаар дүгнэлт өгөөгүй.

Тээвэрлэгч гэдэг нь тээвэрлэлтийн гэрээний дагуу барааг төмөр зам, авто зам, агаар, далай, эх газрын усан замын тээвэр эсхүл холимог тээврээр ачих, тээвэрлэх үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. СРТ нөхцөлийн хүрээнд худалдагч тал болох Ү К- ХХК-ийн үндсэн үүрэг бол өөрийн томилсон тээвэрлэгч хүртэл барааг хүргэж өгөх үүрэгтэй. Д Э Э ГФ МХХК-д барааг хүлээлгэн өгснөөр үүрэг нь дуусгавар болдог. СРТ нөхцөлтэй гэрээнд худалдагчийн хувьд эрсдэл нь бараа бүтээгдэхүүнийг үндсэн тээвэрлэгчийн тээврийн хэрэгсэлд ачуулснаар дуусгавар болно. Иймд дээрх үндэслэлээр 17,449.37 ам.долларын буюу 49,278,101 төгрөгийн хохирол учирсан гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ү К- ХХК нь хариуцагч Д Э Э ГФ МХХК-д холбогдуулан тус компанийн ажилтаны буруутай үйлдлийн улмаас 1MYG445 дугаартай ачааг Бүгд Найрамдах Итали улс дахь гаалийн итгэмжлэгдсэн агуулахад 7 хоног илүү хадгалсан төлбөрт 609.16 еврог, 1MYG503 дугаартай ачааг 5 илүү хадгалсан төлбөрт 567.20 еврог, нийт 1,176.36 евро буюу 3 728 343.62 төгрөг төлсөн, мөн үнийн зөрүүнээс учирсан хохирол 17,748 ам.доллар буюу 50,188,399.7 төгрөг, нийт 53,846,743.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Ү К- ХХК нь Д Э Э ГФ МХХК-аар дамжуулан Бүгд Найрамдах Итали улс руу ноолуур илгээлгэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 1MYG445, 1MYG503 дугаар агаарын ачааны дагалдах бичгээр тус тус тогтоогдсон байна. /1хав-8-13/

Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэх хийх, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх тул талуудын хооронд илгээмжийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.Хариуцагч Д Э Э ГФ МХХК нь нэхэмжлэгч Ү К- ХХК-ийн 1MYG445 дугаартай ачааг 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 1MYG503 дугаартай ачааг мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали улсын Миланто хот руу илгээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Д Э Э ГФ МХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 1MYG503 дугаартай ачааны дагалдах бичигт хүлээн авагч Ди Си Ви Эс Пи Эй /DSV SPA/ компанийг ALVIGINI FIBRE NOBILI S.R.L гэж, мөн ноолуурын бохир жин болох 2,248 кг-ыг 2,448 кг гэж буруу бичсэнтэй холбоотой ачааг Ди Си Ви Эс Пи Эй /DSV SPA/ компанийн агуулахад 5 хоног илүү хадгалсан төлбөрт Ү К- ХХК нь 567.20 евро буюу 1,797,678 төгрөгийг төлсөн болох нь [email protected] хаягт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ. /2хав-53-57, 97-118/

Мөн нэхэмжлэгч Ү К- ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр илгээсэн 1MYG445 дугаартай ачаа Ди Си Ви Эс Пи Эй /DSV SPA/ компанийн агуулахад 7 хоног илүү хадгалсан төлбөрт 609.16 евро буюу 1,930,665.62 төгрөгийг төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбараар нь тогтоогдож байна. /1хав-55х/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч Д Э Э ГФ МХХК нь илгээмжийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ү К- ХХК нь ноолуурыг агуулахад 5 болон 7 хоног хадгалсантай холбоотой нийт 1,176 евро буюу 3,728,343 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн шалтгаант холбоо бүхий хохирол болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д Э Э ГФ МХХК-аас 1,176.36 буюу 3,728,343.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү К- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.Илгээмжийн гэрээний хувьд Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт зааснаар аливаа гэрээнээс үүсэх хариуцлагыг илгээгч болон түүний ажилтны гэм буруутай тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Хэрэгт авагдсан Ү К- ХХК болон Бүгд Найрамдах Итали улсын Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компанитай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан UC/LGB-181204-05 дугаартай экспортын борлуулалтын гэрээ, түүний орчуулга болон нэхэмжлэх зэрэгт нотлох баримтаар /1хав-57,60/ Ү К- ХХК нь Бүгд Найрамдах Итали улс дахь Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компанитай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бохир жин нь 2,248 кг, цэвэр жин нь 2,185 кг, 207,640 ам.долларын үнэтэй үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

Харин цэвэр жин нь 2,185 кг ноолуурыг Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компанид нийт 207,640 ам.доллараар худалдах байсан боловч 1,742.41 кг ноолуурыг 169,884.98 ам.доллараар, 398.15 кг ноолуурыг Ви Ай Си Юу Эн Ай Эй Эй Жи /VICUNIA AG/ компанид 20,305.65 ам.доллараар, нийт 190,190.63 ам.доллараар худалдсанд илгээгчийг гэм буруутай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү К- ХХК нь ноолуурыг 5 болон 7 хоног хадгалсны улмаас худалдан авагч Жи Ди Ти И Экс Си Ар Эл /JDTEX S.R.L/ компанитай байгуулсан гэрээг цуцалж бага үнээр худалдсан, үүнд илгээгчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдлаа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. /1хав-57-70/

 

Ноолуурын жин 44 килограммаар буурсанд илгээгчийн гэм буруу тогтоогдоогүй тул хариуцагч Д Э Э ГФ МХХК-аас 17,449.37 ам.долларын буюу 49,275,101 төгрөгийг шаардах эрхийн үндэслэлгүй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш зөвшөөрөхгүй тухай татгалзал, тайлбараа гаргаж байсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэхгүй. Хууль болон шүүхээс тогтоосон хугацаанд багтааж татгалзлаа ирүүлээгүйг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие заасан байдлын зарчимд нийцэхгүй. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хугацааг тогтоосон заалтыг үндэслэн хариуцагчийн иргэний эрх зүйн харилцаанд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тодорхойлох боломжгүй юм.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Э Э ГФ МХХК-аас 3,728,343 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү К- ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 50,118,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 422,967 ... гэснийг ... 74,603 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА