Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01747

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01747

 

 

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э Ү- ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 73,849,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э Ү- ХХК-ийн захирал Б.Сэргэлэнтэй 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард байрлах өөрийн эзэмшлийн газарт эрчим хүчний эх үүсвэр татуулахаар 110,000,000 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б.Сэргэлэн нь гэрээ байгуулахаас өмнө 70,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг авсан. Гэрээ байгуулснаас 14 хоногийн дараа 2 ширхэг шон босгоод алга болсон. Бид "Автодевелопмент" ХХК-тай дахин гэрээ байгуулж 28,000,000 төгрөг төлсөн. Э Ү- ХХК нь эрчим хүч, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй байсан. Э Ү- ХХК нь ажил гүйцэтгэж зохих зардал гаргасан гэдэг боловч ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй.

Хариуцагч 54,350,000 төгрөг бүхий материалын тооцоо гарсан гэж тайлбарласан. Үүнд: 16 метрийн шон 6 ширхэг 5,400,000 төгрөг, 3 ширхэг тоног 1,950,000 төгрөг, анкер 2 ширхэг 4,000,000 төгрөг, 250 квт трансформатор 15,000,000 төгрөг, 1.5 саяын хуурай салгуур 1,200,000 төгрөг, хуурай салгуур функт 2,000,000 төгрөг, 2 шон 1,600,000 төгрөг, сир утас 70-2,000 метр 10,000,000 төгрөг, суурь хайрцаг гагнуур 7,200,000 төгрөг, н.Гэндэнгийн ажлын хөлс 6,000,000 төгрөг, нийт 54,350,000 төгрөг болно. Энэ төлбөрийг 90,000,000 төгрөгөөс хасаж зөрүү 35,650,000 төгрөг гүйцэтгэгчээс шалтгаалж өөр компанитай гэрээ байгуулж ажлаа үргэлжлүүлэх болсонтой холбоотой гарсан нэмэлт зардал 28,000,000 төгрөг, бага оврын цахилгаан үүсгүүр буюу мотор худалдаж авсны үнэ 3,500,000 төгрөг, 210 хоног түлш авч ашигласан төлбөр 6,699,000 төгрөг, нийт 73,849,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хэргийн материалд мотор худалдаж авсан талаар баримт байхгүй зөвхөн моторын зураг авагдсан. Мөн тухайн моторыг өдөрт 10 цаг ажилласан талаар нотлох баримтгүй. Тухайн моторт наадмаас хойш шатахуун хийсэн гэж тайлбарласан боловч хавтас хэрэгт авагдсан 32 хуудас дансны хуулгаас зөвхөн 12 хуудас наадмаас хойш шатахуун худалдаж авсан баримт. Иймд шатахууныг автомашиндаа зориулж хийсэн үү, моторт зориулж хийсэн үү гэдэг тодорхойгүй. Амралтын баазтай ойролцоо байдаг шатахуун түгээх станцын шатахууны үнэ, хотын төвийн шатахууны үнээс 50 төгрөгөөр хямд, хэрэв моторт зориулж шатахуун авсан бол хотын төвөөс шатахуун авахгүй. Автодевелопмент ХХК-аар хийлгэсэн ажлын хөлс 28,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрчим үзүүр ХХК-аас 63,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-ид олгож, үлдсэн 10,199,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгдийн хураамжид төлсөн 533,329 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 476,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар гүйцэтгэгч ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй... гэж дүгнэсэн нь агуулгын хүрээнд үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчид 90,000,000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 54,350,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Хариуцагчаас 35,650,000 төгрөгийг гаргуулж мөн 28,000,000 төгрөгийг нэмж гаргуулсан нь үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч нь гэрээний дагуу үлдэгдэл ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөхөөр Автодевелопмент ХХК-тай тохиролцсон байсан. Анхан шатны шүүх хариуцагчаас 35,650,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт нь гэрч н.Отгонтулгын мэдүүлгээс зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Э Ү- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73,849,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Э Ү- ХХК нь Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багийн Баяндавааны ард хийгдэх 35/0,4 к.в, 250 к.в дэд өртөө ЦДАШ-ийг модон анкераар хийх ажлын зураг угсралтыг гүйцэтгэх, захиалагч Г.Д- нь ажлын хөлс 110,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Э Ү- ХХК-д ажил хөлс 110,000,000 төгрөг төлөхөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 70,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК, Голомт банк ХХК, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн маягтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх-5-6/

Гүйцэтгэгч Э Ү- ХХК нь гэрээний зүйлийг гүйцэтгээгүйгээс захиалагч Г.Д- нь Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард хийгдэх 35/0,4 к.в, 250 к.в дэд өртөө ЦДАШ-ийг модон анкераар хийх ажлын зураг угсралтыг гүйцэтгэх ажлыг Автодевеломент ХХК-аар гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 28,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, эрчим хүчний ажил гүйцэтгэх гэрээ,Автодевеломэнт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон. /хх-9-14, 101/

Хариуцагч нь Автодевелопмент ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь өөрийнх нь хийсэн 90,000,000 төгрөгийн ажилд багтсан тул 28,000,000 төгрөгийг нэмж гаргуулах үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан боловч хэрэгт Автодевелопмент ХХК-ийн захирал С.Отгонтулгын ... 28,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж авсан... гэх баримт байна. Тэгэхээр Автодевелопмент ХХК нь хариуцагч Э Ү- ХХК-ийн өмнөөс ажил гүйцэтгэсэн буюу дээрх баримтыг хариуцагчийн ажлын хөлсний урьдчилгаанд авсан 90,000,000 төгрөгт тооцогдсон баримт гэж үзэхгүй. /хх-101/

Иймд нэхэмжлэгч Г.Д- нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар Автодевеломэнт ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 28,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.Д-оос хариуцагч Э Ү- ХХК-д шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс 54,350,000 төгрөгийг материалд зарцуулсан гэх тус компанийн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул 90,000,000 төгрөгөөс хариуцагчийн материалын зардалд гаргасан 54,350,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 35,650,000 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн төлөх нийт үүргийг тооцож үзэхэд, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс материалд зарцуулсан 54,350,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 35,650,000 төгрөг, нэхэмжлэгчээс Автодевеломент ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 28,000,000 төгрөг, нийт 63,650,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймээс анхан шатны шүүх хариуцагч Э Ү- ХХК-аас 63,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,199,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч Э Ү- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын үлдэгдлийг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөхөөр Автодевеломент ХХК-тай тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 476,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА