Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00171

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1747 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

Эрчимт үзүүр ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 73,849,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******оос******* ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-нээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийн зөрүү, хохиролд нийт 73,849,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...хавтаст хэрэгт мотор худалдаж авсан болон моторт шатахуун хийсэн, моторыг өдөрт 10 цаг ажиллуулсан талаарх баримт байхгүй, ...өөр компаниар хийлгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 63,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, үлдсэн 10,199,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1747 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтанд бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт ...анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хариуцагч тал 54,350,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэдэг дээр талууд маргаагүй. Иймээс үлдэх 35,650,000 төгрөгийн маргааны асуудал яригдах ёстой байтал 35,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа давхар нэхэмжлэгч ******* болон Авто девелопмент ХХК-ийн хооронд байгуулагдсан хариуцагчид огт хамааралгүй мөнгө болох ажлын хөлсний төлбөр 28,000,000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.01.31-ний өдрийн 001/ШХТ2022/00139 дүгээр тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:******* ХХК-тай 2020.05.19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Эрдэнэ сум, Баяндавааны ард өөрийн эзэмшлийн газарт эрчим хүчний эх үүсвэр татуулахаар 110,000,000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан, урьдчилгаанд 90,000,000 төгрөгийг өгсөн боловч 2ш шон босгоод алга болсон, аргагүйн эрхэнд өөр компанитай гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлж байна. ...тус компани ажил хийж зардал гаргасан гэдэг боловч ямар ажил хийсэн нь тодорхой бус, ...талбайд 54,350,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаа мөнгөний зөрүү 35,650,000 төгрөг, гуравдагч этгээдээр ажил гүйцэтгүүлсний зардал 28,000,000 төгрөг, аргагүйн эрхэнд бага оврын цахилгаан үүсгүүр худалдаж авсан үнэ 3,500,000 төгрөг, тус үүсгүүрт зарцуулсан түлшний үнэ 6,699,000 төгрөг, нийт 73,849,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, гуравдагч этгээдэд ажлын хөлс өгсөн болон мотор худалдаж авсан баримтгүй, моторыг өдөрт 10 цаг ажиллуулж, тэр хэмжээний түлш хэрэглэснийг нотлоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, захиалагч урьдчилгаа 90,000,000 төгрөгийг өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг дуусгавар болгоогүй үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж, энэ хугацаанд гүйцэтгэсэн ажилд 54,350,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон тул зөрүү 35,650,000 төгрөгийг, гуравдагч этгээдээр ажил гүйцэтгүүлсний хөлс 28,000,000 төгрөгийн хамт нийт 63,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

9. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д тус тус зохицуулсан.

 

Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах үндэслэлийг заасан байх бөгөөд 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

10. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2020.05.19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гүйцэтгэгч******* ХХК эрчим хүчний эх үүсвэр татах угсралтын ажлыг ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш ажлын 14 хоногт гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, удаа дараа шаардсан боловч ажлыг орхиж явсан тул захиалагч гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлж, гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нэхэмжилсэн үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гүйцэтгэгч ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэрээний урьдчилгаанд өгсөн хөлсний зөрүү төлбөрийг буцаан гаргуулсан атлаа хариуцагчид огт хамааралгүй, захиалагчийн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын зардлыг хохиролд тооцож гаргуулсан нь үндэслэлгүй... гэжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч ажлын урьдчилгаа хөлсөнд 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 54,350,000 төгрөгийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул үлдэгдэл 35,650,000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв. Харин ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн Авто девелопмент ХХК-ийн ажлын хөлс 28,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д тус тус нийцээгүй байна.

 

Тухайлбал, захиалагч эрчим хүчний эх үүсвэр татах угсралтын ажлыг 110,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, урьдчилгаа 90,000,000 төгрөг өгснөөс 54,350,000 төгрөгийн ажлыг хариуцагч гүйцэтгэсэн тул үлдэх 35,650,000 төгрөгийг буцаан авахаар шаардлага гаргасан, улмаар ажлыг үргэлжлүүлэн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж дуусгахдаа 28,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй, гэрээг цуцалсан тул энэ нь хариуцагчид хамааралгүй, нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгүүлсэн ажлын хөлсөд төлсөн төлбөр байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3.-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн 54,350,000 төгрөгтэй дүйцэхүйц буюу нэхэмжлэгчийн хүлээн авсан ажилд ямар нэг гэмтэл, доголдол гарч, нэхэмжлэгчид эд хөрөнгийн алдагдал гарсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь доголдолтой ажлыг дахин гүйцэтгүүлсэн тухай бус угсралтын ажлыг дутуу гүйцэтгэснээс үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгавар болгосныг гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж үзэж, хохиролд тооцох боломжгүй.

 

Иймд шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс гуравдагч этгээдэд төлсөн 28,000,000 төгрөгийг хасч тооцохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардах авах эрхтэй... гэж, 44.3.-т зааснаар шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээдэд хүсвэл буцаан өгч болно, харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.02-ны өдрийн 101/ШШ2021/00412 дугаартай С.Дашдоржийн нэхэмжлэлтэй Б.Сэргэлэнд холбогдох иргэний хэргийг тус шүүхээс нотлох баримтаар гаргуулж, хэрэгт эхээр нь хавсаргасан байна.

 

Дээрх хэргийг 2021.04.27-ны өдөр Архивын хадгаламжийн нэгжид бүртгэж авсан, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т зааснаар архивын хадгаламжийн нэгж байх тул анхан шатны шүүх дээрх хэргээс хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуулбарлан авч, хэргийг гаргаж өгсөн этгээдэд буцааж өгөх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1747 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02624 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...63,650,000... гэснийг ...35,650,000... гэж, ...10,199,000... гэснийг ...38,199,000.. гэж, 2 дахь заалтын ...476,200... гэснийг ...336,200... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч******* ХХК-иас 2022.01.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД