Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00069

 

И.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00851/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 933 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан,

             Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч И.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаар шийдвэрээр И.Жаргалсайхан надаас 15.000.000 төгрөгийг гаргуулж, П.Ганбатад олгохоор шүүхийн шийдвэр гаргасан.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулан миний нэр дээр бүртгэлтэй байр болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 87 тоот 2 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хураан авсан тогтоол үйлдсэн. Энэ байр нь ХААН банкны зээлийн барьцаанд байдаг талаар шийдвэр гүйцэтгэгч Б.Хишигжаргалд хэлсэн боловч тэр хамаагүй гарын үсгээ зур гэж загнасан учраас зурсан. Дараа нь дуудан очиход ажлынхаа гадаа нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан, юун дээр зурснаа ойлгоогүй, надад миний байрыг аль компаниар хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний тайлангийн хувийг ч өгөөгүй. Гэтэл 4 хоногийн өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрт шуудангаар албан бичиг ирсэн байна.

Энэ албан бичигт миний шинэ хороололд байрлалтай 2 өрөө байрыг 61.662.613 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах болсон талаар бичсэн байна. Албан бичигт дурдсан үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хавсаргав гэсэн боловч өнөөдрийг хүртэл хувийг хүлээн аваагүй болно.

Байрны зах зээлийн ханш өсч хотын төвд байрлалтай манайх шиг байр 80, 90 сая төгрөгөөр зарахаар зарын группууд дээр байхад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгон дахин шинжээч томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3535 дугаар шийдвэрээр Ишдамбын Жаргалсайханаас 2.833.673 төгрөгийг гаргуулж Аудитын газарт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаар шийдвэрээр 15.000.000 төгрөгийг гаргуулж П.Ганбатад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч И.Жаргалсайхан нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны, 87 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005153 дугаартай 28.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15070293/07 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан.

Төлбөр төлөгч иргэн И.Жаргалсайхан нь хураасан хөрөнгийг 60.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас үнэлгээ өгөхөөс татгалзсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/09 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

Ашид билгүүн ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 61.662.613 төгрөгөөр тогтоосон талаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр авагч Аудитын газар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч И.Жаргалсайханд тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан.

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Жаргалсайханы хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-521-1437 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3032 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 933 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

И.Жаргалсайхан надаас 15.000.000 төгрөгийг гаргуулж П.Ганболдод олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 20-р байрны 87 тоот 2 өрөөг битүүмжлэн хураан авч, шинжээчээр үнэлүүлэхэд 61.662.613 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаарх үнэлгээний тайланг өнөөдрийг хүртэл И.Жаргалсайхан надад танилцуулаагүй, хувийг гардуулан өгөөгүй хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үндэс болгон Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх ёстой байтал зөвхөн хариуцагч талын тайлбараар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-521-1437 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцүүлэн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шинжээч нь хуульд заасны дагуу дүгнэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-521-1437 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө., 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар хавтаст хэргийн 42 дугаар тал авагдсан нотлох баримтаас үзэхэд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан нь шүүх хуралдаан дээр гаргасан гомдлын үндэслэлдээ ...надад миний байрыг аль компаниар хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар тайлбарлаж өгөөгүй, үнэлгээний тайлангийн хувийг ч өгөөгүй. Гэтэл 4 хоногийн өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрт шуудангаар албан бичиг ирсэн байна. Энэ албан бичигт миний шинэ хороололд байрлалтай 2 өрөө байрыг 61,662,613 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах болсон талаар бичсэн байна. Албан бичигт дурдсан үнэлгээний тайлан, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хавсаргав гэсэн боловч өнөөдрийг хүртэл хувийг хүлээн аваагүй болно. Байрны зах зээлийн ханш өсч хотын төвд байрлалтай манай шиг байр 80, 90 сая төгрөгөөр зарахаар зарын группууд дээр байхад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна... гэсэн байх боловч тэрээр энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хавтаст хэргийн 4-5 дугаар талд авагдсан нотлох баримтаас үзэхэд буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч И.Жаргалсайхан шинжээч үл хөдлөх хөрөнгийг 61.662.613 төгрөгөөр үнэлсэн боловч үнэлгээний тайланг танилцуулаагүй, хувийг гардуулан өгөөгүй хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шийдвэр гүйцэтгэгчийг үнэлгээний тайланг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гардуулаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч И.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нь Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.АМАРСАНАА

                                                                                              ШҮҮГЧ                              М.МӨНХДАВАА

                                                                                              ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ