Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 697

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, тоот хашаа бүхий газрыг 2001 онд иргэн Ц.Оаас худалдан авч 2003 онд уг хашааны нэг хэсгийг бусдад худалдан шилжүүлж үлдэх хэсэг буюу 290 м.кв хашааг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч түүнээс хойш өөрийн эзэмшилд эзэмшин байгаа билээ. 

Гэтэл хашаанд маань 2002 онд иргэн Р.Гийнх дур мэдэн буусан байсан бөгөөд эхний үед эзэнгүй байхаар хашаа харж бай гэж зөвшөөрсөн. 2009 оноос хашаа чөлөөлж өгөхийг шаардаж, улмаар хашааг маань чөлөөлж өгөхгүй байсан тул Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2010 онд Р.Гийг миний эзэмшлийн хашааг чөлөөлүүлэх шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад Р.Г, түүний эхнэр С.Л, түүний хамаатан гэх Т.Б******* нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дагуу 2012 онд танай шүүх миний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр эрхийн акт гартал түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

Би Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гарган манай газрыг хариуцсан газрын байцаагч газар дээр очин үзэхэд Р.Г амьдрахаа больсон, түүний эхнэр Л нас барсан, Т.Б******* нь одоо манайх нүүх гэж байгаа гэж байсан ба хорооны бүртгэлд Т.Б******* нь хорооны өрхийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй, өрхийн бүртгэлийн картаа нээгээгүй амьдардаг, миний газрын төлбөр төлсөн байдал зэргийг шалгаж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/590 тоот захирамжаар миний нэр дээр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм. 

Баянзүрх дүүргийн газрын албанаас 2015 оны намар дуудахад нь очиход “иргэн Т.Б******* гомдол гаргасан, таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.Б*******д уг газрыг олгоно” гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр Т.Б*******д олгохоор шийдвэрлээгүй шүү гэхэд шүүхийн шийдвэрийн дагуу таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Т.Б*******д олгож байна гэсэн хариу өгсний дагуу Баянзүрх дүүргийн засаг даргад гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн аваад дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдлоо гарга гэсэн хариуг өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээд шатны албан тушаалтанд гомдол гарга гэсний дагуу Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өглөө.

Баянзүрх дүүргийн засаг дарга, түүнийг төлөөлсөн түшмэдүүд миний эзэмшлийн газрыг хууль бусаар дур мэдэн дураараа эзэмшиж байгаа иргэн Т.Б*******д олгосонд нь гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн 2016.01.25-ны өдрийн А/15 5 тоот захирамжаар иргэн Т*******ийн Б*******д Баянзүрх дүүргийн 12-р хороо, жанжины А тоот 290 м.кв газрыг олгосон захирамжийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж миний нэр дээр олгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн маргаан бүхий газрыг 2001 оны 05 дугаар сард иргэн Ц.Оаас компанийн ажилчдыг байрлуулах, амьдруулах зорилгоор худалдаж авсан. Улмаар гэрчилгээгээ гаргуулаад 2001 оноос 2002 он хүртэл тухайн үед манай компанийн дэлгүүрийн худалдагч Ц, түүний нөхөр Б*******, мужаан Ц******* гэсэн 2 айл байдаг байсан. 

2001 оноос 2002 оны хавар хүртэл амьдарч байгаад ажлаас татгалзсан шалтгаанаар нүүсэн. Нүүсний дараа 10-аад хоног хашаа эзэнгүй байсан. Сүхбаатар аймгаас нүүж ирсэн айл буучихлаа гэсэн мэдээллийн дагуу би яваад очсон. Очиход дөнгөж гэрээ буулгаж байхад Р.Гтэй тааралдсан. 

Учрыг лавлатал манай Сүхбаатарын нутгийн нэг хүн 12-р хороонд ажилладаг, надад эзэнгүй хашаа байна гэж зааж өгсөн. Үүний дагуу нүүж ирлээ, хэрэв нүү гэвэл нүүлээ эхнэр, нялх хүүхдүүдтэй гээд зовлонгоо ярихад нь за яахав нэгэнт буусан юм чинь хашаа сайн харж байгаарай, гэрээ барьчих гээд эхнэр хүүхдүүдтэй нь танилцаж байсан. Удалгүй Р.Г ажил төрөл байхгүй гэхэд нь ажилд авсан, эхлээд харуул дараа нь галч болгож байсан, мөн том хүүг нь ажилд авч байсан. Ингээд ажил амьдралтай болголоо хэмээн баярлаж талархсанаа илэрхийлээд захиа хүртэл бичиж байсан. 

2002 онд Өвөрхангайгаас Ц.Б*******ыг мөн галч манаачаар ажилд аваад, ажилчид хөдөө орон нутгаас ирдэг байсан учраас би хашаандаа буулгасан. Р.Г, Ц.Б******* нар 2002 оноос 2006 он хүртэл эднийх байсан дараа нь нүүсэн. Энэ хооронд Р.Г манайд ажилласаар байсан. Сүхбаатараас анх нүүж ирэхдээ Газ-53 гэдэг машинтай ирсэн байсан. Тухайн үед машинийх нь мотор нь цохьчихсон, дугуй нь байхгүй тул би өөрөөсөө мөнгө гаргаж машиныг нь засуулж өгөөд, 120.000 төгрөгийг компанийн зардлаас гаргаж  өөрийг нь жолооны курст суулгасан. 

Галч, манаач хийж байсан одооноос компанийн нүүрсэнд яв, цалинг чинь нэмнэ гэж нэмээд, удалгүй машинаа эвдэлсэн. Удалгүй манай компаниас гараад жолооны багш хийж эхэлсэн. Таныг хэзээ нүү гэсэн цагт чинь бид нүүнэ гэж ярьдаг байсан. 

2006 онд тэр газраа шилжүүлэх гэтэл манайх удаан хугацаагаар энд амьдарсан, хувийн кадастрын зураг хийлгэсэн, иргэн Р.Гийн гэсэн ямар ч тоот тэмдэг байхгүй бичиг үзүүлээд манайх болсон гэж хэлсэн. Мөн эхнэр нь одоо манай газар болсон гэж яриад байсан, замд явж байхад Р.Гийн машин эвдрээд зогсож байхад нь танай эхнэр ийм юм яриад байна гэж хэлтэл манай эхнэр тийм юм ярих ёсгүй гэж хэлж байснаа дараа нь гэрт нь очиход би мэдэхгүй манай эхнэр мэднэ гэж байсан. Удалгүй энэ маргаан болоод шүүхээр олон жил явж байгаа. Энэ хашаанд хэн ч буугаагүй байсан бид анх буусан гэж яриад байдаг.

 1000 м.кв газартай түүнээсээ хүмүүст зараад байдаг гэж яриад байдаг. Би анх хашаагаа аваад талыг нь өөр хүний нэр дээр шилжүүлсэн юм. Газраа шилжүүлэхдээ талыг нь шилжүүлсэн. Нөгөө айл тэр газрыг авсны дараа хашаагаа сунгуулаад өргөжүүлсэн байсан. 2013 онд шүүхэд намайг 1000 гаруй метр газар эзэмшдэг, тэрийгээ зардаг мэтээр яриад байсан. Иргэн хүн 0.07 га газар эзэмших ёстой гэтэл энэ хүн 1000 м.кв газартай гэх мэтээр ярьж байсан. Анх тэр газар 2002 оноос хойш Т.Б*******, С.Л, Р.Г гэдэг хүмүүс амьдарсаар ирсэн гэдгийг мэдүүлээд байгаа. 2001 оноос 2002 он хүртэл манай худалдагч, мужаан гэх айлууд амьдарч байгаад 2002 онд хашаа түр эзэнгүй байсан хойгуур Гийнх буугаад, буусны дараа манайх Б*******ыг буулгаад 2006 он хүртэл хамт амьдардаг байсан. 

Дараа нь анхнаасаа миний газар гэж ямар ч үндэслэлгүй зүйл яриад байгаа юм. Нэг хүний газар буучихаад хашааг нь харж байсан хүн маань олон жил амьдарсан гэдгээрээ түрий барьдаг юм уу энийг мэдэх хүмүүс байхгүй байна. Манай галч, өмгөөлөгч мэднэ. Ингэж хүний юмыг зүгээр булаагаад авчихаж болдог юм болов уу гээд би гайхаад байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шүүгээд өгөөрэй гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд тайлбараа гаргасантай холбогдуулж нэмж хэлэх тайлбар байна. Манай нэхэмжлэгч тайлбарыг дутуу гаргасан байсан. Б.Б 2001 онд зохих байгууллагад нь хүсэлтээ гаргаад үүний дагуу эзэмшиж байсан үүнийгээ тодорхойллоо. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан 2003 онд тус газрынхаа 60 хувийг бусдад шилжүүлсэн байсан. Өөртөө үлдсэн хэсэг газраа авч үлдэж 2003 онд Р.Г, С.Л нар гэр бүлээрээ амьдарч байсан. 2005 онд Т.Б******* бол нүүж ирээгүй байсан. 2009 онд сунгуулж авсан энэ үеэс би Б.Бгийн газрын тухай энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. 

Энэ үед маргаан бүхий газарт очиход Р.Г, хүүхэд Г.Мөнхбаяр гэсэн 2 айл байсан. 2009 онд шүүхэд өгөх гэтэл гэрчилгээний хугацаа дуусаж байсан тул гэрчилгээгээ сунгуулж хөөцөлдөөд 2010 онд шүүхэд өгөх гэтэл Т.Б*******гийн гэр дээр бүртгэгдчихсэн байсан. 2010 оны 05 дугаар сарын 22-нд 992 тоот шийдвэрээр Р.Гийг газар чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх гэж байх үед одоо хүйтэн болчихлоо дараа нүүе хавар болгож өгөөч гэж гуйгаад хойшлогдоод байсан. 

Зоригтбаатар шүүгчийн үед энэ хэргийн материалтай танилцаж байсан, тэгэхэд Р.Г гэж хүн хороон дээр ямар ч бүртгэлгүй эхнэр хүүхэд нь ямрыг мэдэхгүй байна. Хороон дээр яваад очтол энэ айлуудыг явуулаач архи их ууж хог их тариад байна гэж хэлж байсан. Энэ бүгд өмнөх хэргийн хавтаст байна. 

Гэтэл Б.Бг хуурамч бичиг баримт бүрдүүлээд авсан юм шиг яриад байна. Яагаад 2001 оноос газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хүнийг ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Газрын тухай хуульд заасан байна. Газрыг зөвхөн гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ, гэрчилгээгүй хүн уг газрын эзэмших, ашиглахыг хориглоно гэж заасан байтал хуулиас гадуур юм яриад байна. Гэтэл Т.Б******* энэ газрыг авах гэж удаа дараа өргөдөл өгч байсан гэж байна нотлох баримтанд байхгүй харин Р.Г нэг ч удаа өргөдөл өгч байгаагүй. 

Одоо тэр нь хаана байна хавтаст хэрэгт нэг ч нотлох баримтаар ороогүй байсан. Мөн өөрсдийнх нь газар байсан юм бол яагаад газрын төлбөрөө өгөөгүй юм. Б.Б л өгч байсан. Хэрэв хүчээр нүүлгэвэл нүүлгэх л байсан. Б.Б нүүлгэх үү гэж асуухад нь хэрэггүй хэрэгт орно гэж болиулж байсан. Мөн Захиргааны байгууллага муухай үйлдэл гаргасан тул аргагүйн эрхэнд Авилгатай тэмцэх газарт өгсөн нь захиргааны байгууллагын ажиллагаа эргэлзээтэй байсан тул яалт ч үгүй өгсөн. Одоо ингээд энэ дээр дөрөөлж худлаа яриад байна. 13 жилийн өмнөөс Б.Б тухайн газрыг авахад 0,5 га байсныг хуваасаар 290 м.кв болсон байдаг гэтэл одоо болтол 1000 м.кв гаруй гэж гүтгээд байгаа юм. 2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр 2004 онд Б.Бд олгосон захиргааны акт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байгаа. Сүүлдээ энэ газраа зараач гэхэд за тэгвэл мөнгөө төлөөд ав гэсэн дараа нь дээрэлхэж доромжилж эхэлсэн.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Газрын албанд хүсэлт гарган улмаар манай газрыг хариуцсан газрын байцаагч газар дээр нь очиж үзэхэд Р.Г амьдрахаа больсон, түүний эхнэр С.Л нас барсан, Т.Б******* нь манайх нүүх гэж байгаа гэж байсан ба улмаар хорооны бүртгэлд Т.Б******* нь албан ёсоор бүртгүүлээгүй, өрхийн бүртгэлийн картаа нээгээгүй амьдардаг, миний газрын төлбөр төлсөн байдал зэргийг шалгаж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А/590 тоот захирамжаар миний нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга миний эзэмшлийн газрыг хууль бусаар дур мэдэн эзэмшиж байгаа иргэн Т.Б*******д олгосонд гомдолтой байна” гэжээ.

Дүүргийн Засаг даргын 2004 оны 02 дугаар захирамжаар 12 дугаар хороо, ******* тоотыг иргэн Б.Бд олгосон газар эзэмших эрхийг 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 тоот захирамжаар сунгасан байна. Иргэн Р.Г, С.Л, Т.Б******* нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2012 оны 0475 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Гэтэл иргэн Б.Б нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шүүхээр маргаж байсан газрыг газар эзэмших эрхийн хугацаа дууссан хэмээн өргөдөл гаргаж дүүргийн Засаг даргын 2014 оны А/590 дүгээр захирамжаар сунгуулсан байна.

Иргэн Т*******ийн Б******* нь маргаан бүхий газарт он удаан жил гэр барин амьдарсан байдаг ба тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэж өргөдөл ирүүлсэн байдаг. Өргөдлийг судалж, газар дээр үзлэг хийж, хорооны өрхийн бүртгэлийг шалгаж, нэхэмжлэгч иргэн Р.Г нь өөрөө маргаан бүхий газрыг эзэмшихээс татгалзсан, С.Л нь нас барсан бөгөөд Т.Б*******гийн газар эзэмших хүсэл зориг, иргэн Б.Б нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 0475 дугаар шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэнд иргэн Б.Бгийн газар эзэмших эрхийг сунгасан 2014 оны А/590 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар иргэн Т.Б*******д 12 дугаар хороо, 28 дугаар гудамж, 290 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сая нэхэмжлэлийг үндэслэлгүй ярьсан тул хариу тайлбар хэлэхэд 2004 оны 2 дугаар захирамжаар 12 дугаар хороо жанжны 27Б тоот иргэн Б.Бд олгогдсон газар эзэмших эрхийг 2009 оны 321 тоот захирамжаар дахин сунгасан байгаа. 

Иргэн Р.Г, С.Л, Т.Б******* нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн 0475, давж заалдах шүүхийн 2014 оны 44 дүгээр магадлалаар маргаан бүхий акт болох 2009 оны 321 дүгээр захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл иргэн Б.Б 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр дүүргийн өмч харилцааны албанд шүүхээр маргаж байсан маргаантай газрыг газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэж өргөдөл гаргаад Дүүргийн Засаг даргын 2014 оны 501 дүгээр захирамжаар сунгуулсан нөхцөл байдал байгаа. 

Гуравдагч этгээд Т.Б******* нь удаа дараа өргөдөл гаргаж байсан мөн нэхэмжлэгч өргөдөл гаргаад явж байсан. Энэ нөхцөл байдлыг үзээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой юм байна гэдэг үүднээс энэ байдлыг судлаад газарт нь очиж үзлэг хийгээд, шалгаад шүүхийн шийдвэрт дурьдсан нөхцөл байдлыг үзсэн. Тэгсэний үндсэнд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А527 дугаар захирамжаар хугацаа сунгасан байсан 2014 оны 590 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгоод шүүхийн шийдвэрийг харгалзаж үзээд 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б*******д маргаан бүхий 290 м.кв газрыг 10 жилийн хугацаатай олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж тул нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Т*******ийн Б******* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо А тоотод 2002 оноос эхлэн амьдарч байгаа нь үнэн билээ. 2002 онд Сүхбаатар аймгаас нүүж ирээд хоосон байсан тус газарт хороон даргаар заалгаж буусан. Гэтэл Б.Б нь 2009 онд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж миний газар гэж маргаж эхэлсэн. Б.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо тоот хаяг бүхий газрыг 2001 оноос худалдан авсан гэдэг бөгөөд уг газраа хувааж зохих хүмүүст худалдсан байдаг бөгөөд тэр зарагдсан газрууд нь нийлээд 1157 м.кв газар төдийгүй тухайн үеийн хуулиас даруй хоёр дахин их газар эзэмшиж, зарсан байдаг. Ийм байтал огт тэр газраа амьдарч байгаагүй Б.Б нь уг газар амьдардаг гэсэн хууль бус худал тодорхойлолт гаргуулан авч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. 

Оршин суугч Р.Г /хүргэн ах/, төрсөн эгч С.Л, Т.Б******* нар нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж 2012 оны 11 дүгээр сарын 22-нд дугаар 0475 бүхий шийдвэрээр Б.Бгийн хууль бусаар авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож түдгэлзүүлсэн байдаг. Б.Б нь давж заалдах шатны шүүхэд хандаж уг хурлаар тухайн шийдвэр хэвээр үлдсэн байдаг. 

Биднийг бичиг баримтаа бүрдүүлж өгөх явцад эгч С.Л нас барж саатал гарч байх хугацаанд Б.Басягалан нь шүүхийн шийдвэр гарсаар байтал нуун дарагдуулж Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд түдгэлзүүлсэн гэрчилгээгээ хугацаа нь дуусаж байна гэсэн тайлбар гаргаад дахин сунгуулсан байдаг. 

Бид Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж дээрх байдлыг мэдсэн бөгөөд зохих шатны байгууллагад хандаж хууль бус, хуурмаг аргаар сунгуулсныг тогтоож, дахин газрыг хариуцсан байцаагч хоёр талын хүмүүс очиж газартай танилцаж, уг газар дээр амьдардаг хүмүүсийн бүртгэл зэргийг үзэж Баянзүрх дүүргийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 тоот захирамжаар Т.Б*******гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Иймд танай шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны 0475 шийдвэрийн биелэлтийг хянан үзэж уг газар огт амьдарч байгаагүй Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ярьсаны дагуу 2002 онд Р.Г, Т.Б*******, С.Л гэсэн хүмүүс буусан, хоосон хашаа гэж хэлээд байгаа газарт хорооны дарга зааж өгснөөр буусан байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан 2012 оны 11 сард Захиргааны шүүхээр шийдэгдээд, судлаад үзэхэд Б.Б гэдэг хүнд 1000 м.кв гаруй газар байна гэж үзээд, шинэ акт гартал түдгэлзүүлээд Б.Бгийн 2009 онд авсан эзэмших гэрчилгээг цуцалсан байгаа. Нэхэмжлэлийн дагуу ярихад 2012 оны 11 дүгээр сарын 12-нд шийдвэр гарсан 2013 оны 1 дүгээр сарын 24-нд давж заалдаад шийдвэр эцэслэн гарсан. 

Дараа нь өмнөх өмгөөлөгчийн төлбөр төлөөсийг төлж чадахгүй болсон гээд 2014 оноос эхлээд Т.Б******* надад хүсэлт тавиад энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд шийдвэрийн дагуу бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байтал яг эцсийн шийдвэр гарах үед 2014 онд Б.Б гэж хүн сунгуулаад авсан байна гэж хэлж байсан. Тэр шүүхийн шийдвэрийг гарсаныг мэдсээр байж давж заалдаад шүүхийн шийдвэрийг нуугаад зүгээр газраа сунгуулъя гээд түдгэлзүүлсэн байсан гэрчилгээг авч очоод сунгуулсан байсан. Тэгээд энэ маргааныг дахиад эхнээс нь явж эхэлсэн. Би Засаг даргаас болон хорооны дарга лавлаж судлахад 2016 оны 15 тоотоор Т.Б******* гэдэг хүн дээр захирамж гарсан байгаа. Мөн намайг Баянзүрх дүүргийн Засаг даргын газрын мэргэжилтнүүдтэй намайг холбоотой гэж Авилгатай тэмцэх газарт шалгуулж байсан. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Баягалан нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар иргэн Т.Б*******д Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжины А тоот 290м2 газрыг олгосон захирамжийг  хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж миний нэр дээр олгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчээс “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Т.Б*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргаас миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Л.Б*******д миний эзэмшлийн газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргажээ. 

Маргаан бүхий акт буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамж /хх 6, 42, 104/-аар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалыг үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 28-725а тоот хаяг бүхий 290 м.кв маргаан бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар Т.Б*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 18******* нэгж талбарын дугаар бүхий газарт 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 105/-г 5 жилийн хугацаатай олгож, гэрээ /хх 105/ байгуулжээ. 

Мөн түүнчлэн маргаан бүхий актаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр захирамж /хх 26/-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунган баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нэхэмжлэгч Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгээр “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр Б.Бд 290м2 газрыг эзэмшүүлсэн хэсэг, Б.Бгийн нэр дээр 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон 02*******тоот газар эзэмших гэрчилгээг дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлэн...” шийдвэрлэжээ /хх 82-83/. 

Энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлал /хх 83-86/-аар  хэвээр үлджээ. 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 475 шийдвэрийн Үндэслэх хэсэг /хх 81, 82/-т:

-“...Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа иргэн Б.Б нь маргаан бүхий газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот захирамжаар 192м2 газрыг эзэмших эрхтэй гэх боловч энэ газар нь уг хашаа бүхий газрын аль хэсэгт байрлаж байгаа зэрэг нь тодорхойгүй, тухайн газарт нь нэхэмжлэгч нар буюу өөр этгээд амьдарч байсан, газрын мэдээллийн санд газрын хэмжээ нь 290 м2 -аар иргэн Р.Гийн нэр дээр бүртгэлтэй байхад дээрх асуудлыг нягтлан шалгалгүйгээр Б.Бд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчим болон мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн тул хариуцагчийг буруутгах үндэслэлтэй байна...”, 

-“...2004 онд Б.Бд 192м2 газар эзэмших эрх үүссэнтэй холбогдуулан хаана ямар байршил бүхий газарт /тойм зураг кадастрын зураг зэргээр/ хэрхэн газар эзэмших эрхтэй болохыг тодорхойлж гаргасны үндсэн дээр үлдэх хэсэгт нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбогдох асуудлыг Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байна.”

-“...2002 оны Газрын тухай хууль шинэчлэн найруулагдаж, хууль мөрдөгдөж эхэлснээр тооцвол хашааны хэмжээ 1157м2 газраас 700 м2 газрыг эзэмших ёстой гэж үзэж хасвал 457 м2 газар нь эзэмших эрхийн талаарх асуудлыг тодорхойлж шийдвэрлэх шаардлагатай болж байна. Иймд хариуцагч нь маргаан бүхий газар ямар учраас нэхэмжлэгч Р.Гийн нэр дээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн, Б.Бгийн эзэмших эрх бүхий 192м2 газар нь хаана байрлаж байсан зэргээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул дахин шинэ акт гартал уг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр 290м2 газрыг эзэмшүүлсэн хэсэг, Б.Бгийн нэр дээр 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон 02*******тоот газар эзэмших гэрчилгээг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.”  гэж, 

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд /хх 85/:

“...маргаан бүхий 290 м.кв газар нь ямар учраас 2006 онд Р.Гийн нэрээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн, Б.Бд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот захирамжаар олгогдсон 192м.кв газар нь уг хашаа бүхий газрын аль хэсэгт байрлаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна. Захиргааны байгууллага нь гаргасан шийдвэрийнхээ үр дагаварыг өөрөө хариуцах үүрэгтэй учраас дээрх нөхцөл байдлуудыг тодруулан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн газар дээрх асуудлыг дахин шийдвэрлэж, шинэ акт гаргах хүртэлх хугацаанд холбогдох маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэж тус тус дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлээс үзэхэд өнөөдрийн маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлэсэн нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч Б.Бгийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Т.Б*******д уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх талаар шийдвэрлээгүй гэдэг нь тогтоогдож байна. 

Харин шүүхийн шийдвэр, магадлалаар “маргаан бүхий 290 м.кв газар нь ямар учраас 2006 онд Р.Гийн нэрээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн болон Б.Бд олгогдсон 192м.кв газар нь маргаан бүхий газрын хаана, ямар байршилд буюу аль хэсэгт байрлаж байгааг тодруулах”, “эдгээр байдлыг тодруулсны үндсэн дээр Б.Б ямар байршил, хэрхэн газар эзэмших эрхтэй болохыг тодорхойлж, үлдэх хэсэгт Л.Г нарын газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэх”-ээр заажээ.

Гэтэл энэхүү нөхцөл байдлыг хариуцагчаас тодруулаагүй гэдэг нь хариуцагчийн  “...Т*******ийн Б******* нь маргаан бүхий газарт он удаан жил гэр барин амьдарсан байдаг ба тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэж өргөдөл ирүүлсэн байдаг. Өргөдлийг судалж, газар дээр үзлэг хийж, хорооны өрхийн бүртгэлийг шалгаж, нэхэмжлэгч иргэн Р.Г нь өөрөө маргаан бүхий газрыг эзэмшихээс татгалзсан, С.Л нь нас барсан бөгөөд Т.Б*******гийн газар эзэмших хүсэл зориг, иргэн Б.Б нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 0475 дугаар шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзсэний ...Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар иргэн Т.Б*******д 12 дугаар хороо, 28 дугаар гудамж, 290 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 

Тодруулбал, хариуцагчаас шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан “маргаан бүхий 290 м.кв газар нь ямар учраас 2006 онд Р.Гийн нэрээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн болон Б.Бд олгогдсон 192м.кв газар нь маргаан бүхий газрын хаана, ямар байршилд буюу аль хэсэгт байрлаж байгааг тодруулах” зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй, хэргийн нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй атлаа гуравдагч этгээд Т.Б*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, нэхэмжлэгч Б.Бд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим болох газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчжээ. 

Түүнчлэн хариуцагчаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 475 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тэдгээрт дурдсанаар биелүүлээгүй, тухайлан хэлбэл энэхүү шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх  үүрэгтэй.”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг хариуцагч зөрчжээ.

Дээр дурдсанаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 захирамж нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар иргэн Т.Б*******д Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжины А тоот 290 м2 газрыг олгосон захирамжийг хүчингүй болгож” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэжээ. 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 475 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Бгийн маргаж байгаа газрын эзэмших эрхтэй холбоотой нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоон, шийдвэрлэсэн учир эдгээр үйл баримтын талаар нэхэмжлэгч маргах эрхгүй байна.

Үүний учир нэхэмжлэгчийн “миний газар эзэмших эрхийг сэргээж миний нэр дээр олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн “...газар эзэмших эрхийг сэргээж миний нэр дээр олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч нь энэ шийдвэрт дурдсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тэдгээрт заасны дагуу бодитойгоор биелүүлж, мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэрт дурдсаны дагуу дахин шинээр захиргааны акт гаргах болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.САРАНГЭРЭЛ