Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0753

 

Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бямбадорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцогт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн    2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баясгалангийн “...газар эзэмших эрхийг сэргээж түүний нэр дээр олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Гуравдагч этгээд Т.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцогт давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалаар “иргэн Б.Баясгалан нь 2001 онд 1157 м.кв газрыг хашаагаар хашин эзэмшиж байсан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн /1994 он/ 28 дугаар зүйлийн 28.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0.05 га-аас илүүгүй байна” гэж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2 дахин их буюу 657 м.кв-аар илүү газрыг эзэмшин бусдад худалдан шилжүүлж байсан гэж үзэхээр байна” Мөн 2002 оны Газрын тухай хууль шинэчлэн найруулагдаж, хууль мөрдөгдөж эхэлснээр тооцвол хашааны хэмжээ 1157 м.кв газраас 700 м.кв газрыг эзэмших ёстой гэж үзэж хасвал 457 м.кв газрын эзэмших эрхийн талаарх асуудлыг тодорхойлж шийдвэрлэх шаардлагатай болж байна.

             Т.Бямбаа, С.Лхагвасүрэн, Р.Гансүх нар нь 2002 онд уг газарт ирж буухдаа хорооны Засаг даргаас газар заалган эзэнгүй буюу бусдын газар эзэмших эрх үүсээгүй газарт заалган буусан гэсэн нь нэхэмжлэл гаргах шалтгаан болсон гэж тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших хүсэлтийг газрын албанд гаргасан баримт байхгүй боловч маргаан бүхий газарт иргэн Т.Бямбаа, С.Лхагвасүрэн, Р.Гансүх нар нь 2005 оноос амьдарч байгаа нь тэдний иргэний үнэмлэхний хуулбар, хорооны Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20/94 тоот албан бичгээр иргэн Т.Бямбаа 2009 онд өрхийн дэвтэр нээлгэсэн, иргэн Р.Гансүх нь амьдардаг боловч өрхийн бүртгэлд бүртгэгдээгүй мөн маргаан бүхий 290 м.кв газар нь 2006 онд ЛД61111510 регистрийн дугаартай иргэн буюу Р.Гансүхийн нэрээр мэдээллийн санд бүртгэгдсэн талаар дурдсан газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2492 албан бичиг, гуравдагч этгээд Б.Баясгалангийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна” гэж үндэслэн тухай газрын асуудлыг дахин шийдвэрлэхийг холбогдох байгууллагад даалгасан байдаг.

             Үүний үндсэн дээр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны мэргэжилтнүүд газар дээр нь үзлэг хийж иргэн Б.Баясгаланг хуульд зааснаас илүү хэмжээтэй газар эзэмшиж байсан, Т.Бямбаа нь 2002 оноос хойш тухай газар дээр амьдарч байгааг тогтоон Т.Бямбаад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

             Иймд Т.Бямбаад 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/15 тоот захирамжаар олгогдсон 290 м.кв газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжины 27-725А тоот 290 м.кв газрыг иргэн Т.Бямбаад олгосон хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж, түүний нэр дээр олгуулахыг хүссэн” тухай шаардлагаар иргэн Б.Баясгалан нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар иргэн Т.Бямбаад тус дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар гудамж, 725а тоотод 290 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр захирамжийн Б.Баясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр магадлалаар “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр Б.Баясгаланд 290 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсэг, Б.Баясгалангийн нэр дээр 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон 0254580 тоот газар эзэмших гэрчилгээг дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрүүдийг тус тус биелүүлээгүйгээс гадна Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, гуравдагч этгээд иргэн Т.Бямбаад маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн захиргааны акт нь хууль бус юм.

Учир нь Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн магадлалаар “маргаан бүхий 290 м.кв газар нь ямар үндэслэлээр Р.Гансүхийн нэрээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн болон Б.Баясгаланд олгогдсон 192 м.кв газар нь маргаан бүхий газрын аль хэсэгт байрлаж байгааг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэлх хугацаанд холбогдох захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй”  гэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга “...Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 475 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн магадлалыг биелүүлж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамж гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэлгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг шууд гуравдагч этгээд Т.Бямбаад эзэмшүүлсэн нь иргэн Б.Баясгалангийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Баясгалангийн “газар эзэмших эрхийг сэргээж миний нэр дээр олгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.   

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                              ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                    ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                             Э.ХАЛИУНБАЯР