Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00072

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00580/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 631 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

             Хариуцагч *******д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******н давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* нь манай ангийн хүүхэд. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******д өөрийн нэр дээр орон сууцны зээлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 9 тоот 2 өрөө орон сууцыг авч өгсөн. Тус орон сууц өмчлөх гэрчилгээ миний нэр дээр байдаг. ******* байрны зээлийг 6 сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч 2020 оны 9 сараас хойш огт зээлээ төлөөгүй. Зээл миний нэр дээр гарсан учраас одоо зээлийг би төлж байгаа. Банкнаас над руу зээлээ төл гэж удаа дараа мэдэгдээд төлөхгүй бол шүүхэд хандана гэсэн. Одоо тус байранд ******* гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд *******н эзэмшлээс Дархан-Уул аймгийн 12 баг 14 хороолол 1 байрны 9 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 9 тоотыг *******ийн нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 11-нд банкны зээлээр авсан бөгөөд зээлийг чөлөөлж өгөх хугацаандаа улс төрийн шалтгаанаар Дархан-Уул аймгийн Төрийн банкны салбарын захирлын ажлаа 2016 онд өгснөөс хойш орлогогүй, ажилгүй болж зээлийг төлж чадаагүй болно. Одоо *******ийн нэр дээр байгаа зээлийн үлдэгдлийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2554 дугаар шийдвэрээр иргэн *******ээс авах 212,0 сая төгрөгөөс авч үлдэгдэлгүй болгож өгнө гэсэн байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 631 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн Ү-2003018402 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол 1 дүгээр байр 9 тоот орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 631 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч *******ийн зүгээс Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь: Миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй бөгөөд хөдөө ажлаар явж байх үед шүүх хуралдаан зарлагдаж улмаар намайг оролцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гарсанд маш их гомдолтой байна.

*******ийн нэр дээр байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг 14-р хороолол, 1-р байрны 09 тоот 2 өрөө орон сууцыг миний бие ******* өөрөө 2014 оны 12 дугаар сард Төрийн банкнаас Ипотекийн зээлээр худалдан авсан юм. Тухайн үед миний бие нь Дархан-Уул аймаг дахь Төрийн банкны салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлийн байдлын улмаас өөрөө өөртөө зээл олгох боломж байхгүй байсан. Тэгээд ангийн найз *******ийг гуйж *******ийн нэр дээр зээл гаргуулан уг байрын би өөрөө худалдан авсан юм. Гэтэл ******* нь дээрх орон сууцыг өөрийн орон сууц мэтээр хандаж, шүүхэд уг байрнаас намайг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасныг үнэхээр гайхаж байна.

Өөрөөр хэлбэл миний зээлээр худалдан авсан байрыг өөрийн нэр дээр гэдгээр ашиглаж, хууль бусаар өөрийн эзэмшилд авах гэж байгаад хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв уг байр *******ийнх байсан юм бол яагаад би гэр бүлээрээ ашиглалтад орсноос хойш одоог хүртэл энэ байранд байгаагаас ойлгогдох байх аа. Мөн уг байрыг анх худалдаж авахад миний зүгээс урьдчилгаа болон сар бүрийн төлөлтийг өөрөө төлж ирсэн.

Иймд иргэн ******* миний хууль ёсны эрх, ашиг сонирхол, өмчлөх эрхийн хөндсөн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ахин хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 631 дүгээр шийдвэр үнэн зөв гарсан зөвшөөрч байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдол үндэслэл бүхий байх тул дараах дүгнэлтийг хийж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулж өөрийн нэр дээрх зээлийг өөрөө төлж, зээлийн барьцаанд буй байрыг авахын тулд албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* маргаж буй орон сууцыг 2014 оны 12 дугаар сард Төрийн банкны зээлээр нэхэмжлэгч *******ийн нэр дээр худалдаж авсан, зээлийн гэрээ хийгдэх үед би өөрөө Төрийн банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан дээрх зээлийн гэрээ *******ийн нэр дээр хийгдсэн.

Гэрээний хугацаанд салбарын захирлын ажлаа өгснөөс хойш цалин орлогогүй болж, 2020 оны 09 дүгээр сараас хойш зээлийг төлж чадаагүй болно гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны Дархан салбартай орон сууц худалдан авах зориулалтаар, 38.640.000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулжээ. Мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Дархан сумын 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 09 тоотын 46.0 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Уг орон сууц нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2003018102 дугаарт бүртгэгдэж, 000349044 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч *******т олгогджээ.

Хэргийн бодит үйл баримтаас үзвэл:

Хэдийгээр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч *******ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бичигдсэн байх боловч маргаж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч ******* төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр дээр дурдсан шалтгаанаар нэхэмжлэгч *******ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, худалдаж авсан байх магадлалтай.

Учир нь нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 09 дүгээр сараас зээлийн төлөлт хийгдээгүй тул өөрийн нэр дээрх зээлээ өөрөө төлөн байрыг авах хүсэлтэй гэж тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлээр Иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хуулийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж зааснаар нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ямар эрх, хэрхэн зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрөө тодорхойлж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар тодорхой нөхцөл шалтгааны улмаас зээлийн болон барьцааны гэрээг *******ийн нэрээр байгуулж,Үл хөдлөх хөрөнгийг түүний нэрээр бүртгүүлсэн хэдий ч маргаж буй орон сууцны өмчлөх эрх олж авах хүсэл зориг хариуцагч *******д байсан байна.

Байрны урьдчилгаа төлбөр, болон зээлийг тодорхой хугацаанд хариуцагч ******* төлж байсан, орон сууцыг өнөө хүртэл ******* эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* шүүхэд өөрийн нэр дээр буй зээлийг төлөх, улмаар зээлийн барьцаанд буй орон сууцыг эзэмшилдээ авах гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан нь бүрэн эрхтэй өмчлөгч нь өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байна гэж ойлгогдохгүй байх агаад хариуцагч *******н банканд төлөх өрийг өөрөө төлөх агуулгатай байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, цаашид талуудын мэтгэлцэх асуудлыг тодорхой болгоогүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул дээр дурдсан хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөж, шүүхийн хамгаалалт хэрэгтэй болсон нь тодорхойгүй байна гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр шүүхэд мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон бөгөөд хариуцагчаас бичгээр авсан тайлбараас өөр ямар нэгэн бичгийн нотлох баримтгүйгээр, түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн мэтгэлцэх зарчим алдагдсан байна.

Иймд хариуцагч *******гийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                Л.АМАРСАНАА