Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2021/00076

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00901/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 945 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

           Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******аас:

Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 5-10 байр 602 тоот орон сууц нь 115 м/кв талбайтай бөгөөд 1 м/кв нь 2.400.000 төгрөг боловч өнөөгийн зах зээлийн ханш 276.000.000 төгрөгийн үнэтэй байхад хамаагүй доогуур үнэлж 178.250.000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг *******-иар гаргуулсан. Энэ үнэлгээтэй 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргаж байна.

******* нь зах зээлийн ханшнаас хамаагүй доогуур 100.000.000 төгрөгийн зөрүүтэй миний өмч болох орон сууцныг ямар ч тооцоо судалгаагүйгээр үнэлж хохироож байгаад гомдолтой байна.

Зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 10 дугаар байр 602 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2003019769 дугаартай 115.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 15070517/03 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан.

Талууд хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 21/01 тоот тогтоолоор *******-ийг шинжээчээр томилсон. ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 178,250,000 төгрөгөөр тогтоосон талаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөр авагч *******-д, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч *******т тус тус мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан.

*******-ийн шинжээч ******* нь шинжээчийн үнэлгээтэй холбоотой тайлбараа хавсралтаар ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний ******* нь эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг элэгдэл зэргийг тооцон өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Төлбөрт хураагдсан хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 10 дугаар байр 602 тоот нь 2016 оны ашиглалтад орсон барилга бөгөөд төлбөр төлөгч ******* нь гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримтад ирүүлсэн орон сууцны зах зээлийн ханш нь 2021 оны 4 дүгээр улирал, 2022 он, 2023 онд тус тус ашиглалтад орох барилгуудын мэдээллийг ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 945 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч *******-ийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай буюу Дархан сум 10 дугаар баг 5-10 дугаар байр 602 тоот 115 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 178.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

1. Шүүхийн шийдвэрт ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотолж чадаагүй байна гэжээ. Одоо барилгын материал үнэтэй болсон цагт миний өмчлөлийн орон сууц 280.000.000 төгрөгийн үнэ ханштай болсон байхад үнэлгээчин 100 сая төгрөгийн зөрүүтэйгээр миний хөрөнгийг үнэлж үнэгүйдүүлж байна. Үнэлгээчин нь үнэлгээг гаргахдаа зах зээлийн тооцоо судалгааг муу хийж өнөөгийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнэлгээ гаргасныг би эс зөвшөөрч дахин үнэлгээ гаргуулахыг хүсэж байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авалгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа миний байрыг *******-ын үнэлсэн үнээр үнэлэхдээ зах зээлийн үнийн судалгааг харгалзаагүй, миний байрны зах зээлийн үнэ 280 сая байхад 100 сая төгрөгийн зөрүүтэй үнэлж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэргийн баримтаас үзвэл зээлийн гэрээний барьцааны зүйл болсон орон сууцны дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг талууд тохиролцож чадаагүй бөгөөд нэхэмжлэгч буюу төлбөр авагч тал орон сууцыг 170 сая төгрөгийн үнийн санал өгч байжээ.

*******-ийн гаргасан үнэлгээг Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй гэж шүүх үнэлээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй орхигдуулсан байна.

Тухайлбал хэргийн 4-8 дугаар хуудсанд авагдсан үнэлгээний тайланг судалбал, зах зээлийн үнийн судалгааг ямар эрх сурвалж, статистик мэдээнд тулгуурлан хийсэн болон тухайн байрны байршил хийгдсэн засвар тохижуулалт эдэлгээний байдал, давуу онцлог тал гэх мэт тухайн байранд хамааралтай үнэлгээний дүгнэлтүүдийг хангалтгүй хийсэн байх тул үнэлгээг тооцоо судалгаагүй хийсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Өмчлөгчийн өмчлөлийн зүйлийн зах зээлийн үнийг бодитойгоор тогтоож чадсан эсэх, дүгнэлтэд дурдсан үнэлгээ нь баримт, материал үзлэг шинжилгээнд тулгуурлаж гарсан эсэх талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх нотолгооны үүрэгт ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ гэж үзэхээр байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 945 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч *******-ийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай буюу Дархан сум 10 дугаар баг 5-10 дугаар байр 602 тоот 115 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 178.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч *******-ийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ гаргуулах тухай буюу Дархан сум 10 дугаар баг 5-10 дугаар байр 602 тоот 115 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 178.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж *******-ийн үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээг хийлгэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.АМАРСАНАА

                                                                 ШҮҮГЧ                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                 ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ