Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2021/00078

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00812/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 974 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

             Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 3.305.000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай,

Хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхамхүү хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхамхүүгээс:

Миний хадам ээж өндөр настан ******* нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11б-45 тоот 3 өрөө орон сууцыг Л.Болормаа гэгчтэй түрээсийн гэрээ бичгээр байгуулж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлсэн байна.

Гэтэл түрээслэгч Л.Болормаа нь түрээсийн төлбөрийг сар бүрд нь тогтмол өгөхгүй байсны улмаас төлбөр хуримтлагдсаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 3.305.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй өдий хүржээ. Мөн СӨХ болон гэрэл, дулааны төлбөрийг бүрэн төлөөгүй их хэмжээний өртэй. Ээж ******* 2019 онд байраа чөлөөлж өг, би байраа зарах боллоо гэхэд би худалдаж авъя гэж хэлээд одоо болтол худалдаж аваагүй мөн түрээсийн төлбөрөө ч төлөхгүй биднийг хүнд байдалд оруулж байна.

Иймд Л.Болормаагаас орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн үлдэгдэл төлбөр 3.305.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Болормаагаас:

Миний бие Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11б-45 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөлсөлж байгаад 2020 оны 10 дугаар сард 65.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон удаагийн хөл хорио удаан хугацаагаар тогтоосон.

Би 2020-2021 онд тогтмол тодорхой хэмжээний мөнгийг төлж байсан. Үүнд: 2020.07.15-нд 500.000 төгрөг, 2020.08.19-нд 500.000 төгрөг, 2020.09.14-нд 300.000 төгрөг, 2020.10.08-нд 400.000 төгрөг, 2021.01.23-нд 500.000 төгрөг, 2021.02.11-нд 400.000 төгрөг, 2021.05.13-нд 500.000 төгрөг, 2021.05.21-нд 200.000 төгрөг, 2021.05.21-нд 50.000 төгрөг, 2021.06.02-нд 400.000 төгрөг, 2021.06.27-нд 300.000 төгрөг, 2021.10.21-нд 600.000 төгрөг, 2021.10.07-нд 300.000 төгрөг, 2021.11.28-нд 500.000 төгрөг 2016 оноос хойш миний данснаас Н.Лхамхүүгийн 5068210403 тоот данс руу орон сууцны төлбөрийг хийдэг байсан. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дугаар зүйлийн Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно хэмээн зааснаар гэрээг цуцлах тухай надад огт мэдэгдээгүй байж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Худалдах талаар тохиролцчихоод дараа нь байраа буцаан авч албадан гаргах нэхэмжлэл өгч байгаад гомдолтой байна. Амаар хэлэлцэж тохиролцсон тохироондоо байхгүй, цаг үе хүнд хэцүү байхад албадан гаргах нэхэмжлэл гаргаж буй нь хөлслөгчийн эрхийг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч *******гаас 3.305.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн Ү-2003009984 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар хороолол 11б байрны 45 тоот 38,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 138.030 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Хөлслүүлж буй орон сууцыг худалдаж авахаар аман хэлцэл хийгдсэн байсан төдийгүй хариуцагчийн хувьд төлбөрөө төлж байсан, ковидын нөхцөл байдлаас болж төлбөр төлж чадаагүй. Иймд орон сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэгчид 3.305.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч миний хуулиар олгогдсон эрх, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2 мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасныг зөрчсөн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт үнэлдэг. Үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж дүгнэлт гаргаагүй.

4. Хариуцагчийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Нэхэмжлэгчтэй орон сууц худалдах талаар тохиролцчихоод байхад дараа нь албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан нь буруу гэж үзэж байна. Учир нь огт үүргээ биелүүлээгүй бус тодорхой хэмжээгээр биелүүлж байсан. Шүүх иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно", 294.3-т гэрээнд өөрөөр заагаагүй тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно". 294.4-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй гэснийг үндэслэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.305.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн Орон сууц түрээслүүлэх гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч ******* Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11Б байр, 45 тоотын 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөлсөлж байгаад 2020 оны 10 дугаар сард тус орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, тодорхой төлбөр хийж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж олон удаа хөл хорио тогтоосны төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан гэрээ цуцлах хугацаа 3 сар байна гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ хийгдсэн байх бөгөөд тэрхүү гэрээ нь 3 сарын хугацаатай байгуулагдаж, сарын 300.000 төгрөгийг сар бүрдээ багтааж төлөхөөр, харилцан тохиролцсон байна. Гэрээний хугацаа дуусахад цаашид сунгаагүй боловч хариуцагч тал үргэлжлүүлэн төлж, тухайн орон сууцаа үргэлжлүүлэн эзэмшиж байсан байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслүүлэх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.

Хөлслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хөлслөгчийн эзэмшилд гэрээний зүйлийг шилжүүлсэн байна гэж үзнэ. Хөлслөгч нь 2016 онд 900.000 төгрөг, 2017 онд 1.500.000 төгрөг, 2018 онд 2.760.000 төгрөг, 2019 онд 1.680.000 төгрөг, 2020 онд 3.850.000 төгрөг, 2021 онд 1.895.000 төгрөг нийт 12.585.000 төгрөг төлсөн байх тул хөлслөгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно, 294.4-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тооцно гэж тус тус заасан байх ба хөлслүүлэгч нь хөлсөлж буй орон сууцаа хөлслөгчид худалдах тухай саналаа хэлж байсан болон хөлслөгч нь худалдаж авахаар харилцан тохиролцож байсан тухай тайлбаруудыг шүүхэд гаргажээ.

Иймд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан хугацааг зөрчөөгүй ба Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж, үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж зааснаар хөлслөгч *******д хуулинд заасан давуу эрх эдлэх боломжоор хангасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тухайн орон сууцыг 2020 оны 10 сараас 65.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон байхыг үгүйсгэхгүй ч энэ талаар баталгаажуулсан бичгийн нотлох баримтыг талуудын хэн аль нь шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Хариуцагчийн татгалзлаа нотолж шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нийт 4 жил, 10 сар буюу 58 сарын хугацаагаар хөлсөлж байсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээгээр тохиролцсон сар тутам төлөх 300.000 төгрөгөөр тооцоход 17.400.000 төгрөг төлөх ёстойгоос 12.585.000 төгрөг төлсөн байна.

Шүүх орон сууц хөлсөлсний төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******д шүүх хуралдааны товыг 2021 оны 10 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд түүний эзэмшлийн үүрэн холбооны 9566-5524 дугаарын утсаар мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан саналаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн,хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.НАРАНГЭРЭЛ

                                                                         ШҮҮГЧ                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                         ШҮҮГЧ                           Л.АМАРСАНАА