Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2021/00079

 

*******гийн ажлын албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01005/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд цахимаар хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 1037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн ажлын албаны,

             Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4.500.000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******гийн ажлын албанаас:

******* нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар Бот-2015/108 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн РТ-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамт урьдчилгаа 40% болох 2,000,000 төгрөг төлөн үлдэгдэл 60% болох 3,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 02-ны дотор төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 3,000,000 төгрөг байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж *******г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нараас:

2015 оны 6 сарын 2-ны өдөр *******гаас БНХАУ-ын БОТ төслийн хүрээнд хэрэгжүүлж байсан зээлийн санхүүжилтэд хамрагдаж, тус сантай зээлийн БОТ-2015 108 тоот гэрээ байгуулж, бага оврын FT250 маркийн тракторыг /анжисны/ хамт 5.000.000 төгрөгөөр худалдан авч, 2.000.000 төгрөгийг бэлнээр тушааж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож төлбөрийг төлж дуусгасан юм. Гэтэл ХАА-г дэмжих сангийн ажлын албанаас үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөгийг алданги 1.500.000 төгрөгийн хамт нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байгааг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний бие 2015 оны 6 сарын 2-ны өдөр *******гийн үйлдвэрлэл техник борлуулалтын албаны дарга *******тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ сан нь 2018 онд татан буугдсан гэсэн сураг байсан. Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалын 1-д зааснаар *******гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР -2 , Бүгд Найрамдах Хятад Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган 1-р хавсралтын дагуу ХАА-г дэмжих санд балансаас балансад шилжүүлсүгэй гэж БОТ төслийн ажлыг хааж, *******гиин бүх ажиллагаа дуусаж шийдвэрлэгдсэн байхад Засгийн газрын 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 16 тоот тогтоолоор шинээр байгуулагдсан ******* нь зээлийн төлбөр нэхэмжилж байгааг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тооцогдсон байхад /шаардах эрх нь 2021 оны 6 сарын 2-ны өдөр дууссан Хөдөө аж ахуйг Дэмжих сангийн ажлын албанаас нэхэмжлэл гаргаж дахин шинээр төлбөр нэхэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг анхаарч үзэн *******гийн ажлын албанаас надад холбогдуулан зээлийн мөнгө 3.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1037 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 4.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******гийн ажлын албанд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 86.950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах гомдол:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж заасан хуулийн заалтыг үгүйсгэж хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Талууд Хятад улсын тусламжтайгаар хэрэгжүүлсэн БОТ төслийн хүрээнд зээлийн гэрээг 2015 оны 06 сарын 2-ны өдөр байгуулж 2018 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 6 сарын 2-ны өдөр дууссан бөгөөд ******* татан буугдсанаар төслийн хэрэгжилтийн ажил зогссон гэж үзэж байна.

Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ны өдрийн А-134 тоот тушаалын 1-д зааснаар: *******гийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус, тус хааж хаалтын тайлан гарган 1-р хавсралтын дагуу ХАА-г дэмжих санд балансаас баланст шилжүүлсүгэй гэж БОТ төслийн ажлыг хааж *******гийн бүх ажиллагаа дуусаж шийдвэрлэгдсэн байхад Засгийн газрын 2020 оны 1 сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолоор шинээр байгуулагдсан ******* нь зээлийн төлбөр нэхэмжилж байгааг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тооцогдсон шаардах эрх нь 2021 оны 6 сарын 2-ны өдөр дууссан *******тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй байхад ажлын албанаас нэхэмжлэл гаргаж дахин шинээр төлбөр нэхэж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* /цаашид ******* гэх/ нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөг, түүний алданги 1.500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ******* зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* /цаашид гэх/, ******* нарын хооронд хийгдсэн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Бага оврын трактор худалдан борлуулах зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Хариуцагч нь зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн,зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, зээлийг -ийн ажилтанд бэлнээр төлсөн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2015 оны 06 дугаар 02-ны өдөр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн БОТ төслөөс FT-250 маркийн баг оврын трактор, анжисны хамт зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, зээлдэгч ******* зээлийн урьдчилгаа төлбөрт 2.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. Худалдан авагч ******* нь зээлийн урьдчилгаа төлбөр 2.000.000 төгрөгийг төлж, үлдэх 3.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Хэргийн 11-13 дугаар талд авагдсан бичгийн баримтаас үзвэл Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор *******-г байгуулж, ******* / цаашид гэх/ -ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар Засгийн газрын энэхүү тогтоолыг үндэслэн ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар -ийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан Япон болон БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж, *******-нд балансаас балансад шилжүүлсэн байна.

*******-ийн ажлын албыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Иймд ******* нь засгийн газрын тогтоол, яамны сайдын тушаалаар -ийн өглөг авлагыг шилжүүлэн авснаар -аас бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд ******* хариуцагч *******гээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч ******* зээлийн төлбөрийг бэлнээр төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болохыг тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д гэрээний 3.2-т заасан хуваарьт хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги гаргаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                                       ШҮҮГЧ                               Г.ДАВААРЕНЧИН

                                                                       ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА