Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 541

 

Б, Б.Э нарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай                                       

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунцэцэг, Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалтай, Б.Б, Б.Э нарт холбогдох 1826002600265 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Б.Б,

2.Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дарам овогт Б.Э нар нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хохирогч Ц.От шүүгдэгч Б.Б нь 6.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Э нь 5.000.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өвөрхангай аймгийн прокурорын газраас Б.Б, Б.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Б.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Дарам овгийн Б.Эыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Дарам овгийн Б.Эыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь тус бүр 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг Б.Бгийн нэг удаагийн хохирогчийн толгойн ар хэсэгт цохисон үйлдлээс үүссэн гэхэд эргэлзээтэй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутайд эргэлзээ төрж байгаа, харин Б.Эын үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх боломжтой гэж дүгнэхээр байна.” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Эад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлж, түүнд 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Хохирогч Ц.Оын “...Би буцаад сууж явсан машин руугаа очиж явтал Э согтуу над руу дайраад намайг зодох гээд байхаар нь бид барилцаж аваад Э намайг толгой руу цохиод авсан. Тэгсэн хүмүүс ирээд хоёр тийш нь салгаад аваад явсан. Би сууж явсан машиндаа очоод суусан, сууж байтал Батаа, Б хоёр намайг Засаг даргын бууны нохой гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн машин дотор Б намайг цохих гээд дайраад байхаар нь би Бг бариад ноцолдож байх хойгуур Э эргэж хараад толгой хэсэг рүү гараараа намайг цохичихсон. Тэгсэн миний хамраас цус гараад би хамраа дарсан, хүмүүс Бг ирээд аваад явсан. ...Б.Бтай маргалдаад би тухайн үед машины урд суудал дээр суучихсан. Тэгсэн намайг араас толгой хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгж цохиулсны дараа миний толгой дүүрээд сонин болоод нулимс гойжоод би хэсэг уйлсан. Тэрнээс хойш толгой өвдөөд эхэлсэн. Эм уугаад ч дарагдаагүй.” гэх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.О “Батаагийн цохилтоос гэмтэл үүссэн гэж бодож байгаа” гэх нөхцөл байдлуудад оюун дүгнэлт хийж, Б.Бд холбогдох хэргийг түүнд ашигтай нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь санаа нэгтэйгээр хохирогч Ц.От дургүйцлээ илэрхийлсэн үйлдэл гаргаж, санаа зорилгоо хохирогчид ойлгуулж байсан нь тэдгээрийн хохирогчид хандаж хэлсэн үг, хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Үүний дараагаар шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд нэг өдөр халдаж толгой хэсэгт нь гараараа цохиж хүнд хохирол учруулсан байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд 1 болон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, шүүхийн шатанд 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг үүсгэсэн шалтгаан нь мохоо хүчин зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болохыг нотолж өгсөн. Дээрх гэмтлийг шүүгдэгч нарын хэн аль нь учруулсан болохыг шинжээчийн дүгнэлтээр ялгаж, салгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь шүүгдэгч нар хохирогчийн толгой хэсэгт хоёулаа хүчтэй цохисон байдаг. Энэ нь хохирогчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдагдсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын нэг болох Т.Амартүвшин нь “...Ц.Оын биед үүссэн гэмтэл нэг болон нэгээс дээш удаагийн алины ч үйлчлэлээр үүсэх боломжтой. Нүүр болон толгой хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...Толгойн ар хэсэг, урд хэсэгт цохих цохигдох үед үүсэх боломжтой ба яг алины үйлчлэлээр үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэдгийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд мэдүүлэг өгч тодорхойлсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч Ц.О, шүүгдэгч Б.Б, Б.Э нарын хоорондоо тохиролцож шүүгдэгч нар нь хэн нэгнээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж, ял завших, үлдсэн нэг нь хэргийн зүйлчлэлээ хөнгөрүүлж хөнгөн ял шийтгүүлэх санаа зорилго илэрхийлж байж болох нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хохирогчийн толгой хэсэгт Б.Б, Б.Э нар нь хоёулаа хүчтэй цохисон үйлдэл тогтоогдож байхад шүүгдэгч Б.Б нэг удаа хохирогчийн толгой хэсэгт цохисон учраас хүнд гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй, харин шүүгдэгч Б.Э хоёр удаа хохирогчийн толгой хэсэгт нь цохисон учраас хүнд гэмтэл учруулсан байх боломжтой гэсэн хийсвэр сэтгэхүйгээр хандаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлогийн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг. Гагцхүү уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд гадны нөлөөтэй үүссэн шинэ гэмтэл эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоодог билээ.

Гэтэл шүүх тусгай мэдлэг шаардсан, тусгай мэдлэгийн хүрээнд гарсан дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэдэн удаагийн, ямар хүчний үйлчлэлээр үүссэн болохыг анагаахын шинжлэх ухаанд үндэслэсэн шинжээчийн дүгнэлт нотлоогүй байхад хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж шүүгдэгч нарын хохирогчийн толгой хэсэгт гараараа цохисон цохилтын хүчийг тодорхойлж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ц.Оын өмгөөлөгч Ч.Алдар гаргасан саналдаа: “Хохирогч гомдол саналгүй гэсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан саналдаа: “Шүүгдэгч нар энэ хэргийг бүлэглэж үйлдээгүй, хоёр өөр цаг хугацаанд хохирогчид халдаж хүнд гэмтэл учруулсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунцэцэг гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хавтас хэрэг цугларсан нотлох баримтуудыг хүрээнд бүлэглэсэн гэх үйлдэл байхгүй байна” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б, Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар бүлэглэж хохирогч Ц.Оыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүх шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт байрлах “Дөлгөөн хайрхан” гэх газарт хохирогч Ц.Оыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тогтоосон боловч шүүгдэгч тус бүрийн хохирогч Ц.Оын эрх чөлөөнд халдаж цохисон сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд зөв хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүгдэгч Б.Б, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Энэ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь тус тусдаа өөр сэдэлтээр, өөр өөр цаг хугацаа болон орон зайд хохирогч Ц.Оыг зодсон, тухайлбал шүүгдэгч Б.Э нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт байрлах Дөлгөөн хайрханы орчим “Наадмын булаг” гэх задгай газарт хохирогч Ц.Отай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар харилцан зууралдаж түүнийг цохих үед овооны наадамд оролцож байсан хүмүүс тэднийг салгасан үйл явдлын дараа хохирогч Б.Э нь автомашинд сууж байхдаа тухайн автомашинаас архи авахаар ирсэн Д.От “архийг чинь Б бид нар хэрэглэчихсэн” гэж хэлсэнд шүүгдэгч Б.Б дургүйцэн хохирогч Ц.Оын толгойд нэг удаа цохисон, улмаар овооны наадам дуусч, хохирогч Ц.Оын сууж явсан автомашин хөдлөх гэж байхад шүүгдэгч Б.Э ирээд хохирогч Ц.Оын толгой руу цохисон болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Ц.О, гэрч Н.Д, Б.Б, Н.С, Д.О, шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг өгсөн харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Тухайлбал, хохирогч Ц.Оын мөрдөн байцаалтад өгсөн “Машин дотор арын суудал дээр суучихсан байсан Б.Бтай маргалдаад би тухайн үед машины урд суудал дээр суучихсан байсан. Тэгсэн намайг араас толгой хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгж цохиулсны дараа миний толгой дүүрээд сонин болоод нулимс гоожоод би хэсэг уйлсан. Тэрнээс хойш толгой өвдөөд эхэлсэн. Эм уугаад ч дарагдаагүй. Наадам тарсны дараа … сум руу хөдлөх гэж байхад араас Э мотоцикльтой давхиж ирээд машины арын хаалгыг онгойлгоод намайг нэг удаа гараараа толгой хэсэг рүү цохичихоор нь би машинаас буутал ахиж намайг толгой руу гараараа нэг удаа цохиж аваад зодох гэж дайраад байсан… Тэгэхэд Эад 2 удаа толгой руугаа цохиулахад урьд нь өвдөж байсан толгой бүр хүчтэй өвдөөд эхэлсэн…” /хх-10/ гэх мэдүүлгийг няцаах, шүүгдэгч Б.Бгийн гэм бурууг үндэслэлтэйгээр үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7733 тоот болон 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 971 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр хохирогч Ц.Оын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.

Харин шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь тус тусдаа үүссэн сэдэлтээр, өөр өөр цаг хугацаанд хохирогч Ц.Оын эрх чөлөөнд халдаж, толгойд нь цохисон үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн зулай орчмын хатуу хальсан доорхи цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон хэдий ч шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг тус тусдаа үүссэн сэдэлтээр хохирогч Ц.Оыг өөр өөр цаг хугацаанд цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч нар нь хохирогчийн биед хүнд гэмтэл учрахад ямар хэмжээгээр хувь нэмэр оруулсан, хэн нь илүү буруутайг тогтоох боломжгүй нөхцөлд шүүгдэгч Б.Ббатын хохирогчийн толгойн ар хэсэгт нэг удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл үүссэн нь эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн бичсэн эсэргүүцлээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг хохирогч Ц.Оын эрх чөлөөнд халдаж түүнийг цохисон үйлдлийг тус тусдаа үүссэн сэдэлтээр, өөр өөр цаг хугацаа, орон зайд хийсэн боловч  хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруутай болох нь тогтоогдсон үндэслэлээр Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан тэдэнд хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Б.Э нарын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 450.000 төгрөг хасч, шүүгдэгч тус бүрийн төлөх торгуулийн хэмжээг 9.550.000 төгрөгөөр тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарт оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                            

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН