Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 306

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг

хохирогч Д.Ч............н,

шүүгдэгч Б.Т............р, түүний өмгөөлөгч Д.Дорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0496) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бууч овогт Б............рын Т............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0542 90142 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бууч овогт Б............рын Т............р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ......................., урьд

- Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр сарын 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.  

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Т............р нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн ............ тоотод оршин суух өөрийн гэртээ болон хашаандаа 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн эхнэр Д.Ч............нгийн толгой, нүүр, цээж, хэвлийн тус газруудад цохих, алгадах, базах зэрэг үйлдлүүдээр түүний биед зүүн хацар, шанаа, дух, эрүүний зүүн нум, цээж, бугалга, хэвлийн зүүн талд хаван, цус хуралтууд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Т............рийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө эхнэрээ очиж авахаар саппоро дээр очсон. Надтай явахгүй гэхээр нь үлдээгээд хүрээд ирсэн. Тэгсэн 23 цагийн үед эхнэр согтуу ирсэн, ирэхээр нь муудалцаад алгадсан. Тэгээд би гараад явах гэсэн чинь надтай зууралдаад байсан. Тэгээд би машинаа асаасан чинь машинд суучихаад буухгүй байсан...тэгээд эхнэрээ машиндаа суулгаад хамт явсан чинь урдаас машин орж ирэхэд жолооны хүрд гэнэт булаагаад машинтай мөргөлдүүлэх дөхсөн. Би ахынх руугаа явах гэж байсан. Явсаар байгаад Хайлаастад ирсэн. Буцаад гэртээ ирсэн гэв.  

2. Хохирогч Д.Ч............нгийн өгсөн: “...би Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Д.Ч............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би ажил дээрээ байж байхад орой 22 цагийн үед нөхөр Т............р намайг ажил дээрээс ирээд аваад гэрт ирсэн. Бид хоёр гэртэй ирээд хоолоо идээд сууж байхад Т............рийн гар утас дуугараад Т............р утсаар яриад гадуур явж халтуур хийнэ гээд гараад явсан. Тэр шөнө манай нөхөр ирээгүй...орой 19 цагийн үед нөхөр Т............р ажил дээр ирээд намайг явах уу гэж асуухаар нь би Т............рөөс “чи урьд шөнө хаана хоносон юм бэ, яагаад гар утсаа салгасан юм бэ” гэж асуухад Т............р “миний хаана хонох чамд ямар хамаатай юм” гэж хариулсан...би орой 20 цагийн үед ажлаасаа буугаад автобусанд сууж яваад хорооллын эцэс дээр буугаад дэлгүүр ороод нэг шил 0.5 савалгаатай пиво авч уучихаад гэртэй 23 цагийн үед ирэхэд хаалга дотор талаас нь түгжсэн байхаар нь 20-30 минут нүдээд онгойлгохгүй болохоор нь шилэн цонх руу гараараа тогшиход шил нь дээгүүрээ цуурсан.  Удаагүй Т............р гэрийн хаалга нээгээд цонх хагалчихлаа гэж уурлаад намайг хоёр удаа алгадсан...Т............р надтай хэрэлдээд би явлаа гээд машины түлхүүрээ аваад гэрээс гарахаар нь би Т............рийг явуулахгүй гээд араас нь зуураад машин дотор нь хамт ороод суусан. Т............р машинаа асаагаад хөдлөөд явахаар нь би явуулахгүй гээд үрүүлнээс нь зуураад татсан. Тэр үед Т............р баруун гараараа эрүүнээс базаад намайг түлхээд машинаас буу гэхээр нь би буухгүй гээд зүтгээд байсан. Т............р машинаа эргүүлээд буцаад гэртээ ирээд бид хоёр гэр орондоо ороод унтсан...надад гар хүрэхдээ намайг архи уусан мөн хаалганы цонх хагалсан гэх шалтгаанаар намайг хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13526 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн хацар шанаа хавантай, цус хурсан, Эрүүний зүүн нуманд 5х5см цус хуралттай. Духны зүүн дээд талд 2х0.6, 1х0.5см зулгаралттай. Баруун бугалганы гадна 15х7см, цээжинд 12х9см, хэвлийн зүүн хажуу талд 5х5см шалбаралт, цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Д.Ч............нгийн биед зүүн хацар, шанаа, дух, эрүүний зүүн нум, цээж, бугалга, хэвлийн зүүн талд хаван, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)

3. Шүүгдэгч Б.Т............рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед би эхнэр Д.Ч............нгийн ажил дээр...ажлаас нь авах санаатай очиход эхнэр маань ажлынхаа гадна гарч ирээд надтай уулзаад...би чамтай гэр рүүгээ явахгүй чи урд шөнө хаагуур юу хийж явсан юм бас манай ажил тарах болоогүй байна гэж уурлаад ажил руугаа орсон. Тэгэхээр нь би...гэртээ ирээд 9-14 насны гурван хүүхдийнхээ хамтаар байж байсан юм. Тэгэхэд 23 цагийн үед эхнэр маань гэртээ ирээд би гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн байсан болохоор эхнэр хаалга нүдээд байхаар нь тайлж өгөх гээд явж байхад эхнэр гэрийнхээ хаалганы жижиг цонхыг нь хагалчихсан. Тэгээд би хаалгаа онгойлгож өгөхөд эхнэр гэрт орж ирээд чи яахаараа хаалгаа тайлж өгдөггүй юм гээд жаахан уурласан бас архи уусан байсан. Тэгэхээр нь би эхнэрийг “чи яахаараа хаалганы цонх хагалдаг юм. Хүн авах гээд ...очиход гарч ирэхгүй байсан байж архи уугаад ирлээ” гэхэд эхнэр намайг “чи муу урд шөнө таксинд яваагүй хүнтэй хоноод ирээ биз дээ” гэж уурлаад байсан. Миний уур хүрээд ...уурандаа эхнэрийнхээ баруун талын хацар руу нь гараараа нэг удаа алгадаад машиныхаа түлхүүрийг аваад гэрээсээ гараад машинаа асаахад эхнэр гарч ирээд “чи хаачих гэж байгаа юм чамайг явуулахгүй” гээд машинд суугаад машины жолооны хүрднээс зуураад байсан. Тэгэхээр нь эхнэрийн хоолойных нь хэсэг рүү гараараа түлхэж өөрөөсөө холдуулаад хөдлөөд явахад эхнэр миний хажуугаас зуураад холдож өгөхгүй зууралдаад байхаар нь бид хоёр буцаж гэртээ ирээд унтаж амарсан. Би орой эхнэрийгээ нүүрэн тус газар нь нэг удаа л алгадсан. Мөн өөрөөсөө холдуулах гэж хоолой руу нь гараараа нэг түлхсэн өөр цохиж зодсон зүйл байхгүй...би эхнэр Ч............нг урд өмнө зодож цохиж, гар хүрч байсан асуудал байхгүй...манай эхнэр байнга архи уугаад архи уухаараа 1-2 хоногоор яваад хоногоор явахдаа өөр залуутай ч уулзаж унтаж хэвтэн, хамт хонож байсан тухайгаа надад согтуудаа хэлж байсан. Ийм болохоор дээрх асуудлаас болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсдэг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51),

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-27), Аюулын зэргийн үнэлгээнийн маягт (хавтаст хэргийн 8-9), хохирогч Д.Ч............нгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 13), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 33-34),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 87-88), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 63-68) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Т............р нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 7 дугаар гудамжны ......... тоотод болон өөрийн тээврийн хэрэгсэл дотор 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ч............нгийн эрүүл мэндэд халдаж түүний биед зүүн хацар, шанаа, дух, эрүүний зүүн нум, цээж, бугалга, хэвлийн зүүн талд хаван, цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Ч............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний...шөнө манай нөхөр ирээгүй...орой ...гэртээ 23 цагийн үед ирэхэд хаалга дотор талаас нь түгжсэн байхаар нь 20-30 минут нүдээд онгойлгохгүй болохоор нь нь шилэн цонх руу нь гараараа тогшиход шил нь дээгүүрээ цуурсан. Удаагүй Т............р гэрийн хаалга нээгээд цонх хагалчихлаа гэж уурлаад намайг хоёр удаа алгадсан...Т............р надтай хэрэлдээд...машины түлхүүрээ аваад гэрээс гарахаар нь ...явуулахгүй гээд араас нь зуураад машин дотор нь хамт ороод жолооны хүрднээс нь зуураад татсан. Тэр үед Т............р баруун гараараа эрүүнээс базаад намайг түлхээд машинаас буу гэхээр нь би буухгүй гээд зүтгээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13526 дугаар дүгнэлт “... 1. Д.Ч............нгийн биед зүүн хацар, шанаа, дух, эрүүний зүүн нум, цээж, бугалга, хэвлийн зүүн талд хаван, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. ...3.ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),

- Шүүгдэгч Б.Т............рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр Д.Ч............н 23 цагийн үед...гэртээ ирэхэд би гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн байсан болохоор ...хаалга ...тайлж өгөх гээд явж байхад эхнэр гэрийнхээ хаалганы жижиг цонхыг нь хагалчихсан. Тэгээд ...эхнэр гэрт орж ирээд чи яахаараа хаалгаа тайлж өгдөггүй юм гээд жаахан уурласан бас архи уусан байсан. Тэгэхээр нь би эхнэрийг “чи яахаараа хаалганы цонх хагалдаг юм. Хүн авах гээд ...очиход гарч ирэхгүй байсан байж архи уугаад ирлээ” гэсэн. Тэгтэл эхнэр намайг “чи муу урд шөнө таксинд яваагүй хүнтэй хоноод ирээ биз дээ” гэж уурлаад байсан. Миний уур хүрээд ...уурандаа эхнэрийнхээ баруун талын хацар руу нь гараараа нэг удаа алгадаад машиныхаа түлхүүрийг аваад гэрээсээ гараад машинаа асаахад эхнэр гарч ирээд “чи хаачих гэж байгаа юм чамайг явуулахгүй” гээд машинд суугаад машины жолооны хүрднээс зуураад байсан. Тэгэхээр нь эхнэрийн хоолойных нь хэсэг рүү гараараа түлхэж өөрөөсөө холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Т............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи улаа, хаалганы шил хагаллаа” гэх сэдэлтээр, хохирогч Д.Ч............нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Т............р, хохирогч Д.Ч............н нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Т............рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. Харин шүүгдэгч Б.Т............р нь нэг удаа алгадсан өөр зодоогүй гэх хэдий ч хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Ч............нг машин дотор жолооны хүрд булаалаа гэж өөрөөсөө холдуулах үйлдэл гаргахдаа эрүүл мэндэд нь халдсан байгаа нь шинжээчийн “...цээж, бугалга, хэвлийн зүүн талд хаван, цус хуралтуудтай...” гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул түүний гэм буруугийн талаар мэтгэлцсэн мэтгэлцээн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь заавал цохисон байхыг шаардахгүй бөгөөд өөр бусад байдлаар түүний эсрэг чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэнд ч мөн адил тооцогддог болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч............н нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Т............р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс манай үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Б.Т............рийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй учир нь шүүгдэгч нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж үэв.

Иймд хохирогч Д.Ч............нгийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т............рт улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.Т............рийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1808 0542 90142 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бууч овогт Б............рын Т............рийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т............рийг 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ