Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 87

 

                                          

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, Б.Ч нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт П-ийн Ч-д холбогдох эрүүгийн 1735001780065 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 29-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 07-20 тоотод оршин суудаг, РД:ОЭ76062915, Ш овогт П-гийн Ч.

      

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Ч нь Увс аймгийн Тариалан сумын 6-р багийн нутаг Тээлийн гүүрний орчим 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө согтуугаар Тоёота приус маркийн 68-47 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 2.7а, 9.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас О.Д-гийн амь нас хохироч, Л.Б-гийн биед хүндэвтэр хохирол, Ч.Б-ын биед хөнгөн хохирол, У.У-ийн биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч П.Ч-ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч П.Ч нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой Увс аймгийн Тариалан сумын 6-р баг, Тээлийн гүүр орчим нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр Тоёота приус загварын 68-47 УВХ улсын дугаартай суудлын автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас О.Д-гийн амь нас хохирсон, хохирогч Л.Б-гийн биед хүндэвтэр, Ч.Б, У.У нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч Ц.Д-гийн 3 тооны тэмээ үхэж, 1.900.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “О.Д нь миний эхнэр байгаа юм. Бид хоёр 2010 оноос дотно харилцаатай байсан бөгөөд 2014 онд сүй тавьж нэг гэрт орсон. Албан ёсоор гэрлэлт батлуулаагүй ч гэр бүл болоод 5 жил болж байна, сүүлд 2017 оны 10 сарын 07-нд хурим найраа нөхөж хийсэн. Талийгаач урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй. 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд хийсвэрээр төрсөн тул хэвлийдээ хагалгааны сорвитой юм. Том хүүхэд нь эхнэрийг дагаж ирсэн дагавар хүүхэд бөгөөд хадам ээжийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Сүүлд 2014 онд бид хоёрын дундаас Т гэх хүү төрсөн. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Эхнэр маань Чингис зочид буудалд тогоочоор ажилладаг байсан. Би өөрөө түрээсийн 7 давхар байрнуудын гражид хамгаалагч хийдэг тул 24/24 цагаар ажилладаг байсан. Эхнэр О.Д-тай хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө ажилдаа явахаас өмнө уулзсан. Тухайн үед талийгаач О.Д нь өглөө эрт босоод бага хүүхдийг цэцэрлэгт хүргэж өгөөд ирсний дараа би ажилдаа явсан юм. Би ажил дээрээ очоод гар утасны цэнэглэгч асуухаар 10.00 цаг орчимд залгахад гэрт хувцас хунар угаах гэж байгаа талаар ярьсан. Түүний дараа 12.00 цаг орчимд залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь өдөр 14.00 цаг болж байхад талийгаачтай утсаар ярихад ажил руу явж байна ажил дээр очих шаардлага гарлаа гэж хэлсэн юм. Түүнээс хойш би хэд хэдэн удаа залгасан боловч гар утсаа авахгүй байсан. Би шөнө ажил дээрээ хонож байтал цагдаа нар ирж Д нас барсан талаар надад хэлсэн юм. Уг хэргийн улмаас талийгаачийн ээж Ч, нагац эгч А, төрсөн ах Д нар Улаанбаатар хотоос онгоц болон автобусаар ирж ажил явдалд оролцоод буцсан. Буяны ажилд болон шашны ном хуруулах, хүмүүсийн гар цайлгах, оршуулгын зардал гэх мэт нийт 5 сая төгрөгний бодит зардал гарсан. Түүнээс гадна би болон талийгаачийн ээж, ах, дүү нар төрсөн хүүхдүүдэд сэтгэл санааны хохирол учираад байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40, 41-42 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би эхнэрээ алдсандаа маш их гомдолтой байна. Би эхнэртэйгээ энэ олон жил амьдрахдаа согтуу ирэхийг нь хараагүй, огт архи уудаггүй байсан. Гэтэл үхсэн хүн үг хэлэхгүй гэж байгаа юм шиг Д архи уумаар байна гэж хэлсэн гэж худал мэдүүлсэнд нь үнэхэээр гомдож байна. Энэ хүн өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа ирж уулзаагүй, хохирол, оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй. Энэ хэргийн улмаас ар гэрийнхэн бид маш их сэтгэл санааны хямралтай, цаашид яах учраа олохгүй байна. Хүү маань өдөр болгон надаас ээж яасан гэж нэхэж байна. Үнэхээр хүнд хэцүү байна. Шүүхэд гарсан бодит хохирол зардлыг нотлох баримтаар өгсөн. Нийт 3.672.900 төгрөгний оршуулгатай холбоотой зардал нэхэмжилж байна. Мөн энэ шүүх хуралдаанд Дгийн ээж нь ирж оролцох байсан ч өвчний учир ирж амжаагүй. Шүүхэд хүсэлт, нэхэмжлэлээ бичгээр хүргүүлсэн байгаа. Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөгийг бид хамтран нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний үүрийн 05.30 цаг орчимд төрсөн дүү Батсүх над руу утасдаж “Д аваарт орсон байна. Бие нь муу байна” гэж хэлсэн юм. Тиймээс би Улаангом руу танил болон хамаатны хүмүүсээс лавлаж утасдаж асуугаад зам тээврийн ослын улмаас нас барсан талаар мэдсэн юм. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орчимд талийгаатай утасны интернэтээр дүрсээ харж ярьсан. Тухайн үед талийгаач ажил дээрээ байсан бөгөөд бид хоёр ойр зуурын зүйлээ ярилцсан юм. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Талийгаач нь Д Д-тай 2014 онд гэр бүл болсон бөгөөд тухайн үед хадаг сүй тавьж нэг гэрт орсон бөгөөд сүүлд 2017 оны 10 дугаар сард хурим, найраа хийсэн юм. О.Д нь хэдэн жилийн өмнө шинээр гэр бүл болсон хүмүүст төрөөс 500.000 төгрөг өгч байх үед найзтайгаа гэрлэлт батлуулж 500.000 төгрөг авсан байсан. Гэхдээ уг хүнтэй жинхэнээсээ гэр бүл болоогүй зөвхөн бичиг баримтаар гэрлэлт батлуулж мөнгө авсан юм. Талийгаач нь Д Д-тай албан ёсоор гэрлэлт батлуулаагүй байсныг би нас барсных нь дараа хэрэг шалгагдах үед мэдсэн юм. Түүнээс өмнө батлуулсан юм байх гэж бодож байсан. Талийгаач нь оюутан байхдаа хүүхэд төрүүлж хүүтэй болсон бөгөөд би уг хүүхдийн өөрийнхөө нэр дээр үрчилж авсан юм. Ч нь миний нөхрийг нас барснаас хойш 1 жилийн дараа төрсөн тул би өөрийн гал дээр гарсан зээ гэж үзээд өөр дээрээ овоглож авсан юм. Д Д-тай гэр бүл болохоос өмнө Ч төрсөн юм. Д Д-тай гэр бүл болоод Т гэх хүүхэд төрүүлсэн бөгөөд Т нь Д Д-гаар овоглож явдаг юм. Би гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд том хүү нь Даваабат, хоёр дахь нь Д, 3 дахь нь охин Одмаа юм. Талийгаач миний дунд охин байсан. Талийгаач Улаангом сумын 1-р сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд Боловсролын их сургуульд багшаар суралцаж байгаад төгсөлгүй дундаас нь гарчихсан. Улаангомд ирээд Улаангом коллежид суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Өнгөрсөн жил Чухал амжилт сургалтын төвд мэргэжилээ дээшлүүлэн суралцаж төгссөн юм. Миний хувьд охиноо төрүүлж өсгөж бойжуулж хүн болгочихоод гэнэтийн байдлаар алдсандаа маш их харамсаж, шаналж байна. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирсон. Улаанбаатар хотоос ирж ажил явдалд нь оролцож буцаж явсан. Хэрэг шалгагдах үед мөн дахин ирж буцах зардал, оршуулгын зардал зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулсан. Би талийгаачтай ойр ойрхон тогтмол холбоо барьж дотно харилцаатай байдаг байсан тул одоо маш ихээр үгүйлэгдэж байна. Үе тэнгийн охид хүүхдүүдийг харахаар сэтгэл маш хэцүү болж байна. Өнгөрсөн намар тэтгэвэрийн зээл авч оршуулгын ажил явдлыг нь хийж гүйцэтгэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Би тухайн үед автомашинд явсан хүмүүст бүгдэд нь гомдолтой байна. Ц /Б/ миний охинтой уулзах үед охиныг минь согтуу байсан гэж худал хэлсэн байсан. Миний охин хар өглөөгүүр гэрээсээ гараад явж байж архи, пиво ууна гэж байхгүй. Наранбулаг сумын Засаг дарга Б нь бас буруутай гэж бодож байна. Б нь сумын төвд тааралдаад нэмж архи авч өгсөн байсан. Хариуцлагатай ажилтай хүн байж яагаад согтуу хүмүүст архи нэмж өгдөг юм бэ? Харин ч зогсоож явуулахгүй байх байсан. Д гэх хүнд бас гомдолтой байна. Түүнийг тэмээгээ зам дээр тууж яваагүй бол осол гарч миний охин амь үрэгдэхгүй байх байсан. Хохирлын баримтыг шүүхийн шатанд гаргаж өгнө. П.Ч-ын зүгээс бидэнд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зүйл байхгүй. Хохирол барагдуулах нь битгий хэл ирж уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 тал/

хохирогч Л.Б-гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Б /Ч/-н хамт миний өөрийн эзэмшилийн Тоёото Приус 20 маркийн 68-47 УВХ улсын дугаартай машинтай явж байгаад 11 цагийн орчимд Музейн дэргэд явж байхад Д тааралдсан юм. Тухайн үед Д халамцуу явсан бөгөөд надад “Ц ах аа би өнөөдөр жоохон уучихлаа машинд жаахан суугаад явчихья” гэж хэлсэн юм. Би Д-гийг урьд танидаг мэнд устай явдаг байсан тул зөвшөөрч машиндаа суулгасан. Д-гийг надад “Чингис зочид буудалд ажиллаж байгаа. Өнөөдөр амарч байгаа жаахан уумаар байна” гэсэн юм. Тухайн үед миний машинд 1 шил архи байсан тул түүнийгээ задалж нэг тойруулаад Д би нэг найз охиноо авчих уу ганцаараа явахад эвгүй байна гэсэн тул найз охин болох эмэгтэйг нь гашууны голын дэргэдээс очиж авсан юм. Би тэр үед Наранбулаг сум руу явж Баянхуур хөгжим авах байсан тул түүнийгээ хэлэхэд зөвшөөрсөн тул үдээс хойш оройхон Наранбулаг сум явсан юм. Бид замдаа 0,5 л 1 шил архиа хувааж ууж дуусгаад Наранбулагт очиж хөгжим аваад буцаад явах гэтэл замд нэг хүн гар өргөж аймгийн төв явмаар байна гэхээр нь түүнийг суулгаад явсан. Тухайн үед Б бид хоёр ээлжилж машин барьж явсан бөгөөд Улаангом явахдаа Бгаар машин бариулж явсан. Бид харанхуй болсон байхад Улаангом руу хөдөлж явж байхад Б жолоо бариад машины баруун урд суудалд, хажууд нь зүүн урд суудалд Дээгий /Д/, би жолоочийн ар талд суусан, арын суудлын голд Б суусан, зүүн захад У гэх охин сууж байсан. Тухайн үед би манарсан халамцуу байсан бөгөөд гэнэт машин юм мөргөх шиг болсон. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би машинаас гарсан байсан юм. Харахад машинд байсан хүмүүсийг гаргаад эмнэлэгийн машинд суулгаж байсан юм. Осол болоход машиныг Б /Ч/ жолоодож явсан. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн машин бөгөөд 2016 оны 1 дүгээр сард 7.5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Миний биед 3 хавирга хугарсан, хүзүүний угаар зөөлөн эд хугарсан, гарын хуруунууд бас бэртсэн. Наранбулаг сум руу явахдаа 0,5 л 1 шил архи, буцаж ирэхдээ бас 0,5 л 1 шил архи уусан. Бид нар бүгд архи уусан. Б /Ч/ мөн адил халамцуу байсан. Би осол болохыг огт мэдээгүй. Тэмээ байхыг хараагүй. Миний хувьд эмчилгээнд тодорхой хэмжээний мөнгө төлбөр гарсан боловч тооцож үзээгүй баримт байхгүй. Харин автомашин ашиглах боломжгүй болтлоо эвдэрсэн. Тиймээс автомашины үнэлгээний дагуу төлүүлж авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 46 тал/

хохирогч Ч.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчимд Улаангом сум руу явах ажил гарсан тул унаа хайж байтал цагаан өнгийн приус маркийн машин Улаангом явах гэж байгаатай тааралдаж уг машинд дайгдаж Улаангом руу хөдөлсөн юм. Намайг уг машинд сууж явах гэтэл Ц /Б/ “танай сумын дэлгүүрүүд архи зарахгүй байна. Чи замын юм гээд нэг шил авчих” гэж хэлээд байсан тул би цүнхэнд байсан нэг шил архиа гаргаж өгсөн. Мөн дэлгүүрээс жижиг ундаанууд авч машинд суусан юм. Тухайн үед уг автомашинд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийт 4 хүн байсан бөгөөд намайг суух үед Ц /Б/ гэх залуу нь машиныг жолоодож яваад хатуу хучилттай зам дээр гараад Б /Ч/ гэх залуу нь автомашиныг жолоодсон юм. Би эхлээд суух үедээ согтуу эсэхийг нь анзаараагүй бөгөөд суугаад явж байх үед Ц халамцуу байгааг мэдсэн. Нөгөө хоёр эмэгтэй болон Б архи уусан эсэхийг мэдээгүй. Тэд их согтсон зүйл ажиглагдаагүй. Замдаа Ц нэг шил 0,5 л архи гаргаж ирээд амсаад явж байсан бусад хүмүүс нь уугаагүй юм. Бид Улаангом сум руу дөхөж ирэх үед автомашиныг Б /Ч/ жолоодож явсан, жолоочийн хажууд урд суудалд махлаг эмэгтэй сууж явсан нэрийг нь мэдэхгүй, арын суудалын голд би өөрөө сууж, миний баруун талд Ц /Б/, зүүн талд туранхай эмэгтэй нэрийг нь мэдэхгүй сууж явсан юм. Бид Тээлийн гүүр ойртож явахад автомашин маш хурдтай явсан. Зам цас ихтэй хальтиргаатай байсан тул би жолоочид хурдаа хасаж зөөлөн яваарай гэж хэлж байсан юм. Б үгэнд ороогүй гайгүй гэж хэлээд хурдаа хасаагүй. Тэгтэл урд замын хажууд тэмээ явахыг хараад би наана чинь тэмээ байна гэж хэлсэн. Гэтэл машин яах ийхийн зуургүй тэмээ мөргөөд цаашаа яваад зогссон. Нэг сэхээ ороход ямар ч чимээгүй хамт явсан хүмүүс ч хөдлөхгүй дуугарахгүй байсан. Би тусламж дуудаж амь авараарай гэхэд машины гаднаас нэг хүн “та тайван байгаарай одоо гаргалаа” гэж хэлсэн. Хажуу хаалгаар би гарсан бөгөөд тухайн үед шоконд орсон байсан тул зарим зүйлийг санахгүй байна. Би машинаас гарч ирээд газар унаад хэвтэж байгаад босож ирээд хартал миний сууж явсан машины дээр нэг тэмээ хэвтэж байсан. Хүмүүс татаад машинаас буулгаж байсан. Тэгээд хүмүүсийг машинаас гаргасан. Тухайн үед миний дух орчимд том хэмжээтэй хавдсан байсан. Зүүн мөр хөндүүрлэж өвдөж байсан. Нүүр хувцас хунар тэр чигтээ цус болсон байсан. Тэгж байтал цагдаа, эмнэлэгийн хүмүүс ирсэн бөгөөд тэдний ярианаас урд суусан эмэгтэй нас барсныг мэдсэн юм. Биднийг тэндээс эмнэлгийн машинаар нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Би эрүүл байсан. Ц архи ууж байсан. Жолооч болон нөгөө хоёр эмэгтэй ямар байсныг мэдэхгүй байна. Тэр үед 90-100 км/ц хурдтай явсан байх. Маш хурдтай явсан. Би хурдаа хасаж зөөлөн яв гэж хэлсэн боловч хурдаа хасаагүй юм. ...Осол болсон газрын үзэгдэх орчин муу, шөнө болсон, тонгоруу газар байсан бөгөөд тонгойход тэмээ харагдсан юм. Замын гадаргуу цасаар хучигдсан хальтиргаа гулгаа үүссэн гөлгөөнтэй байсан юм. Осол болох үед 21.00 цаг болж байсан юм. Бид замдаа нэг зогссон бөгөөд тэр үед цаг хараад 20.45 цаг болж байна, 21.30 цаг орчимд Улаангом орчих юм байна гэж ярьж байсан. Би уг үйлдлийн улмаас гэмтэл авч Улаанбаатар хотод Оточ манал эмнэлэгт эмчлүүлж хараагүйчүүдийн бариа заслын газраар бариулсан. Эмра буюу тархины гэмтэл харуулсан юм. Надад уг үйлдлийн улмаас 1.1 сая төгрөгний зардал гарсан. Уг зардлыг буруутай хүмүүсээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/

хохирогч У.У-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17.00 цагийн орчимд гэртээ байж байтал найз Д манай гадна ирээд намайг дуудсан. Намайг гэрээс гарахад манай хашааны хойд талд цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байсан бөгөөд Д надад хоёулаа энэ хооронд хүмүүстэй гараад ирье гэж хэлэхэд нь би зөвшөөрч машинд ороход танихгүй хоёр хүн байсан. Надад Б, Ц гэж нэрээ хэлж байсан. Машинд суугаад хөдлөөд явж байгаад Ц Д нар ганц цагийн хугацаанд энэ хооронд яваад ирье гэж хэлээд урагшаа гарсан аа Наранбулаг сум руу чиглээд явчихсан юм. Бид нар замдаа 0,5 л нэг шил архи тойруулж амсаж байсан бөгөөд Наранбулагт очоод Ц соёлын төв орж нэг хүнээс Баян /Баянхуур/ хөгжим аваад буцсан. Буцах үед Наранбулаг сумын Засаг дарга гэх нэг хүн бидний машинд дайгдаж Улаангом орохоор болсон. Бид 5-уулаа болоод Улаангом руу явсан бөгөөд нөгөө 0,5 л архийг дуусаагүй байсан тул тойруулж ууж байсан. Биднийг Наранбулаг ороход Ц, Б нар ээлжилж машин жолоодож явсан ба буцаж ирэх үед Ц жолоодож яваад Б-д жолоогоо шилжүүлээд өөрөө арын суудалд суусан юм. Би арын суудалд зүүн захад нь сууж явтал Тээлийн гүүр дөхсөн байх үед хэн нэгэн тэмээ мөргөлөө гэж хашгирсан. Тэгээд машин юм мөргөх шиг болсон юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд би машинаас гарчихсан байсан. Энэ хооронд юу болсныг мэдэхгүй. Тэгээд удалгүй цагдаа ирээд араас нь эмнэлэгийн машин ирж биднийг эмнэлэгт хүргэсэн. Ослын улмаас миний духны зүүн хэсэгт хавдаж язарсан байсан. Өөр гэмтэл учраагүй. Надад, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/

иргэний нэхэмжлэгч Ц.Д-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан сумаас 12 тооны тэмээ худалдаж аваад 2 хүнээр туулгаж Улаангом руу явуулаад би өөр машинаар түрүүлээд Улаангом ирсэн юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тэднийг машинтай тосож Улаангом-Наранбулагийн чиглэлийн хатуу хучилттай замаас Хар толгой руу салдаг уулзвар дээр хүлээж байтал 17.00 цагийн орчимд тэмээ туусан хүмүүс ирсэн тул тэдэнд цай унд өгч хэсэг саатаад 18.00 цаг орчимд Улаангом руу хөдөлсөн юм. Би замдаа ойр ойрхон зогсоод тэднийг хүлээж байсан бөгөөд араас тэмээтэй хүмүүс тэмээгээ 2 хэсэгт хувааж цувуулаад явганаар 2 хүн хөтөлж замын хажуугаар явж байсан бөгөөд цас ихтэй байсан мөн шуудуу таараад тэмээ явж өгөхгүй болохоор нь зам дээр гаргаж замын зах бараадаад 2-3 км орчим хөтөлж явуулаад байсан юм. Бид Улаангомоос 17 км зайд байдаг замын хэмжээ заасан шон өнгөрөөд холгүй замын захад машинтай зогсож араас ирж байсан тэмээний цувааг хүлээж байсан юм. Намайг машинаас гарч харахад тэмээ цуваа миний ар талд замын баруун зах хаяалаад ирж байсан юм. Тэгтэл тэдний араас буюу Наранбулаг чиглэлээс нэг машины гэрэл тусаад ирж байсан. Тэр машин ойртож ирээд миний машины ар талд их чимээ гарч тэмээ бархираад машин юм мөргөх чимээ гарсан тул би машинаасаа буугаад хартал цагаан өнгийн суудлын машин замын баруун тал руу буюу ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэж хөндөлдөж зогссон эрэг мэт шороо мөргөж зогссон байдалтай машин дээр нь нэг тэмээ хэвтэж байсан. Мөн машины хоёр талд нэг нэг тэмээ хэвтэж байсан. Бусад тэмээнүүд цочоод тараад явчихсан байсан. Тэмээ хөтөлж явсан нэг хүн миний машин дээр гүйж ирсэн, Э нь нэг тэмээ хөтөлсөн чигтээ осол гарсан машин болон миний машины хооронд зогсож байсан. Осолд машин дотроос хүмүүс орилох тусламж эрэх чимээ гарсан тул бид нар гүйж очиход машин дээр байсан тэмээ үхээгүй хөдөлж байсан. Хүмүүсийг буулгах гэхэд буулгах боломжгүй байсан тул тэмээг буулгах гэхэд тэр тэмээний нэг хөл нь машин дотор хугарч машины дээвэр цөмлөөд орчихсон тээглээд байсан тул тэмээг буулгаж чадаагүй юм. Тэгээд харахад машины урд хэсэг нэлэнхүйдээ урагдаж дээд тааз нь урагдаад хойш нугларсан машин дотор нь хүмүүс байсан. Машины урд суудалд эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Жолоочийн суудалд байсан эрэгтэй хүнийг би түрүүлж буулгаад арын суудлаас нэг эмэгтэйг буулгаад цаад буланд нь Ц гэх залууг сууж байхаар нь буулгах гэхэд тэмээ дарчихсан байсан тул буулгаж чадаагүй. Тэмээний хөлийг өргөж машинаас гаргаад тэмээг машинаас буулгасан. Түүний дараа машины арын суудалд байсан Ц-г гаргасан. Ц жолоочийн арын суудалд сууж байсан. Би түүнийг буулгахын тулд дээврийн төмрийг доош нугларч чихэгдсэн байсныг дээш нь сөхөж зай гаргаад машины баруун гар талын хаалгаар тэр залууг буулгасан. Тэр хооронд жолоочийн хажууд байсан эмэгтэйг машинаас гаргаж машины хажууд хэвтүүлсэн байсан. Тэр хооронд Наранбулаг сумын Засаг дарга гэх залуу хэзээ буусныг мэдэхгүй орилоод авраарай гэж хэлээд гүйгээд байсан. Эмэгтэйг буулгах үед Засаг дарга буучихсан байсан. Жолооч нь Б гэх зүс таних залуу байсныг сүүлд мэдсэн. Анх харахад нүүр ам нь цус нөж болсон тул танигдахгүй байсан юм. Жолооч хамар амнаас нь цус гоожсон байдалтай ёолоод хөдөлж чадахгүй газарт суугаад байсан. Жолоочийн ар талд Ц гэх хөгжим тоглодог залуу байсан. Түүний хажууд нэг туранхай охин байсныг би буулгасан тэр хүнийг танихгүй, машины урд суудалд жолоочийн хажууд байсан эмэгтэй хүнийг танихгүй тэр эмэгтэй огт хөдлөхгүй ухаангүй бололтой байсан. ...Тэмээ хөтөлж явсан хүмүүст би машин дөхөж ирсэн үед замын баруун талдаа шахаж яваарай гэж хэлсэн тул тэд замын баруун гар талаа бариад замын захаар явж байсан. Тухайн үед машин их олон зөрсөн бөгөөд машин зөрөх бүрд цуваагаа зогсоогоод замын зах руу шахаж машиныг өнгөрүүлж байсан юм. Осол болох үед мөн шахаж зогссон байсан. Ослын улмаас 3 тэмээ газар дээрээ үхсэн. Бусад тэмээнүүд үргээд явчихсан. Бусад тэмээнүүдийг сүүлд олж авсан юм. Үхсэн 3 тэмээ нь хоёр тэмээ нас гүйцсэн ат байсан бөгөөд солви хөх, гозгор улаан зүсний тэмээнүүд байсан бөгөөд буруу хацартаа дэгэрээ тамгатай байсан. Нэг тэмээ нас гүйцсэн ингэ байсан. Миний худалдаж авсан тэмээнүүдээс нэгэн 5 настай бусад нь бүгд нас гүйцсэн 7 нас хүрсэн тэмээнүүд байсан. Би эдгээр үхсэн 2 атыг нэг бүрийг нь гүйцсэн 7 нас хүрсэн тэмээнүүд байсан. Би эдгээр үхсэн 2 атыг нэг бүрийг нь 700.000 төгрөгөөр, үхсэн ингийг 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хувьд үхсэн 3 тэмээний хохирлыг буруутай хүнээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/

гэрч Ц.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Манай гэр Завхан сумын 3 дугаар багт байдаг юм. Манай багт Улаангом сумаас Д гэдэг хүн ирж тэмээ худалдаж авсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цуглуулж авсан тэмээгээ Улаангом руу туулгахаар болж надыг тэмээ туугаад Улаангом оруулаад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэхээр би зөвшөөрсөн юм. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн үед Завхан сумаас би хажуудаа Д гэх залуугийн хамтаар 12 тэмээ тууж Улаангом руу явсан. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой нар орж байх үед Сүүжийн зам дээр Д бид хоёр тэмээгээ туугаад явж байхад Д өөрийн эхнэрийн хамтаар машинтай ирж хоол цай өгсөн. Бид хоол цайгаа уугаад Д эхнэртэйгээ бид нарын урд машинтайгаа яваад Д бид хоёр араас нь тэмээгээ хөтлөөд явж байсан. Д бид хоёр тэмээгээ хар замаас холуур хөтөлж байсан ба Улаангом руу ойртох тусам газар цастай байсан учир тэмээ хальтраад явж өгөхгүй болохоор нь хэсэг газар хар зам дээр тэмээгээ гаргаад хөтөлж явсан. Хар зам дээр гарахад машинууд зөрч өнгөрч байсан. Автомашин зөрөх болгонд Д бид хоёр замын баруун гар талдаа шахаж бөөгнүүлж зогсоож байгаад өнгөрүүлж байсан. Машинууд ч гэсэн зөрөхдөө хурдаа хасаж ирээд зөрж байсан. Тээлийн голын гүүрнээс цааш гурван км зайтай ирж байхад араас машины гэрэл тусаад машин ирж байхаар нь тэмээгээ замын баруун талд шахаад бөөгнүүлээд зогсож байхад нөгөө машин маш хурдтай ирээд тэмээ мөргөөд замын баруун тал руу унасан юм. Цагаан өнгийн суудлын жижиг автомашин байсан. Автомашин унасаны дараа би айгаад холхон очоод зогчихсон байсан болохоор нь машин дотор хэдэн хүн байсан, ямар байдалтай байсныг би мэдэхгүй байна. Би өөрөө машинд дайруулаагүйдээ баярлаж байна. Машин надтай маш ойрхон зайд зөрсөн. Би хэрэв хоёр алхам баруун гар талдаа зогсож байсан бол намайг мөргөөд явах байсан. Машин шууд чигээрээ ирээд тэмээ мөргөж замаас гарч унасан. Согтуу хүмүүс явж байж л ийм асуудал гаргаж байна. Хэрэв эрүүл саруул хүн автомашин жолоодож явсан бол хурдаа хасаад зөрөөд өнгөрч болох зай хар зам дээр байсан. Олон машин зөрч байсан бүгд хурдаа хасаад зүүн гар талдаа дараад зөрж өнгөрч байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56 тал/

гэрч Р.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Миний нөхөр Д бид хоёр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Завхан сумаас Улаангом руу 2 хүнээр тэмээ туулгасан ба тэр хоёр хүнийг тосож цай хоол өгөөд тэмээгээ туугаад Улаангом руу явж байсан юм. Д бид хоёр машинтай явсан ба түрүүлж яваад зогсож тэмээ тууж ирж байгаа хүнийг хүлээгээд яваад байсан. Тэгтэл тэд нарын цаанаас машины гэрэл тусаад ирж байснаа тэмээний хажууд ирснээ автомашины гэрэл замаас гараад зогсчихсон. Би тухайн үед осол гарлаа гэж бодоод миний зүрх савлаад юу болсон талаар мэдээгүй. Миний хувьд одоо юу болсныг сайн санахгүй байна. Зам дээр 2 тооны тэмээ дайруулсан байдалтай хэвтэж байсан. Холоос харахад цагаан өнгийн суудлын автомашин осолдсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/

гэрч Д.Н-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Аав Д Завхан сумаас тэмээ худалдан авч 2 хүнээр хөтлүүлж ирүүлж байсан бөгөөд өчигдөр өөрийнхөө машинаар 16.00 цаг орчимд хоол унд аваад явсан. Би араас нь утсаар яриад Тээлийн гүүрний 9 км зайд ирж байна гэхээр нь тосож хоол унд хүргэж өгөхөөр очиход зам дээр осол болж тэмээнүүдийг суудлын машин мөргөөд замын урд талд гаргасан байсан. Би машинаас бууж харахад суудлын машины дээр нэг тэмээ хэвтэж байсан. Машины хоёр талд нэг нэг тэмээ хэвтэж байсан. Машины замын урд талд замаас гараад урд зүг рүү хараад зогсчихсон аав маань машин дээр байсан тэмээг буулгах гэж оролдож байсан. Машины хажууд ээж, аав, тэмээ тууж явсан 2 хүн байсан. Мөн Ц гэх хүн авраарай туслаарай гэж орилж ирсэн бөгөөд энэ машинд хүмүүс байгаа авраарай гэсэн тул би осолд орсон машины дээр очиж зүүн урд талын хаалгыг онгойлготол нэг эмэгтэй хэвтэж байсан бөгөөд тэмээнээс хөндий сул байсан тул би тэр эмэгтэйг татаж машинаас буулгасан. Тэр эмэгтэй суудлын даруулга хэрэглээгүй байсан. Түүнийг машины хажууд хэвтүүлэхэд нүүр нь битүү цус болчихсон байсан тул би гараараа нүүрийг нь арчихад нэл цус, шилний үйрмэг болсон байсан. Би тэр эмэгтэйгийн хамар ам нь цус болж нөжөрсөн байсан тул бөглөрчих вий гэж бодоод хамарны цусыг шахаж гаргаад аманд байсан нөжөрсөн цусыг хуруугаараа гаргахад доод эрүү нь сул хөдөлж байсан. Би амьдруулах санаатай цээжинд нь хиймэл амьсгал хийж гараараа 1-3 хүртэл тоо тоолж дарсан боловч ухаан ороогүй, амнаас нь цус хөөсөрч гарч ирээд байсан. Судсыг нь дарж үзэхэд лугшилт мэдрэгдэхгүй байсан тул юмыг яаж мэдэхэв гэж бодоод хажуугаар нь хэвтүүлсэн боловч ухаан ороогүй юм. Энэ хугацаанд би нилээд удаан түүнийг сэхээх гэж оролдсон. Тэр эмэгтэйгийн бие нь халуунаараа байсан юм. Тэгээд нэмэр болохгүй болохоор нь өндийж харахад хажууд нэг охин зогсож байсан бөгөөд талийгаачаас холдоогүй. Намайг босож харахад тэмээг машинаас буулгачихсан байсан. Машинд байсан хүмүүсийг бүгдийг нь гаргачихсан байсан бөгөөд би машиндаа суугаад гэрэл тусгаж зогсоод цаг харахад 09.20 цаг болж байсан. Тухайн үед бусад хүмүүс орилж хашгираад тэр хавиар явж байсан. Нэг эрэгтэй хүн замын хажууд ёолоод сууж байсан. Бүгдийнх нь нүүр цус болчихсон байсан. Би машины хажууд Б гэх Наранбулаг сумын Засаг дарга залууг хэвтүүлчихсэн байсныг өөрийнхөө машиныг дөхүүлж зогсоож байгаад машиндаа суулгасан. Жолооч нь Б гэх хүн байсан бөгөөд замын хажууд ёолоод сууж байсан бөгөөд хөдөлгөж машинд суулгах гэхэд ёолоод нуруу гээд орилоод байсан тул хөдөлгөөгүй. Дулаан зүйл нөмрөгсөн. Тэгж байтал цагдаагийн машин ирээд араас нь эмнэлэгийн машин ирж машинд байсан хүмүүсийг авч явсан юм. Б надад хэлэхдээ “би хариуцлагатай алба хашдаг хүн шүү. Би энэ хүнийг хурдаа хасаж яв гэхэд үгэнд орохгүй тэмээ байна гэж бас анхааруулж хэлсэн. Тэгэхэд очоод мөргөсөн их хурдтай явсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/

гэрч Ж.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Д гэх хүн намайг тэмээ туугаад өгөөч гэж гуйсан тул түүний хамт машинаар Завхан сум руу 3 хоногийн өмнө очсон юм. Тэгээд 2 хоногийн өмнө орой Улаангом сум руу 12 тэмээг 2 хэсэг хуваагаад би 7 тэмээг хөтөлж, нөгөө нэг хүн 5 тэмээг хөтөлж явсан юм. Бид явсаар өчигдөр орой Хартолгойн салдаг уулзвар дээр 17.00 цагт ирээд Д хоол унд авч тосож ирсэн тул хоол унд идээд 18.00 цаг орчимд Улаангом руу хөдөлсөн. Тэгээд Улаангом сумаас 17 км дутуу явж байтал араас Наранбулаг сум талаас нэг машин хурдтай ирээд би тэмээгээ баруун тал руу шахаад зогсож байтал чигээрээ ирээд эгнээд явж байсан 5 тэмээний зүүн захын нэг тэмээг болон миний хөтөлж явсан 7 тэмээний зүүн захын 2 тэмээг тус тус мөргөөд зөрж өнгөрөөд замын урд тал руу замаас гарч жалга руу орж зогссон. Би тэр хоёр тэмээг явган хөтлөөд зүүн захад нь явсан тул машинд шүргүүлээд газар унаад боссон юм. Намайг босож ирэхэд машин замын урд талд жалга руу мөргөж зогссон байсан бөгөөд машин дээр нэг тэмээ байсан. Машины хоёр талд нэг нэг тэмээ байсан. Би машинд хүмүүс дугарахаар нь очиж баруун талын хоёр хаалгыг татаж онгойлгосон. Дотор нь хүмүүс сууж байсан. Д ах тэр хүмүүсийг гаргах гэж оролдож байсан. Би үргэсэн тэмээг зогсоохоор яваад 5 тэмээг зогсоогоод буцаж ирээд айж цочирдоод машинд ойртохгүй тэмээгээ бариад суугаад байсан юм. Намайг буцаж ирэхэд машин дээр байсан тэмээг буулгачихсан байсан. Тухайн үед харанхуй байсан тул хэн хэний биед ямар гэмтэл учирсныг харж чадаагүй. Тэр машин маш хурдтай ирсэн. Гэрэл дөнгөж гарангууд тэмээгээ шахах тэр хооронд ирээд мөргөсөн, би ямар нэгэн сигнал дохио сонсоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 тал/

гэрч Б.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр 4 жил ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан бөгөөд алсын дуудлага ирж зам тээврийн осол гарсан гэх дуудлагаар хэргийн газарт очиход цагаан өнгийн приус маркийн автомашин тэмээ мөргөсөн байдалтай замаас гарч зогссон байсан, замын хажууд үхсэн тэмээнүүд байсан. Автомашинд байсан зорчигч жолооч нарыг машинаас гаргасан байсан бөгөөд автомашины зүүн талд зүүн урд хаалганы орчимд цасан дээр нэг эмэгтэй дээш харж хэвтсэн байдалтай байсан бөгөөд түүнд үзлэг хийхэд хүүхэн хараа хоёр талд өргөссөн, захын судасны лугшилт тодорхойлогдохгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон нас барсан байсан юм. Уг эмэгтэйгээс гадна машины баруун талд замын дэргэд нэг эрэгтэй хүн ёолсон байдалтай сууж байсан бөгөөд үзлэг хийхэд хавирганд эмзэглэлтэй, хавирга хугарсан цээжний гэмтэлтэй бололтой амьсгал авч чадахгүй, нүүрэнд зулгаралт ихтэй хөдөлж босож чадахгүй байсан тул цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийж автомашинд суулгасан. Уг машины цаана зогсож байсан машины урд суудал мөн нэг хүн байсан бөгөөд духны духны орчимд зулгарсан шархтай, хавдсан байдалтай эрэгтэй хүн байсан. Түүнийг машинд суулгасан, тэднээс гадна нэг эмэгтэй нүүрний хэсэг цус болчихсон өөрөө явж байсан, мөн айж балмагдсан цочирдсон байдалтай байсан. Бид түргэн тусламжийн машинаар уг машинд байсан гэх 4 хүнийг тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн. Тухайн үед Ч гэх хүнийг гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Ц гэх залууг маргааш нь хүзүүний томографикт оруулж хүзүүний хугаралтай байсан тул маргааш нь гэмтлийн тасагт хэвтүүлсэн юм. Бусад хүмүүсийн хувьд биеийн байдал, гэмтэл хөнгөн байсан тул анхны тусламж үзүүлээд ар гэрийн хүмүүст нь хүлээлгэж өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/

шүүгдэгч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18.00 цагийн орчимд Таван Од зочид буудалд хүнтэй уулзахаар очихдоо найз Б-тэй Таван Од зочид буудлын гадна талд тааралдсан юм. Тухайн үед Б нь хажуудаа Д гэх эмэгтэй хамт байсан бөгөөд Наранбулаг сум руу яваад соёлын төвөөс хөгжим аваад ирье, хамт явъя гэсэн тул би зөвшөөрч Ц /Б/-гийн жолоодож явсан Тоёото приус маркийн 68-47 УВХ улсын дугаартай цагаан өнгийн машинд суусан. Бид хөдлөөд явж байтал Д архи уумаар байна гэж хэлсэн тул Ц Х-т гэдэг дэлгүүр орж 0,75 л нэг шил архи авч гарч ирсэн. Бид гашууны голын гүүрэн дээр очиж Ц, Д нар архиа задалж хувааж уусан. Би тухайн үед архинаас уугаагүй би тэр өдөр эрүүл мэндийн дэвтэрээ таглуулж маргааш нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэж байсан учир архинаас амсаагүй. Д өөрийнхөө утаснаас нэг эмэгтэй хүнтэй ярьчихаад нэг хүн очоод авчихъя гэж хэлсэн тул бид хөдөлж хуучин Дулааны станцын урд талаас нэг эмэгтэйг гэрээс нь очиж авсан. Түүгээрээ бид Наранбулаг сум руу хөдөлсөн юм. Наранбулаг суманд очих хүртэл автомашиныг Ц жолоодож явсан бөгөөд тэр Наранбулагт очоод соёлын төв рүү орж хөгжим авч гарч ирсэн. Ц 7000 төгрөг гаргаж ирээд архи авна гэж хэлээд Ц бид хоёр соёлын төвын хажуу талын дэлгүүр лүү орсон. Тэр үед 19.00 цаг орчим болж байсан. Наранбулаг суманд 18.00 цагаас хойш архи согтууруулах ундаа зардаггүй гэсэн тул архи авч чадаагүй дэлгүүрээс гарч ирэхэд Б дэлгүүрийн гадна таарсан. Ц-г Б танихгүй байсан бөгөөд намайг таниад аймгийн төв явмаар байна, танай машинд дайгдаад явья гэж хэлсэн. Тухайн үед Ц Б-тай уулзаад замдаа хэрэглэх юм авчих, суманд чинь архи зарахгүй байна гэж хэлсэн тул Б дэлгүүр лүү ороод 1 шил архи, сагстай зүйлийн хамт авч гарч ирсэн. Сагстай зүйл нь ундаа, пивоны аль нь болохыг би мэдээгүй. Дэлгүүрээс хөдлөх болоход Ц надад чи машин бариад явчих гэж хэлсэн тул машиныг нь жолоодож Улаангом сум руу хөдөлсөн юм. Хамт явсан хүмүүс архи уугаад яваад байсан. Би маргааш нь эмнэлэгт хэвтэнэ гэж хэлээд тэдний өгсөн архинаас уугаагүй. Бид замдаа 2 удаа зогсож бие засаад явсан. Бид овоотой хөтөл зөрч Тээлийн гол руу буу явтал замд олон тооны тэмээ харагдсан эсрэг урсгалаас нэг машин хурд багатай зөөлөн гарч ирсэн бөгөөд би тэмээ машин хоёрын дундах зайгаар гарахаар явж байтал эгнээнд явж байсан тэмээнүүд зам таглаад машин тэмээ мөргөсөн. Тэмээнүүдийн зүүн захын тэмээ хойшоо тангарч тийрсэн. Тэр тэмээнүүд миний явсан чиглэлд буюу Улаангомын чиглэлд явж байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Осол болох үед би өөрөө машин жолоодож явсан. Би осол болохын урд өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин осол болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надаас бусад хүмүүс болох Д, Б, Б, Д-гийн дуудсан эмэгтэй бүгдээрээ архинаас уусан согтуу дуулалдаад явж байсан. Миний жолоодож явсан автомашины баруун талдаа жолоогоо булаагаад байсан. Тоормоз хэвийн байсан. Осол болох үед 60 км/ц-ийн хурдтай явсан. Би тэмээнд тулж очоод тоормоз дарсан боловч очоод мөргөчихсөн. Ослын улмаас миний гавлын баруун талын чамархай, хацар орчмын яс хугарсан, баруун духны орчимд гавал яс цөмөрсөн, баруун эрүү хугарсан, цээжний хоёр талын нийт 9 хавирга хугарсан гэмтлүүд учирсан. Байгалийн 1 шүд хугарсан, хиймэл шүд унасан, баруун дал цуурсан гэмтлүүд учирсан. Би ослын улмаас Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд үргэлжлүүлж хэвтээд хагалгаанд орсон. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээс гараад 2 сарын хугацаанд гэртээ хэвтэрт хэвтсэн. Улаангомд 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ирээд дахин Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгээд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ирээд дахин хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Бусад хүмүүсийн гэмтлийг мэдэхгүй байна. Би 2012 оны орчимд Улаанбаатар хотоос жолооны үнэмлэх авсан. В ангилалын жолоочийн үнэмлэхтэй. Осол болох үед хүчинтэй байсан. Уг автомашин нь Ц буюу Бгийн эзэмшлийн автомашин байсан. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ хуулийн дагуу тогтоосон төлбөрийг барагдуулна” гэх /хх-ийн 149-151 тал/ мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нэг найз таарсан. Наранбулаг сум яваад ирье гэж хэлсэн тул би хамт явсан. Замдаа архи уугаад Наранбулагт манай найз согтчихоор нь буцаад би машин барьсан. Ирэхдээ замдаа осолд орсон. Иргэний нэхэмжлэгч Д-ы 3 тэмээний, Б-гийн машины, Наранбулаг сумын Засаг даргын хохирлыг хоорондоо тохиролцож барагдуулсан, тэдгээр нь надаас гаргуулах төлбөргүй гэсэн. Яг мөнгөөр төлсөн хохирол байхгүй, Ч.Б-д л 400.000 төгрөг төлсөн. Одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, Б.Д нарын хохирол үлдсэн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг, 

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон техникийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №3 тоот дүгнэлт, задлан шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 48 тоот задлан шинжилгээ хийсэн акт, шүүх химийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 63 тоот дүгнэлт, шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 750, 751, 752 тоот дүгнэлтүүд, шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 765 тоот дүгнэлт, Увс Финанс Аудит ХХК-ийн нас гүйцсэн ат, ингэ үнэлсэн тухай 399 дугаар тайлан /хэргийн 7-13, 15, 16-22, 23-26, 31-32, 72-76, 80-81, 85-86, 90-91, 101-102, 121-123, 129 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба дүрмийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”-оор, 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж тус тус заасан.

 

Гэтэл шүүгдэгч П.Ч нь дээрх заалтуудыг зөрчиж, Л.Б-гийн эзэмшлийн 68-47 УВХ улсын дугаартай Тоёото приус загварын суудлын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн суурингийн гаднах замд цагт 80 км-ээс илүү хурдтай явсан болох нь гэрч Ч.Б-ын “Тэр үед 90-100 км/ц хурдтай явсан байх, маш хурдтай явсан. Би хурдаа хасаж зөөлөн яв гэж хэлсэн боловч хурдаа хасаагүй юм. Осол болсон газрын үзэгдэх орчин муу, шөнө болсон, тонгоруу газар байсан бөгөөд тонгойход тэмээ харагдсан юм. Замын гадаргуу цасаар хучигдсан хальтиргаа гулгаа үүссэн гөлгөөнтэй байсан юм” гэх мэдүүлэг, Шүүх химийн П.Ч-ын цусанд 1,3 промилли этилийн спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолт хөнгөн зэрэгт хамаарна гэх 63 дугаартай шинжилгээгээр нотлогдож тогтоогдсон, энэ нь тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хэргийн 121-123 талд авагдсан Техникийн шинжээчдийн зам тээврийн ослын талаар гаргасан 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Мөн энэ зам тээврийн осолд өртөсний улмаас талийгаач О.Д-гийн биед гавал ясны /зүүн чамархай/ хугарал, суурь ясны хөндлөн хугарал, гавал тархины хатуу хальсны доорхи цусан хураа, хацар нүүрний хэсгийн язарсан шарх, зүүн гарын сарвуу, хуруунуудын зөөлөн эдийн цус харвалт, няцралт гэмтэл үүсч, уг гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн 48 дугаартай акт /хх-ийн 72-75 тал/ -аар,

хохирогч Л.Б-гийн биед хүзүүний 2-р нугалам баруун нумын урд үзүүрт, 5-р нугаламын  их биед сэлтэрсэн хугарал, хүзүүний 5, 6, 7-р нугалам, сээрний 1-р нугаламын арын сэртэнгийн хугарал, цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы хугарал, баруун талын хацар ясны нумын хугарал, дух, хамар, баруун шанаа, дээд уруул, зүүн хацар, баруун шуу, баруун, зүүн гарын 5-р хуруунд зулгаралт үүссэн, энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 752 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-р тал/-ээр тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндсэн шинж болон хүний амь нас хохирсон, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж мөн хангагдсан байна.

Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, муруйлт, хэлэнд язарсан шарх, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хэл, зүүн бугалга, зүүн мөрний дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл үүссэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 750 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-р тал/-ээр, хохирогч У.У-ийн биед тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нуруу, хамрын үзүүр, дээд уруул, дээд уруулын салстад зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зүүн талд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл үүссэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 765 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-р тал/-ээр тус тус тогтоогдсон.

Мөн уг зам тээврийн осолд өртөж, иргэний нэхэмжлэгч Ц.Д-ы нас гүйцсэн 2 ат, нас гүйцсэн 1 ингэ буюу 3 тооны тэмээ үхсэн бөгөөд иргэний нэхэмжлэгчид 1.900.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Л.Б-гийн эзэмшлийн Тоуота прусс-20 загварын 68-47 УВХ улсын дугаартай суудлын автомашинд 6.365.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь Увс Финанс Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр тайлан, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн УВ/01/182 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, автомашинд үзлэг хийж гэмтлийн акт тогтоосон дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтуудаар нотлогдсон байна. /1-р хх-ийн 129, 133, 140-141 тал/

Шүүгдэгч П.Ч-ын согтуугаар Тоёота приус загварын 68-47 УВХ улсын дугаартай суудлын автомашин жолоодон хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, О.Д-гийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 4.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, тухайн зүйлийн ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.Ч-ыг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

  •   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч У.У, Ч.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, О.Дгийн амь нас хохирсон, мөн эд хөрөнгийн хохирол буюу хохирогч Л.Б-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ 6.365.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-ы 3 тооны тэмээ үхэж, 1.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон.

 

Хохирогч У.У нь хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 52 тал/ гэж, хохирогч Ч.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Д нар хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /2-р хх-ийн 19, 43 тал/  гэж, хохирогч Л.Б нь “хохиролоо барагдуулсан тул надад гомдолгүй” /2-р хх-ийн 25 тал/ гэж мэдүүлсэн болон шүүгдэгч П.Чын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “хохирогч Ч.Б-д би 400.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Д, хохирогч Л.Б нарт биетээр мөнгөн хэлбэрээр хохирол барагдуулаагүй боловч бид нар хоорондоо тохирсон, надаас гаргуулах хохирол, төлбөр, гомдолгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, Б.Ч нарын хохирол төлбөр үлдсэн. Учирсан хохирлыг төлнө” гэх мэдүүлгээр шүүгдэгч П.Чаас гаргуулж хохирогч У.У, Ч.Б, Л.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Д нарт олгох хохирол, төлбөр байхгүй гэж дүгнэлээ.

 

Харин амь хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, Б.Ч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оршуулгын ажилд оролцохоор талийгаачийн ээж Б.Ч, нагац эгч Б.А нар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн онгоцоор Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн болон 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн онгоцоор Увс аймгаас Улаанбаатар буцсан онгоцны тийзний үнэ 935.000 төгрөг, Б.Ч-гийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, мэдүүлэг өгөхөөр Увс аймагт автобусаар ирсэн замын зардал 63.000 төгрөг, буяны ажилд зориулж авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 932.500 төгрөг, буяны өглөгт зарцуулсан 559.500 төгрөг, тэтгэврийн зээл авч зарцуулсан 1,182,900 төгрөг, нийт 3.672.900 төгрөгийг бодит зардалд, 10.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тус тус хамтран нэхэмжилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч О.Д-гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний хамтран амьдрагч Б.Д, ээж Б.Ч нарыг тогтоосон мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол, прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоол тус тус хуулийн хүчинтэй байх ба Б.Д нь талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2010 онд танилцан дотно харилцаатай болж, 2014 онд хурим найр хийж хамтран амьдарсан, тэдгээрийн дундаас хүү Д.Т төрсөн байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ээж Б.Ч, амьдран амьдрагч Б.Д нарыг тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээдүүд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэврийн зээл авч зарцуулсан гэх 1.182.900 төгрөг нь юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, бусад бодит зардал болох 2.490.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохирлыг гаргуулах эрх зүйн боломж, шүүхийн практик байхгүй” гэж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно, ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан тул шүүгдэгч П.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас О.Д-гийн амь нас хохирсон байгаа нь шууд хохиролд, О.Д-гийн амь нас хохирсоны улмаас хууль ёсны төлөөлөгч Б.Ч, Б.Д /амь хохирогчийн гэр бүл, үр хүүхэд/ нарт учирсан бодит зардал болон сэтгэл санаанд үүсч буй хямрал, шаналал нь /сэтгэл санааны хохирол/ гэмт хэргийн хор уршигт тооцогдоно. 

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор, уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул хууль ёсны төлөөлөгч нарын оршуулахтай холбоотой бодит зардал гэж нэхэмжилсэн 3.672.900 төгрөгийн шаардлагаас 2-р хавтаст хэргийн 85-89, 93-94 талд буй нотлох баримтаар тогтоогдсон бодит зардал 2.490.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Б.Ч, Б.Д нар сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх үгүйсгэх, өөрөөр хэлбэл тэдгээрийн сэтгэл санаанд хохирол учраагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь амь хохирогч О.Д-гийн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан амьд явах эрх зөрчигдөж нөхөн сэргээгдэхгүй хохирол учирсан тул энэ шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго болоод амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч П.Ч-аас сэтгэл санааны хохиролд буюу уг гэмт хэргийн хор уршигт тооцож 10.000.000 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 27 хороо, 26-691 тоотод оршин суух, РД:ОМ65100501 дугаартай, Б овгийн Б-ы Ч, Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 108 тоотод оршин суух, РД:ОЮ86110611 дугаартай, Д овгийн Б-ийн Д нарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

 

Харин Б.Ч 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр 1.182.900 төгрөгийн тэтгэврийн зээл авч, хүргэн Б.Д-н ахуйн хэрэглээнд хэрэглэсэн гэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “тэтгэврийн зээлийн 1.182.900 төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй” гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Иймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын 13.672.900 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 1.182.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

2. Шүүгдэгч П.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч П.Ч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

 Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 607 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 751 дүгээр дүгнэлт, Увс аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, гэрч Х.П, А.Т, Ц.Ц, Б.Б нарын мэдүүлэг /хх-ийн 67-70, 80, 155, 182, 183, 193-215 тал/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ч нь Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 7-020 тоотод эхнэр Ц.Ц, охин Ч.М нарын хамт амьдардаг байсан, одоо Улаангом сумын 6-р багийн нутагт Улиасны хэвд хамаатаны айлд амьдарч байгаа, урьд ял шийтгүүлж байсан, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувиараа гар аргаар алт олборлох, гянт болд олборлох, мал махны ченж хийх зэргээр амьдарлаа залгуулдаг, өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй, уг ослын улмаас түүний биед хүнд зэргийн гэмтэл буюу зүүн талд дагз яс, суурь ясны цуурсан хугарал, баруун гайморын хөндийн урд болон арын хана, хацрын нурмын хугарал, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5-р хавирга, зүүн талын 1, 2, 3, 4-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хуралт, хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, нүүрний баруун хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд язарсан шарх, баруун нүдний салст, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, үүдэн дээд нэг шүдний булгарал гэмтэл учирсан, уг гэмтлийнхээ улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувиар тогтоолгосон, одоо группт байдаг болох нь тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч П.Ч-д ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, эрүүл мэнд болон хувийн байдлыг тус тус харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш ургийн овогт П-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ш ургийн овогт П-ийн Ч-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан оршуулахтай холбоотой гарсан зардал 2.490.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 12.490.000 төгрөгийг шүүгдэгч П.Ч-аас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, Б.Д нарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА