Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 19

 

П.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадалай, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой, П.Ч-д холбогдох эрүүгийн 1735001780065 дугаартай хэргийг шүүгдэгч П.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 29-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 07-20 тоотод оршин суудаг, РД:ОЭ76062915, Ш овогт П-гийн Ч.

Шүүгдэгч П.Ч нь Увс аймгийн Тариалан сумын 6-р багийн нутаг Тээлийн гүүрний орчим 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө согтуугаар Тоёота приус маркийн 68-47 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 2.7а, 9.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас О.Д-гийн амь нас хохирооч, Л.Б-гийн биед хүндэвтэр хохирол, Ч.Б-ын биед хөнгөн хохирол, У.У-ийн биед хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Ц.Д-нд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ш ургийн овогт П-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ш ургийн овогт П-ийн Ч-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт болох оршуулахтай холбоотой гарсан зардал 2,490,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 12.490,000 төгрөгийг шүүгдэгч П.Ч-аас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, Б.Д нарт олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар” тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

Миний бие хорих ялаар шийтгүүлсэн гомдолгүй байгаа ба сэтгэл санааны хохирол 10000000 /арван сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь хүний сэтгэл санааны хохиролыг мөнгөн дүнгээр тогтоох боломжгүй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс 10000000 /арван сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, сэтгэл санааны хохирол 10000000 /арван сая/ төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын “сэтгэл санааны хохирол 10000000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч П.Ч-аас гаргуулж ...” хэсгийг эс зөвшөөрч байгаа тул миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь ямар хуулийн ямар зүйл заалтыг баримтлан сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тогтоож байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч П.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч П.Ч-ын давж заалдсан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Тээлийн гүүрний орчим 68-47 УВХ улсын дугаартай “Тоеота приус” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7-д “жолооч согтууруулах ундаа ....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Д.Д-гийн амь нас хохирсон, хохирогч Л.Б-гийн биед хүндэвтэр, Ч.Б, У.У нарын биед хөнгөн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Ц.Д-гийн 3 тооны тэмээ үхэж 1.900.000төгрөгийн хохирол учирсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замааар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Чын гэм бурууг хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэж түүнийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч П.Ч-ын “сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг үндэслэлгүйгээр гаргуулсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор, уршгийг арилагахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч П.Ч-ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч О.Дэлгэрмаа нас барсан байх тул түүний  хууль ёсны төлөөлөгч Б.Даваадалай, Б.Чимгээ нарын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг шүүх дээрхи хуулийн заалтын дагуу гаргуулсан  нь хуульд нийцсэн байх ба давж заалдах шатны шүүхээс буруутгах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Чын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Чын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧИД                               Б.ДАМБА

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ