Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01726

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01726

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02521 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-гийн  нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБ ТЗ-д холбогдох

Үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зорчигчийн вагон депод 2002 оны 10 дугаар сараас үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, 2020 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн тээшийн галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгэж яваад Дарханаас 20 шуудай нүүрс авч Сүхбаатарт буулгахаар авч явсан. Улмаар Сүхбаатарт ирж 20 шуудай нүүрс авах ёстой байсан үйлчлэгч н.Түмэнбаатар ирж аваагүй тул нүүрсээ зөөж вагоны хаалганд дөхүүлж авахад хялбар болгох хураах явцад бие эвгүйрхэж, зүүн талын гар, хөл суларч бадайрсан тул өрөөндөө орж хэвтсэн. Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд Дархан орох замд бие муудсан тул машинчаараа дамжуулан түргэн тусламж дуудуулсан. Түргэн тусламжийн эмч ирж үзлэг хийх явцад ухаан балартаж, эмнэлэгт хүргэгдсэн.Дархан нэгдсэн эмнэлэгт ухаан ороход эмч тархинд хүнд хэлбэрийн цус харвалт өгсөн, судас тасарсан, зүүн талд саажилт өгсөн, хөдөлж болохгүй гэж хэлсэн.Улмаар Төмөр замын нэгдсэн эмнэлэг болон гуравдугаар нэгдсэн төв эмнэлэг, бусад эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн боловч бие даан босож, хөдөлж чадахгүй байгаа бөгөөд нөхөр болон охины асаргаанд өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоосон.Миний зүүн талын гар, хөл зэрэг таталж өгдөг, толгой өвдөж, даралт ихсэх зовиур байгаа бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байна.Ажил олгогчдоо өөрийн биеийн байдлаа танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үйлдвэрийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сард гаргасан боловч олгох боломжгүй гэж утсаар мэдэгдсэн. Иймд үйлдвэрлэлийн осол болсныг тогтоож, нөхөн төлбөрт 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 14 090 310 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан 3 сарын хугацаа дуусгавар болсон байна. Үйлдвэрлэлийн осол болсныг тогтоосон акт болон хөдөлмөрийн чадварыг алдалтын хувь тогтоосон эрх зүйн баримт бичиг нь хоёр тусдаа асуудал юм. Ажил олгогчийн зүгээс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын дагуу үйлдвэрлэлийн осол гарч ирсэн тохиолдолд комиссын акт дүгнэлт гарна. Ажил олгогчийн зүгээс орон тооны бус комисс үйлдвэрлэлийн осол биш байна гэж дүгнэсэн байгаа. Б.Э-гийн хөдөлмөрийн чадвараа алдалтыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ердийн өвчлөлийн 1-4, 1.3 гэсэн заалтаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоосон тул Б.Э- нь ердийн өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлийн тээшийн вагонд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсан болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг МОХНН УБ ТЗ-аас гаргуулах тухай Б.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхтүшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа цус харван хэвтрийн дэглэмтэйгээр эмчлүүлж байхад ажлаас утасдаж ...хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болохоор ажлаас халагдах хүсэлтээ өг гэж утсаар хэлснээс өөрөөр ямар нэгэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлээгүйд гомдолтой байна. Мөн ажлаас халсан тушаал шийдвэрийг танилцуулаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан. Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн осол болон хурц хордлогыг судлан бүртгэх үүргийг ажил олгогчид үүрэг болгосон байхад "...Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн тээшийн вагонд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсан тухай актыг эрх бүхий байгууллага гаргаагүй байхад Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэх үндэслэлээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх байгууллагыг хууль бус шийдвэр гаргасан гэж дүгнэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн "... нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ямар нэгэн үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөөгүй гэж дүгнэсэн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн гаргаж байгаа эрх бүхий байгууллагын шийдвэрийг буруутгасан шийдвэрийн аль болох нь тодорхойгүй, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цаг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах гэж заасны дагуу Дархан хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад яаралтай томографийн шинжилгээний зардлыг төлсөн боловч сүүлд олгосон цалингаас суутгасан. Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэн акт гаргах үүрэг хуулиар хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдаанд нотлох баримт шинжпэн судалсны дараа ажил олгогчийн төлөөлөгч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссоос үйлдвэрлэлийн осол биш гэж тогтоосон гэж тайлбарласан боловч энэ тухай нотлох баримт хэрэгт хавсаргаагүй. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, вагон хөдлөхөөс өмнө богино хугацаанд вагоныг нүүрсээр таслахгүй гэсэндээ шуудайтай нүүрс өргөж зөөснөөс үүдэн цус харвалт өгснийг эмнэлгийн байгууллага тогтоож хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон. Өнөөдөр миний баруун гар, хөл саажилттай, нөхөр хүүхдийн байнгын асаргаанд байна. Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн осол гарсан тухай ослын актыг эрх бүхий байгууллага гаргаагүй байхад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан үйлдвэрлэлийн осол болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй бол ажилтан гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 29.5 дахь хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч нь ...2020 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн тээшийн галт тэргэнд ажил үүргээ гүйцэтгэж яваад ...тархинд хүнд хэлбэрийн цус харвалт өгсөн, судас тасарсан, зүүн талд саажилт өгсөн... гэж тайлбарлаж байгаа бөгөөд Б.Э-гийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн захиргаанд гаргасан ...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөр гаргуулах тухай... өргөдлийг ажил олгогч хэрхэн шийдвэрлэсэн буюу хариуцагч байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ...ажил олгогчийн зүгээс орон тооны бус комисс үйлдвэрлэлийн осол биш байна гэж дүгнэсэн байгаа... гэж тайлбарласнаас үзэхэд орон тооны бус байнгын комисс шийдвэр гаргасан эсэх, уг шийдвэрийг ажилтанд мэдэгдсэн эсэх хэрэгт ач холбогдолтой.

Нэхэмжлэгч Б.Э- нь нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг гаргуулах шаардлагаас гадна үйлдвэрлэлийн осол болсон үйл баримтыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар шийдвэрлэгдэх маргаан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Үйлдвэрлэлийн осол гарсан тухайн үед энэ талаар акт тогтоогдоогүй, баримт бичиг үйлдээгүй орхигдсон, шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй тохиолдолд шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх учиртай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрэмд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн... шүүхээс үйлдвэрлэлийн осол байна гэж дүгнэлт гаргуулахыг хүсээд байгаа эсэх нь тодорхой бус... гэсэн тайлбар өгснийг шүүх анхаараагүй байх бөгөөд ...нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтээ хариуцагч байгууллагад 2021 оны 4 дүгээр сард гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна... гэж дүгнэснээс нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/02521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 402 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ