Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01727

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01727

 

 

 

Г.У-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/02386 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-, Г.Г- нар хамтын амьдралтай байсан ба Г.У-ын эзэмшлийн орон сууцанд хамт амьдарч байсан. Б.М- нь вакум цонхны үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг байсан бөгөөд сардаа 900 000 төгрөгийн зээл төлдөг байсан. Улмаар ...Солонгос улс руу явж амьдралаа дээшлүүлмээр байна, барьцаанд байршуулах 5 000 000 төгрөгийг зээлж тус болооч ... гэж хэлсэн тул Г.Г-т 5 000 000 төгрөг, Б.М-т 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд зээлдүүлж, тэдний нэр дээр Улаанбаатар банканд шинээр нээсэн данс руу шилжүүлсэн. Гэтэл Б.М-, Г.Г- нарын Солонгос улсын виз олгогдоогүй тул банканд байршуулсан мөнгөө тус тусынхаа данснаас авч, Г.Г-ын зүгээс зээлсэн 5 000 000 төгрөгийг буцааж өгч, харин Б.М-ийн зүгээс зээлсэн 5 000 000 төгрөгөө өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. Б.М- нь Г.Г-т тайлбарлахдаа ...өр төлбөртөө өгсөн гэж хэлсэн байдаг. Ингээд 2019 онд Б.М-, Г.Г- нар салсан бөгөөд мөнгөө нэхэхээр ...аавын бие муу байгаа, хавдартай байгаа гэдэг шалтгаан хэлээд өгөхгүй байсан тул байнга нэхэж чадаагүй. Иймд хариуцагч Б.М-ээс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М- нь 2016 оноос нэхэмжлэгч Г.У-ын төрсөн дүү болох Г.Г-тай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас төрсөн хүүхэд байхгүй. 2016 оны 4 сард Г.Г-ын эзэмшлийн орон сууцанд амьдрах гэж байсан боловч нэхэмжлэгч Г.У-ын зүгээс ...та хоёр манай хажуу өрөөнд түр амьдарч бай, манай дүү н.Батчулууны гэр бүлийг Г.Г-ын эзэмшлийн орон сууцанд амьдруулъя гэсэн саналыг тавьж Г.Г-, Б.М- нар зөвшөөрсөн. Улмаар Г.Г-, Б.М- нар 2018 онд Солонгос улс руу явж ажиллаж, амьдрахаар тохиролцож, Г.Г- нь өөрийн төрсөн ах Г.У-аас 10 000 000 төгрөг зээлж, банканд байршуулсан боловч Солонгос улс руу явах боломжгүй гэх хариу гарсан тул визний барьцаанд байршуулсан нийт 10 000 000 төгрөгөө буцаан авч, дансыг хаалгасан. Ингээд Б.М-ийн зүгээс ...ахдаа буцааж өгөөрэй гээд 5 000 000 төгрөг өгөхөд ...ахад өгчихлөө гэж хэлсэн. Үүнээс хойш Г.У- нь Б.М-ээс нэг ч төгрөг нэхээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тодруулж хэлэхэд, Б.М- нь Г.У-тай ямар нэгэн эд хөрөнгийн маргаан болон зээлийн гэрээний харилцаа байгаагүй бөгөөд шууд утгаараа хоорондоо харьцдаггүй байсан. Г.Г- нь 2019 оны 5 дугаар сараас өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Б.М-ийн хувьд 2018 оны 11 дүгээр сард зээл авч Г.Г-т Приус 20 маркийн автомашиныг худалдаж авч өгсөн. Энэ талаарх баримтыг хавтас хэрэгт гаргаж өгсөн. Улмаар 2020 оны 7 дугаар сард Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Приус-20 маркийн автомашинтай холбоотой нэхэмжлэлийг Г.Г-т холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагчаар оролцсон Г.Г- нь уг маргаан бүхий 5 000 000 төгрөгийг Б.М-ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлогдохгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн Г.У- нь тухайн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд Б.М-ээс мөнгө нэхэж байгаагүй. Гэрч Г.Г-ын өгсөн мэдүүлгээр ...ах нь дүүдээ уг 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлдэг. Г.Г-т биш Б.М-т шууд өгөх боломжтой байсан ч Б.М-т өгөөгүй. Г.У- нь 10 000 000 төгрөгөө Г.Г-т өгсөн бол Г.Г-аас энэ мөнгөө нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.М-т холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах тухай Г.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.У- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс Б.М-т БНСУ-ын визний баталгаа болгон 5 000 000 төгрөг өгсөн, тус мөнгийг дээрх зориулалтаар хэрэглэсэн эсэх болон 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэж мэдүүлсэн байхад шүүх ...зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгийг бодитоор шилжүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт ...талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасны дагуу Г.У- нь Б.М-ийн хүсэл сонирхлыг дэмжиж, өөрийн мөнгөн хөрөнгөөс буцааж авах нөхцөлтэйгөөр 5 000 000 төгрөгийг өгсөн. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал болно. Гэтэл шүүх талуудын хүсэл сонирхол болон иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдалд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч 5 000 000 төгрөгийг хэнд, хэрхэн буцаан өгсөн талаар нотлоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр гарцаагүй, үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.У- нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Г.Г-, Б.М- нар нь Солонгос улсад ажиллах зорилгоор виз мэдүүлэхийн тулд банкны баталгаа болгон тус тусын дансанд 5 000 000 төгрөгийг байршуулсан ба уг 10 000 000 төгрөгийг Г.У- нь өөрийн дүү болох Г.Г-т дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Г.Г-ын ...10 000 000 төгрөгийг өөрийн харилцах дансаар 5 000 000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан... гэсэн мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкан дахь Б.М-ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 15, 49/

Харин нэхэмжлэгч Г.У- нь Г.Г-, Б.М- нарт нийт 10 000 000 төгрөгийг өөрийн дүү болох Г.Г-т дансаар шилжүүлж зээлдүүлснээс Г.Г- мөнгийг эргүүлэн төлсөн, Б.М- төлөөгүй хэмээн тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Б.М-ийн нэхэмжлэлтэй Г.Г-т холбогдох иргэний хэргийн 13 хуудас бүхий бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарт дурдаж буй ...Б.М- нь Г.У-ын мөнгийг бага багаар нь цувуулж өгсөн... гэсэн агуулга бүхий тайлбар байхгүй байна. / хх-ийн 88-10 /

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн. Б.М- нь Г.У-аас мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 5 000 000 төгрөгийн зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулахаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар зээл өгөх, авах тухай хүсэл зоригийн илэрхийлэл харилцан илэрхийлэгдсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрөө нотлох үүрэгтэй тул ...хариуцагч 5 000 000 төгрөгийг хэнд, хэрхэн буцаан өгсөн талаар нотлоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/02386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ