Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01773

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01773

 

Д.М, Д.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02466 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М, Д.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны үнэ 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Д.М, Д.А нар өөрийн хүргэн н.Энхтөрийн танил А.Мтай уулзахад Ц.Б гэдэг хүнээс 30 000 000 төгрөг зээлэх гэж байгаа, барьцаанд нь та хоёр байраа барьцаалаад өгөөч, 2 сарын дараа чөлөөлж өгнө гэсний дагуу 2018 оны 12 сарын 28-ны өдөр Ц.Бай уулзахад барьцааны гэрээ хийдэггүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлчих гэсний дагуу нотариатч дээр очиж, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, 40, 50 мянгат, С.Чойнболын гудамж, 55-р байрны, 11 тоот орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 30 000 000 төгрөгийг Ц.Баас аваагүй. Хариуцагч нь н.Нямсэлэнгэтэй 2019 оны 10 сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг..Нямсэлэнгэ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.М, Д.А нарыг байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шийдвэрээр тухайн байрны өмчлөгчөөр н.Нямсэлэнгэ бүртгэлтэй байгаа тул байры албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нар Ц.Б холбогдуулан түүний бүртгэл хаягт буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Тухайн орон сууцыг буцаан гаргуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 56 дугаар 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар байрны үнэ 75 575 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нар үндэслэлгүйгээр намайг гүтгэж байна. Би А.М, н.Энхтөр гэдэг хүмүүсийг танихгүй. Өөрсдөө надтай уулзаад зээлийн барьцаанд хураагдах гээд байна, 17 000 000-18 000 000 төгрөг болсон, хугацаа нь тулсан учраас 30 000 000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн. Гэрчилгээ нь хаана байгаа юм бэ гэхэд банкинд байгаа, энийг зараад үлдэгдэл мөнгийг ашиглах гэж байгаа гэж хэлсэн. Маргааш нь Ариг банк ХХК дээр очиж уулзаад, бэлнээр 20 000 000 төгрөг авч очиход өөрсдөө банкны зээлээ чөлөөлөөд, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Намайг очиход н.Энхтөр, А.М нар ирсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийхэд Нотариатч Та байраа зарж байгаа юм байна гэхэд тиймээ зарж байгаа гэж хэлсэн. Би худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан нь үнэн. Гэрчийн мэдүүлэг өгөхөд н.Манал гэдэг залуу гарч ирсэн. Би огт харж байгаагүй. А.М, н.Энхтөр нар хоорондоо тохиролцож мөнгийг авсан. Надтай нийлж наймаа хийгээгүй. 30 000 000 төгрөгөөр байраа зарчихаад одоо байраа буцааж авна гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б холбогдуулан гаргасан 2018 оны 12 сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны үнэ хохирол 75 575 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М, Д.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 866 000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгч нараас шинжээчийн зардал 275 000 төгрөгийг гаргуулан Гэрэгэ эстимэйт ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар бүрэн дүүрэн үнэн, зөв тодорхойлж чадаагүй. Учир нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа Д.М, Д.А болон Ц.Б нарын хооронд 2018 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ талуудын жинхэнэ тохиролцоо хэлцэл бус харин талуудын хооронд тус өдөр хэлэлцэн тохирсон Барьцааны хэлцэл-ийг халхавчилж хийсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж маргадаг. 30 000 000 төгрөгийг зээлэн авах зээлийн гэрээ 2018 оны 12 сарын 28-ны өдөр Ц.Б болон А.М нарын хооронд амаар байгуулагдсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгөө барьцаалуулж өгөхийг А.М нь Д.М, Д.А нараас хүссэн байдаг бөгөөд тэд зөвшөөрч 2018 оны 12 сарын 28-ны өдөр А.Мын 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн барьцаалуулахаар нотариат дээр очсон байдаг.

Нэхэмжлэгч нар хариуцагч Ц.Бай зээлийн гэрээ байгуулсан гэж огт дурдаагүй. Харин Ц.Б болон А.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалахаар тохиролцсон гэж маргаж байгаа. Зээлийн үүргийг гүйцэтгэгч нь А.М харин тус үүргийн барьцааны эд хөрөнгө нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө юм. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, мөн хуулийн 157.7-д Барьцаагаар хангагдах шаардлагад барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч биш бол үүрзг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болох хариу шаардлагыг барьцаалуулагч гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу зээлийн үүрэг гүйцэтгэгч тус үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгө барьцаалуулагч нь заавал нэг этгээд байхыг шаардахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шүүх нотлох баримтыг харьцуулан үнэлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь жинхэнэ гэрээ биш талуудын хооронд хийгдсэн жинхэнэ тохиролцоо хэлцэл болох барьцааны хэлцэл-ийг халхавчлан байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байхад тус үндэслэлийг үгүйсгэхдээ тухайн гэрээг өөрийг нь болон дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг үнэлэх ёстой.

Гэрч А.Манал, А.М, Т.Энхтөр нарын мэдүүлэг болон орон сууцны бодит үнэлгээг 75 575 000 гэж тогтоосон шүүхээс томилогдсон Гэрэгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцааг хийх хүсэл зоригтой байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилсан хэлцэл хийсэн болох нь тодорхой болж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М, Д.А нар хариуцагч Ц.Б холбогдуулан тэдгээрийн хооронд 2018 оны 12 дугаарсарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны үнэд 75 575 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат, С.Чоймболын гудамжны 55 байрны 11 тоот, 28 м.кв талбайтай нэг өрөө сууцыг хариуцагчид худалдах, хариуцагч нь орон сууцны үнэд 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар хариуцагч гэрээ байгуулсан өдрөө 20 000 000, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 353 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр орон сууц хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна. /хх 6-7, 24-25, 29/

 Мөн хариуцагч Ц.Б нь дээрх орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Нямсэлэнгэтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж, тухайн орон сууц С.Нямсэлэнгийн өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00883 шийдвэр, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 8-12, 32/

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдах биш, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор гэрээ байгуулсан гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч халхавчлагдсан гэх барьцааны гэрээтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүрэгтэй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өөр бусад гэрээг халхавчилсан гэж үзэх агуулга харагдахгүй байна. Иймд Орон сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Барьцааны гэрээний тухайд, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан. Иймд 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан талаар нэхэмжлэлийг гэрчийн мэдүүлгийг иш татах эрхийг алдсан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843 775 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

  Д.ЦОГТСАЙХАН