Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01736

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/02455 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ын хариуцагч Т-Ө ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, тоног төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан 9 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бгийн 100 м.куб скруббер төхөөрөмжийн хийц загвар өөрчилсөн, эд анги дутуу техникийн ашиглалтын зардал, хохиролд 16 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бн 100 м.куб скруббер техникийн үзүүлэлт бүхи алттай шороо угаах тоног төхөөрөмжийг 100 000 000 төгрөгөөр худалдана гэсэн зарын дагуу уг төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцон 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Бгийн Хаан банк ХХК дахь 5122028353 тоот данс руу урьдчилгаа 30 000 000 төгрөгийг шилжүүлэн, дараа өдөр нь 4 500 000 төгрөгөөр ачиж, буулгаж, тээвэрлэх зориулалтаар шланз машин хөлслөн Тэнүүн Өлзий ХХК-ийн хашаанаас тус төхөөрөмжийг ачиж явсан. Уг тоног төхөөрөмжийг 2 хоног ажиллуулсан боловч хүчин чадал нь цагт 100 м.куб шороо угаах хэмжээнд хүрээгүй, цагт 8 м.куб шороо угааж байсан. Энэ талаар Д.Бд утсаар мэдэгдсэн ба тэрээр хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжгүй, буцаагаад аваад ирвэл урьдчилгаа буцааж өгнө гэсэн тул 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тээвэрлэж байсан шланзны жолоочид 1 910 000 төгрөг, түлш 2 590 000 төгрөгийг төлж, Тэнүүн Өлзий" ХХК-ийн хашаанд Д.Бгийн хүсэлтээр тэнд аваачиж өгсөн. Худалдагч Д.Б нь тоног төхөөрөмжөө буцаан авсан, бусдад зарсан, урьдчилгааг буцааж өгнө гэсэн атлаа өгөөгүй. Иймд тоног төхөөрөмжийн урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөг, төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан 9 000 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг Д.Б, Т-Ө ХХК-аас гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татсан Т Ө М ХХК, Т Ө Х ХХК нараас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.О- нь Т Ө М ХХК, Т Ө Х ХХК, Тэнүүн өлзий ХХК-ийн дансанд биш Д.Бгийн Хаан банк ХХК дахь дансанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Хамтран хариуцагчаар татагдсан Т Ө М ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн, Т Ө Х ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байдаг. Д.Б нь скруббер төхөөрөмжийг өөрөө хувиараа хийдэг. Хамтран хариуцагчаар татагдсан компаниудтай ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч худалдан авсан тоног төхөөрөмжийн талаарх зааварчилгааг амаар Д.Бгаас авч байсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 06 дугаар сард С.О- 100 м.куб шороо угаах хүчин чадалтай төхөөрөмжийг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг Д.Бгийн Хаан банк ХХК дахь 5122028353 тоот дансанд шилжүүлж, скруббер 100 төхөөрөмжийг авч явсан. С.О- нь 2018 оны 08 дугаар сард уурхай гарц муутай учраас төхөөрөмжийг нэг ч ашиглаагүй шинээрээ байгаа гэсэн. Ашиглаагүй бол аваад ир, төхөөрөмжийг худалдаж мөнгийг өгье гэж хэлсэн. Ингээд маргаан бүхий төхөөрөмжийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр С.О- нь 22-ын товчоонд байрлах хашаанд буулгасан боловч энэ талаар Д.Бд огт мэдэгдээгүй бөгөөд төхөөрөмжийг ашигласан, эвдэлсэн, зарим эд ангийн зориулалтыг өөрчилсөн, бүрдэл дутуу байсан. С.О- нь төхөөрөмжийг анхны байдалд оруулсан тохиолдолд урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Скруббер-100 м.куб төхөөрөмжид нэхэмжлэгч нь доорх хохирлыг учруулсан. Үүнд торх туузан төмөр тавьж гагнасан байсан буцааж таслагчаар тасалж авахад 2 500 000 төгрөг, усан буу байхгүй шинээр хийхэд 2 500 000 төгрөг, шлиз хийц өөрчилсөн засварлахад 500 000 төгрөг, тэжээлийн бункер гулзайсан засварлахад 400 000 төгрөг, тарпед байхгүй шинээр хийхэд 2 000 000 төгрөг, шлизний таг эвдэлсэн шинээр хийхэд 850 000 төгрөг, усан бууны путка байхгүй шинээр хийхэд 1 250 000 төгрөг, будаг халцарсан шинээр будахад 1 000 000 төгрөг, рам гулзайсан шинээр солиход 500 000 төгрөг, элэгдэл хорогдол 5 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийг С.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эд хөрөнгө дутагдсан, өөрчлөлт хийсэн эсэх, 2 хоног ажиллуулаад элэгдэл үүссэн эсэхийг Т.Гансүмбэр мэднэ. Нөгөө талаас тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулж өгснөөр эд хөрөнгийг хүлээлгэн өгнө гэж тохирсон. Шороо угаах зориулалттай төхөөрөмжийн будаг халзарсан гэдгийг ойлгохгүй байна. 2 хоног ажиллаад 5 000 000 төгрөгийн элэгдэл гардаг юм бол 100 000 000 төгрөгийн төхөөрөмж 20 хоног ажиллаад элэгдэл, хорогдол дуусах юм байна гэх мэт үндэслэлгүй шаардлага их байна. Иймд тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд худалдан авагчид хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Элэгдэл хорогдлын талаар шинжээч тээвэрлэлтийн явцад үүссэн элэгдэл гэж тодорхой дүгнэсэн. Мөн цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой, солих засварлах эд анги байхгүй гэсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас 39,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-ад олгож, Т Ө М ХХК, Т Ө Х ХХК, Тэнүүн өлзий ХХК-д холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч Д.Бгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 352 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-ад олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Манай талаас эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн. Усны насос нийлүүлэх үүрэг хүлээгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнийг 30 000 000 төгрөгөөр бууруулсан талаар тусгасан. Нэхэмжлэгч тал төхөөрөмжид учруулсан гэмтэл, эвдрэл, анхны зориулалтыг өөрчилсөн талаар хэлдэг ба энэ асуудал дээр маргадаггүй. С.О- усны насосын хүчин чадал хүрэхгүй байгаа тул гэрээг цуцлах, урьдчилгааг буцаан авах талаар мэдэгдсэн. Манайх төхөөрөмжийг эвдэлсэн, анхны байдал, зориулалтыг өөрчилснийг хүлээн авсны дараа мэдсэн. Шинжээч Итгэлт эстимэйт ХХК эвдэрсэн зүйл байхгүй, ашиглах боломжтой гэж дүгнэсэн. Манай талаас нийлүүлсэн төхөөрөмж ямар нэгэн эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан. Харин төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй нь усны насосын хүчин чадал хүрээгүйтэй шууд холбоотой ба энэ талаар гэрч, шинжээч нар тайлбарласныг шүүх огт анхаарч дүгнэсэнгүй. Мөн төхөөрөмжийг ачиж буулгах, тээвэрлэх зардлыг Д.Бгаас гаргуулна гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. Учир нь Д.Б үүргээ бүрэн биелүүлсэн. Анхан шатны шүүх сөрөг шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь уг төхөөрөмжид дахин засвар хийж анхны байдалд оруулах, эвдэрсэн эд анги солих зардал зэргийг гаргуулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйл 227.2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага 16 500 000 төгрөгийг хангаж, тээврийн зардал болох 9 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Д.Б, Т-Ө ХХК, Т-Ө металл ХХК, Т-Ө хийц ХХК-иудад холбогдуулан /1хх 1-2, 25-26, 216-218/ худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, тоног төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан 9 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т-Ө металл ХХК, Т-Ө хийц ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч Д.Бгийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 100 м.куб скруббер төхөөрөмжийн хийц загвар өөрчилсөн, эд анги дутуу, элэгдэл хорогдол үүсгэсэн гэх үндэслэлээр хохиролд нийт 16 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 206-207, 227/

 

Хариуцагч Т-Ө ХХК, Т-Ө металл ХХК, Т-Ө хийц ХХК-иудын зүгээс өөрсдөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ С.О- нь Д.Бгийн дансанд мөнгө шилжүүлсэн, Д.Б нь Скруббер төхөөрөмжийг хувиараа хийдэг гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх 36-37/

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 100 м.куб хүчин чадал бүхий алттай шороо угаах Скруббер-100 техникийг 100 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Д.Бд 30 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Д.Б нь С.О-ад Скруббер 100 маркийн алт угаах техникийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй зүйл хүлээлгэн өгсөн эсэх нэхэмжлэгч нь хүлээн авсан эд хөрөнгийн хийц загварыг өөрчилсөн, эд ангийн дутаасан элэгдэл хорогдол үүсгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч С.О-ын хариуцагч Т-Ө ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөг, тоног төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан 9 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтыг тогтоохдоо анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Талууд эд хөрөнгийг хүлээлцсэн байх тул уг хөрөнгө биет байдлын доголдолтой байсан гэдгийг нэхэмжлэгч тал буюу шаардлага гаргаж буй этгээд нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэтэл гэрээний зүйлийн ажиллах хүчин чадал зэрэг техникийн үзүүлэлт гэрээний гол нөхцөл байсан гэж үзэх тухайн төхөөрөмж ажиллаагүй буюу ашиглах боломжгүй байсан гэдгийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

Иймд талуудын тайлбар, нэхэмжлэгчээс хариуцагч талд тоног төхөөрөмжийг буцаан өгсөн байгаа нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж тоног төхөөрөмжийг буцаасныг нөгөө тал хүлээн авч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээнээс татгалзсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, харилцан буцааж өгөх үүрэг үүссэн байна.

 

Хуульд заасан энэхүү үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 30 000 000 төгрөгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин тоног төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан гэх 9 000 000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь хөрөнгө биет байдлын доголдолтой байсан буюу тухайн төхөөрөмжийг ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч нь дээрх зардлуудыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэж шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Д.Бгийн нэхэмжлэгч С.О-ад холбогдуулан гаргасан 100 м.куб скруббер төхөөрөмжийн хийц загвар өөрчилсөн, эд анги дутаасан, элэгдэл хорогдол үүсгэсэн хохиролд нийт 16 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.Б нь торх туузан төмөр тавьж гагнасан байсныг буцааж таслагчаар тасалж авахад 2 500 000 төгрөг, усан буу байхгүй шинээр хийхэд 2 500 000 төгрөг, шлиз хийц өөрчилсөн засварлахад 500 000 төгрөг, тэжээлийн бункер гулзайсан засварлахад 400 000 төгрөг, тарпед байхгүй шинээр хийхэд 2 000 000 төгрөг, шлизний таг эвдэлсэн шинээр хийхэд 850 000 төгрөг, усан бууны путка байхгүй шинээр хийхэд 1 250 000 төгрөг, будаг халцарсан шинээр будахад 1 000 000 төгрөг, рам гулзайсан шинээр солиход 500 000 төгрөг, элэгдэл хорогдол 5 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгөх үед тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг бүрийг шалган тодорхойлсон акт байхгүй, зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/02455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-ад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 000 000 төгрөг болон тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Бгийн нэхэмжлэгч С.О-аас 16 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 352,950 гэснийг 307,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН