Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01728

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01728

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/02375 дугаар шийдвэртэй,

Д.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч ННШ, Э ХЗХ, М.Г нарт холбогдох

Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, НШ-ын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгуулах, НШ-с Д.Мд холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1260 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2015 оны 1068 дугаар тогтоолын дагуу Д.Мгээс 527 045 208 төгрөг гаргуулж Э ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг биелүүлэх Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 123, 189 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.4, 8.1.6, 19, 20.1, 44.2.2-т заасныг зөрчиж, Д.Мгийн өмч хөрөнгөтэй байх, өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хязгаарласан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу НШ-ын байранд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцах үед хууль зөрчсөн нөхцөл байдал, баримт бичгийн талаар мэдсэн. Э ХЗХ-ны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцахад 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н иргэн М.Г нарын байгуулсан Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ гэх баримт гарч ирсэн. Энэ гэрээгээр Э ХЗХ нь иргэн Д.Мгээс 527 045 208 төгрөг шаардах эрхээ иргэн М.Гд шилжүүлж, шаардах эрхээ шилжүүлсэн тухай мэдэгдлийг Д.М болон НАнд хүргүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл Э ХЗХ нь Д.Мд, НШт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэн тухай нотлох баримтыг НШт ирүүлээгүй, НШт ирүүлсэн тухай нотлох баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй байна. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 123.2 дугаар зүйлд заасан үүргийн мөн чанарт харшилж байна. Шаардах эрхээ шилжүүлж байгаа тухай надад огт мэдэгдээгүйгээс гадна НШ ба Э ХЗХ, М.Г нар нь шаардах эрхээ шилжүүлэх гэрээгээр халхавчлан миний өмч, хөрөнгөд халдах, иргэний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, миний эрх зүйн байдлыг хохироож байгаа бөгөөд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсны арга замаар мэт башир аргаар худалдан борлуулсан байна. Нөгөөтэйгүүр энэхүү шаардах эрхээ шилжүүлэх гэрээний талууд болох Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н нь М.Г-н хүү бөгөөд эрх шилжүүлэн авсан М.Г нь Э ХЗХ-ны даргын албан тушаалтан болох нь Санхүүгийн Зохицуулах Хорооны албан бичиг болон тогтоолуудаар нотлогдож байна. М.Г нь Э ХЗХ-ны дарга албан тушаалыг хашиж байхдаа төрсөн хүү Т.Нтайгаа шаардах эрхээ шилжүүлэх гэрээ хийж, уг хоршооны эрхийг шилжүүлэн авч байгаа нь үүргийн мөн чанар болон үүргийн харилцааны талуудын эрх зүйн байдлыг зөрчиж, ашиг сонирхлын зөрчилт байдлыг бий болгож өөртөө, өөрийнхөө нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн байна. Гэтэл Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Э ХЗХ-ны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н-иргэн М.Г /Э ХЗХ-ны дарга/ нар шаардах эрхээ шилжүүлэх гэрээ хийсэн байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 болон Санхүүгийн Зохицуулах Хорооны журмуудыг зөрчиж, хууль зөрчсөн гэрээ хийсэн. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3, 9, 18.1.1, 34, 39 дүгээр зүйл, Э ХЗХ-ны бүх гишүүдийн 2012 оны 9 дүгээр сарын 29-ний хурлаар баталсан дүрмийн 13 дугаар зүйл /Хоршооны зохион байгуулалт, удирдлага, дотоод хяналт/-ыг зөрчин, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн тусгай чадварын хүрээнээс хальж хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Э ХЗХ нь хуулийн этгээдийнхээ хувьд өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан эсхүл эрх залгамжлагч томилогдсон эсэх тухай нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаар ямарваа нэгэн нотлох баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй. Баянгол дүүргийн ахлах гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т заасан хууль ёсны арга хэмжээг хэрэгжүүлэлгүйгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй 1725542 тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн байна. Д.М нь 2009 оноос Э ХЗХ-ны хууль ёсны гишүүн болсон ба Хадгаламж зээлийн хоршооны тухай /2011 оны/ хууль, тус хоршооны бүх гишүүдийн 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаас баталсан дүрмийн дагуу хоршооны бусад гишүүний адил эрх, үүрэгтэй атал уг хоршоо болон Д.Мгийн эрх зүйн байдлын тухай зайлшгүй тодруулах хууль зүйн баримт бичгийг бүрдүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 123, 189 дүгээр зүйлийг зөрчиж, Д.Мд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр шаардах эрхээ шилжүүлсэн. Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх үед Э ХЗХ-ны дүрэм ба үүргийн мөн чанар, үүргийн харилцааны талуудын эрх зүйн шалгуурыг зөрчсөн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3, 9, 18.1.1, 34, 39 дүгээр зүйл, Э ХЗХ-ны дүрмийн 13 дугаар зүйл, хоршооны үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болон хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй шаардах эрхээ шилжүүлэх гэрээг үндэслэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны агуулга, талуудыг дураараа өөрчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөвшөөрөөгүй баримт бичгийг үндэслэн тогтоол үйлдсэн, бусдад хууль бусаар давуу байдал олгосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.2, 8.1.4, 8.1.6, 20.1, 21.2, 44.2.2 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн НШ-ын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1725542 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-ыг хуулийн хүчин төгөлдөр бус үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 87 дугаар зүйлд хуульчилсан салшгүй эрхийн зарчим, 172.2 дугаар зүйлд хуульчилсан хэм хэмжээг баримталбал, Э ХЗХ-оос 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шаардах эрхээ шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэн авсан гэх М.Г-н нэр дээр улсын бүртгэл хийгдээгүй тул үл хөдлөх хөрөнгийн ипотек барьцааны эрх бүртгэгдээгүй, иймээс шаардах эрх шилжээгүй байна. М.Гд шаардах эрх шилжээгүй учраас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шаардах эрхээ шилжүүлэх гэрээг үндэслэн НШ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 1725542 тогтоол хууль зүйн хүчингүй бөгөөд тус газрын хийсэн бүх ажиллагааг хууль зүйн хүчингүй ажиллагаа болсон гэж үзнэ. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь НШ-с Д.Мд холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэсэн, уг ажиллагаанд оролцож байгаа М.Гд шаардах эрх хууль ёсоор шилжээгүй, М.Г нь шаардах эрхгүй этгээд ба Э ХЗХ татан буугдсан тул НШ-с Д.Мд холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор Д.Мгээс төлбөр 527 045 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 793 176 төгрөг нийт 529 838 384 төгрөг, Д.АМгаас 27 328 044 төгрөг, улсын тэмдэгтийн 299 590 төгрөг, нийт 27 627 918 төгрөгийг тус тус гаргуулж Э ХЗХ-нд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр авагч Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Наас М.Гд шаардах эрхээ шилжүүлэх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулж, Д.Мгээс 507 338 384 төгрөгийг гаргуулах хүсэлтийг М.Г нь НШт гаргасан тул мөн өдөрт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход нийт 587 136 922 төгрөгөөр үнэлэгджээ. НШт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар дээрх 4 барьцаа хөрөнгө 366 500 000 төгрөгөөр борлогджээ. Төлбөр төлөгч Д.Мгээс Э ХЗХ-ны талаар тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар тогтоолоор тус хорооны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/4304 дүгээр албан бичгээр тус хорооноос тодорхойлсон. Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н нь шаардах эрх шилжүүлэх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулж, тус хорооны тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө М.Гд эрхээ шилжүүлжээ. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Д.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь танай шүүхэд харьяалагдахгүй буюу нэгдүгээр хариуцагч НШ нь Сүхбаатар дүүрэгт, хоёрдугаар хариуцагч Э ХЗХ нь Баянзүрх дүүрэгт, гуравдугаар хариуцагч М.Г нь Хан-уул дүүрэгт оршин суух хаягтай байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах заалтыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч улмаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11,2 дахь хэсэгт зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдож хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож буй Д.М үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байхад түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгч гэж өөрийгөө тодорхойлсон шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн олгосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас олгосны дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд албаны эрх хэмжээг хэтрүүлэн саад учруулахгүй байх хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед бидний амьд явах эрхийг хүндэтгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэдгийг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хэрэгжүүлэхгүй байна. Шаардах эрхийг шилжүүлэх гэрээг 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр талуудын хооронд хийгдсэн байдаг. М.Г Э ХЗХ-оос шаардах эрх шилжүүлж аваад 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гэрээг хавсарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж өгөөч гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Анхнаасаа Э ХЗХ биш М.Г хүсэлтээ гаргаад НШ хүсэлтийг хүлээж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгээд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.Мд танилцуулсан байдаг. Д.М нь үүсгэсэн тогтоолтой танилцаад 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлэг өгч биелүүлэх мэдэгдэлдээ гарын үсэг зурж хүлээж авсан нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу өнөөдрийг хүртэл явагдаж байгаа. Гэтэл шаардах эрхийг шилжүүлэх гэрээг өнөөдөр мэдсэн юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 жил 6 сар өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүргийн биелэлт шаардах эрх 3 жил байна гэж заасан байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 121.3 дахь хэсэгт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй гээд хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага угаасаа хуулийн дагуу хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Анхнаасаа шаардах эрхээ хэрэгжүүлэх төлбөр авагч хүн нь М.Г энэ ажиллагааг явуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл 4 жилийн хугацаанд П.М гэдэг хүн 527 045 208 төгрөг төлөх ёстойгоос нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр хугацаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан НШ, Э Хадгаламж зээлийн хоршоо, М.Г нарт холбогдуулан Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хийсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, НШ-ын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1725542 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгож, НШ-с Д.Мд холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай Д.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 933 576 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Э ХЗХ-ны дарга, тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга М.Г нь өөрийнх нь захиргаанд ажилладаг, өөрөөс нь томилогддог тус хоршооны гүйцэтгэх захирал Т.Н нар ажил албан тушаалын байдлаа ашиглан, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хувьд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар тогтоож, хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчиж, М.Гд ашигтай, тус хорооны гишүүдэд ашиггүй, сонирхлын зөрчилтэй Шаардах эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Хадгаламж зээлийн хоршооны дүрмийг зөрчсөн. М.Г нь Э ХЗХ-ны дарга, тэргүүлэгчдийн зөвлөлийн даргын эрх, үүрэг, албан тушаалын эрх мэдлээ ашиглан шаардах эрхийг М.Г гэдэг иргэнд буюу өөртөө шилжүүлэн авч байна гэж үзэх зөвтгөх хууль зүйн ямарваа нэгэн үндэслэл тогтоогдохгүй байгаа нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ойлголтод хамаарч байгаагаас гадна М.Г, Т.Н нар нь эх, хүүхдийн харьцаатай хүмүүс юм. Э ХЗХ-ны дүрмийн 13.6.15.1-д заасныг зөрчсөн үйлдэл болсон байна. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нар Шаардах эрх шилжүүлэх гэрээ хийж байх үеийн М.Г-н эрх зүйн байдлыг тодорхойлох Санхүүгийн зохицуулах хорооны нотлох баримтууд болох тогтоолууд хэрэгт баримтаар авагдсан. Эдгээрийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан байтал шүүхээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй. Т.Н, М.Г нар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний 3.2-т заасны дагуу шаардах эрх М.Гд шилжсэн тухай Д.Мд огт мэдэгдээгүй гэрээний үүрэг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 132.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх шаардах эрхийн агуулга өөрчлөгдөөгүй гэж дүгнэхдээ Д.Мгээс зээлийн төлбөр шаардах М.Г-н зээлийн төлбөр шаардлах М.Г-н эрх нь эд юмсын холбоотой шаардах эрх үү эсхүл үүргийн эрх зүйн холбогдолтой шаардах эрх үү, шаардах эрх шилжүүлсэн үйлдэл нь хууль ёсны шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, тодорхойлсонгүй. Хариуцагч нарын хүсэл зориг, илэрхийлэл нь М.Г-н субъектив санаа бодлоос шалтгаалсан гэдэг нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно. Хэрэгт авагдсан баримтаар Д.Мгийн үл хөдлөх хөрөнгө нь Э ХЗХ-ны нэр бүхий барьцаалбаргүй барьцааны гэрээнд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг М.Гтай хийсэн байна. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн барьцааны гэрээнүүд нь Э ХЗХ-ны нэр дээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба энэ тухай Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн албанаас хариуцагч НШт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр мэдэгдэж байсан байна. Хэрэв шаардах эрхээ шилжүүлэх гэрээг үндэслэн төлбөр авагчаас М.Гантулгыг тогтоож байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, М.Г төлбөр авагч гэдгийг албан ёсоор тогтоох ёстой байсан. Э ХЗХ-г 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон улсын бүртгэлээс хасч, татан буулгасан тухай хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинэчлэн судлагдсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар Д.Мгийн үүрэг дуусгавар болсон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл бичмэл нотлох баримттай танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гараагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.М нь Э ХЗХ, М.Г нарт холбогдуулан Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

хариуцагч НШт холбогдуулан НШ-ын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгуулах,

НШ-с Д.Мд холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1068 тоот тогтоолоор хариуцагч Д.Мгээс 527 045 208 төгрөг, Д.АМгаас 27 328 044 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э ХЗХ-д олгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан байна. /1хх.55-65/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Д.Мгээс 527 045 208 төгрөг, Д.АМгаас 27 328 044 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 554 373 252 төгрөгийг шаардах эрхийг М.Гд шилжүүлжээ. /1хх.54/

Хариуцагч М.Г дээрх Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргасан байна. /хх.11/

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т энэ хуулийн 13.4-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосноос хойш зөвхөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 тоот тогтоолоор Э ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53 тоот тогтоолоор хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон. /1хх.154, 155/

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар шаардах эрх нь шинэ үүрэг гүйцэтгэгчид шилждэг.

Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор заасан байх бөгөөд Э ХЗХ нь М.Гд хариуцагч Д.М, Д.АМ нараас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ шилжүүлсэн нь хууль болон гэрээний мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шаардах эрхийн агуулга болон мөн чанар өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх Э ХЗХ-ны гүйцэтгэх захирал Т.Н, М.Г нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ-г хуулиар хориглосон буюу зөвшөөрөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, Э ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн зорилгоо зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тус хорооны дарга, гүйцэтгэх захирал нар албан тушаалаа ашиглан, тус хорооны гишүүдэд ашиггүй, сонирхлын зөрчилтэй Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Хадгаламж зээлийн хоршооны дүрмийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар Д.Мгийн үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Учир нь, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4- т Үүрэг хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан. Э ХЗХ нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр татан буугдсан байх бөгөөд үүнээс өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шаардах эрхээ хариуцагч М.Гд шилжүүлсэн байх тул НШ-с Д.Мд холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан үндэслэлээр дуусгавар болгох үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, НШ-с Д.Мд холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж, 21.2 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн, эсхүл хураан авсан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт болон шаардлагатай бусад баримт бичгийг хавсаргана гэж тус тус заасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол нь хуулийн дээрх заалтад нийцсэн.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.3 дахь хэсэгт хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй гэж заасныг үндэслэн НШ-ын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...шүүх хуралдааны тэмдэглэл бичмэл нотлох баримттай танилцуулаагүй, хуулийн хугацаанд гараагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй гэж байгаа боловч нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Мгийн НШ, Э ХЗХ, М.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/02375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО