Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 275

 

“С А П Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0309 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28, 4.1.29, 4.1.30, 4.1.31, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С А П Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн “С А П Л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0309 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүхийн зүгээс хуульд заасан арга хэрэгслээр зохих журмын дагуу нотлох баримтыг хангалттай цуглуулан хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоосон. Улмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Үндэсний аудитын газрын дүгнэлтийн зарим хэсэг хууль зөрчсөн болох нь нотлогдсон тул холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4. Захиргааны ерөнхий хуулийн 45, 50 дугаар зүйлд зааснаас үзэхэд ийнхүү хууль зөрчсөнөөс үүдэлтэйгээр дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул хариуцагч Үндэсний аудитын газрын хувьд энэхүү алдаагаа залруулах үүрэг үүсэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн учраас энэхүү зөрчлийг Үндэсний аудитын газар арилгах нь зүйтэй.

5. Тиймээс анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар шүүх шаардлагын хүрээнд хэргийг үнэн эөвөөр шийдвэрлэсэн байх тул хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх гомдолд огт дурдагдаагүй асуудал болох нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т заасныг зөрчсөн байна.

6. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлагнасан зардал нь Газрын тосны тухай хуулийн 4.1.31 болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хавсралт Г 2.1-т заасан өртөг нөхөгдөх зардал мөн болох нь нотлогддог. Тухайлбал: Нотлох баримт 2-р хавтасны 153-160-р хуудсанд бүх санхүүгийн баримтуудаа хяналт шалгалтын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн, Хавтаст хэрэг 3-р хавтасны 139-р хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 16-р нүүрт гэрч Дорждулам “... энэ арав хэдэн сая долларын баримт нь хаана байна гэсэн чинь эд нарыг бүгдийг нь надад өгсөн. Бүх баримтыг надад өгсөн",Гэрч Дорждулам “Та хассан 3.8 сая доллартай холбоотойгоор анхан шатны баримтуудыг үзсэн үү? гэсэн асуултад үзсэн” гэж хариулсан мэдүүлэг, “Нэхэмжлэл болон төлбөрийн баримт гэрээ байсан та үзсэн үү? гэсэн асуултад гэрээ байсан” гэсэн мэдүүлэг гэх мэт.

7. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1-т “хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт гэдэгт компаниас гарсан аливаа зардлыг оруулахгүй байхаар хуульд зохицуулсан байна.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 сарын 5-ны өдрийн 221/МА2019/0309 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “... Нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын төрлөө тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид үзүүлж буй эрх зүйн үр дагавар дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байна ...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

10. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх “... эдгээр зардлууд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй" гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь ойлгомжгүй байна.

11. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Магадлалд анхан шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан талаар дараах дүгнэлтүүдийг гаргасан байна. Үүнд: эдгээр зардлууд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй; ... Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д ... заасны хөрөнгө оруулалт болон борлуулалтын орлого гэдэг нь зөвхөн орж ирэх (мөнгөн) урсгалд хамааралтай эсэх талаар ... дүгнэлт өгөх нь зүйтэй; ... мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д заасан зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана гэж үзвэл уг хөрөнгө оруулалттай холбоотой гүйлгээ гэдэгт дээрх зардал хамаарах эсэхийг дүгнэх хэрэгтэй зэрэг дүгнэлтийг шүүхээс хийсэн бөгөөд уг асуудлыг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ойлгож, тайлбарлах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5.1-т хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх хэлбэрийг тодорхойлсон бөгөөд 5.1.4-т Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хөрөнгө оруулалтын хэлбэр байхаар заасан. Үүнд Газрын тосны тухай хуулийн 11.2.6 дахь заалт бүхэлдээ хамаарна гэж үзэж байна. Түүнчлэн гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг гэрээлэгч мөрдөж ажиллах үүрэг амлалтыг өгсөн байдаг.

12. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0309 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

14. Нэхэмжлэгч “С А ПК Л” ХХК нь Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 дугаартай “Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт”-үүдийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй, ямар нэгэн үр дагавар үүсэхгүй нөхцөл байдал тогтоогджээ.

15. Тухайлбал, хариуцагч Үндэсний аудитын газар нь Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу “... гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийж, нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээг хянан баталгаажуулах ...” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч /гэрээлэгч/-ийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг хариуцагчаас баталгаажуулсан 01/1477, 01/1478 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн 2015, 2016 онуудад “Богд-IV”, “Онги-V” талбайд хийж гүйцэтгэсэн ажилд зарцуулсан зардал /өртөг нөхөгдөх зардал/ нь баталгаажигдахгүй үлдэхээр байна.

16. Иймээс “баталгаажсан” хэмжээгээр “өртөг нөхсөн зардал”-аа буцааж авах эрхтэй гэвэл, нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлан тодорхойлж буй нэхэмжлэлийн шаардлага “ойлгомжгүй”, шүүх “хэргийн нөхцөл байдал”-ыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

17. Нөгөө талаар, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахгүй гэж үзвэл тухайн актыг аливаа эрх зүйн үр дагаваргүй гэж үзэж шийдвэрлэх учиртай.

18. Гэвч энэ тохиолдлын хувьд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн “хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудыг эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулснаар өртөг нөхсөн зардлыг буцааж авах эрхтэй болдог” гэсэн үндэслэлд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага нь түүний үндэслэлд хэрхэн уялдаж байгааг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг шийдвэрлээгүй алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв юм.

19. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүхийн дүгнэлтээс үүдэлтэйгээр хариуцагч Үндэсний аудитын газар нь алдаагаа залруулах үүрэг Захиргааны ерөнхий хуулийн 47, 50 дугаар зүйлийн дагуу үүснэ” гэх гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан” гэх гомдлыг тус тус хүлээж авах боломжгүй.

20. Түүнчлэн, хэргийн оролцогчид нь “өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй зардлыг өртөг нөхөгдөх зардалд хамааруулсан”, “санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй” гэх мэтээр өөр өөр үндэслэлээр маргасан, гэтэл анхан шатны шүүх “тайлагнасан өртөг нөхөгдөх зардал”-ыг зөвхөн “өртөг нөхөгдөх зардалд тооцогдох ажлын зардал” мөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий 2 актыг дүгнэснээс үзвэл, хариуцагчийн тайлбар, холбогдох санхүүгийн баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

21. Тухайлбал, өртөг нөхөгдөх зардалд тооцогдох боловч нэхэмжлэгчийн тайлагнасан ямар зардал нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй болох, үүнтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг бүрэн цуглуулах, 34 дүгээр зүйлд заасан үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

22. Иймээс, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... баримтуудаар өртөг нөхөгдөх зардал мөн болох нь нотлогдсон” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

23. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г-ийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0309 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар  нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ