Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01730

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01730

 

Х.Ц, Х.О, Х.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/02336 дугаар шийдвэртэй,

Х.Ц, Х.О, Х.Б нарын НШт холбогдох

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод байрлах 000 дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ц, Х.О, Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 тоот захирамжаар Э ХХК болон М.Цэвэлням нараас 311 165 163 төгрөг гаргуулан Х ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй захирамжийн дагуу төлөх төлбөрт нэхэмжлэгч Х.Ц, Х.О, Х.Б нарын хамтын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод байрлах 3 өрөө орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн үед нэхэмжлэгч Х.Ц, Х.О, Х.Б нар нь аав Х.Хыг Х ХХК-аас зээл авахын тул орон сууцыг барьцаанд тавиулахаар өөрсдөөс нь итгэмжлэл авсныг мэдэж байсан болохоос маргаан бүхий орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдээгүй, энэ талаар хариуцагч НШ-с нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нарын аав Х.Х нь 000 тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэх газар бусдад зарчихсан гэж анх нэхэмжлэгч нарт хэлсэн байна. Үүний дараа нэхэмжлэгч нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж шийдвэр гүйцэтгэгч Б.Мтэй уулзаж худалдан борлуулсан мэдэгдлийг гардаж авсан. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу н.У гэх шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 106 720 000 тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэргийн 60 дугаар хуудас дээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хариуцагч байгууллагын шинжээч томилох тогтоол байдаг. Тус тогтоолд нэхэмжлэгч нарын өмчлөлийн уг 3 өрөө орон сууцанд Х ХХК-ийг шинжээчээр томилж н.Уд тайлан ирүүлэхийг даалгасан байдаг. Уг тогтоол нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шинжээчээр Х ХХК-г томилсон байхад хавтаст хэргээс үзэхэд н.У нь шинжээчийн тайлан ирүүлсэн. Мөн Хөөс н.У гэдэг хүнийг тус байгууллагад ажилладаг шинжээч юм гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг томилохоор заасан, хавтас хэргийн 61, 74 дэх талд авагдсан баримтаас үзэхэд он сарын хувьд 3 дугаар сарын 25-ны өдөр шинжээчид хууль тайлбарласан баримт үйлдсэн байхад, шинжээч томилсон тогтоолыг 3 дугаар сарын 19-ний өдөр буюу хууль тайлбарлахаас 6 хоногийн өмнө гаргасан байна. Хавтас хэргийн хуудсанд шинжээчид хууль тайлбарлан тухай баримт дээр 2019 оны 3 дугаар сарын 25-ний өдөр гарын үсэг зуруулсан буюу хууль тайлбарласны дараа тогтоол үйлдэх байтал шинжээч томилсон тогтоолын дараа шинжээчид хууль тайлбарласны дараа тогтоол үйлдсэн байна. Төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаад түүнийг нь төлбөр авагч болох Х ХХК нь зөвшөөрөөгүй гэдгийг шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагатай холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулахаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Х.Ц нь өөрийн биеэр гардаж авсан. Тэдний гомдлыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваагүй учир шүүхэд гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууцын өмчлөгч буюу нэхэмжлэгч нараас орон сууцын зах зээлийн үнийн санал аваагүй, шууд шинжээч томилон 106 720 000 төгрөгөөр орон сууцыг үнэлүүлж, үнэлсэн үнэлгээгээ нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй байж орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж 76 704 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан нь өмчлөгч нарын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зөрчсөнд нэхэмжлэгч нар гомдолтой байгаа юм. Иймд өмчлөгч Х.Ц, Х.О, Х.Б нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцанд явуулсан шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул орон сууцыг бусдад худалдсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 тоот захирамжаар Э ХХК болон М.Цэвэлням нараас 311 165 163 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрт үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан 3 хөрөнгө байсан. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөрөө төлөөгүй тул төлбөрийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцанд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хураах тогтоолын дагуу хураан авахад төлбөрт төлөгч Э ХХК-ийн захирал Х.Х өөрийн биеэр байсан. Тухайн үед үнийн санал өгөх мэдэгдлийг өмчлөгч болох Х.Ц, Х.О, Х.Б болон төлбөр төлөгч М.Цэвэлням нарт гардуулан өгөхийг үүрэг болгосон. Үүний дагуу өмчлөгч болон төлбөр төлөгч нар нь 2018 оны 3 дугаар сарын 04-ны өдөр 130 000 000 төгрөг гэх үнийн саналаа бичгээр ирүүлсэн. Тухайн үнийн саналыг төлбөр авагч Х ХХК-д танилцуулахад зах зээлийн үнээс хэт өндөр байна, хөндлөнгийн шинжээч томилуулъя гэх хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Хийг шинжээчээр томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээгээр маргааны зүйл болж буй орон сууцыг 106 720 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х.Хт мэдэгдсэн. Х.Х нь үнэлгээний талаар Х.Ц, Х.О, Х.Б нарт мэдэгдэхээр мэдэгдлийг хүлээн авсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Х.Х нь үнэлгээтэй танилцаж, мэдэгдлээ авсан гэх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 74 704 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоож, дуудлага худалдаанд орох тухай мэдэгдсэн. Энэ тухайн мэдэгдлийг баталгаат шуудангаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоот хаягаар хүргүүлсэн. Мөн Х.Цын 99279486 дугаарын утас руу холбогдож утсаар дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлсэн. Өмчлөгч Х.От Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Наран хороолол 36 дугаар байрны 8 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн ба хүргүүлсэн тухайгаа Х.Оийн 95052208 утсаар холбогдож мэдэгдсэн. Албадан дуудлага 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болох байсан боловч тухайн өдрөөс эхлэн Засгийн газраас бүх нийтээр хол хорио тогтоосон учир дуудлага хойшилсон бөгөөд дуудлага худалдаа хойшиллоо гэдэг талаарх мэдэгдлийг М.Цэвэлнямд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түүний 99183204 дугаарт холбогдож мэдэгдсэн. Мөн тухайн өдөр өмчлөгч Х.Оийн утас руу холбогдож мэдэгдсэн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э ХХК-ийн захирал Х.Хтай уулзаж тэмдэглэл үйлдсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулахыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өмчлөгч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад авагдсан байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуудлага худалдаа явуулж орон сууцыг худалдан борлуулсан тухай мэдэгдлийг Х.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн биеэр ирж гардан авсан. Х.Х нь энэхүү мэдэгдлийг өөрийн эхнэр М.Цэвэлням, хүүхдүүд болох Х.Ц, Х.О, Х.Б нарт дамжуулан өгөхөөр мэдэгдлүүдийн 1 хувийг гардан авсан байдаг. Үнэлгээтэй холбоотой тайлбар өгөхөд төлбөр төлөгч Э ХХК нь энэ маргаантай холбоотойгоор үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад шүүхээр маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан байна гэж дүгнэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.У гэх хүний тусгай зөвшөөрөл нь тайлангийн хамгийн ар талд авагдсан байгаа. Х ХХК нь н.Уг шинжээчээр томилж, шинжээч нь гаргасан тайлангаа Х ХХК-ийн нэрийн өмнөөс манай байгууллагад ирүүлдэг гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 00 дугаар байрны 000 тоотод байрлах 000 дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-44 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Ц, Х.Б, Х.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл нь хууль зөрчөөгүй, итгэмжлэл олгох эрх бүхий этгээд олгосон байна. Шүүх дээрх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн үйл баримт хангалтай тодорхой болоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Х.Оюунболд гэдэг хүнээс хариуцагчийн төлөөлөгч Д.Мт итгэмжлэл олгосон байх бөгөөд тус этгээдийг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шүүхэд төлөөлөн оролцуулах итгэмжлэл олгох эрхтэй субъект гэдгийг шүүх шалган авч үзээгүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн байна. Мөн хариуцагч Д.Мийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол байх бөгөөд тус тогтоолын 1 дүгээр заалтаар нэхэмжлэгч Х.Ц нарын орон сууцад үнэлгээ тогтоолгохоор Х ХХК-ийг томилсон байх бөгөөд тус тогтоолын 4 дүгээр заалтад н.Уг тайлан ирүүлэхийг даалгасан байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3-т заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлсэн боловч шүүх үүнд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол байх бөгөөд хариуцагч тухайн тогтоолоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан. Тус хуулийн агуулгаас үзэхэд нэн тэргүүнд хувийн ашиг сонирхолгүй этгээд гэдгийг батлах үүний дараагаар шинжээч томилох үйл ажиллагаа хийгдэхээр харагдаж байна. Түүнчлэн хариуцагчийн Шинжээч томилох тухай тогтоол-ын 3 дах хэсэгт Х ХХК-ийг томилсон байх бөгөөд тус компанийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гэдгийг батлах болон хэрэгт хамааралгүй этгээд гздэг дээр хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нотлох баримтаар энэ талаар авагдаагүй байхад шүүх хариуцагч талыг хуулинд зааснаар ажиллагаа нь явагдсан гэж үнэлсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт байх бөгөөд н.У танилцаж гарын үсэг зурсан байна. Энэхүү үйл баримт нь 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гарсны дараагаар шинжээчийг хувийн сонирхолтой эсэх хэрэгт хамааралтай эсэхийг тогтоосон баримт болно. Тус тогтоолд Х ХХК-ийг шинжээчээр томилсон байхад н.Уд хууль тайлбарласан нь харагдаж байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол нь процессын алдаатай хуульд заасан дарааллын дагуу хийгдээгүй нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 177 дугаар 177.1 дэх хэсэгт заасан хуулийн агуулгаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч болон өмчлөгчийн хооронд тохиролцооны хэлбэр байх ёстойг харж болохоор байна. Энэхүү зүйл заалтын агуулга буюу харилцан тохиролцох асуудлыг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээж аваагүй болохоор тохиролцоогүй гэж үзсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 болон 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд хүсэл зориг илэрхийлэгч тал болон нөгөө тал хоёрын голд хэлцэл явагдах ёстой. Маргааны үйл баримтаас үзэхэд өмчлөгч хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүйг манай талд мэдэгдээгүйг цугларсан нотлох баримтаар харж болохоор байна. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар боломж буюу хоёр этгээдийг харилцан тохиролцуулахад ажиллагаа хийгдээгүй өмчлөгчийг тус боломжоор нь хангаж өгөөгүй нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Ц, Х.О, Х.Б нар НШт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргаж маргажээ. /хх.1-2, 121-122, 150/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаар захирамжаар хариуцагч Э ХХК, М.Цэвэлмаа нар Х ХХК-д нийт 311 165 163 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах, уг графикийг 2 удаа зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.36-37/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх захирамжид заасан хугацаанд хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18271918/05 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18271918/08 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ. /хх.43-52/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн санал авахад төлбөр төлөгч болон өмчлөгч нар 130 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч төлбөр төлөгч болон өмчлөгч нарын үнэлгээг хэт өндөр байна, шинжээч томилуулна гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргажээ. /хх.53-54, 209/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч Х ХХК 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 179 дугаар Орон сууц үнэлсэн тухай тайлан-даа зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага зэргийг баримтлан барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 106 720 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх.60-76/

Анхан шатны шүүх Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн, уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ц, Х.Б, Х.О нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн 78-79 дүгээр талд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн анхны дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг мөн оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан баримт авагджээ. /хх.78/

Нэхэмжлэгч нар НШ-с зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ ...хариуцагч байгууллагаас итгэмжлэл олгосон этгээд итгэмжлэл олгох эрхтэй субъект гэдгийг шүүх шалгаагүй, шинжээч томилох тогтоолд зааснаас өөр этгээд дүгнэлт гаргасан, шинжээчийг хувийн сонирхолтой гэдгийг нотлоогүй гэсэн үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Учир нь, Х ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтаас үзэхэд Ж.У нь тус компанийн үнэлгээчин байх бөгөөд Х ХХК-ийн үнэлгээчин Ж.Уд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хууль тайлбарласан, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт хэрэгт авагдсан, шинжээч нь хувийн сонирхолтой гэсэн байдал тогтоогдоогүй байна. /хх.61, 76/ Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэлийг эрх бүхий этгээд олгоогүй гэж үзэхгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

НШ-с явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО