Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0081

 

2018 оны 01 сарын 31 өдөр          

Дугаар 221/МА2018/0081

Улаанбаатар хот

“Бк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 828 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Бк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 828 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Бк” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших XY-013415 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Бк” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших XV-013415 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 828 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Хөх дэл нэртэй 221 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-013415 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр гурван жилийн хугацаагаар “Бк” ХХК-д анх олгосон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр XV-014178 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 3 дугаар сарын 24”-ний өдрөөс тооцон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгасныг кадастрын мэдээллийн санд бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар 53.1.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул XV-013415 тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа нь хуанлийн хоног, өдрөөр тоологдох бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “Бк” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал албажиж гаралгүй удааширсан явдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа Кадастрын хэлтэст мэдэгдэх боломжтой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад өгнө” гэж заасан байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 828 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Бк” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан Хөх дэл нэртэй газарт 221 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XY-013415  дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан эрхийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлж байсан байх бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 36 хоногийн өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ханджээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг зохицуулсан бөгөөд 25 дугаар зүйлийн  25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргахаар заасан байна. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн н/20 дугаар тушаалаар уг талбайн ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... “Бк” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал албажиж гаралгүй удааширсан явдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа Кадастрын хэлтэст мэдэгдэх боломжтой байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө /3 дугаар сарын 16-ны өдөр/ гарсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гарснаар нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөлдөө хавсаргаж өгөх боломжтой болсон байна.

Тиймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд хамааралгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалтыг тогтоох хэсэгт баримталсан атлаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа тодорхой баримт хавсаргаж өгөхийг үүрэг болгосон зохицуулалт буюу нэхэмжлэлийг хангах үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалтыг хэрэглээгүй байх тул залруулсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 828 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ