Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 545

 

Б.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалтай, Б.Эт холбогдох 1919001820108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ганга овогт Б.Э нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

 Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Эт 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун гаргасан гомдолдоо: “…Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эийг үйлдлийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Б.Эт тухайн гар утсыг авах санаа сэдэлт хэзээ төрсөн бэ гэдэгт анхаарах ёстой. Б.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Их Соён” зочид буудалд Л, О гэх залуучуудаас салах зорилгоор орсон гэж мэдүүлдэг ба шатны өөдөөс харсан өрөө онгорхой байхаар нь хүн байгаа гэж мэдээгүй ортол өрөөнд гар утас байхаар нь авах санаа төрсөн гэж мэдүүлдэг юм. Давж заалдах шатны шүүх энэ мэдүүлгийг нотолсон баримт байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл энэ мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан мэдүүлэг, нотлох баримт мөн хавтаст хэрэгт байхгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Э нь Л, О гэх залуучуудаас зугтаж буудалд орсон, шатны өөдөөс харсан өрөө онгорхой байхаар нь өрөөнд орсон, өрөөнд ороод утас харагдахад нь авах санаа сэдэл төрсөн үйл баримт тогтоогджээ. Харин уг буудалд анхнаасаа хууль бусаар нэвтрэх, хохирогч нарын гар утсыг хулгайлах зорилго, сэдэлт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хүнээс зугтааж буудалд ороод, орсон хойноо хулгайлах санаа төрсөн гэж дүгнэхээр байна. Буудал болон хохирогч нарын байрлаж байсан өрөөнд орсон зорилго нь хулгайлах зорилготой байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Б.Эийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэргийг хяналтын журмаар хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Эт холбогдох хэрэг бүрэн нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хулгайлах санаа зорилго, сэдэлт байгаагүй гэж гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь буудалд орж, хулгай хийх санаа төрсөн талаар мэдүүлж байсан байна. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Их соён зочид буудлын 202 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Эрдэнэбилэгийн эзэмшлийн Samsung Galaxy А-9, хохирогч Б.Бын эзэмшлийн Ipone X загварын гар утаснуудыг хулгайлж, хохирогч нарт нийт 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Эийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхээс Б.Эт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН