Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/22

 

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

        нарийн бичгийн дарга Х.Г,

        улсын яллагч Э.Н,

        шүүгдэгч Э.Б, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Э-ын Б, Б овогт Э-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 1817002680015 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Э-ын Б /РД:ЛЮ00311111/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүл 1-47 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

        Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Э-ийн Ц /РД:ЕУ92120911/, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 19 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

        Яллагдагч Э.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар чулуугаар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

        Яллагдагч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд Э.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, цээж рүү цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        НЭГ. Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд Э.Ц-тай маргалдаж улмаар түүний толгой, цээж рүү цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

        шүүгдэгч Э.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Наран” дэлгүүрийн хажууд Э.Б-тай маргалдаж улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би найзтайгаа дэлгүүр орох гээд явж байтал Цогоо ах дэлгүүр оруулахгүй намайг хоргоогоод байсан. Би хажуугаар нь гарахдаа зайлаач гэж хэлсэн чинь хойноос цохихоор нь эргүүлээд нүүр лүү нь цохисон. Миний гуя руу өшиглөхөд би хажуугийн хашлага руу үсрээд орсон. Тэгээд гарч ирээд толгойгоо хагалуулаад уур хүрээд шарандаа Ц ахыг түлхэж унагаад 2-3 удаа цохисон. Би уг нь цохино гэж бодоогүй байсан. Толгой өвдөөд байхаар нь бариад үзсэн чинь хагарсан байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Нарангийн дэлгүүр хавьд явж байгаад Б гэдэг дүүтэй таараад сайн уу ахын дүү гээд энэ хэн бэ гэсэн чинь Б хэн нь ямар хамаатай юм бэ, ууж идсэнээ аятайхан шингээгээч гэхээр нь би өшиглөсөн. Тэгээд зөрүүлээд намайг цохихоор нь би чулуугаар толгой руу нь цохиод, бид хоёр хэд хэд цохилцож байгаад дэлгүүрийн хажуугийн бургас руу унахад Б миний дээрээс хэд хэд дэвссэн. Согтуугийн буруугаас болсон.  Эмчилгээний зардлыг нь төлсөн. Бямбарагчаагийн толгойны зураг авахуулах мөнгийг төлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний толгойг хагалсны улмаас Нэгдсэн эмнэлэг дээр очиж толгойны ар хэсэгт 7 оёдол тавиулсан. Эмч нь хот руу явж толгойны зураг авахуулаарай гэсэн. Толгойны зургийг л авахуулмаар байна. Эхэндээ гайгүй ч гэсэн зөөлөн эдэндээ гэмтэл учирсан байж мэднэ гэж эмч хэлсэн гэв.

 

1.4. Хохирогч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хавирга хавьцаа зөөлөн эдийн гэмтэл учирсан. Тэгээд толгойнхоо зурийг бас авахуул гэж байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Б учруулсан. Урьд нь хүнтэй зодолдоогүй байсан гэв.

 

1.5. Гэрч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Байгальхүү бид хоёр дэлгүүрийн гадаа зогсож байхад Б, Б хоёр дэлгүүрийн урдуур явж байсан чинь Ц ах тэр хоёр дээр очоод Б-г энэ хэн юм гээд согтуу томорч байснаа Б-г өшиглөөд тэр хоёр барилцаад авсан. Тэгээд хоорондоо цохилцож байгаад салаад буцаад явж байснаа Б Ц ахыг дэлгүүрийн урд талын мод тарьсан хашлага руу түлхэж унагаад араас нь хашлага дотор орж дээрээс нь хэд хэд цохиж байгаад гарч ирсэн.  Б-ийн толгой нь хойд хэсэгтээ хагарсан байсан. Б-г явсаны дараа Ц ах хашлага дотор сууж байгаад гарч ирээд явсан. Ц Б-гаас өөр хэн нэгэнтэй маргалдаж муудаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А бид хоёр дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь “Магнай алаг” дэлгүүрийн орчмоос Ц ах, Б-тай муудалцаад ирж байсан. “Энх-Оюу-Дэвжих” дэлгүүрийн орчим очоод Б-гийн бөгс орчимд нь Ц ах өшиглөсөн чинь Б зөрүүлээд цохиод авсан. Тэгээд тэр хоёр хэд хэдэн удаа цохилцож байгаад Б Ц ахыг дэлгүүрийн урд талын торон хашаа руу түлхэж унагаад дээрээс нь өшиглөөд Ц ахын араас нь хашаа руу ороод тэр хоёр хашаан дотор зодолдоод байх шиг байсан. Б хашаан дотроос гарч ирээд бид нарын хажууд зогссон чинь куртикных нь малгай нойтон болсон байхаар нь гараараа хүрсэн чинь миний гар цус болсон. Тухайн үед Ц ах нилээн согтуу байсан байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б-тай хамт дэлгүүрүүд байдаг газарт Б-ийн ахыг хүлээгээд зогсож байтал Ц ах нилээн согтуу бид хоёр дээр ирээд дүү нар юу байна гэхээр нь би тайван байна ах гэсэн чинь Б-г  энэ чинь юун бацаан билээ гэхэд Б урдаас нь ямар нэгэн зүйл дугаараагүй. Тэгсэн чинь яасан том бацаан бэ гэсэн чинь Б та уусан идсэнээ шингээ гэхэд чи муу юу гээд байгаа юм бэ гээд Б руу дайрсан. Б урдаас нь хараад хойшоогоо ухарч байгаад зогссон чинь Ц ах гуя орчимд нь өшиглөхөд Б дэлгүүрүүдийн урд талд байсан хашлага руу үсрээд орсон. Тэгээд буцаж гарч ирээд над руу ирж байхдаа Ц ахтай эргэж хараад хэрэлдээд явж байтал гэнэт Ц Б-ийн толгой руу цохиод тэр хоёр хоорондоо 3-4 удаа цохилцохоор нь салгатал Б Ц ахыг түлхээд модны хашлага руу унагаасан. Тэгснээ толгой хагалсан байна гээд Ц ахын хэвтэж байсан хашлага руу ороод дээрээс нь 2-3 удаа дэвсээд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Толгойных нь хойд хэсэгт нилээн том язарсан байхаар нь гэрт нь очиж ээжид нь үзүүлээд эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Б Ц-тай зодолдохоос өмнө толгой нь зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/

 

1.8. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б-ийн биед хийсэн үзлэгээр толгойн орой хэсэгт зүсэгдсэн шархтай, мэс заслын 7 оёдолтой байсан. Гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Уг гэмтэл нь хэрэг гарсан хугацаанд чулуугаар цохигдсон тохиолдолд үүсгэгдэх боломжтой гэмтэл байсан. Ц-ын биед үзлэг хийхэд зүүн дээд 1 дүгээр шүдний үзүүрийн хэсэг сэтэрсэн, баруун өвдгөнд зулгаралтууд, цээжинд цус хуралт, зүүн хавирганы нумаар эмзэглэл гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

 1.9. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр дүгнэлтэнд: Э.Б-ийн биед толгойн оройд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 21 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 19 дүгээр дүгнэлтэнд: Э.Ц-ын биед зүүн дээд 1 дүгээр шүдний сэтрэлт, цээжинд цус хуралт, баруун хацарт, баруун тохойнд, баруун бугалганд, зүүн тохойнд, зүүн гарын алганд, баруун өвдгөнд зулгаралт, зүүн хавирганы нумаар зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 12 дугаар сарын 25-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

        Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 32 хуудас/

1.11. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4 хуудас/ зэрэг болно.   

 

        Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

        Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.

 

        ХОЁР. Шүүгдэгч Э.Б, Э.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

 2.1. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчийн хэлсэн толгойныхоо зургийг авахуулах хүсэлтэй байна гэв.

 

 2.2. Хохирогч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.3. Гэрч Ш.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би ганц хүүтэй. Миний хүү Ц нь жаахан дураараа өссөн. Гэхдээ их ухаантай, зөөлөн сэтгэлтэй, бусдад тусархуу хүүхэд. Хүний үгэнд амархан оромтгой хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, бүх хүнд туслахыг хичээж явдаг. Манай хүү ШУТИСургуулийн автын инженерийн ангийг сурч төгсөөд “Шивээ-Овоо” ХК-нд ажиллаж байгаад гарсан. Хүний үгэнд оромтгой тул буруу хүмүүстэй их нийлэх гээд байдаг. Миний хүү чинь ээждээ бүх зүйл дээр тусалж байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/

 

2.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б миний том хүүхэд. Манай хүү үг дуу цөөтэй бусадтай их нийтэч харьцдаг, их даруу төлөв, бусдад үргэлж тусалж байдаг, хүнтэй маргалдаж муудалцаад байхгүй сайн хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

2.5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б их даруухан томоотой хүүхэд. Өөрөө түрүүлж хүнтэй маргалдаж муудалцана гэж огт байхгүй. Манай Б олонтойгоо нийтэч хүнд тусархуу сайн залуу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/

       

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 62-63 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгч нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тус тус харгалзан үзэж торгох ялыг ялгамжтай оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.  

 

        Хохирогч Э.Б нь толгойны зураг авахуулах хүсэлт гаргасаныг зардлыг нь төлөхөө шүүгдэгч Э.Ц нь шүүх хуралдаанд илэрхийлсэн ба хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Э-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.Ц нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Б нь толгойны зураг авахуулахад гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Э.Цогбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА