Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01791

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01791

 

 

БГ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02179 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БГ-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШӨТ-ХХК-д холбогдох барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт 26,941,808,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГ-ХХК нь ШӨТ-ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр BG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал болох ШӨТ-ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Хангай хотхоны 7А, 7С блокын гадна тохижилтын ажил буюу /зүлэгжүүлэлт, сандал, хогийн сав хийж байршуулах, бутлаг ургамлаар хайлс хийх, амрах талбайд алаг хавтан суулгах, мод суулгах, тавцанд сандал хийх, хүндэтгэлийн хаягт хана хийх, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, саравч хийж байрлуулах гэх мэт/ хавсралтад заасан 70,733,190 төгрөгийн үнэ бүхий ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч БГ-ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 41.1 м.кв талбай бүхий 2 өрөө 76,035,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ажлын хөлсөнд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Орон сууцны үнэ нь гэрээт ажлын дүнгээс илүү байсан тул гүйцэтгэгч зөрүү 5,301,810 төгрөгийг захиалагчид бэлнээр эсхүл нэмэлт гэрээт ажлын хөлсөнд суутгуулахаар BG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 5.4-д заасан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр BG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлтийг байгуулж, гэрээт ажил дээр 7А, 7С байрны гадна тохижилтын ажлыг нэмж гүйцэтгэхээр тохирсон. Мөн нэмэлт гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр өөрчлөн, үндсэн гэрээний 5.2-т 41,1 м.кв бартерын орон сууцыг 39,9 м.кв, 517 дугаар байр, 126 тоот хаягт байрлах 73,815,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар сольж өөрчлөлт оруулснаас гадна бартерын орон сууцыг нэгээр нэмж 37.9 м.кв, 517 дугаар байр, 125 тоот хаягт байрлах 70,115,000 төгрөгийн орон сууцыг нэмэлтээр оруулсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр BG 1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээнд дахин нэмэлт BG1634/2016-2 дугаар гэрээг байгуулсан. Тус нэмэлт гэрээнд гэрээт ажил дээр хучилтын бетонд гинжний нүхийг РУС хоолойгоор хамгаалалт хийж нүх гаргах, хучилга дээр бетон тэгшилгээ хийх ажлыг 4,029,520 төгрөг /110АТ/ багтсан үнээр хийж гүйцэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тусгасан. Захиалагч БГ-ХХК нь дээрх гэрээнүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж, гүйцэтгэгчид гэрээт ажлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ШӨТ-ХХК нь гэрээт ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч ажлаа бүрэн гүйцэд хийж хүлээлгэн өгөөгүй. Иймд ШӨТ-ХХК нь BG1634 дугаар гэрээний 8.1.2-т зааснаар гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцна. Гүйцэтгэгч нь захиалагчид хандан ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа албан бичгээр ирүүлсэн. Манай компани гүйцэтгэгч компанийг хүндэтгэн албан хүсэлтүүдийг хүлээн авч тухай бүр нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн BG1634/2018-1 дугаар нэмэлт гэрээнд BG-1634 дугаар гэрээний үлдэгдэл ажлыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр тохиролцон хугацаа олгосон боловч гэрээгээр тохирсон үлдэгдэл ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй.

Иймд БГ-ХХК болон ШӨТ-ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн BG1634 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн BG1634/2016-1 дугаар нэмэлт гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн BG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн BG1634/2018-1 дугаар нэмэлт гэрээнүүдийг тус тус цуцалж, ШӨТ-ХХК-аас гүйцэтгээгүй гэрээт ажлын үнэ нийт 26,941,808.03 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГ-ХХК болон ШӨТ-ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр BG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр BG1634/20169-1 дугаар гэрээний нэмэлт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн BG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр BG1634/2018-1 дугаар нэмэлт гэрээний дагуу нийт 147,959,520 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдсан. Гүйцэтгэгч ШӨТ-ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Хангай хотхоны 7А, 7С блокын гадна болон дотор тохижилтын ажил, зүлэгжүүлэлт, сандал, хогийн сав хийж байршуулах, бутлаг ургамлаар хайлс хийх, амрах талбайд алаг хавтан суулгах, мод суулгах, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, саравч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч БГ-ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлж 132,583,982.90 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн. Хүндэтгэлийн хана тавцант сандал байрлуулах талбайд захиалагчийн КТПН буюу цахилгааны станц байрлаж байсан бөгөөд уг цахилгаан станцыг холдуулаагүйгээс нэг жил, гурван сарын хугацаанд ажил хийх боломжгүй байсан. Захиалагчид КТПН-ээ холдуулах арга хэмжээ авч өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн. Уг асуудлаас шалтгаалж 2016 онд хийж гүйцэтгэх байсан ажлаа 2017 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үед барилгын материалын болон бусад зардлын үнэ 2-3 дахин нэмэгдэж хүндэтгэлийн хана, тавцант сандал зэрэг төмөр бетон хийцийн цутгалтын ажлуудыг 26,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн боловч бараа материал бусад зардлын үнэ нэмэгдсэн учир ажлаа гүйцэд хийж дуусгахад хүндрэл учирсан бөгөөд захиалагчид төсөв нэмж өгөх талаар хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БГ-ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн BG1634 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн BG1634/2016-1 дугаар нэмэлт гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн BG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн BG1634/2018-1 дугаар нэмэлт гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт өгсөн 26,941,808.03 төгрөгийг буцаан гаргуулах хариуцагч ШӨТ-ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БГ-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх ... нэхэмжлэгч БГ-ХХК нь хариуцагч ШӨТ-ХХК-аас ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагчийг ямар хэмжээнд тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн баримтгүй. Түүнчлэн, илүү төлсөн төлбөрийг ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа талаараа нотлоогүй байна ... гэж үндэслэлгүй дүгнэсэн. БГ-ХХК нь ШӨТ-ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ВG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ВG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ВG1634/2016-1 дугаар гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ВG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Талууд гэрээт ажлын нийт үнийг 143,073,600 төгрөгөөр тохиролцсон бөгөөд БГ-ХХК нь "ШӨТ-ХХК-д нийт 171,930,000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүнээс ШӨТ-ХХК нь гэрээнд заагдсан ажлыг дутуу гүйцэтгэсэн буюу гэрээт ажлаас нийт 26,096,397.10 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь БГ-ХХК-ийн ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдоно. ШӨТ-ХХК-ийн гүйцэтгээгүй дээрх ажилтай холбоотойгоор БГ-ХХК нь Хосу ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ВG1812 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.4 дэх хэсэгт гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг ... гэрээний үлдэгдэл ажил болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол Ханга хотхоны 7А буюу 1 дүгээр блокны гадна тохижилт, хорооллын хүндэтгэлийн самбар хийх ажил... гэж хариуцагчийн гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг тусгайлан заасан.

ШӨТ-ХХК нь гэрээт ажлаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын үнэ болох 26,096,397.10 төгрөгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй талаарх нотлох баримтыг шүүх гаргаж өгөөгүй буюу шүүх хуралдаанд дутуу гүйцэтгэсэн талаар маргаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх ... хариуцагч нь уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажлыг 26,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн талаар 03/06 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч тал хүлээн авч ... гэж дүгнэсэн. Гэтэл ШӨТ-ХХК нь тус ажлыг БГ-ХХК-д хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болж буй хүндэтгэлийн хананы ажлыг 26,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан ч 26,000,000 төгрөгт ажил хийж гүйцэтгэснээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ШӨТ-ХХК-аас БГ-ХХК-д хүргүүлсэн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 03/06 дугаар албан бичгийн дагуу хүндэтгэлийн хананы ажлыг 26,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэснийг нэхэмжлэгч гэрээт ажлыг хүлээн авсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч БГ-ХХК нь хариуцагч ШӨТ-ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн BG1634 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн BG1634/2016-1 дугаар нэмэлт гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн BG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн BG1634/2018-1 дугаар нэмэлт гэрээнүүдийг цуцалж, гэрээний үүрэгт өгсөн 26,941,808.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр BG1634 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр BG1634/2016-1 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн BG1634/2016-2 дугаар нэмэлт гэрээг тус тус байгуулсан байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-10-26/

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн BG1634/2016-1 дугаар барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр Хангай хотхоны 41.1 м.кв 2 өрөө 76,035,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 39,9 м.кв 73,815,000 төгрөг болгон өөрчилж, мөн 37,9 м.кв орон сууцыг 70,115,000 төгрөгт тооцож, нийт 142,930,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өгөхөөр тохиролцжээ. /хх-21/

Гэвч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн BG1634 дугаар гэрээний хавсралтаар 7А, 7С 7В-6-1, 7,8,9 давхрын ажлын үнийг 70,733,190 төгрөг гэж, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн BG1634/2016-1 дугаар гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын үнийг 68,310,890 төгрөг гэж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ВG1634/2016-2 дугаар гэрээний хавсралтаар гүйцэтгэх ажлын хөлсийг 4,029,520 төгрөг гэж, нийт 143,073,600 төгрөг гэж талууд тохиролцсон байна. /хх-20-24/

Гүйцэтгэгч ШӨТ-ХХК нь барилгын гадна тохижилтын ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйгээс талууд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн BG 1634/2018-1 дугаар гэрээгээр хүлээлгэн өгөөгүй, нийт ажлыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр сунгасан гэж талууд тайлбарласан боловч БГ-ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 дугаар албан бичгийн агуулгаас үзэхэд захиалагч талын санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагджээ. /хх-26, 38-39/

Нэхэмжлэгч БГ-ХХК 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ШӨТ-ХХК-д ...гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй тул захиалагчийн санаачилгаар цуцлагдсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор барилгын ажлын талбайг чөлөөлж, авсан материал болон гүйцэтгэсэн ажлын акт бичиг баримтыг хүлээлгэн өгч захиалагчид учруулсан бодит хохирол болон 517 дугаар байрны 126 дугаар орон сууцыг буцааж өгөхийг мэдэгдье... гэсэн албан бичгийг өгсөн бөгөөд барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-38/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч ШӨТ-ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр ... 2016 оноос эхлэн 2017 оны 8 дугаар сар хүртэл танай талаас КТПН татан авч холдуулаагүйгээс шалтгаалан ажил зогссон. 2017 онд материалын болон бусад зардлын үнэ огцом өссөн үед хүндэтгэлийн хана, тавцант сандал гэх мэт төмөр бетон хийцийн цутгалын нийт 26,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн... талаар нэхэмжлэгч БГ-ХХК-д мэдэгдсэн байна. /хх-37/

Нэхэмжлэгч БГ-ХХК нь 517 дугаар байрны 125, 126 дугаар орон сууцны түлхүүрийг хариуцагч ШӨТ-ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь түлхүүр хүлээлцэх актаар тогтоогджээ. /хх-96-97/ Хариуцагч ШӨТ-ХХК нь нийт 132,583,982 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй ба мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч БГ-ХХК-ийн ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэлээр хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 132,583,982 төгрөгийн ажил, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд 13,249,620 төгрөгийн, нийт 145,833,602 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байна. /хх-34-35/

Нэхэмжлэгч БГ-ХХК нь ажлын хөлсийг 171,930,000 төгрөг гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ШӨТ-ХХК 143,073,600 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. БГ-ХХК нь хариуцагч ШӨТ-ХХК-аас ажлын гүйцэтгэлийг шаардаж байгаа боловч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч ШӨТ-ХХК-д 26,941,808.03 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч БГ-ХХК нь хариуцагч ШӨТ-ХХК-аас 26,941,808,03 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нотлох баримт буруу үнэлсэн... гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 292,670 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.БАЙГАЛМАА