2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/00803

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/00803

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, С овогт Сийн Ө /рд:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ****тоот хаягт оршин суух, Л овогт Хийн Ж /рд:****/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Б овогт Лийн Д /рд:****/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,000,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Х.Ж , иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Ө нь 2020 оны 07 сарын 05-ны өдөр өөрийн **** улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинтай Нийслэлийн цагдаагийн Ерөнхий газрын уулзвар дээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад **** улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Х.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5-т заасан хэсгийг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн ослоос нэхэмжлэгч С.Ө ын эзэмшлийн **** улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинд хохирол учирсан. Энэ хохирлыг зөрчил шалган шийдвэрлэгдэх явцад шинжээч томилж үнэлүүлсэн. Үнэлгээгээр С.Ө ын **** улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинд 2,200,000 төгрөг хохирол учирсан болохыг тогтоосон. Үүнд нэмээд хохирлын үнэлгээ гаргуулахад гарсан зардал 118,000 төгрөг, машины оношилгооны төлбөр 55,000 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 2,405,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд **** улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодож байсан Х.Ж болон уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч Л.Д нараас учирсан хохирол 2,405,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ө од олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би машин барьж явсан нь үнэн. Энэ асуудал анхнаасаа авто замын үзлэгээс эхлээд л маргаж эхэлсэн. Осол гарахад хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй н.Жадамба гэх эрүүгийн цагдаа гэнэт гарч ирээд хэрэг бүртгэл нээсэн. Энэ хэрэг бүртгэлийг нээсэн  дүүргийн прокурор н.Ш гээд би бүгдэд нь өөрийн хүсэлтийг хэлсэн. Анхнаасаа С.Ө танил талаа дуудаад эхэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Би энэ хэрэгт буруугүй. С.Ө өөрөө хурд хэтрүүлсэн. Би эгнээ сэлгэж явсаар байгаад эргэлт рүү орсон. Энэ үед миний машины араас ирж мөргөсөн. Би мөргөөгүй. С.Ө өөрөө намайг мөргөсөн. Хэрэг бүртгэлийн хэргийн материалыг харахаар би очоод мөргөчихсөн агуулгатай харагддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хэргийн газарт байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Би өөрөө хэргийн газарт байсан тиймээс би анхнаасаа гэм буруугүй, зөвшөөрөхгүй гэсээр өдийг хүрсэн. Чингэлтэй дүүргийн замын цагдаа дээр очиход С.Ө ыг явуулчихсан. Тэгсэн мөртөө намайг орой 12 цаг хүртэл суулгасан. Хэд хоногийн дараа энэ хэрэг чиний буруу, чи энэ машиныг мөргөсөн гэх дүгнэлт гаргасан байсан. Тиймээс би хэргийн газрын үзлэг анхнаасаа энэ хүний талд гарсан байна, таньдаг цагдаагаа дуудсан гэж сэрдэж байна. Л.Д эгч хүртэл тухайн үед хамт байсан. Тэгээд яасан ширүүн явдаг хүүхэд вэ гэж загнасан. Гэтэл С.Ө той хамт явж байсан найз нь та нартай адилхан хурдтай явах юм уу гэж хэлсэн. Тухайн үед Л.Д эгч машинаа зарах гээд явж байсан. Машин худалдаж авах хүн нь арын суудалд сууж байсан. Тэр үед Л.Д эгч цочролд ороод салгалж байсан. Тэгээд машинаа цаашлуул гэж орилсон. С.Ө машинаа цаашлуулж хөдөлгөсөн. Тэрнээс болоод хэргийн газрын үзлэгт өөрчлөлт орсон байх гэж бодож байна. С.Ө машиныхаа хаалгыг онгойлгохгүй, цонхоороо орилж яриад байсан. Би С.Ө ыг тухайн үед хэвийн бус байдалтай байсан гэж өнгөрсөн хойно нь бодсон. н.Жадамба хэргийн газрын үзлэгийн талаарх тодорхойлолтдоо хоёр хүнийг үлээлгэж согтуурлын зэргийг шалгасан хоёулаа эрүүл байсан гэж бичсэн байсан. Гэхдээ надаас тийм зүйл шалгаж үлээлгээгүй. Худлаа зүйл бичсэн байсан. Анхнаасаа энэ хэргийг С.Ө од ашигтай байдлаар шийдвэрлэсэн учраас би энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2020.07.05-ны орой миний **** улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Х.Ж жолоодож яваад УДШ-ийн хойд талын баруун, зүүн тийш эргэдэг тойрог руу орж явахад араас **** улсын дугаартай тоёота приус маркийн автомашин гэнэт ирж жолоочийн хажуу талын хаалга руу (жолоочийн эсрэг талын хаалга) мөргөнгүүтээ машинаа цааш 1-2 метрийн зайд холтгон зогссон. Миний машинд 2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан юм. Энэ зам тээврийн зөрчлөөс болж миний даралт ихсэж, тархи хөдөлж, бие муудаж, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ зөрчил гарахад С.Ө тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж, урдаа байсан замын зогсох тэмдэг байсныг эс анхаарч шууд манай машиныг ирж мөргөсөн. Гэтэл замын цагдаа ахдаа хэлнэ, ахыг дуудна гээд утсаараа ярихад нь дээрээ цагдаагийн симпортой хар машин ирж, Ж ыг миний машинтай авч явсан. Тухайн үед миний даралт ихсэж, дотор муухайрч, толгой эргэж, бие муудаж би гэртээ харьж түргэн дуудаж дибазол, анальгин хийлгэсэн. Ер нь энэ зөрчил анх гарахад С.Ө жолоочийн шууд буруутай үйлдлээс болсон. Үүнд: Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, замын зорчих хэсэгт байрлуулсан зогс тэмдгийг эс анхаарч зогсолт хийгээгүй, орчны аюулгүй байдлаа хангаагүй, тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зөрчил гаргангуут тээврийн хэрэгслээ зөрчлийн байрнаас хөдөлгөж явсан, С.Ө нь өөрийн таньдаг цагдаагаа дуудсан, зөрчил болсон газрын хэмжилтийг үнэн зөв хийгээгүй зэргээс болж, зүүн гар тал руугаа эргэх дохио өгөөд эргэлтийн тойрогт орсон манай машины араас давхар эргэлт хийж миний машиныг мөргөсөн. ЗТО-ын тэмдэглэлийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн дэслэгч Жадамбаатай хуйвалдаж буруу гаргуулсан. С.Ө миний **** автомашиныг мөргөсөн атлаа өөрийнхөө **** машиныг мөргүүлсэн мэтээр 360 градус эсрэг эргүүлэн ослын акт бичүүлсэн байгаа нь дэндүү бүдүүлэг, шударга бус асуудал юм. Энэ ослын улмаас би эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон боловч Х.Ж , С.Ө хоёрыг аль алиныг нь бодож ... залуу хүмүүсийн хэт болгоомжгүй алдааг хувьдаа уучилж өөрсдөө учраа олог... гэж бодоод хэн алинд нь хатуурхаагүй асуудлыг өөрсдөө шийдэг гээд орхисон. Би өөрийнхөө машиныг өөрөө засуулсан. Эрүүл мэндээ эмчлүүлсэн болоод мартсан. Гэтэл энэ зөрчлийн мөр дээрээс болж надтай ямар ч холбоогүй Ж ын эмээ нь гэж үзэж жил гаруй хугацааны дараа зам тээврийн ослын зөрчлийн гэм хорын хохирол 2,405,000 нэхэмжилж байгаа нь дэндүү шударга биш байна. Би тухайн үед машин жолоодож яваагүй, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй, Би зам тээврийн ямар нэгэн зөрчил гаргаагүй. Харин ослын улмаас өөрөө бэртэж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тул С.Ө ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх тухайн үйлдэгдсэн зөрчил, болсон үйл явдалд үнэн бөгөөд бодитой дүгнэлт хийж, С.Ө ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Л.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний **** улсын дугаартай Тоёота приус 41 жи маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг УДШ-ийн хойд талын баруунаас зүүн тийш эргэдэг тойрог руу дохиогоо өгөөд эргэж байхад араас **** дугаартай Тоёота приус 30 маркийн цагаан өнгийн автомашинаараа маш их хурдтай давхин ирж мөргөсөн болно. Тэр жолооч мөргөнгүүтээ машинаа цааш хөдөлгөн 1-2 метрийн зайд холдуулан зогссон. Энэ ослын улмаас миний машинд 2 сая гаруй төгрөгийн хохирол учирч би өөрөө эрүүл мэндээрээ хохирсон тул С.Ө оос 2,000,050 /хоёр сая тавин/ төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.С.Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Х.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Л.Д гийн өмчлөлийн **** улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэж заасныг зөрчиж С.Ө ын эзэмшлийн **** улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Хариуцагч Х.Ж ын унаж явсан тээврийн хэрэгсэл иргэн Л.Д гийн өмчлөлд бүртгэлтэй учраас Л.Д г хамтран хариуцагчаар татах хүсэлт гарган хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Тухайн зам тээврийн ослыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн **** дугаар хэрэг нээж, шалгасан ба эрх бүхий албан тушаалтны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ОС-152/156 дугаартай магадлалаар Х.Ж ыг замын хөдөлгөөний дүрмийн 10.5-дах заалтыг зөрчсөн улмаас тухайн осол гарах шалтгаан болсон ба нэхэмжлэгч С.Ө ыг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэх магадалгаа гарсан. Улмаар хариуцагч тус магадлалыг эс хүлээн зөвшөөрч хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 789 дугаар захирамжаар ШУТИС механик инженерийн сургуулийг шинжээчээр томилсон ба 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14/23 дугаар дүгнэлтээр мөн адил замын хөдөлгөөний дүрмийн 10.5-дах заалтыг зөрчсөн улмаас тухайн осол гарах шалтгаан болсон ба нэхэмжлэгч С.Ө ыг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэх дүгнэлтүүд тус тус гарсан. Иргэний хуульд бусдад учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулсан этгээд нь хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр учирсан байхыг шаардах ба дээрх дүгнэлтүүдээс С.Ө нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гараагүй учир сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Л.Д гийн С.Ө од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,000,050 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Иргэдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би анх нэхэмжлэгч С.Ө ыг хүний машин мөргөсөн буруутай гэж бодсон. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Ж нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас энэ осол гарсан болох нь тодорхой харагдаж байна. Тиймээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь Х.Ж ын буруутай үйлдлээс шалтгаалсан тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Ө ын иргэний үнэмлэхний хуулбар, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоолын хуулбар, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, Баримт бичгийг хураан авах тухай тогтоолын хуулбар, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, С.Ө ын гараар бичсэн тайлбар, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал гэх баримт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Х.Ж ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, С.Ө ын иргэний үнэмлэхний лавлагаа, С.Ө ын жолоочийн үнэмлэхийн хуулбар, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар, Гэрэл зургийн хуулбарууд, Үнэлгээний төлбөр төлсөн баримтын хуулбар, Буянт-Оюу ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, Си ди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар, Х.Ж ын Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020.07.31-ний өдрийн 179 дугаар тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Х.Ж ын Чингэлтэй дүүргийн Прокурорын газар гаргасан өргөдлийн хуулбар, 6968 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020.08.14-ний өдрийн 200 дугаартай тогтоол, хариуцаг мэдэгдэх хуудасны хуулбар, Х.Ж ын Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдлын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, Шийтгэлийн хуудасны хуулбар, Хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2020.08.14-ний өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, шүүх хуралдааны товын хуулбар, С.Ө оос С.Бд олгосон итгэмжлэл, С.Бийн эмнэлгийн магадлагаа,

Хариуцагч талаас, Л.Д гийн эмнэлгийн магадлагаа, Х.Ж ын эмнэлгийн магадлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, С.Бийн эмнэлгийн магадлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 07 сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Вьетнам авто засварын даалгавар, Л.Д гийн үйлчлүүлэгчийн карт, Э ХХК-ийн тодорхойлолт, Х.Ж ын шинжилгээний хариу, Л.Д гийн 2022.12.01-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2022.12.14-ний өдрийн тодорхойлолт, Х.Ж ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Шүүхийн журмаар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2021.01.14-ний өдрийн 2/06 дугаартай албан бичиг, хавсралт, Техникийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт, лавлагаа, Х  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

8.Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Х.Ж , Л.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Л.Д нь С.Ө од холбогдуулан 2,000,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

9.С.Ө нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахад үнэлгээгээр тогтоогдсон 2,200,000 төгрөг, Хас үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 118,000 төгрөг, оношилгооны төлбөр 55,000 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, гэм хорын хохиролд нийт 2,405,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хариуцагч Х.Ж , тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.Д нараас гаргуулна хэмээн шаардав.

 

10.Хариуцагч Х.Ж , Л.Д нар нь, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, нэхэмжлэгч С.Ө тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, замын зорчих хэсэгт байрлуулсан зогс тэмдгийг эс анхаарч зогсолт хийгээгүй, орчны аюулгүй байдлаа хангаагүй, тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, хариуцагч Х.Ж ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гэм буруугийн талаар маргаж, хариуцагч Л.Д нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,000,050 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардав.

 

11.2020 оны 07 сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урд талын замд Х.Ж нь **** улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа С.Ө ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн 2421УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 07 сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2020 оны 07 сарын 16-ны өдрийн CD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2020 оны 07 сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэргээр жолооч Х.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 буюу уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чиглэлийн хамгийн зүүн гар талын талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, жолооч С.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзжээ.

 

12.Зөрчлийн **** дугаартай хэрэгт холбогдогч Х.Ж аас гаргасан гомдлыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 179 дугаартай, 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 200 дугаартай Гомдол хүлээн авахаас татгалзах тухай тогтоолоор, 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 5/562 дугаартай, 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 1/618 дугаартай Гомдлын хариу, Гомдол хянан шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудсаар тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

2020 оны 08 сарын 14-ний өдөр 0277447 дугаартай Шийтгэлийн хуудсаар Х.Ж ыг гаргасан зөрчилд нь 100,000 төгрөгөөр торгосон байх ба тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй байна.

 

13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ж нь гэм буруугийн талаар маргаж, түүний хүсэлтээр шүүхээс хөндлөнгийн шинжээч томилсон бөгөөд ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээчийг томилсон байна. Шинжээчийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 14/33 тоот дүгнэлтээр ...Х.Ж нь МУ-ын ЗХД-ийн 10.5-р заалт Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд ..., зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын талын захад урьдчилан байр эзэлсэн байна, мөн уг дүрмийн 10.4-р заалт Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна, ...С.Ө ыг МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалж дээрх осол гарсан гэх үндэслэл үгүй байна хэмээн дүгнэжээ.

 

14.Зохигчдын тайлбар, 2020 оны 07 сарын 23-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 179 дугаартай, 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 200 дугаартай Гомдол хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, шинжээчийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 14/33 тоот дүгнэлт, сиди бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн тэмдэглэл зэргээр хариуцагч Х.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4, 10.5 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.Ө ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдов.

 

Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгчийн жолоодож явсан **** улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь Э ХХК-ийн өмчлөлд, хариуцагч Х.Ж ын жолоодож явсан **** улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь хамтран хариуцагч болох Л.Д гийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан байна. Нэхэмжлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь зээлийн барьцаанд байсан тухай нэхэмжлэгч тайлбарлаж, энэ талаар Энт кредит ХХК-ийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн А/0123 дугаар албан тоотоор тодорхойлсон ба өмчлөлийн талаар буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хариуцагч нар маргаагүй болно. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнийн дүнд маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүхээс Х ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн дүгнэлтээр С.Ө ын автомашинд учирсан хохирлыг 2,228,000 төгрөг хэмээн тогтоосон боловч нэхэмжлэгч нь 2020 оны 07 сарын 06-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 2,200,000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд шаардсан.

 

15.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан ба зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь хариуцагч Х.Ж ын гэм буруутай үйлдлээс болсон хэдий ч хариуцагч болох тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.Д нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчид учирсан 2,405,000 төгрөгийн хохирол нь Хас үнэлгээ ХХК-ийн тайлан, 118,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт, 55,000 төгрөгийн и-баримт, 32,000 төгрөг хүлээн авсан нотариатын мөнгөний тасалбар зэрэг баримтаар нотлогдов.

 

Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Х.Ж , Л.Д нараас С.Ө од учирсан гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

16.Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба зам тээврийн осол гарахад С.Ө ын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул Л.Д гийн С.Ө од холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 2,000,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Л.Д нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 53,430 төгрөг, Л.Д гээс урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ж , Л.Д нараас гэм хорын хохиролд 2,405,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ө од олгож, С.Ө од холбогдох 2,000,050 төгрөг гаргуулах тухай Л.Д гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,430 төгрөгийг, хариуцагч Л.Д гээс төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ

 

Б.БАЯРМАА