2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/02941

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/02941

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ө овогт Лны О /рд:****/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ө овогт Цын М /рд:****-д холбогдох,

 

Явуулын ТҮЦ зориулалттай байрыг нүүлгэж, чөлөөлөхийг даалгах, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн, ****тоот хаягт байрлах газарт байршуулсан явуулын түц-ний зориулалттай байрыг нүүлгэж чөлөөлөхийг даалгах, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Л.О нь тухайн маргаан бүхий газрыг 2018 оноос эхэлж эзэмшиж ашигласан. Тухайн газар нь Ц.Мын эзэмшлийн газар гэж яриад байгаа газартай хөрш залгаа газар юм. Нэхэмжлэгч Л.О болон хариуцагч Ц.М нар нь төрсөн эгч дүүсийн холбоотой хүмүүс. Анх энэ газар нь 1000 м.кв талбайтай байсан бөгөөд Л.О нь өөрийн тал газрыг дүүдээ өгч өөрөө 504 м.кв газрыг эзэмших болсон. Гэтэл Ц.М нь Л.О ыг ...зөвхөн өөрөө газар дээрээ ирж амьдарвал хашааг зааглахыг хүлээн зөвшөөрнө, тэрнээс биш өөр гуравдагч этгээдэд шилжүүлэх юм бол хүлээн зөвшөөрөхгүй гэж өмчлөх эрхэд нь саад учруулдаг. Газрын тухай хуульд зааснаар нэгж талбарын дугаартай газрын хил заагийг тогтоосон байх ёстой. Л.О нь өөрийн эзэмшлийн газрыг 4 талт болгож хашаа барих гэхээр Ц.М нь хашааг буулгаж саад учруулдаг. Л.О нь тухайн газар дээрээ амьдрахгүй байгаа бөгөөд ач нь гадаад улс руу явах гээд мөнгөний хэрэгцээ гарч өөрийн эзэмшлийн газрыг худалдан борлуулах гэхэд Ц.М саад учруулдаг. Энэ үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан Өөрийн эзэмшилд байгаа өмчийг өөрийнхөө үзэмжээр эзэмшиж ашиглах эрхийг зөрчиж байна. Л.О нь өөрийн эзэмшлийн газрын хилийн заагийг кадастрын зургаараа зааглаж хашаа хатгах гээд очихоор Ц.М нь тухайн хашааг барьж байгаа модыг буулгах, шонг унагаах, авч хашаанаас чулуудах зэргээр саад учруулдаг. Монгол Улсын Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т Газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш газар эзэмшигчээс шаардах эрхтэй бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол холбогдох зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж хөршийн эрхийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Л.О нь тухайн газрын тал хэсгийг Ц.Мын эзэмшлийн газар гэж хүлээн зөвшөөрч, тус газраас өөрийн эзэмшлийн газрыг зааглах гэхээр Ц.М нь энэ үйлдэлд нь саад учруулдаг. Мөн Монгол Улсын дээд шүүхийн тайлбар дээр Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т заасан хэсгийг тайлбарлахдаа Хилийн зааг тогтоосон байгууламж гэдэгт хашаа, хайс, суваг, далан хаалт ... зэрэг хөрш зэргэлдээ газрын хязгаарыг тогтоож, хооронд нь зааглах зорилгоор бий болсон аливаа зүйлийг хамааруулна гэж заасан. Л.О нь өөрийн эзэмшлийн газрыг Ц.Мын эзэмшлийн газраас зааглахын тулд хашаа барих хүсэлтэй байна. Үүнийгээ Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т заасан үндэслэлээр шаардаж байна. Энэ зүйлд зааснаар бид зардлаа хувааж төлөх ёстой. Гэхдээ манай талаас зардлаа нэхэхгүй өөрсдөө зардлаа гаргаж хашаагаа барих гэхээр шонг буулгаж саад учруулдаг. Мөн Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т Хилийн заагийг нарийн тогтоох боломжгүй бол хөршүүдийн эзэмшилд бодитой байгаа талбайн хэмжээг харгалзан үзэх бөгөөд хэрэв уг хэмжээг тогтоох боломжгүй бол маргаантай байгаа хэсгийг талууд тэнцүү хувааж эзэмших буюу тохиролцож чадахгүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хашааг бид хөрш залгаа хилийнхээ заагийг тогтоохын тулд зааглаж байна. Мөн бид тухайн газраа чөлөөтэй хэрэглэж ашиглах эрхтэй. Хариуцагч талаас бид Л.О ы газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ хашааг зарах үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа нь хүний эзэмших эрхэд халдаж байгаа хуульд нийцэхгүй үйлдэл юм. Хашааг хэд хэдэн удаа хашаалах гээд очиж байсан. Гэтэл Ц.М нь энэ бүх хугацаанд саад учруулсан хэвээр байсан учраас Л.О нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх тус газрыг Л.О ы эзэмшлийн газар гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь Л.О нь тухайн газрыг Ц.М нь хууль бусаар эзэмшиж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Одоо бол өөрийн өмчлөлийн хэсгээс Ц.Мын өмчлөлийн түц-ийг холдуулах, газраа хашаалахад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Л.О ы газар дээр байгаа түц нь Ц.Мын эзэмшлийн түц мөн бөгөөд үүнийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээд Ц.М нь энэ газар миний эзэмшлийн хашааны газар, та нар шүүх дээр ялагдсан, тиймээс би үүнийг холдуулах шаардлагагүй гэж маргадаг. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-т Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй гэж заасан. Маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэхээр өөрсдөө явдаггүй. Үнэхээр энэ газар нь тэдний эзэмшлийн газартай давхцаж байгаа бол Газрын албанд хүсэлтээ тавьж гэрчилгээ гаргуулах боломжтой байсан. Ингэж хэлэхээр огт тэгж явдаггүй. Тиймээс энэ асуудлыг бид шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анх энэ хашаа А, Б гэж хуваагддаггүй байсан. Энэ газар дээр Ц.Мын аав, ээж анх амьдардаг байсан. Тухайн үед газрын гэрчилгээ гэж байгаагүй, даатгал гэж бор дэвтэр байсан. Тэгээд Ц.Мын аав, ээж нас барж Ц.Мад тэр газрын бор дэвтэр үлдсэн. Ц.М газрын гэрчилгээг тэр бор дэвтрээр авна гэж ойлгоод ажилтай байсан учраас энэ талаар хөөцөлдөж яваагүй. Гэтэл Л.О цагаан бичгээр газрын гэрчилгээ гаргаж авсан байсан. Тухайн үед Ц.М эгчид гэрчилгээ нь байгаа юм чинь гээд их тайван байсан. Гэтэл Л.О эгч тэр гэрчилгээг мөнгөний хэрэгцээ гараад нэг газар тавьсан гэж хэлсэн. Яг хэдэн онд гэрчилгээ гаргаж авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Л.О эгч хорооны засаг дарга дээр очиж гэрчилгээ гаргуулах гээд цагаан хуудас өгсөн байсан. Тэгээд бид маргалдаж газрын албанаас энэ газрыг маргаантай газар гэж тэмдэглэсэн. Тэгээд энэ асуудлаа шийдвэрлүүлэх гээд бид газрын албанд очиход газрын албанаас та нар эгч, дүүс юм чинь газраа таллаад хуваагаад авчих гэж хэлсэн. Тэгээд Л.О эгч тэр газрыг таллаж гэрчилгээ гаргуулж авсан. Энэ газрыг Л.О эгчид өгөх ямар ч үндэслэл байхгүй. Тэр хашаанд цалингийн зээл авч бүтэн засвар хийсэн. Тэр бүх үйл явдлууд баримттай байгаа. Өөрсдөө дандаа манайд дайрч орж ирдэг. Л.О эгчийн газар дээр түц байгаа гэж яриад байна. Тэр түц нь Ц.М болон түүний эхнэрийн түц мөн. Гэхдээ түц ийг холдуулах шаардлага байхгүй. Энэ газар бүхэлдээ Ц.Мын газар. Тэр түц нь одоо хашааны яг голд байгаа. Энэ хашаа нь тэр чигтээ Ц.Мын хашаа. Гэтэл яагаад Л.О эгчийн нэр дээр гэрчилгээ нь гарсан гэдгийг бид нар ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.О аас Т.Мд олгосон итгэмжлэл, фото зургууд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.03.19-ний өдрийн 184/ШЗ2019/03220 дугаартай захирамжийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.09-ний өдрийн 184/ШШ2023/00693 дугаартай шийдвэрийн хуулбар, сиди бичлэг, 2023 оны 07 сарын 26-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Газар эзэмших эрхийн лавлагаа, Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт, Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа,

 

Хариуцагч талаас: Ц.Маас М.Уд олгосон итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.07.26-ны өдрийн 594 дугаартай албан бичгээр хавсарган ирүүлсэн баримтууд, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрч Ш.Хийг асуусан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.08.08-ны өдрийн 944 дугаартай албан бичиг, Шүүхийн Тусгай архивын 2023.08.07-ны өдрийн 1/2303 дугаартай албан бичгээр хавсарган ирүүлсэн баримтууд зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Мад холбогдуулан Л.О ы эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, нэгж талбарын **** дугаартай, **** тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт байршуулсан өвөл зуны зориулалттай модон байрыг чөлөөлөхийг даалгах, тус газрыг эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн тодруулж түргэн үйлчилгээний цэг /түц/-ийн зориулалттай явуулын байрыг нүүлгэж, чөлөөлөхийг даалгах, тус газрын хашааг гүйцээж барихад саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгахаар шаардсан.

 

5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 01116-а/321/2018 тоот захирамжаар газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул шаардах эрхтэй хэмээн тайлбарлав.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн газарт 1974 оноос аав, ээжийн хамт амьдарч байгаа. Газар бүхэлдээ Ц.Мын газар. Л.О ы нэр дээр гэрчилгээ яагаад гарсан гэдгийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргав.

 

7.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 01116-а/321/2018 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, нэгж талбарын ****дугаартай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн, 508 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Л.О д эзэмшүүлжээ. /хх-59-61х/

8.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгч Л.О нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшдэг, харин хариуцагч Ц.М, түүний эхнэрийн эзэмшлийн түц-ний зориулалттай байшин Л.О ы эзэмшлийн газарт байршиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.

9.Нэхэмжлэгч Л.О нь өөрийн эзэмшлийн газарт хариуцагч Ц.Мыг хууль бусаар оршин суусан хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд газраа хууль ёсоор эзэмшихэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоох, өөрөөр хэлбэл Ц.Мын оршин сууж байгаа газраас өөрийн эзэмшлийн газрын хилийн заагийг хашаагаар тусгаарлахад саад болохгүй байх, мөн газарт байршсан түц-ийг нүүлгэхийг даалгаж өгөхийг хүссэн.

Нэхэмжлэгч Л.О өөрийн эзэмшлийн газарт хашаа хатгахаар очиход хариуцагч маргаж, хашааны модон шонг авч чулуудах, зүй бус үг хэлээр доромжлох зэргээр саад учруулж байгаа болох нь талуудын тайлбар, гэрч Ш.Хишигдэлгэрийн мэдүүлэг, мөн сиди бичлэг, түүнд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

10.Хариуцагч Ц.М нь Сонгинохайрхан дүүргийн ****тоот хаягт байрлах, нэгж талбарын **** дугаартай, 508 м.кв талбайтай газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

11.Хариуцагч Ц.М нь Л.О ы нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гарах ёсгүй байсан, Л.О нь Ц.Мад мэдэгдэлгүйгээр газрын гэрчилгээ авсан, газрын албанд хандсан, газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэж маргадаг.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Л.О нь маргаан бүхий газрыг 2018 оноос 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч 2018 оноос өнөөг хүртэл Л.О ы газар эзэмших эрхийн талаар холбогдох Засаг дарга, бүртгэлийн байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар баримтгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, мөн холбогдох байгууллагаас баримт гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй болно.

12.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшиж буй Л.О нь тухайн газрын шударга эзэмшигч бөгөөд түүнийг гуравдагч этгээд Ц.Мын хувьд газар өмчлөгч гэж үзэх ба тэрээр хуулийн дагуу эзэмшиж буй газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглахад нь саад учруулж байгаа этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шаардлага гаргах эрхтэй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

13.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар нэхэмжлэгч Л.О ы эзэмшлийн 508 м.кв талбайтай газраас хариуцагчийн эзэмшлийн түц-ний зориулалттай байшинг нүүлгэж газар чөлөөлөх, мөн газарт хашаа барихад саад учруулахгүй байхгүй хариуцагч Ц.Мад даалгаж шийдвэрлэв.

14.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн **** тоот хаягт байрлах, нэгж талбарын **** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэгдсэн, 508 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай Л.О ы эзэмшлийн газраас түргэн үйлчилгээний цэг /түц/-ийн зориулалттай явуулын байрыг нүүлгэж, газар чөлөөлөхийг, мөн тус газарт хашаа барихад саад учруулахгүй байхыг хариуцагч Ц.Мад даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 гаргуулан нэхэмжлэгч Л.О д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УранзуЛ